2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/00957

 

 

 

 

 

 

2025 02 03 191/ШШ2025/00957

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай А******* овогт Ц******* Н******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай Х******* ХХК-нд холбогдох,

8,707,065 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 4,748,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н*******, түүний өмгөөлөгч Т.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 32-ын тойргийн Н супермаркет дотор байрлах Х*******" ХХК-ийн "Oh сhicken салбарын захирал Д.Б харилцан тохиролцож, 7,000,000 төгрөгөөр тоног төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллуулсан. Н супермаркет дотор байрлан ажилладгийн хувьд худалдан борлуулсан бүтээгдэхүүний төлбөр тооцоог тус супермаркетын кассанд нэгтгэн бичүүлэх байдлаар дамжуулан авдаг. Ийнхүү тооцоогоо сар бүрийн 27-ны өдрөөр тасалбар болгон дэлгүүрээс кассын тайланг хүлээн авснаас хойш 5 хоногт тус компанийн дансанд орсны дараа Х******* ХХК-ийн дансанд шууд шилжүүлэн ажилладаг байсныг үргэлжлүүлэн Х******* ХХК-тай харилцан тохиролцон сар бүрийн 27-ны өдөр Х******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгийг миний хувийн данс руу шилжүүлэхээр тохиролцож ажилласан. Учир нь захирал Д.Б нь миний нөхрийн сайн найзын эхнэр, бид гэр бүлийн найзууд, мөн Н супермаркет нь хувь хүнтэй гэрээ байгуулахад хүндрэлтэй байдаг тул Х******* ХХК-ийн нэр дээр нэг жил ажиллаж, энэ хооронд компаниа байгуулж шилжүүлэхэд болно гэж зөвлөсөн тул их итгэсэн. Гэсэн хэдий ч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх буюу 4 сарын тооцоог харилцан тохиролцсоны дагуу цаг хугацаанд нь бүрэн хийж шилжүүлж байгаагүй. Тус салбарыг ажиллуулж байсан үеийн орлого болон тооцооны үлдэгдлийг товчлон харуулбал

1.2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн тооцоог бараа материал, ажлын байрны үлдэгдэл зэрэгт тооцож дуусгасан.

2.2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орлого 9,817,013 төгрөг орсноос 1,474,755 төгрөгийн үлдэгдэлтэй.

3.2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орлого 7,406,157 төгрөг орсноос 1,116,157 төгрөгийн үлдэгдэлтэй.

4.2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орлого 6,828,736 төгрөг орсноос 1,257,576 төгрөгийн үлдэгдэлтэй.

Дээрх 4 сарын хоорондох үлдэгдэл нийт 3,848,488 төгрөгийг бараа, материалын үнэ болон түрээсийн орлогыг хасаж тооцох зэргээр барагдуулсан. Миний бие 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах ямар ч нөхцөл боломжгүй болсон гэдгийг Д.Бд хэлж, мөн хамт ажиллаж буй тогоочийн цалинг олгох боломжгүй болсон учраас 7 хоног завсарлаж, үйл ажиллагаа явуулах талаар хэлэхэд компанийн нэр хүндэд халтай учир өөрөө ажиллуулна, салбараа буцаан авна гэх шаардлага тавьж 7,000,000 төгрөгийг буцааж өгье гэсэн. Миний бие эрүүл мэндийн байдал болон үйл ажиллагааны орлого Х******* компанийн дансаар дамжиж тасалдаж байсан зэргээс шалтгаалан нөхцлийг зөвшөөрсөн. Д.Бгаас авах ёстой тооцоог задлан харуулбал

1.2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 9,562,606 төгрөгийн орлого орсноос 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2,400,000 төгрөг нийт 2,600,000 төгрөгийг дансаар хүлээн авч, түрээсийн 890,000 төгрөгийг хасаж тооцон 6,072,606 төгрөгийн үлдэгдэлтэй.

2.2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 5,437,719 төгрөгийн орлого орсноос 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2,700,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 850,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг дансаар хүлээн авч, түрээсийн 890,000 төгрөг, засварын 180,000 төгрөгийг хасаж тооцон 567,719 төгрөгийн үлдэгдэлтэй.

Дээрх 2 сард хамаарах үлдэгдэл 6,640,325 төгрөгийн тооцоо, мөн салбарт үлдээсэн бараа 266,740 төгрөг, тоног төхөөрөмжийн төлбөр 7,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 1,800,000 төгрөг (2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,200,000 төгрөг, нийт 5, 200,000 төгрөг шилжүүлсэн)-ийг нэмж нэгтгэн нийт 8,707,065 төгрөгийг төлж барагдуулах ёстой. Д.Б уулзаж тооцооны талаар ярилцахад мөнгөн дүн дээр асуудал гараагүй бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гараар бичсэн захидалдаа мөнгө өгөх нь үнэн, үйл ажиллагаа жигдэрсэн үед бид төлбөрийг бүрэн төлж барагдуулна хэмээн дурдаж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, удаа дараа хэлж, шаардаж, гуйсан боловч барагдуулаагүй тул хариуцагчаас 8,707,065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэруб ХХК нь Нтав трейд" ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 18/1093 тоот гэрээг байгуулж, Н хайпер маркет-32-ын 1 давхарт байрлах 24.9 м.кв талбайг түрээслэж, пицца, шарсан тахиа боловсруулах тоног төхөөрөмж, лангуу зэрэг бусад шаардлагатай эд зүйлийг худалдан авч талбайг засварлан тохижуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч нь дээрх талбайд байрлуулсан тоног төхөөрөмж болон компанийн Oh сhicken брэндийн нэрийг ашиглахаар нэг жилийн хугацаатай, сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэх, Нтав трейд ХХК-д төлөх түрээсийн төлбөрийг давхар хариуцахаар харилцан тохиролцож, Хэруб ХХК-д түрээсийн урьдчилгаанд 7,500,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөгийг 4 сарын дотор төлөхөөр тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь манай тоног төхөөрөмжийг ашиглаж 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллуулж байгаад бие өвдсөн, гэрээний үлдсэн хугацаанд төрсөн дүүгээ ажиллуулж түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлнө гээд талбай, эд хөрөнгийг хүлээлгэн өгөлгүй ажлын байрыг орхин явсны улмаас Хэруб ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд 2019 оны 08, 09 дүгээр сарын түрээсийн төлбөр 1,600,000 төгрөгийг Нтав трейд ХХК-д төлж хохирсон. Нтав трейд" ХХК-аас Х******* ХХК-ийн дансанд шилжүүлж байсан тооцооны мөнгийг нэхэмжлэгч талд дансаар болон бэлнээр тогтмол хүлээлгэн өгдөг байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэруб ХХК нь Нтав трейд" ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрийн 18/1093 тоот гэрээг байгуулж Н хайпер маркет-32-ын 1 давхарт байрлах 24.9 м.кв талбайг түрээслэж улмаар пицца, шарсан тахиа боловсруулах тоног төхөөрөмж, лангуу зэрэг бусад шаардлагатай эд зүйлийг худалдан авч талбайг засварлан тохижуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Хэруб ХХК-ийн дээрх талбайд байрлуулсан пицца, шарсан тахиа боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжийг болон компанийн Оh chiken брэндийн нэрийг ашиглахаар нэг жилийн хугацаатай, сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэх, Нтав трейд ХХК-д төлөх түрээсийг давхар хариуцахаар харилцан тохиролцож, Хэруб ХХК-д түрээсийн урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг 4 сарын дотор төлөхөөр тохиролцож ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллуулж байх хугацаандаа нийт 47,489,092 төгрөгийн борлуулалт хийж ашиг олсон орлого олсон байна. Нэхэмжлэгч нь Хэруб ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын 4,748,900 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас 4,748,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний олсон орлогоос тооцож Xepуб ХХК өөрийн орлого мэтээр тооцож нэмэгдсэн өртгийн албан татвар суутган татварын албанд төлсөн гэх нь үндэслэлгүй бөгөөд татварын хууль тогтоомжид нийцэхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна гэж зааснаас үзэхэд миний борлуулалтын орлогын хэмжээ хуульд заасан босгыг даваагүй, албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэх шаардлагагүй. Харин Х******* ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэж албан татвар төлөх бол өөрийн борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулсан албан татварыг төсөвт суутган төлөх ёстой. Гэтэл намайг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байх ёстой гэх шаардлагыг тавьж, миний өмнөөс өөрийн компанийн борлуулалтын орлого мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлсөн нь хууль бус үйл ажиллагаа юм. Харин ч бусдын орлогыг өөрийн орлого мэтээр тайлагнаж төсөвт төлөх татварыг бууруулах, хасаж тооцуулсан байх магадлалтай. Татварын хуулиар аж ахуйн нэгжийн, хувь хүний, нэмэгдсэн өртгийн албан татварын харилцааг тухайлан зохицуулсан байхад талууд татвар төлөх үүргийг хэн нэгний өмнөөс хариуцан төлөх зэргээр харилцан тохиролцох боломжгүй. Тус хугацаанд хамаарах борлуулалтын орлогыг Х******* ХХК өөрийн нэрээр хүлээн авсан нь түүний борлуулалтын орлого гэж үзэх үндэслэлгүйн дээр аж ахуйн нэгж өөрийн нягтлан бодох бүртгэлийг хуульд заасны дагуу анхан шатны баримтад үндэслэн хөтлөх, нягтлан бодох бүртгэлийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй. Бусдын борлуулалтын орлогыг өөрийн дансаар хүлээн авсан бол энэ талаар нягтлан бодох бүртгэлдээ тусган дамжуулан шилжүүлэх бичилтийг хийсэн бол нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгах төлөхгүй. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Х******* ХХК нэхэмжлэх, Х******* ХХК-ийн захирал Д.Бгийн гараар бичсэн баримт, Ц.Н******* Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н тав трейд ХХК-ийн харилцагчийн гүйлгээ, пос-ын ерөнхий борлуулалтын тайлан, Н тав трейд ХХК, Х******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 18/1093 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ, Н тав трейд ХХК-ийн худалдааны үйл ажиллагааны журам, Н тав трейд ХХК-аас Х******* ХХК-нд шилжүүлсэн баримтын жагсаалт, Х******* ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн 90741144 дугаарын утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Н Х 32-ын тойрог түрээслэгч Х******* ХХК-ийн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан тус тус хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н******* нь хариуцагч Х******* ХХК-нд холбогдуулан 8,707,065 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь 4,748,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримт бичгийг шинжлэн судлаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 32-ын тойргийн Н супермаркет дотор байрлах Х******* ХХК-ийн Oh сhicken салбарыг ажиллуулахаар харилцан тохиролцож, 7,000,000 төгрөгөөр тоног төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллуулсан. Тухайн салбар нь Н супермаркет дотор байрлан ажилладаг тул худалдан борлуулсан бүтээгдэхүүний төлбөр тооцоог тус супермаркетын кассанд нэгтгэн бичүүлж, тооцоогоо сар бүрийн 27-ны өдрөөр тасалбар болгон дэлгүүрээс кассын тайланг хүлээн авснаас хойш 5 хоногт тус Х******* ХХК-ийн дансанд шилжүүлдэг байсныг үргэлжлүүлэн Х******* ХХК-тай харилцан тохиролцон мөнгийг миний хувийн данс руу шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 9,562,606 төгрөгийн орлого орсноос 6,072,606 төгрөг шилжүүлээгүй, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 5,437,719 төгрөгийн орлого орсноос 567,719 төгрөг шилжүүлээгүй, мөн салбарт үлдээсэн бараа 266,740 төгрөг, тоног төхөөрөмжийн төлбөр 7,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 1,800,000 төгрөг нийт 8,707,065 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

2.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Нтав трейд ХХК-аас Х******* ХХК-ийн дансанд шилжүүлж байсан тооцооны мөнгийг нэхэмжлэгч талд дансаар болон бэлнээр тогтмол хүлээлгэн өгдөг байсан тул хүлээн зөвшөөрөхгүй, тоног төхөөрөмжийн төлбөр 7,000,000 төгрөг төлөөгүй, түрээсийн төлбөрт уг мөнгийг тооцон шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2.3. Хариуцагч Х******* ХХК нь Н тав трейд ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 18/1093 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Х******* ХХК нь Н Х 32-ийн 1 давхарт байрлах 24.9 м.кв талбайд пицца, чикен, шарсан тахиа худалдаалах үйлчилгээ үзүүлэх, талбайн төлбөрт нэг м.кв-д 31,900 төгрөг буюу нийт 794,310 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 123-125 дахь талд/

2.4. Дээрх пицца, чикен, шарсан тахиа худалдаалах үйлчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хариуцагч Х******* ХХК нь нэхэмжлэгч Ц.Н*******д шилжүүлж, нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулж Н супермаркетаас Х******* ХХК-нд сар бүрийн орлогоос түрээс, ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр зэргийг суутгаж шилжүүлсэн мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлж байхаар харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь пицца, чикен, шарсан тахиа хийх тоног төхөөрөмжийг нь 7,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлаж, хариуцагч нь тоног төхөөрөмжийг худалдаагүй Oh сhicken брэндээ ашиглуулахаар шилжүүлсний төлбөрт 7,000,000 төгрөгийг авсан гэж татгалзсан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлж, хөрөнгөө хүлээж авах үүргийг харилцан хүлээнэ.

Нэхэмжлэгч Ц.Н******* нь 7,000,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр шилжүүлсэнтэй хариуцагч маргахгүй байх боловч уг мөнгийг пицца, чикен, шарсан тахиа хийх тоног төхөөрөмжийг худалдан авах зорилгоор шилжүүлсэн болох нь тогтоогдсонгүй. /х.х-ийн 28 дахь талд/

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд илэрхийлсэн хүсэл зориг, тохиролцоо зэргээс үзвэл нэг талаас хөрөнгө шилжүүлж нөгөө талаас үнэ төлөх бус нэг талаас аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас гэрээгээр тохирсон төлбөр төлөхөөр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

2.5. Нэхэмжлэгч Ц.Н******* нь 2019 оны 01 дүгээр сарын 03-н өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Х******* ХХК-ийн нэрээр Н Х 32-ийн 1 давхарт байрлах 24.9 м.кв талбайд пицца, чикен, шарсан тахиа хийж худалдаа үйлчилгээ эрхэлсэнтэй талууд маргаагүйгээс гадна 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын 29-ныг хүртэлх орлогын тооцоотой маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 9,562,606 төгрөгийн орлого орсноос 6,072,606 төгрөг шилжүүлээгүй, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 5,437,719 төгрөгийн орлого орсноос 567,719 төгрөгийг тус тус шилжүүлээгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан Н тав трейд ХХК-ийн Х******* ХХК-ийн харилцагчийн гүйлгээний тайлангийн түрээсийн тасгийн борлуулалт гэснээс үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 9,562,606 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 5,437,719 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлтэй гэж үзнэ. /1 дүгээр х.х-ийн 100-119, 147, 2 дугаар х.х-ийн 29-39 дахь талд/

Хариуцагч Х******* ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ Нтав трейд ХХК-аас борлуултын мөнгө орж ирсэн тухай бүрт нь нэхэмжлэгчид дансаар болон бэлнээр тогтмол хүлээлгэн өгсөн гэж тодорхойлсон боловч уг татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Мөн хэрэгт авагдсан Х******* ХХК-ийн захирал Д.Б гэсэн гараар бичсэн баримтад ... Ц.Н******* 2019 оны 7 сар 8 хүртэл ажиллуулаад эрүүл мэндийн шалтгаанаас болон ажиллуулахгүй болсон учраас Х******* ХХК-ийн зарагдсан пицца тахиа болон бараа материалын тооцооны зөрүү болох 8,300,000 төгрөг өгөх нь үнэн гэжээ. /х.х-ийн 7 дахь талд/

Тус баримтыг хариуцагч нь үгүйсгэж няцаасан баримтаа гаргаж өгч мэтгэлцээгүй.

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Х******* ХХК нь нэхэмжлэгч Ц.Н******* пицца, чикен, шарсан тахиа худалдаалсан орлого болох 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 6,072,606 төгрөгөөс шилжүүлээгүй байх ба үүнээс цахилгааны төлбөр 229,695 төгрөг суутгаж 5,842,911 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 567,719 төгрөг шилжүүлээгүй байх ба үүнээс цахилгааны төлбөр 229,695 төгрөг, хиншүү сорогчын засварын төлбөрийн зөрүү 10,000 /190,000-180,000/ төгрөгийг тус тус суутгаж, 328,024 төгрөг нийт 6,170,935 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. /1 дүгээр х.х-ийн 108-109 дахь талд/

Харин талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдоогүй тул уг гэрээнээс татгалзаж 7,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,800,000 төгрөг шаардсныг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулаад түрээсийн хөрөнгийг хүлээлгэн өгөхдөө 266,740 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, материал үлдээсэн болох нь баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

3.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2019 оны 01 дүгээр сараас мөн оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 47,489,092 төгрөгийн борлуулалт хийж ашиг олсон орлого олсон тул нэмэгдсэн өртгийн албан татварын 4,748,900 төгрөг төлөх үүрэгтэй гэж уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан.

3.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х******* ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх боловч нэхэмжлэгч Ц.Н******* нь хариуцагчид уг албан татварыг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг 4,748,900 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х******* ХХК-аас 6,170,935 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,536,130 төгрөг, хариуцагч Х******* ХХК нэхэмжлэгчээс 4,748,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 154,264 төгрөг, хариуцагчаас төлсөн 91,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х******* ХХК-аас 113,684 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ