Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

          улсын яллагч Д.Цолмон,

хохирогч Б.Баярсайхан,

          шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн 1806006140117 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын      31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хүү, бэр, 2 ачийн хамт амьдардаг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Тийн Б.

 

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Бнь 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 7 дугаар давхарын 98 тоот хаалганы хажууд хохирогч Б.Баярсайханы нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “2018 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр найз хүүхэн болох Мэндсайханы бид хоёр гэрт байж байхад Доржням, Баярсайхан, Бямбаа ах гурав нэг шил архитай орж ирсэн. Ингээд Бямбаа ах гэр рүүгээ явсан. Тэгээд бид гурав ахиад нэг шил 0.5 грамын архи авч уусан. Уугаад байж байтал манай найз утасдаад “хаа байна” гэхээр нь “гэртээ байна” гэхэд манай найз ирсэн. Ирэхдээ 0.75 грамын “Хараа” авчирч өгсөн. Бид гурав хувааж уугаад байж байхад манай найзыг Б.Баярсайхан хэл амаар доромжилоод байсан. Гэтэл манай найз “танай найз надад таалагдахгүй байна” гээд явсан. Ингээд би “чи яагаад байгаа юм манай найзыг хэл амаар доромжилоод, баярхаад байгаа юм” гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёр муудалцсан. Муудалцаад би манайхаар гар гээд гарахад намайг нүд рүү цохиж авсан. Ингээд бид хоёр орцонд зууралдаад байж байтал Доржоо ирээд салгасан....Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярсайхан мэдүүлэхдээ: “Би айлд очоод сууж байхад сандал нь нураад унасан. Тэр айлд архи ууж байхад ямар ч юм болоогүй байж байгаад би гараад явсан. Гараад явах гээд цахилгаан шатны кноп дарах гээд байж байхад Т.Б миний цамцнаас татаад эргээд харахад нэг удаа ам руу цохисон. Тэгэхээр нь би тэврээд авахад намайг хазаад би эргүүлээд нэг цохисон. Ингээд байж байхад Доржоо, мөн нэг цагдаа цаанаас ирсэн. Надад гомдол санал гээд байх юм байхгүй. Шүдний мөнгө болох 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Баримтаар 1.750.000 төгрөг байгаа.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримтуудаас мөрдөн байцаалтад цугларсан баримтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Баярсайханы өгсөн мэдүүлэг /хх-9/, гэрч Ч.Сарангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-10/, гэрч Ц.Доржнямын өгсөн мэдүүлэг /хх-12-13/, шүүгдэгч Т.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, шинжээчийн 1079 дугаартай дүгнэлт /хх-21/, шүүгдэгч Т.Батхүүгийн ял шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 7 дугаар давхарын 98 тоот хаалганы хажууд хохирогч Б.Баярсайханы нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баярсайханы өгсөн: " Доржоо, Доржоогийн найз хүүхэн, гэрт ороход байсан миний шүдийг цохидог залуу бид 4 үлдсэн. Би архинаас уухгүй гээд 100 грамм архи өгөхөөр нь нэг татсан. Тэгээд ерөнхийдөө юм яриад сууцгаасан. Тэгээд архиа ууж дуусцгаагаад гарахаар болсон. Ойролцоогоор 4-5 цаг хамт сууцгаасан. Тэгээд Доржоо бид хоёр гэрээс гараад явах гэсэн чинь Доржоо жорлон руу яваад орсон. Тэгэхээр нь түрүүлээд гэрээс гарсан. Тэгтэл гэнэт цуг архи уусан залуу миний цамцнаас татаад эрүү рүү, хамрын доор шүд рүү 1 удаа цохисон. Би юун хулгайч вэ гээд эргэж хараад тэврээд авсан чинь нөгөө цуг архи уусан залуу байсан. Тэгэхэд би тэр залууг ардаас гарч ирээд намайг цохисонг мэдсэн. Бариад тэр давхартаа орцондоо зогсож байхад Доржоо гарч ирсэн. Тэгсэн тэр байрыг хөлсөлж амьдардаг хоёр залуу тэр залуугийн ардаас татаад авсан. Намайг Доржоо ардаас татаж салгаад лифт рүү аваад орсон. Тэгээд л салчихсан.” /хх-9 / гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Сарангэрэлийн өгсөн:  “2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 20 цаг өнгөрөөгөөд гэртээ орсон. Тэрнээс өмнө 18 цаг өнгөрөөгөөд нөхөр Б.Баярсайхантай утсаар ярьсан. Утсаар ярихад нөхөр ярианы темп нь архи уугаагүй бололтой эрүүл байсан. Нөхөр утсаар ярихдаа ярьж чадахгүй амандаа бувтнаж яриад байхаар нь “чи яасан бэ” гэсэн чинь “хүнд зодуулчихлаа” гэсэн. Тэгээд гэртээ ороод ирэхэд үүдэн шүд нь хөдөлчихсөн, санжигансан байсан. Нөхөр маань урд нь харваж байсан. Бүр нөхөр маань чичирчихсэн байсан. Тэгээд нөхрөөс асуухад Доржоо гээд найз нь дуудахаар нь цугтаа явж байгаад Доржоогийн таньдаг хүнд зодуулсан байсан. Тэгээд эмнэлэг рүү дагуулаад явсан. Эхлээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгэхэд үүдэн хоёр шүд нь суларсан байна гэсэн. Тэгээд эмнэлэгт зургийг нь шаардлагатай гээд тархины зургийг нь тэндээ авахуулсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Доржнямын өгсөн: “Энэ өдөр манай бага ангийн хэсэг хүмүүс уулзалдаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар байр 98 тоот ангийн Мэндсайханыд уулзацгаасан. Мэндсайхан, Баярсайхан, Б, Доржням зэрэг хүмүүс уулзалдаад 0.75 литрийн 2 шил архи уугаад 17 цагийн орчим гэрээс нь гарсан юм. Гарах үед лифтний үүдэнд Баярсайхан, Б хоёр маргалдаад зууралдаад газар хэвтэж байсан тул салгаад Бг гэрт нь оруулаад Баярсайханыг лифтэнд суулгаад аваад явсан. Тэр хоёр намайг гарахаас өмнө нэг нэгнийгээ цохисон бололтой Баярсайханаас “юу болсон юм бэ” гэхэд “миний шүд жоохон эвгүй болчих шиг боллоо” гэж хэлсэн. Нарийн тодорхой зүйл яриагүй. Уг асуудал хормын төдийд болоод өнгөрсөн байсан. Гараад Баярсайхан надад шүдээ харуулахад буйлнаас нь жоохон цус шүүрсэн харагдсан “зүгээр зүгээр” гэж хэлээд салаад явсан.” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1079 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Баярсайханы биед тархи доргилт, 2 шүдний булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, баруун хацар, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үусгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт 10%-р тогтонги алдагдуулна. /хх-21/ гэх дүгнэлт,  

 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/,

-Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         

         Шүүхээс шүүгдэгч Т.Бнь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

       

Шүүгдэгч Т.Бнь хохиролд 300.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч эмчилгээний зардалд нэмж 1.750.000 төгрөгийг зарцуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Баярсайханд олгохоор шийдвэрлэв.

         Шүүхээс шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овгийн Тийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Бг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Бнь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Бнь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус

дурьдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Т.Бээс 1.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баярсайханд олгосугай.

 

            7. Хохирогч Б.Баярсайхан нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

 

             8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

             9. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

                                             ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС