Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 319

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

 улсын яллагч А.Сайнбаяр,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

           

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 1706 01653 0397 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 3 дугаар сарын     1-ний өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 239 дүгээр зүйлийн 3 дахь зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлд заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын    10-ний өдрийн 43а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 239 дүгээр зүйлийн 3 дахь зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

-Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 8 дугаар сарын    23-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар 5 жил 22 хоногийн ялаас өвчний учир чөлөөлөгдсөн, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, У овгийн Бгийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо. Бунханы орчим иргэн Д.Эрдэнэбилэгтэй усны тэрэгнээс болж маргалдан улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                               

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

   

    Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-12-13, 57/, Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11440 дугаартай дүгнэлт /хх-22/, шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх-23-24/, Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнгээс авсан Д.Эрдэнэбилэгийн өвчний түүх /хх-26-34/, гэрч Д.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-16/, шүүгдэгч Д.Баасанжавын оршин суух газрын тодорхойлолт /хх-43/, шинээр шүүгдэгч Б.Баасанжавын орлогын талаарх 6 хуудас нотлох баримтыг гарган өгч шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо. Бунханы орчим иргэн Д.Эрдэнэбилэгтэй усны тэрэгнээс болж маргалдан улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Эрдэнэбилэгийн өгсөн: “…Би 2017 оны 9дүгээр сарын 3-ны өдрийн үдээс хойш ойролцоогоор 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы зүүн урд хэсэгт засмал замын хойд талд танил Б.Б гэгчид зодуулсан. Тухайн үед Б.Б нь намайг усны тэрэг сав алга болгочихлоо гээд зүүн талын шанаа хэсэг рүү барьж явсан төмрөөрөө нэг удаа цохисон. Тэгээд би унасан бөгөөд унасан байхад баруун талын доод хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэртээ харьсан бөгөөд миний толгойн зүүн дээд хэсгээс цус гоожоод байхаар нь түргэн дуудаад үзүүлсэн чинь гэмтлийн эмнэлэг яв гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт шууд хэвтэж эмчлүүлсэн.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,

 

Мөн хохирогч Д.Эрдэнэбилэгийн шүүхэд гаргасан: “…Миний бие Б.Баас эмчилгээний зардалд 2 сая төгрөгийг хүлээн авлаа. Надад одоо гомдол санал байхгүй.” /хх-80/

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Бат-Өлзийгийн өгсөн: “…Тэгээд би гэртээ орсон. Тэгээд жаахан байж байгаад Түвшинбаяр рүү дахин залгаад “Бунханы зүүн талын нарийн гудамжинд Д.Эрдэнэбилэг ах хүнд зодуулж байна, хүрээд ир” гэсэн. Намайг яваад очтол манай тэр хавьд амьдардаг Бааска гэх залуу надтай зөрсөн бөгөөд “яагаад зодсон талаар нь асуухад манай тэрэг, бидоныг нөхөр чинь аваад явсан болохоор зодсон” гэж хэлсэн. Туханй үед 19 цаг болж байсан. Нөхөр дээрээ очтол нүүр ам нь цус болчихсон байдалтай байсан ба Түвшинбаяр бид хоёр түүнийг түшиж гэрт оруулаад нүүр амыг нь угааж цэвэрлээд орон дээр хэвтүүлсэн ба 30 орчим минутын дараа бие нь сонин байдалтай байхаар нь эмнэлэгт хүргэсэн.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн 11440 дугаартай дүгнэлтэд:

           1. Д.Эрдэнэбилэгийн биед зүүн дух, зулай, чамархайн хатуу хальс доорхи цус хуралт, зүүн зулай, зулай дагзны зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд шарх, тархи доргилт, баруун 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун бугалга, зүүн шуу сарвуунд цус хуралт, баруун хөмсөг, гадна хэсэг, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-22/ гэх дүгнэлт,

 

 Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Ганзоригийг байцаасан: “…Хохирогч Д.Эрдэнэбилэгт учирсэн гэмтэл нь мод, төмөр алинаар нь ч үүсгэгдэх боломжтой мохоо зүйлд хамрагдана. Хохирогч Д.Эрдэнэбилэг газар унах үед үүсэх боломжгүй. Хатуу хальсан доорхи цус хуралт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2 хавирга буюу 8, 9 дүгээр хавирганы хугарал нь хүндэвтэр, бугалга шууны цус хуралт, хөмсөг уруулын зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тархи доргилт, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: “…Би хашааны гадна гараад хартал Билгээ нь худгийн тэндээс ганцаараа ирж байхаар нь тосож очоод “миний ус яасан бэ” гэхэд Билгээ архи уусан нэлээн халамцуухан байсан бөгөөд “чиний ус тэргийг би яаж мэдддэг юм бэ пизда” гэхээр нь би “та миний усны сав тэргийг аваад явсан биз дээ” гэхэд “чи юу яриад байгаа пизда вэ, би эндэхийн овгор нь байна” гэж хэлээд над руу гараараа далайгаад зодох гээд дайрахад нь би бултсан. Гэтэл дахин дайраад цамцны энгэрээс заамдаад авахаар нь би гарыг тавиулахад бөгсөөрөө гараз суугаад цамцнаас тавихгүй болохоор нь татаад босгосон. Билгээ босож ирэнгүүтээ миний зүүн шанаан тус газар гараараа нэг удаа цохихоор нь зөрүүлээд зүүн шанаан тус газар баруун гараараа нэг удаа цохисон.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

           

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8/,

            -Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөс авсан Д.Эрдэнэбилэгийн өвчний түүх /хх-26-34/,

            -Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/,

            -Шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-…../,

-Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-…./ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

          Иймд шүүгдэгч Б.Бын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зүйлийн 1.2-д заасан “…учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Д.Эрдэнэбилэг нь хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй байна.

           

            Шүүхээс шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгуулийн ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан материалаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг гэх хувийн байдал, ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хугацааг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овгийн Бгийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,                           

                                     ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС