2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/02099

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 17

191/ШШ2025/02099

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух З******* б******* овогт Ж******* Т******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Т******* овогт Э******* М******* холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Т нь Э.М*******эй 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн барилгын ажил хамтарч хийе гэж гуйсны дагуу аман гэрээ байгуулан 33,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Н.М нь барилгын ажлын төлбөр орж ирэхээр зээлсэн мөнгөө буцаан төлнө гэсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй хойшлуулсаар ирсэн. Ж.Т нь Э.Мийг өрөвдөж 2022 оны 9 дүгээр сарын 28-нд Төлбөр барагдуулах гэрээ байгуулж нотариатаар орж сар болгоны 25-нд 400,000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан боловч мөнгө өгөхгүй өдий хүрч байна. Энэ хугацаанд 3 удаа иргэний шүүхэд, 3 удаа эвлэрүүлэн зуучлалд хандан гомдол гаргаж байсан. Иймд төлбөр барагдуулах гэрээний дагуу 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.Т нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 33,000,000 төгрөг барилгын ажил хамтарч хийхээр аман гэрээ байгуулан дансаар шилжүүлэн өгсөн. Мөн барилгын ажлын төлбөр орж ирэхээр зээлсэн мөнгөө буцаан төлнө гэж хэлсэн боловч төлөөгүй тул 22,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Бидний хооронд барилгын ажил хамтарч хийх, зээл төлбөрийн ямар нэгэн гэрээ хийгдэж байгаагүй тийм шаардлага ч надад байхгүй, харин өөрөө энхийг сахиулах үйлсэд хэдэн залуу явуулах боломж байна гэж хэлээд хууль бус аргаар хүмүүсээс авсан мөнгө төгрөгөө надад зээлдсэн төлбөртэй мэтээр нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг болон миний насанд хүрээгүй хүүхэд өндөр настай ээжийг айлган сүрдүүлж дайрч доромжлон заналхийлэх үйлдэл олон удаа гаргасан. Намайг Баянзүрх дүүргийн Цагдаад өгч шалгуулсан нь эцэстээ үнэнд гүйцэгдээд өөрөө буруудаад ирэхээрээ гомдлоо татаж авсан. Эвлэрэлд дуудсан би нэхэмжлэгчид төлөх өр төлбөргүй учир эвлэрэх шаардлага байхгүй төлбөр барагдуулах гэрээг шоронд суулгана, хөдөө мал маллуулна гэж дарамт шахалтаар айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн Төлбөр барагдулах гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 681 дугаартай тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаартай тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 156 дугаартай тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 24665 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Ж.Т******* Хаан банк дахь дугаартай дансны хуулга, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт,

Хариуцагчаас О.Н, М.А, Б.З, Б.У, Б.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, С.Х, Э.М нарын хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Б.Бын Хаан банк дахь , Э.Мийн Хаан банк дахь , Б.Угийн Хаан банк дахь дугаартай дансны хуулга,

Шүүхийн журмаар гэрчээр С.Хг асуусан тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Тогтохбаяр нь хариуцагч Э.М******* холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу 22,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

1.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Бидний хооронд барилгын ажил хамтарч хийх, зээл төлбөрийн ямар нэгэн гэрээ хийгдэж байгаагүй тийм шаардлага ч надад байхгүй, харин өөрөө энхийг сахиулах үйлсэд хэдэн залуу явуулах боломж байнаа гэж хэлээд хууль бус аргаар хүмүүсээс авсан мөнгө төгрөгөө миний болон хүүхдүүдийн дансанд байршуулаад мөнгө хэрэгтэй гэхээр нь би хэлсэн данс руу тухай бүр нь өгсөн мөнгийг шилжүүлдэг байсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.3 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Зохигч талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд ... төлбөр төлөгч Э.М нь 22,000,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 400,000 төгрөгийг төлж тооцоог тавин таван сарын дараа дуусгахаар тохиролцов гэжээ.

2.1. Төлбөр барагдуулах гэрээ байгуулах болсон хүсэл зоригийг нэхэмжлэгч нь барилгын ажил хийхээр харилцан тохиролцож хариуцагчид мөнгө шилжүүлж байсан гэж хариуцагч нь ... барилгын ажил хийх талаар ямар ч тохиролцоо байгаагүй, энхийг сахиулах ажиллагаанд нэхэмжлэгч хүн явуулахаар бусдаас авсан мөнгөө миний болон хүүхдүүдийн дансанд шилжүүлдэг байсан гэж тус тус тайлбарлаж мэтгэлцсэн.

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субьект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдаж, нотариатаар гэрчлүүлсэн энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн субьектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй хүчин төгөлдөр бус гэж хариуцагч маргаж байна.

Хэлцэл субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4 дэх хэсэгт, харин субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд тус тус зохицуулжээ.

2.3. Гэрч С.Х шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... н.М хүүхэд ажиллагаанд явуулна гээд өөрийнхөө нэртэй дансыг өгөөгүй мессэжээр Б гэх дансаа явуулсан. Өөр нэр гарч ирсэн би өөрийнхөө нэртэй данс байгаа гэж хэлсэн. Ажиллагаанд явуулж өгнө гэсэн..., ... Т гэдэг хүнээр дамжуулж М гэдэг хүн явуулж өгнө гээд М*******эй холбогдож байсан, Т бол зөвхөн биднийг холбож өгсөн. М*******эй албан ёсоор бол уулзаж байгаагүй утсаар л хологдож байсан ... гэж мэдүүлсэн. /х.х-ийн 127-130 дахь талд/

2.4. Хэрэгт авагдсан Б.Бын Хаан банкны дугаартай дансанд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ахлах ахлагч М гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.Д 353 дугаар анги ажиллагааны мөнгө гүйлгээний утгаар 1,100,000 төгрөг, С.Д 353 дугаар анги ажиллагааны мөнгө үлдэгдэл гүйлгээний утгаар 400,000 төгрөгийн орлого орсон байна. /х.х-ийн 139-147 дахь талд/

Гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд барилгын ажил хамтран хийх хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин талууд ... Энхийг сахиулах ажиллагаанд хүн явуулах зорилгоор нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан тус хэлцэл нь субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна.

Тодруулбал, дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хувьд тодорхой үр дүн бий болгох зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй зөвхөн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийгдсэн гэж үзэв.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

Иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг үүсэх юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан.

4. Хэрэгт авагдсан баримтаар Таас гүйлгээний утгаар хариуцагч Э.Мийн Хаан банк дахь тоот дансанд 4,950,000 төгрөг, Б.Угийн Хаан банк дахь тоот дансанд Т, Т барилгын мөнгө гүйлгээний утгаар 9,400,000 төгрөг, Б.Бын Хаан банк дахь тоот дансанд 7,880,000 төгрөг, нийт 22,230,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба тус дансуудаас нэхэмжлэгч Ж.Т******* дансанд нийт 7,855,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /х.х-ийн 139-168 дахь талд/

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 22,230,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч нь 7,855,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүрэг үүссэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан үлдэх 14,375,000 төгрөгийг хариуцагчид үлдээх хууль зүйн үндэслэлгүй.

Ийм учир хариуцагч Э.Мээс 14,375,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,625,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Мээс 14,375,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Тт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,625,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мээс 229,825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Тт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ