Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 462

 

                                       

 

                                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч М.Хэрлэнчимэг,

          шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.У холбогдох эрүүгийн 1806 00034 0037 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 23 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Бын У.

 

            Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Мөнхбаярын ХААН банкны картнаас нь 2.680.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

   Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /хх-37/, гэрч О.Энхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-38/, гэрч Х.Бат-Өлзийгийн өгсөн мэдүүлэг /хх-17/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9/, “Алтанцайз” буудлын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-6/, хяналтын камерын бичлэг /хх-8/, шүүгдэгч Б.Уял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, шүүгдэгч Б.Уиргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, хавтаст хэргийн материал танилцуусан тухай тэмдэглэл /хх-43/, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-46/, шүүгдэгч Б.Ухүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-47, 48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Мөнхбаярын ХААН банкны картнаас нь 2.680.000 төгрөгийг авч завшсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Мөнхбаярын өгсөн: “…О.Энхбаатар бид хоёр багаасаа үерхсэн найзууд байгаа юм. 5009439689 дугаартай данс бол миний “ХААН” банкны данс байгаа юм. Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр О.Энхбаатарт мөнгө өгөх гээд картаа өгч явуулсан. “Тэгээд картнаас мөнгө авчихаарай, би картаа дараа авъя” гэж хэлсэн. Миний картанд 4 сая орчим төгрөг байсан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг 25 минутаас эхлээд 800.000 төгрөг, 580.000 төгрөг, 800.000 төгрөг, 500.000 төгрөгөөр нийт 4 удаа мөнгө гарч мессеж ирсэн.” /хх-37/ гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад гэрч О.Энхбаатарын өгсөн: “…Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед Сансарын “Шөлөндөө” гэх хоолны газарт Б.У гэх эмэгтэйтэй танилцсан. Тэндээсээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтанцайз” нэртэй буудалд 08 цагийн орчимд орж тэндээ пиво ууцгаасан… Б.У“дэлгүүрээс юм аваад ирээч гээд картаа өгч явуулахад тэр чигээрээ яваад картнаас мөнгө авсан байсан…Тухайн картанд байсан мөнгө нь манай найз Л.Мөнхбаярын мөнгө байсан.” /хх-38/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Бат-Өлзийгийн өгсөн: “…Бид хоёр хоолоо захиалаад байж байхад нэг согтуу хүүхэн орж ирээд хоол захиалсан би нойлын өрөө ороод биеэ засчихаад гарч ирэхэд нэрийг нь сүүлд нь мэдэж авсан Б.Уганбат “танай ширээнд сууя” гэсэн. Тэгээд тэр хүүхэн манай ширээнд суусан юм. Хоолны газраасаа гараад пиво уух юм яриад байсан. Тэр хоёрыг “Алтанцайз” нэртэй зочид буудлын 2 давхрын 04 тоот өрөөнд оруулж өгөөд гараад явсан.” /хх-17/гэх мэдүүлэг,   

Мөрдөн байцаалтад Б.Уын яллагдагчаар өгсөн: “…Би прокурорын тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би тус үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-32/,

 

 -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-5/,

 -Эд мөрийн баримтаар “Алтанцайз” зочид буудлын камерын бичлэгийг хэрэгт хавсаргах тогтоол /хх-6/,

 -Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9/,

 -ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-18/, 

          -Шүүгдэгч Б.У иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/,

          -Шүүгдэгч Б.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг болно.

           

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

         Иймд шүүгдэгч Б.У бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Хохирогч Л.Мөнхбаяр нь хохирлын 1.955.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд үлдсэн 725.000 төгрөгийг шүүгдэгч Б.У аас гаргуулж хохирогч Л.Мөнхбаярт олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Уял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хэрэг хадгалж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Уганбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч Тойн овогт Батжаргалын Ууганбатыг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.У240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Уганбат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Н.Ууганбатын цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэн 56 цагийг хасч тооцон, нийт 184 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Б.Уаас 725.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Мөнхбаярт олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС