Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01074

 

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01074

 

 

Д.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 181Ш2021/00909 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Ш-ын нэхэмжлэлтэй, З өндөр ХХК-д холбогдох

Олгогдоогүй цалин, амралтын олговор, ажилгүйдлийн тэтгэмж нийт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ш-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ш- би 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр З өндөр ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтнаар ажилд орсон. Тус компаний Дорнод аймгийн Халх гол суманд төмрийн хүдрийн уурхайд харуулаар ажиллаж байсан. Улирлын чанартай ажиллаж өвөл зогсдог. Ийм учраас би уурхайд очоод харуул манаачийн ажлыг хийхээр бичиг баримтаа бүрдүүлээд явж ажилласан юм. Би 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байрлаж ажилласан. Энэ үед цаг агаарын хувьд цас ихтэй, маш хүйтэн байсан. Цахилгаан гаргах зориулалтаар бага оврын моторууд ашиглаж байсан. З өндөр ХХК-ийн захирал Х.Лхагвасүрэн 2020 оны 2 сард өрөөндөө дуудаад ашиглалтын явцад 3 мотор эвдэрсэн, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мотор эвдсэн, сум орон нутаг руу олон дахин явсан гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажиллуулахаа больсон гэж хэлсэн. Би 2 сарын цалин, амралтын мөнгөө бодуулаад гаръя гэхэд бодож өгөөгүй. Би ажлаас гараад ажилгүйдлийн тэтгэмжээ авах гээд хөөцөлдөхөд танайх нийгмийн даатгалаа төлөөгүй гээд ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй. Заставын албан хаагчид ямар ч туулах чадвар байхгүй унаатай, хилээ эргэж чадахгүй байсан тул иргэний үүргээ биелүүлж тусалсан. Туулах чадвар сайтай машинаар албан хаагчдыг хүргэж өгөх, хүнс цуглуулах зэрэг үйл ажиллагаанд би өөрийн ухамсрын үүднээс оролцсон. Хариуцагч тайлбартаа намайг 5 мотор шатаасан гэсэн байсан. Моторын 2 нь 380 вольтоор ажилладаг маш өндөр хүчин чадалтай, түүгээр ганцхан гэрэл тойруулж асаана. Намайг очиход хоёулаа шатсан байсан. Энэ тухай механик засварын ажилчид бүгд мэднэ. Моторын 3 нь жижиг, 1 нь хэн дуртай үедээ салгаж асаадаг мотор нь ажиллаж байгаад ажиллахгүй болсон. Нөгөө нь өрмийн компани ажиллаж байхад ажиллахгүй болсон. Эд хөрөнгийг албан ёсоор надад хүлээлгэж өгөөгүй, би хүлээж авч гарын үсэг зурсан зүйл байхгүй. Надад төлбөр тооцооны акт тавьсан зүйлд гарын үсэг зуруулаагүй. Компанид эд хөрөнгийн хохирол учруулаагүй. Ажлаас халсан тушаал гаргасан, тооцоогүй гэж тойрох хуудас бөглүүлсэн мөртлөө миний авах ёстой цалин хөлсийг олгохгүй байна. 2020 оны 02 дугаар сарын урьдчилгаа цалин 400 000 төгрөг олгоод сүүлийн цалинг олгоогүй, халагдсан тохиолдолд ээлжийн амралтын мөнгө олгох ёстой боловч түүнийг олгоогүй, ажлаас гарсны дараа ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын газар очиход З өндөр ХХК даатгалаа төлөөгүй гээд ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй. Иймд дутуу олгосон цалин хөлс 1 000 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 000 000 төгрөг, авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ш- нь манай компанитай 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19/02 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтнаар томилогдон ажилд орсон. Өөрийн хүсэлтээр 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Д.Ш- нь ажиллаж байх хугацаандаа компаний дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг ноцтой зөрчиж ажлын байран дээр архи уух, компаний эд хогшил, албаны тэргийг хувийн хэрэгцээндээ ашиглах зэргээс болж олон удаа сануулах хуудас авсан. Д.Ш- нь компанийн Дорнод аймагт байрлах уурхайн кемпний манаачаар өөрийн хүсэлтээр явах санал тавьж, компаниас томилон явуулсан боловч ажиллаж байх хугацаандаа кемпийн хэрэгцээнд ашигладаг Ланд 79 маркийн 91-49 УБК автомашинд дугуй авсан гэх боловч бодитоор дугуй аваагүй, 130 000 төгрөгийн баримтыг компанид ирүүлээгүй, мөн кемпийн манаачаар ажиллаж байх хугацаандаа нийт 63 хоногт кемпийн хэрэгцээнд ашигладаг автомашинаар 5 364 км зам туулсан байна. Компанийн уурхайн кемп болон Халх гол сумын хоорондын зай 80 км нэг удаа ирж очиход 160 км байдаг. Компанийн хэрэгцээнд Халх гол сумруу энэ хугацаанд явсан ба 10 удаа явж 1600 км явсан байх ёстой ч туулсан зам нь 5 360 км явсан. Үүнээс гадна хувийн хэрэгцээнд 3764км*15*100 нийт 564,6 литр түлж буюу 564,6*2680 төгрөг нийт 1 513 120 төгрөг, моторны засварт 900,000 төгрөг компаниас зарцуулсан ба дахин 2 моторт 3 000 000 төгрөгийн засвар хийлгэхээр байгаа юм.

Хөдөлмөрийн гэрээний 2.2.9 дэх хэсэгт Бүртгэлээр хариуцуулсан үндсэн хөрөнгийн ашиглалтыг хариуцаж, өөрийн буруугаас эвдэж гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн бол тогтоосон үнийн дүнгээр төлж, хохиролгүй болгоно. Хариуцсан эд хогшил, техник хэрэгсэл, бусад зүйлийг албан бус зориулалтаар ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад хэрэглүүлэх, шилжүүлэх, ажлын байрнаас гадагш авч явахыг хориглоно гэж заасныг зөрчсөн тул энэ тухай ажилтанд мэдэгдэж гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэн, түүнд олгох цалин хөлснөөс компанид учирсан хохирлыг суутган тооцсон. Нэхэмжлэгчийг Ширэн овоо төмрийн хүдрийн үйлдвэрт ажиллуулахаар явуулахдаа хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй. Д.Ш-т эд хөрөнгийг бүртгэлээр хариуцуулж өгөөгүй. Моторын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй холбоотой баримт байхгүй, засварлуулахтай холбоотой зарлагын баримт байгаа. Нэхэмжлэгчид 2020 оны 02 сарын урьдчилгаа цалин 400 000 төгрөг олгосон. Д.Ш- нь ажлаас гарах үедээ ажил хүлээлцэх акт үйлдээгүй, удаа дараа сахилгын зөрчил гаргасан, байгууллагад хохирол учруулсан тул компаниас Д.Ш-ын цалинг бодож олгох боломжгүй болсон юм. Д.Ш- нь манай компанид нийт 5 543 120 төгрөгийн хохирол учруулсан ба бид хохирлыг төлүүлэхээр гомдол гаргасан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг55.2 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З өндөр ХХК-аас 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ш-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З өндөр ХХК-аас 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ш-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгч хэрэгт байгаа нотлох баримтыг тал бүрээс бүрэн дүүрэн судалж дүгнэлт гаргаагүй болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтаар авагдсан компанид хохирол учруулсан талаарх нотлох баримтуудыг бүрэн судлаагүй нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн байгууллагад 1 жил ажиллах хугацаандаа тэр дундаа сүүлийн 2 сард 5 543 120 төгрөгийн хохирол учруулсан хүнд манай байгууллагаас 3 000 000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ш- нь Зэс өндөр ХХК-д холбогдуулан олгогдоогүй цалин 1 000 000 төгрөг, амралтын мөнгө 1 000 000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжид 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын цалин хөлс 1 000 000 төгрөгийг дутуу олгосон, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 1 000 000 төгрөгийг олгоогүй зэрэгт маргаагүй, компанид учруулсан эд хөрөнгийн хохиролд цалин хөлсийг суутган тооцсон гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Ш- нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19/02 дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр З өндөр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах ажилтны ажлын байранд ажиллаж байгаад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. /хх-ийн 21-24/

 

Мөн нэхэмжлэгч нь З өндөр ХХК-ийн Дорнод аймгийн Халх гол суманд төмрийн хүдрийн уурхайд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл манаачаар байрлан ажилласантай холбоотойгоор түүний цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт ороогүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сард бодогдсон /хх-ийн 118/ цалин хөлснөөс 1 952 791.97 төгрөгийг хөдөлмөрийн гэрээний 2.2.9-д заасныг болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэн, түүнд олгох цалин хөлснөөс компанид учирсан хохирлыг суутган тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар татгалзаж байгаа үндэслэл тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан ба нэхэмжлэгч Д.Ш-тай ийнхүү гэрээ байгуулаагүй, түүнд уурхайн эд хөрөнгийг бүртгэлээр хариуцуулан өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн ажилтнаар хохирол нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гараагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Зохигчид хариуцагчийн тайлбарт дурдсанаас өөр үндэслэлээр маргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хариуцагч нэхэмжлэгч Д.Ш-ын 2020 оны 02 дугаар сард дутуу олгогдсон цалин хөлс 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох зааварт зааснаар нэхэмжлэгч Д.Ш-ын ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг тооцоог хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ээлжийн амралтын олговорт 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин хариуцагч З өндөр ХХК-аас нэхэмжлэгч Д.Ш-д учирсан хохиролд ажилгүйдлийн тэтгэмж 1 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь нийгмийн даатгал даатгуулсан иргэн тэтгэвэр, тэтгэмж авах буюу ажилгүйдлын тэтгэмж авах эрх нь хуулийн дагуу үүссэн хүнд хамааралтай болно.

 

Хариуцагч нь нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилгүйдлын тэтгэмж авах хүсэлт гаргаж байсан талаарх баримт, хүсэлт гаргасан тэтгэмж олгохоор татгалзсан хариу өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна. Мөн Д.Ш-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанаас үзэхэд тэрээр хариуцагч байгууллагаас өөр байгууллагад ажиллаж тухайн байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт хэрэгт авагдсан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ажилгүйдлын тэтгэмж авч чадаагүйн улмаас учирсан хохирол 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсныг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00909 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З өндөр ХХК-аас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ш-д олгож, үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 64 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ