Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/93

 

 

Х.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/874 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Мт холбогдох 2305 00000 0959 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-ын М, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа жолооч ажилтай, ам бүл ... нарын хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:......./;

Х.М нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын автомашины төлбөртэй зогсоолд тавьсан байсан 45-34 УАТ улсын дугаартай “Волво” загварын автомашин дотор хохирогч Г.Дтэй “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар шанаа тус газар нь гараараа хоёр удаа цохиж, түүний эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас хохирогч Г.Д нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Х-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Мыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт оногдуулсан 7 /долоо/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын цагдан хоригдсон 178 /нэг зуун далан найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х.М энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа өөрийн гэм бурууг ойлгон ухаарч, гэм буруу дээрээ мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд маргаагүй бөгөөд хийсэн үйлдэлдээ туйлын ихээр гэмшиж байгаа билээ. Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан надад оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх шийдвэртээ дүгнэжээ. Шүүгдэгч Х.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өөрөө гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрийг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар нэгэн гомдол саналгүй гэсэн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа зэргийг харгалзан үзээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ арван хоёр жил эсхүл арван таван жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэж заасан байх тул Х.Мт оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Үйлдсэн гэмт хэргийн шинж, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүхээс 7 жилийн хорих ялыг оногдуулсан. Шүүхээс гэмт хэргийн үйлдэл шинж чанарыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх шаардлагагүй гэж үзээд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Х.Мыг 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын автомашины төлбөртэй зогсоолд тавьсан байсан 45-34 УАТ улсын дугаартай “Волво” загварын автомашин дотор хохирогч Г.Дтэй “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар шанаа тус газар нь гараараа хоёр удаа цохиж, түүний эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас хохирогч Г.Д нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Мыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг зөв тогтоох нь” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго болохыг тодорхойлжээ.

Энэ зорилгын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.

Хэргийн бодит байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд мөрдөгч нь энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.

Хэрэгт цугларсан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан шүүгдэгч Х.Мыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын автомашины төлбөртэй зогсоолд тавьсан байсан 45-34 УАТ улсын дугаартай “Волво” загварын автомашин дотор хохирогч Г.Дтэй “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, шанаа руу нь гараараа цохиж, зодсоны улмаас баруун талын бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цус харвалт, баруун талын бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулж, уг гэмтлийн улмаас Г.Д нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно. Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэгэн нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Хавтаст хэрэгт 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1390 дугаар “Талийгаач Г.Дий цогцост баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал /2023.05.15/ баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалттай, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, чих, дагз, дух, уруул, эрүү, мөр, бугалга, шуу, тохой, хүзүү, цээж, өвдөг, шилбэ, шагайд цус хуралт, дагз, нуруу, тохойд зулгаралт, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаач нь дээрх тархины гэмтлийн улмаас тархины гүүр хэсэгт няцрал үүсэж улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт авагджээ. /1хх 84-89/

Мөн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 758 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачид баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт, гэмтэл учирсан байх ба уг гэмтэл учирснаас хойш буюу тархинд гэмтэл авч хатуу хальсны доорхи цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарж ухаангүй болох хүртэл хугацаанд эрүүл хүн мэт үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. ...Дээрх тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. ...” /1хх 240-245/ гэжээ.

Түүнчлэн шинжээч эмч Б.Баяртогтохын “Уг гавал тархины битүү гэмтэл нь толгой хэсэгт цохих, алагдах үед үүсэх боломжтой. Тархины суурь хэсэгт байдаг гүүрэн хэсэг ч гэж яригддаг, багана тархины хэсэг ч гэж яригддаг хэсэг юм. Өөрөөр хэлбэл тархины эд юм. Талийгаачид учирсан гэмтлийг авсан үед тархины эд дарагдах хүртэл тодорхой хугацаагаар үйлдэл хөдөлгөөн хийж, ярих боломжтой. Машины кабинаас унах үед үүсэх боломжгүй. Зөвхөн гавал тархины гэмтлээс гадна талийгаачид үүссэн олон гэмтэл цус хуралтууд унах үед үүсэх боломжгүй юм. ...амь нас аврах боломж муутай.” /1хх 99-101/ гэсэн,

гэрч Ч.У-ын “...М уурлаад “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэж хэлээд Дөлгөөний нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Тэр үед Дөлгөөний хамраас цус гарсан. ...мэнд мэдэлцээд зогсож байхад цаана Дөлгөөн машинаас унаж байсан. Манай нөхөр М Дөлгөөнийг унахаар нь Дөлгөөн дээр очоод утсаараа зураг дарсан. Дөлгөөн өмдөндөө шээсэн байгаа нь харагдаж байсан. ...Хэсэг байж байгаад Дөлгөөн явахаар болоод өөрөө явж чадна гээд явсан. ...” /1хх 64/ гэсэн,

гэрч Б.Т-ийн “...2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед ...өвчтөн ирэх үедээ биеийн байдал маш хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй хурхирсан байдалтай ирсэн. Хүүхэн хараа хоёр талдаа бүрэн өргөссөн, гэрлийн урвалгүй, рефлекс үйл ажиллагаа алдагдсан байсан. Компьютер томографийн шинжилгээг манай дээр хийлгэхэд тархины баруун тал бөмбөлөг нилэнхүйдээ хамарсан хатуу хальсан доороо цусан хураатай, тархи дарагдалттай, тархины тархмал няцралттай, их хэмжээний аалзан бүрхүүлийн доор цус харвалттай, комын байдалтай хүн ирсэн.

...Хагалгаагаар баруун чамархай хэсэгт судас задарсан, их хэмжээний цус хуралтыг авсан. Цус хуралтын хувьд их хэмжээний буюу 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байсан. Шинэ цус хуралт байсан учраас ямар нэгэн дээж бол аваагүй. Цус хуралт бага хэмжээний үедээ дархи дарагдах хүртэл хугацаанд идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Үг хэлнэ. ...” /1хх 70-71/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байх ба амь хохирогчийн биед үүссэн гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааны талаар 2 удаагийн дүгнэлт гарсан бөгөөд “Талийгаач нь дээрх тархины гэмтлийн улмаас тархины гүүр хэсэгт няцрал үүсэж, улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан”, шинжээч эмчийн мэдүүлгээр “амь насыг нь аврах боломж муутай” гэсэн мэдүүлгээр хоорондын харилцан хамаарал бүхий байдал алдагдаж байх тул хэргийн үйл баримт, сэдэлт, хор уршиг, шалтгаант холбоог ийнхүү нотлон тогтоосны үндсэн дээр шүүгдэгч Х.Мын үйлдлийг зөв зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой сэдэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг. Харин хүнд гэмтэл санаатай учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдана гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдлээрээ болон хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалан үзэх учиртай.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/874 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/874 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                      Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ