Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/92

 

 

С.Өод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүний бичсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай эсэргүүцлээр С.Өод холбогдох 2302 00582 0342 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн С-ын Ө, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-д зөгийчин ажилтай, ам бүл ... нарын хамт ... аймаг, ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод түр оршин суух хаягтай, /РД:...../,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

С.Ө нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн төв Дархан суманд ургасан байсан сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх зорилгоор түүж бэлтгэн, улмаар 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна гялгар уутны хамт 93.7 грамм, цэвэр жин нь 84.3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг “Дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Өийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овгийн С-ын Ө /РД:.../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч С.Өийг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч С.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутны хамт 89.9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, хажуу хэсэгт нь 2 цоолсон Вояаж гэсэн бичиглэлтэй усны сав, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хуйлсан “AW5524207” дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийи Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Билгүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ялын төрөл юм.

Хэдийгээр шүүгдэгч С.Өод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Дархан-Уул аймгийн хэмжээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2023/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ялын хил хязгаарыг тогтоохдоо миний үйлчлүүлэгч С.Өын Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт зөгийний аж ахуй эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзсан. Мөн С.Ө нь аав ээжтэйгээ нийлээд ногоо тарьдаг. Дархан-Уул аймаг 2 сумтай. Ойрхон газар нь ногоогоо тариад намар нь хураагаад Дархан-Уул аймгаа хангахаас гадна Улаанбаатар хотод ирж салбар дэлгүүрт зардаг. Дээр дурдсанаар ногоо зарж амьжиргаагаа залгуулдаг байсан. Дархан-Уул аймгийн газар нутаг харьцангуй бага юм. Прокурорын бичсэн эсэргүүцлээр багаар тогтоож өгье гэсэн байгаа. Баг гэдэг нь хорооноос бага нутаг дэвсгэр байна гэсэн үг. Цэцэрлэг, сургууль бусад зайлшгүй үйлчилгээний байгууллага байхгүй байгаа. 2 жилийн хугацаа гэдэг урт хугацаа юм. Найз охин нь Улаанбаатарт байдаг. Тодорхой хэмжээнд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлээд зорилго нь биелэгдэж байгаа гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос С.Өыг 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн төв Дархан суманд ургасан байсан сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх зорилгоор түүж бэлтгэн, улмаар 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна гялгар уутны хамт 93.7 грамм, цэвэр жин нь 84.3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг “Дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэг нэг бүрт оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Өыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцээгүй гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Тодруулбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул прокурор Г.Билгүүний бичсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаар эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч С.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ