2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/02109

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 17

191/ШШ2025/02109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  оршин байх Р******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоотод оршин байх С******* ХХК-нд холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 124,149,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд хооронд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ******* дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ээр хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж үндсэн төлбөрт 82,766,250 төгрөг, алдангид 20,691,563 төгрөг нийт 103,457,813 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь гэрээний үүргээ үргэлжлүүлэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар алдангид 20,691,562 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд уг шаардлагаа нэмэгдүүлсэн. Алданги тооцож эхлэх хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр алданги тооцож дуусах хугацаа 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр алданги тооцох хоног 100 хоног, тооцоолол 82,766,250 төгрөг, 0.5 хувиар алданги 413,831.25 төгрөгийг 100 хоногоор тооцож 41,383,125 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Р******* ХХК нь үндсэн төлбөр 82,766,250 төгрөг, алданги 41,383,125 төгрөг шаардсан. С******* ХХК Р******* ХХК-аас бетон зуурмаг авсан бөгөөд тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Харин хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас харвал Р******* ХХК-нд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ болон тээвэрлэх гэрээ-ний дагуу алданги шаардах эрх бүхий болоогүй байна. Тодруулбал, Иргэний хуульд зааснаар алданги шаардахад үүргийг гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, тооцох алдангийн хэмжээ зэрэг тодорхой байгаа нөхцөлд гэрээний дагуу алданги шаардах эрх бий болдог. Гэтэл 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ болон тээвэрлэх гэрээ-ний үүрэг, үүргийг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй тул алданги шаардах эрх уг бичгэн гэрээний дагуу үүсэх боломжгүй. ... бичгээр хийсэн гэрээ ... бүрт алданги алданги шаардах эрх бий болохгүй. Нөгөөтэйгүүр алданги авна гэж бичигдсэн тухай бүрт шүүх алданги гаргаж шийдвэрлэх боломжгүй. 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ болон тээвэрлэх гэрээ-ний төслийг Р******* ХХК-ийн гэрээний төсөл юм гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ, С******* ХХК-ийн бетон зуурмагийн төлбөр болон алдангийн тооцооны баримтыг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р******* ХХК нь хариуцагч С******* ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 124,149,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч уг шаардлагын 82,766,250 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 82,766,250 төгрөг, алданги 41,383,125 төгрөг нийт 124,149,375 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

1.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... алданги шаардахад үүргийг гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, тооцох алдангийн хэмжээ зэрэг тодорхой байгаа нөхцөлд гэрээний дагуу алданги шаардах эрх бий болдог. Гэтэл 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ болон тээвэрлэх гэрээ-ний үүрэг, үүргийг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй учир алданги шаардах эрх үүсээгүй тул 82,766,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 41,383,125 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.3 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Зохигч талуудын хооронд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч тал болох Р******* ХХК нь гэрээнд заасан тоо хэмжээ, маркийн бетон нийлүүлэх, худалдан авагч тал болох С******* ХХК нь үнэ төлөх үүрийг харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбар зэргээр тогтоогдсон. /х.х-ийн 5-6 дахь талд/

Гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд гэрээнд илэрхийлсэн хүсэл зоригоос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

3. Гэрээний дагуу 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 150,857,500 төгрөгийн бетон зуурмагийг нэхэмжлэгч нь хариуцагчид нийлүүлж, үүнээс 82,766,250 төгрөгийн үлдэгдэлтэй талаар хариуцагч маргахгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нийлүүлсэн барааны үнийг шаардах эрхтэй. байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 87,766,250 төгрөгийн бетон зуурмагийн үнийг төлөх эсэх талаар маргаагүй тул шүүх уг үйл баримтыг нотлох шаардлаггүй гэж үзнэ.

Харин хариуцагч нь гэрээгээр бетон зуурмагийг нийлүүлэх хугацаа, үнэ төлөх хугацаа буюу үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой тохиролцоогүй тул алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан учир шүүх тухайн маргасан үйл баримтад дүгнэлт өгөх нь зүйтэй.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн алдангид үндсэн үүргийн 50 хувь болох 41,383,125 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Талууд хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Худалдан авагч тал төлбөрийг гэрээний 2.8-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдан авагчид төлнө гэж, 2.8-д Худалдан авагч тал нь бетон зуурмаг худалдан авах бүртээ төлбөрийн 50 хувийг доорхи дансны аль нэгийг сонгон шилжүүлнэ. Үлдсэн 50 хувийн төлбөрөө 2024 оны 9 дүгээр сарын 15-н гэхэд доорхи дансуудын аль нэг рүү шилжүүлнэ. Энэ хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нийлүүлсэн өдрөөс хойш өдрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданг тооцохоор талууд харилцан тохиролцов гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд энэхүү хариуцлагын тохиролцоо нь дээрх хуульд нийцсэн байх шаардлагатай.

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч талд хариуцлага оногдуулахад гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн байх хариуцлагын хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх учиртай.

Гэвч, талууд хооронд байгуулсан гэрээндээ бетон зуурмагийг нийлүүлэх хугацаа, үнэ төлөх хугацаа зэргийг тохиролцоогүй байх тул хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хариуцлагын үүрэг буюу алданги төлүүлэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, гэрээний 2.3-т Бетон зуурмаг нийлүүлэх хэмжээ, хуваарийг тухай бүрт тохиролцож, гэрээний хавсралт №1-д талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулна гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү бетон зуурмагийг нийлүүлсэн хугацаа, үнэ төлөх хуваарь зэргийг хэрхэн тохиролцсноо баримтаар нотлоогүй болно.

Хэрэгт авагдсан нэг талын үйлдсэн бетон зуурмагийн төлбөр болон алдангийн тооцооны баримтаар гэрээний талууд ийнхүү тохиролцсон гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй юм. /х.х-ийн 8 дахь талд/

5. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 82,766,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 41,383,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Содэрэ ХХК-аас 82,766,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 41,383,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 936,668 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-аас 571,781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ