| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00082/И |
| Дугаар | 305/ШШ2025/00220 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2025/00220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Бугат сумын 2-р баг, Фермд оршин суух, Б овгийн Р-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гэрч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. 8-р анги төгсөөд 1991-1995 онд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1995 оны 08 дугаар сард Бугат сумын иргэн С-ын Ү-тай гэр бүл болсон юм. Малчны тэтгэвэр тогтоолгохоор А дансны лавлагаа авахад эцэг, эхийн хамт мал малласан хугацаа аавын нэр дээр бүртгэлтэй байна. Иймд намайг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд эцэг, эхийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б нь 3 хүүхэдтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа. Нөхөр Ү-тай 1995 оны 09 дүгээр сард хуримаа хийсэн байдаг. Тэрнээс өмнө аав Р-тэй мал маллаж амьдарч байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байгаа гэв.
4.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны хүн ам тооллогын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаартай архивын лавлагаа, Ж-ийн Р-ийн 1991-1995 онуудын малын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Р-ийн Н нь Р-ийн Б-ийн эгч гэх төрөл садангийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт.
5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-Т-ийн Д, Р-ийн Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Р-ийн Г, Н-ийн Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа
-Гэрч Г.П-ийн мэдүүлэг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Р-ийн Б нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. Р.Б нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаартай “...тус аймгийн Тонхил сумын Бүс-Уул малчин, өрхийн тэргүүлэгч Ж-ийн Р-ийн мал маллаж байсан хугацаа (1991-1995 он) хүртэлх” гээд 1991, 1992, 1993, 1994, 1995 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, Ж.Р-ийн 1991, 1992, 1993, 1994, 1995 онуудын малын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 01 ддүгээр сарын 22-ны өдрийн 03-06/599 дугаартай 1989 оны хүн ам тооллогын лавлагаагаар Ж-ийн Р тэргүүлэгч өөрөө, 54 настай, эрэгтэй, Т-ийн Х, эхнэр, 52 настай, эмэгтэй, Р-ийн Б 14 настай, эмэгтэй, Р-ийн Г, 12 настай, эрэгтэй, Р-ийн Г, 16 настай эрэгтэй, Р-ийн Э 18 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай “…Р-ийн Б /***/ нь Тонхил сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1990 оны 06 сарын 15-ны 058220 гэрчилгээний дугаартай төгссөн нь үнэн болно” гэх тодорхойлолт,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн CVL2582000001000732 дугаартай Р-ийн Г, Н-ийн Б нарын 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн CVL2582000001000733 дугаартай Т-ийн Д, Р-ийн Н нарын 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн CVL2582000001000777 дугаартай Р-ийн Н нь Р-ийн Б-ийн эгч гэх төрөл садангийн лавлагаа,
Гэрч Г.П-ийн “...1995 онд Үйлсжамцтай айл гэр болоод тэгээд таньдаг болсон. Тэрнээс өмнө аав ээжийг нь таньдаг байсан. Тэгэхээс тийм дотно байгаагүй. Р.Б нь 10 дугаар анги төгсөөгүй байх, хөдөө аав ээжтэйгээ мал маллаж байсан. Зундаа манайхан айл саахалт байсан. Ү-тай 1995 оны 09 дүгээр сарын гэр бүл болсон...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Ж.Р-ийн 1991 оны малын А дансанд ам бүл 5, 1992 оны малын А дансанд ам бүл 5, 1993 оны малын А дансанд ам бүл 4, 1994 оны малын А дансанд ам бүл 4, 1995 оны малын А дансанд ам бүл 3 гэж бүртгэгдсэн байх бөгөөд Ж.Р-ийн ам бүл 1989 оны хүн ам орон сууцны тооллогод 6 бүртгэгдсэн, 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Р-ийн Н нь гэрлэлтээ бүртгүүлсэн, 1993 оны 12 дугаар сарын 14-ний Р-ийн Г нь гэрлэлтээ бүртгүүлсэн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…8 дугаар анги төгсөөд аав ээжийн хамт мал маллаж байгаад 1995 оны 09 дүгээр сарын 10-нд Ү-тай гэр бүл болсон” гэх тайлбар, гэрч Г.П-ийн мэдүүлэг зэргээр Р.Б г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт аав, ээжийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…8 дугаар анги төгсөөд аав ээжийн хамт мал маллаж байгаад 1995 оны 09 дүгээр сарын 10-нд Үйлсжамцтай гэр бүл болсон” гэх тайлбарлаж уг тайлбар нь гэрч Г.П-ийн “…Ү-тай 1995 оны 09 дүгээр сарын гэр бүл болсон...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байх тул С.Ү-тай тусдаа гэр бүл болсон хугацааг аав, ээжийн хамт мал малласан хугацаанд оруулан тооцох боломжгүй юм.
6. Иймд Б овгийн Р-ийн Б-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овгийн Р-ийн Б-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ