| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2202 00293 0216 |
| Дугаар | 2024/ДШМ/91 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/91
Э.Ц, П.О, Э.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эрдэмбаатар,
яллагдагч Э.Ц, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, О.Сайнгэрэл,
яллагдагч П.О, Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Оюунболд,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/1601 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай эсэргүүцлээр Э.Ц, П.О, Э.М нарт холбогдох 2202 00293 0216 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ц овгийн Э-ны Ц, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;
2. Б овгийн П-ийн О, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ганцаараа, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;
3. Б овгийн Э-ын М, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, орчуулагч, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, “Н.” ХХК-ийн .... ажилтай, ам бүл ...ийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, .... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
Э.Ц нь нийтийн албан тушаалтан буюу ... даргаар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, .... дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “....” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “....” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,
улмаар “...”-ийн хийж гүйцэтгэсэн “....” нэвтрүүлгийг “...” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.О, Э.М нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу ... хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж, төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “...” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот данс руу шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
П.О нь нийтийн албан тушаалтан буюу ... ажиллаж байсан Э.Цийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, .... дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “....” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “...” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,
улмаар “захиалагч буюу .... гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж, гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “...” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас ...т 108.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд,
“...”-ийн хийж гүйцэтгэсэн “...” нэвтрүүлгийг “...” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16, 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Э.Мгийн хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
Э.М нь нийтийн албан тушаалтан буюу ... ажиллаж байсан Э.Цийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ... дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “...” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “...” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,
улмаар “захиалагч буюу ... гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж, гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “...” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас ...т 108.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд,
“...”-ийн хийж гүйцэтгэсэн “...” нэвтрүүлгийг “...” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16, 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг П.Оын хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
П.О, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ...явцад дараах байдлыг нотолно”, “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүйгээр шүүгдэгч нарын гэм бурууг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Шүүхээс, яллагдагч Э.Ц, П.О, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг доорх мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ. Үүнд: Санхүүгийн баримтад шинжээч томилох, Оюуны өмчийн газраас тодорхойлолт гаргуулах.
Прокуророос Э.Ц, П.О, Э.М нарт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтэд гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо тэдгээрийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичсэн байна. Тиймээс яллагдагч нарт холбогдох гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа ашиглан өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэх, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг үү гэдгийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж тогтоосны эцэст хууль зүйн дүгнэлт хийж, зөв зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Э.Ц, П.О, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Э.Ц, П.О, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэмэлт санхүүжилтийн баримт 1 хавтас 300 хуудас, нэмэлт санхүүжилтийн баримт 18 гэсэн хавтас 1 хавтас 273 хуудас, харилцахын баримт III 1 хавтас 220 хуудас, нэмэлт санхүүжилтийн баримт 12.1-12.31 1 хавтас 241 хуудас, кассын баримт 2020.04.01-2020.12.31 1 хавтас 180 хуудас, нэмэлт санхүүжилтийн баримт 6-7 сар 1 хавтас 308 хуудас, харилцахын баримт нэмэлт 12 сар 1 хавтас 64 хуудас, харилцахын баримт 111 хавтас 120 хуудас, байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ 1 хавтас 168 хуудас, байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгүүлэх гэрээ 1 хавтас 129 хуудас, нэмэлтийн баримт /8 сар наадам/ 1 хавтас 229 хуудас, байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ 1 хавтас 168 хуудас, нэмэлт санхүүжилтийн баримт 11 сар 1 хавтас 191 хуудас баримтыг зөөврийн хард диск 1 ширхэг, хэрэгт хавсаргагдсан диск 3 ширхгийг /7хх 36, 40, 55/ хэргийн хамт хүргүүлж, прокурор, түүний дээд шатны прокурор шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Эрдэмбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Хэрэгт Нийслэлийн соёл, урлагийн газраас “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагад “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний төлбөр болох 108.900.000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот данс руу шилжүүлсэн санхүүгийн анхан шатны баримт авагдсан.
Гэвч шүүх “санхүүгийн баримтад шинжээч томилох” гэсэн бөгөөд ямар үндэслэлээр шинжээч томилох талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ.
Тодруулбал шүүхийн санхүүгийн баримтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд хуулийн этгээд хооронд нэг удаа хийсэн 108.900.000 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт нь тодорхой, зайлшгүй тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй буюу эд зүйлийн болон хөрөнгийн үнэлгээ тогтоолгох үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл санхүүгийн баримт эргэлзээ бүхий гэж үзэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.21 дэх заалтад “тусгай мэдлэг” гэж тухайн хүний эзэмшсэн шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах бусад мэдлэгийг” шаардах баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
2. “Монголын соёл, аялал жуулчлалын холбоо” ТББ-ийн бэлтгэсэн гэх “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлэг нь “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз”-ын хийж гүйцэтгэсэн ажил болох нь гэрч Н.Чингисийн мэдүүлэг, “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз”-ын 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2/107 дугаартай албан бичгээр нотлогддог.
Гэвч шүүх дээрх нэвтрүүлгийн талаар “Оюуны өмчийн газраас тодорхойлолт гаргуулах” гэж заасан бөгөөд ямар үндэслэлээр тус газраас тодорхойлолт гаргуулахаа тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана” гэж хуульчилсан байхад шүүх тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийг тайлбарласны дараа, хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг захирамжид тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз”-ын “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлэг мөн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
3. Э.Ц нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,
улмаар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.О, Э.М нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж,
Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108.900.000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын Капитрон банкны 42003000302602222 тоот данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108.900.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд Э.Ц нь өөрт олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй. Түүний энэ үйлдлийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс “яллагдагч нарт холбогдох гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа ашиглан өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэх, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг үү гэдгийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж тогтоосны эцэст хууль зүйн дүгнэлт хийж, зөв зүйлчлэх нь зүйтэй” гэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан тул шүүх хэлэлцүүлгийн явцад хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж дүгнэж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1601 дүгээр шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Яллагдагч Э.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч мөрдөн байцаалтад буцаах захирамж гаргасан. Үүн дээр шалгуулах хэд хэдэн зүйл байгааг дэмжиж байгаа. Учир нь, Үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийг хуулбарласан гэж байгаа. Гэтэл тухайн нэвтрүүлэг 100 хувь шинээр бүтээгдсэн. н.Чингис найруулагчийн мэдүүлгийг үндэслэж байна гэсэн боловч тэр найруулагч нь тухайн төсөлд цалингаа аваад өөрөө ажилласан. Шинээр бүтээгдсэн нэвтрүүлгийг хуулбарлаж тайлагнасан гэж буруутгаж байгааг хүлээж авахад хүндрэлтэй байна. 108.000.000 төгрөгийг намайг өөрийнхөө төрийн бус байгууллагаар хүмүүстэй хуваагаад авсан мэтээр яллаад байгааг манай өмгөөлөгч тайлбарлана. 108.000.000 төгрөгийг нэвтрүүлгийг бүтээхэд ажилласан өвлөн уламжлагч, ардын авьяастнууд, найруулагч, продюсер, хөтлөгч, зохиолч, эрдэмтэн судлаачид гэх мэт хүмүүс цалин болгож авсан. Шинээр бүтээсэн ажлыг манай газар санаачлаад би хариуцаад төрийн бус байгууллагын залуучуудтай болон бусад олон хүмүүстэй нийлж гүйцэтгэсэн ажлыг шууд хэн нэгний нэвтрүүлгийг хуулбарласан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байна.” гэв.
Яллагдагч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагч П.О тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Яллагдагч Э.Цийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаанууд нэмж хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Прокурор хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж байгаа боловч шүүгчийн захирамжид заасан тодорхой ажиллагаануудыг хийхгүйгээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв зүйтэй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагч Э.Цийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дэх зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө мөрдөн байцаалт хийхээр хэргийг буцаах заалтууд байгаа. Тухайн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Мөн хуулийн 34.1 дэх зүйлд зааснаар прокуророос гадна өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслээд хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Энэ заалтаар буцаасан. Яагаад гэвэл шүүхийн тодорхойлох хэсэгт өмгөөлөгч нарын бичгээр гаргаж өгсөн тайлбаруудыг дурдсан. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь зүйлд хэрэг шалгах, нотолбол зохих байдлуудыг бүгдийг нь дурдсан байгаа. Эдгээр нөхцөл байдал нь хэрэгт хангалттай авагдаагүй. Прокурор эсэргүүцэлдээ хохирлын асуудлыг гэм буруугийн хуралдааны шатанд шийдвэрлэж болно гэж дурдсан. Гэтэл бидний дурдаж байгаа ажиллагаанууд 60 хоногтоо багтахгүй байгаа. Яагаад гэвэл 8 удаа хугацаа сунгахдаа өмнө нь хийсэн ажлуудаа дурддаг хэр нь мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилно гэж хугацаа сунгасан. Бид хугацаа сунгасан тогтоол дээр шинжээч томилуулъя, ажиллагаагаа хийлгүүлье гэдэг хүсэлт гаргасан. Хүсэлт дээрээ нотлох баримтын шаардлага хангаагүй 250 хуудас баримт байгааг дурдсан. Хохирогч томилсон тогтоол нь хугацаа заагаагүй Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авсан хуулбарласан баримтыг үндэслээд хохирогчоор тогтоосон. Тэгэхээр хохирогч байгаа юу, тухайн хохирогчийн эрх зүйн байдал нь албан ёсны хуульд заасан шаардлагыг хангахгүй байхад түүнийг хохирогч гэж үзэх үндэслэлгүй. Энэ хэрэг албан тушаалтай холбоотой Э.Цийг Нийслэлийн соёл урлагийн газрын даргын үүрэгт ажлыг хийдэг албан тушаалтан гэдэг. Даргын үүрэгт ажлыг хийдэг гэсэн ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй. Өмнө нь 2017, 2018 онд хийж байсан ажлын байрны тодорхойлолтыг канондоод хийсэн. Албан тушаалтан мөн гэдгийг нотолсон баримт байхгүйгээр хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах гээд байгаа. Иймд эдгээр баримтыг хэрэгт хавсаргуулъя гэдэг хүсэлтийг өгсөн. Э.М гэдэг хүнийг яллах дүгнэлт дээр ямар зүйлчлэлээр ял оногдуулж байгааг тогтоох хэсэгтээ бичээгүй байж яллаад байгаа. Мөрдөн байцаагч нь эд мөрийн баримтаар хурааж авсан саарал өнгөтэй “Samsung”-ийн нөүтбүүкийг хурааж аваад үзлэг хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулна гэдэг. Хэрэг харьяалалаар шилжсэн тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн, хураан авсан зүйл дээр нөүтбүүк байдаг. Яллах дүгнэлтийн хавсралт дээр нөүтбүүкийг буцааж өгсөн эсэх нь тодорхойгүй тогтоол хэрэгт авагдаагүй. Эд мөрийн баримт, контенттой холбоотой баримтууд дээр дүгнэлт гаргуулъя гэхээр нөүтбүүк байхгүй. Эдгээр ноцтой зөрчлүүд авагдсан байгаа учраас шүүх мөрдөн байцаалтанд буцаасан гэж үзэж байгаа. Контентыг Үндэсний олон нийтийн телевизийн өмч гэж үздэг ч тухайн газар ажилдаг н.Чинзоригийн мэдүүлгээр өмчийг тодорхойлохгүй. Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар контент нь үндэсний олон нийтийн телевизийн өмч мөн үү гэдгийг Оюуны өмчийн газар тогтооно. Оюуны өмчийн гэрчилгээг үндэсний олон нийтийн телевизид бүртгэгдсэн үү гэдгийг шалгасны дараа бүртгэгдсэн өмчийг хулгайлсан гэх зүйл яригдах ёстой. Бид шинээр бүтээсэн гэж байхад тэр талаар шалгаагүй. Тэгэхээр бүтээл хэний өмч гэдэг нь тодорхойгүй байхад оюуны өмчийг хулгайлсан гэж үзэх боломжгүй. Нэвтрүүлгийг Үндэсний олон нийтийн телевизээр дамжуулсныг хулгайллаа гэж үзээд байгаа. Бусад телевизээр дамжуулсан бол хэрэгт орж, яллагдагч болохгүй байсан. Бусдад давуу байдал олгосон гэж ялласныг нотолж чадахгүй байж яллах дүгнэлт бичээд байгаа. Давуу байдал олгосон гэдэг нь мөнгөө тарааж өгсөн хүмүүсийг хэлээд байна гэж ойлгосон. Т.Ариунаа, Хурд хамтлаг нар нийт 99.000.000 төгрөгийг дансаар авсан. Тэр хүмүүст давуу байдал олгоод байна уу, өөртөө давуу байдал олгоод байна уу гэдэг нь тодорхойгүй. Албан тушаалтан мөн эсэхийг ажлын байрны тодорхойлолтод байхгүй учраас шүүхээс албан тушаалтан мөн үү гэдгийг шалга, албан тушаалаа урвуулаад залилан хийсэн үү гэдгийг шалга гэж буцаасан. Хохирлын хэмжээг прокурор тогтоохдоо данс руу орсон гүйлгээний утгаар хохирол тогтоогоод байгаа. Хохирсон гэж үзэж байгаа бол үндэсний олон нийтийн телевиз өөрөө хүлээж авсан мөнгийг яах юм бэ. Бусад мөнгийг хүлээгээд авсныг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол гэмт хэргийн улмаас олсон орлогыг тараагаад өгсөн иргэний хариуцагч гэх хүмүүс байна. Тэд нарыг иргэний хариуцагчаар татаад мөнгөө буцаагаад төрийн сан руу хийлгэх үндэслэлтэй болж байна. Зарим бүтээлүүдийг иш татаж контентыг шинээр хийсэн болохоос бүгдийг нь хуулбарлаад нэвтрүүлэг хийгээгүй. Үүнийг н.Чинзориг минийх гээд байгаа бол мөнгө авснаа Зохиогчийн эрхийн тухай хуулиар хүлээн зөвшөөрсөн юм байна. Үндэсний олон нийтийн телевизийн захирал байсан н.Энхжамц гэдэг хүнээс та үүнийг ковидын үед хүлээн зөвшөөрсөн үү гэдгийг яагаад гэрчээр асуухгүй байгаа юм. Яллаад байгаа баримтуудыг өөрийгөө буруугүй гэдгийг нотолъё гэж гуйгаад байхад үгүй би завгүй байна гэж яллах гээд байна. Шүүхээс 3 дүгнэлт хийхдээ өмгөөлөгч нарын тайлбаруудыг бүгдийг нь дурдсан. Тэдгээр тайлбаруудыг үндэслэсэн гэж үзэж байгаа.” гэв.
Яллагдагч П.О, Э.М нарын өмгөөлөгч Г.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байгаа. Прокурорын зүгээс 108.900.000 төгрөгийг авч хохирол учруулсан гэж дүгнэж байгаа. Гэтэл 108.900.000 төгрөгийг төрийн байгууллагаас хуулийн этгээдийн дансруу оруулсан учраас хохирол 108.900.000 төгрөг учруулсан гэсэн тооцоо гаргасан байгаа. Гэтэл эдгээр яллагдагч нар нь 108.900.000 төгрөгийг тухайн түүхийн өв соёлыг бүтээхийн тулд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллаж, улмаар ажилчдын цалин хөлсийг олгох, ковидын үе байсан учраас дансаар орсон болон бэлнээр хоолонд зарцуулагдаж байсан мөнгө байгаа. Хохирлын 108.900.000 төгрөг дээр санхүүгийн, тусгай мэдлэг бүхий шинжээч томилуулъя, хохирлоо тодорхой болгоё гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Прокурор эсэргүүцэл дээрээ бичсэн байна. 108.900.000 төгрөг төрийн байгууллагааас орж ирсэн гэдэг нь тодорхой байгаа. Харин тухайн мөнгийг зарцуулахдаа Үндэсний олон нийтийн радио телевизийн ажилчин, албан хаагч нар руу цалин хөлс болгоод шилжүүлсэн. Түүн дээр дансанд үзлэг хийгдсэн. Өөр ямар ч ажиллагаа хийгдээгүй. 108.900.000 төгрөгийн хэдийг зарцуулсан гэдгийг бодитой болгоё, өөртөө урвуулан ашигласан гэж байгаа бол тэр нь тодорхой байх ёстой. Үүний дараа хэргийг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Эрүүгийн хэрэг бодит хохирол шаарддаг. Иймд өмнөх саналаа дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан учраас захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү. Прокурорын эсэргүүцлийн 2 дугаарт дурдсанаар мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгчийн зүгээс 61 хуудас бүхий баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Үүн дээр ажил хийгдэж байгаа контентын групп чатнаас үгүйсгэгддэг. О.Сайнгэрэл өмгөөлөгчийг хэлсэн хийж байгаа ажил нь Оюуны өмчийн газраар тодорхойлуулах шаардлагатай гэдгийг дэмжиж байгаа. 7 үйл баримт 3 сидинд багтсан байдаг. 3 сидинд ямар нэвтрүүлэг, уран бүтээл орсон гэдэг дээр дүгнэлт хийгээгүй байгаа. Тодорхой үнээр бүтсэн сиди бүхий баримт байгаа. Үүн дээр шинжээч томилж тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр тайлбарласан байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Ц, П.О, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Э.Ц, П.О, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой эргэлзээ, маргаан үүсвэл шүүхээс шинжээч томилуулан шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.Ц, П.О, Э.М нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/1601 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Ц, П.О, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/1601 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Э.Ц, П.О, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ