| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/10216/И |
| Дугаар | 191/ШШ2025/01051 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/01051
2025 02 05 191/ШШ2025/01051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байрлах Л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байрлах М******* д******* э******* ХХК-нд холбогдох,
Гэрээний үүрэгт 130,490,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, хариуцагчийн төлөөлөгч Ө.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л*******" ХХК-нь "М******* д******* э*******" ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай "Түрээсийн гэрээ" байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн.
Түрээсийн төлбөр тооцооны талаар: "Бараа материалын тооцоо" тооцоогоор 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нийт 5301 ширхэг бараа материалыг 4-84 хоногийн хугацаанд 1 хоногийн 40-385 төгрөгөөр түрээслүүлж нийт 132,927,065 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр эвдэрсэн барааны төлбөр 7,090,000 төгрөгийг нэмж нийт 140,017,065 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсанаас нийт төлсөн 57,365,690 төгрөг, барьцааны үлдэгдэл 1,000,000 төгрөгийг тус тус хасч 81,651,375 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Түрээсийн алдангийн тооцоог 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 519 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 211,885,319 төгрөгний алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 81,651,375 төгрөгний 50 хувиар тооцож алданги 40,825,688 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан.
Иймд Л******* ХХК нь М******* д******* э*******" ХХК РД:/******* /-наас түрээсийн үлдэгдэл төлбөр 81,651,375 төгрөг дээр алданги 40,825,688 төгрөг, дутаасан барааны төлбөр 8,013,500 төгрөгийг нэмж нийт 130,490,563 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М******* д******* э******* ХХК-тай Л******* ХХК-ийн нэхэмжилсэн 130,490,563 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. М******* д******* э******* ХХК нь Л******* ХХК-иас 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хооронд барилгын тоног төхөөрөмж болох пум, сапуд, булан түрээслэн ашигласан болно. Авч ашигласан бүх тоног төхөөрөмжийг буцааж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамгийн сүүлийн 127 ширхэг пум, буланг өгсөнөөр дууссан. Харин түрээсийн төлбөр болох 81,651,375 төгрөг үлдсэн болохыг 2024 онд хоёр талаас тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан.
Дутаасан гэх 102 ширхэг барааны үнэ 8,013,500 төгрөг, алданги 40,825,688 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд манай компани тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 81,651,375 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Л******* ХХК болон хариуцагч М******* д******* э******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай Түрээсийн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх Бараа материалын түрээсийн тооцоо, Алданги, төлбөрийн тооцооны хүснэгт, Дутаасан барааны тооцоо, Л******* ХХК болон хариуцагч М******* д******* э******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 65/22 дугаартай түрээсийн гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын баримт, 2022 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн Орлогын баримт, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Орлогын баримт, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орлогын баримт, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Зарлагын баримт, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Зарлагын баримт, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2022 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн Орлогын баримт, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Зарлагын баримт, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Зарлагын баримт, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Орлогын баримт, 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Орлогын баримт, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Орлогын баримт, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх Бараа материалын түрээсийн тооцооны баримтыг,
Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Зарлагын баримт, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх, Бараа материалын тооцооны баримтыг гаргаж өгсөн нь тус тус хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л******* ХХК нь хариуцагч М******* д******* э******* ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 130,490,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч 81,651,375 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-ний дагуу үндсэн төлбөр 81,651,375 төгрөг, дутаасан барааны 8,013,500 төгрөг, 40,825,688 төгрөг нийт 130,490,563 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... түрээсэлсэн бараа материалын төлбөрийн үлдэгдэл 81,651,375 төгрөгийг зөвшөөрнө, бараа материал дутаагаагүй тул дутаасан барааны төлбөр, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2. Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Зохигч талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 65/22 дугаартай, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаартай Түрээсийн гэрээ тус тус байгуулагдсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч Л******* ХХК нь гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийн эд хөрөнгийг түрээслэгчид тодорхой хугацаагаар ашиглуулж түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, буцааж өгөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр тус тус тогтоогдож байхаас гадна талууд тухайн гэрээ байгуулсан эсэхтэй маргаагүй. /х.х-ийн 6-7, 50-51 дэх талд/
Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зориг зэрэг нь түрээсийн гэрээний агуулгад нийцэж байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулснаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
3.1. Талууд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх бараа материалын тооцоог нийлэхэд түрээсийн төлбөр болон эвдэрсэн барааны үнэнд 81,651,375 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байх ба уг тооцоог хариуцагч хүлээн зөвшөөрсөн. /х.х-ийн 8-14 дэх талд/
Талууд хооронд байгуулсан гэрээний 3.5 болон түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргийн хүрээнд хариуцагч Л******* ХХК нь 81,651,375 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны гэрээгээр хүлээлгэн өгсөн бараа, материалаас дутаасан барааны төлбөрт 8,013,500 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Талуудын хооронд 2022 онд байгуулсан гэрээний хугацаа нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байхаар, 2023 онд байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл байхаар гэрээгээр тохиролцжээ.
Хэрэгт авагдсан Бараа материалын түрээсийн тооцоо-нд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны бараа материалын тооцоог талууд нийлсэн уг тооцоонд дутаасан барааны үнэ тусгагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, 2022 онд байгуулсан гэрээ 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дуусахаар гэрээгээр тохиролцсон тул дээрх тооцоонд уг гэрээний тооцоо хамаарахаар байна.
Иймд талуудын тооцоо нийлсэн баримтад бараа материал дутаасан талаар тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн орлого, зарлагын баримтаар 120 ширхэг бараа материал дутаасан гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 52-64 дэх талд/
3.3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 40,825,688 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т Түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиололд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцож алданги төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд нийцсэн байна.
Түрээсийн гэрээний төлбөр төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.
Шүүх гэрээгээр тохиролцсон хариуцлагыг хүлээлгэхдээ хариуцагчийн төлбөрийн чадвар, эдийн засгийн байдал, үүрэг гүйцэтгэгчийн эрх ашиг, үндсэн үүргийн төлөлт зэргийг харгалзан үзэх учиртай.
Иймд үндсэн үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн эрх ашиг зэргийг харгалзан алдангийг 50 хувиар бууруулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзэв.
4. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М******* д******* э******* ХХК-аас 102,064,219 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 28,426,344 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 810,403 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М******* д******* э*******" ХХК-иас 668,271 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ