| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2020/00900/И |
| Дугаар | 210/МА2021/01076 |
| Огноо | 2021-07-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2021/01076
| 2021 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2021/01076 |
ОК ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00917 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ОК ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э-, Д.Н- нарт холбогдох
Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, High apart 8 Б байрны 69 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204099728 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ОК ХХК-нд шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч С.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г хариуцагч Д.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, түүний өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОК ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт High apartment үйлчилгээтэй, орон сууцны барилгыг 2016 оноос барьж эхэлсэн бөгөөд барилгын ажлыг явуулахдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хөрөнгө оруулалт татах, зээл авах, иргэдтэй орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг авах замаар төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг бий болгосон. Ийнхүү хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажлын хүрээнд хуучны танил С.Э-тай холбогдож, түүний танил бизнес эрхэлдэг түншүүдээс зээл авах, хөрөнгө оруулалт татах замаар барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр санал тавьсан бөгөөд С.Э- нь Би танай компанид тусалъя, надад зээл өгдөг хүн бий, гэхдээ тэр хүн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авдаг" гэсэн тул С.Э-гаар дамжуулан түүний танил иргэнээс зээл авах зорилгоор С.Э-тай 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 01/340 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, High apartment орон сууцны барилгын А блокийн 12 дугаар давхрын 69 тоот хаяг бүхий 87.1 м.кв талбайтай орон сууцыг бусдад барьцаалах эрхийг олгосон. Ингээд иргэн С.Э- нь өөрийн танил гэх Д.Н-тай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ-г амаар байгуулсан гээд Д.Н-аас зээлсэн гэх 100 000 000 төгрөгийг манай компанийн Хаан банкин дахь 5038029408 тоот дансанд шилжүүлсэн тул мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалахдаа Д.Н-ын хүсэлтээр барьцааны гэрээ байгуулалгүй С.Э-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г түүний нэр дээр шилжүүлсэн. Бид Д.Н-ын С.Э-гаар дамжуулан зээлсэн 100 000 000 төгрөгийг С.Э-д 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 80 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкин дахь С.Э-гийн 45250980 тоот дансанд шилжүүлэх замаар төлж дуусгасан болно. Ийнхүү зээлийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул Д.Н-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчингүй болгож барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлөхөөр Д.Н-т шаардлага тавихад С.Э- нь манай компанийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж Д.Н-аас 100 000 000 төгрөг бус 150 000 000 төгрөгийн зээл авсан болохыг олж мэдсэн бөгөөд С.Э-гаас өөрийн зээлсэн 50 000 000 төгрөгийг нэн даруй төлж орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардсан. Гэтэл С.Э- нь шаардлагыг биелүүлэхгүй байсны улмаас Д.Н- нь орон сууцыг бусдад шилжүүлж мөнгөө олж авна гэхчлэн дарамт шахалт үзүүлж байсан бөгөөд бид арга буюу С.Э-тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өглөг, авлага хаах, барагдуулах гэрээг байгуулж, С.Э- нь уг гэрээгээр иргэн Д.Н-т төлбөл зохих зээлийн төлбөрөө 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж, компанийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхөө илэрхийлсэн. Дээрх тохиролцоог Д.Н- ч мэдэж зөвшөөрсөн тул түүний шаардлагаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр барьцааны зүйлийн хаяг, талбайн хэмжээг зөвтгөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 8Б байр, 12 дугаар давхар, 69 тоот хаяг бүхий 89,94 м.кв талбайтай орон сууц болгон, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг байгуулсан ба зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр шууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Н-ын тавьсан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст орон сууц захиалагчийн хувьд төлбөр тооцоогүй гэх утга бүхий албан бичгийг үйлдэж Д.Н-т хүлээлгэж өгсөн. Түүнчлэн, иргэн Д.Н- нь дээрх захиалгын гэрээг зээлийн барьцааны гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийн гараар тайлбар бичиж Зөвхөн барьцааг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулсан ба зээл төлөгдсөн даруйд шилжүүлэн өгнө. Гэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүй болно гэсэн бөгөөд иргэн Д.Н-ын гаргасан хүсэлтийг үндэслэн уулзалт хийж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан юм. Ийнхүү С.Э- нь өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Д.Н-т зээлийн төлбөрийг барагдуулахгүй байгаагаас үүдэн манай компани Д.Н-т ямар нэг өр төлбөргүй атлаа өөрийн өмчлөлийн орон сууцыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирсоор байна. Зүй нь манай ОК ХХК нь анхнаасаа Д.Н-тай барьцааны гэрээний харилцаанд орсон бөгөөд түүнтэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг буюу барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд иргэн Д.Н- болон С.Э- нартай амаар байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо High apart-8б байрны 69 тоот орон сууцыг барьцаалахдаа байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж орон сууцны өмчлөх эрхийг ОК ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. Манай компанийн зүгээс С.Э-гаас Д.Н-, ОК ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний дүн болох 150,000,000 төгрөгөөс дур мэдэн дундаас нь авч хэрэглэсэн 50 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ С.Э-д холбогдох 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч С.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.Э- миний бие 2017 онд ажил хэргийн шугамаар ОК ХХК-ийн захирал Д.Ганзоригтой танилцсан ба тухайн үед ОК ХХК нь Бянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй High apartment орон сууцны барилгыг барьж дуусгахад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт хайж байгаа талаар надад мэдэгдсэн. Ингээд миний бие ОК ХХК-д нэмэлт хөрөнгө оруулалт татахад нь туслалцаа үзүүлэхээр болж, ОК ХХК-ийн барьж буй High apartment орон сууцны А блокийн 12 дугаар давхрын 69 тоот хаяг бүхий 87,1 м.кв талбайтай орон сууцыг бусдад дамжуулан барьцаалан зээл олохоор тохиролцож 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 01/340 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан.Улмаар би өөрийн танил Д.Н-ыг ОК ХХК-ийн захирал Д.Ганзоригтой танилцуулсан ба Н.Наранбаяр нь ОК ХХК-д хөрөнгө оруулж, зээл өгөхөөр болсон. ОК ХХК нь болон иргэн Д.Н- нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан ба ОК ХХК нь High apartment орон сууцны А блокийн 12 дугаар давхрын 69 тоот хаяг бүхий 87.1 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, Д.Н-аас зээл авахаар болсон. Улмаар миний дансанд Н.Наранбаяраас 150 000 000 төгрөг шилжиж орсон бөгөөд уг мөнгөнөөс ОК" ХХК-ийн данс руу 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба ОК ХХК болон Д.Н- нарын зөвшөөрсний дагуу 50 000 000 төгрөгийг өөрийн танил Ж.Жаргалсайханд зээлдүүлсэн. ОК ХХК болон Д.Н- нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа миний дансаар дамжиж төлөгддөг байсан ба өнөөдрийн байдлаар миний бие ОК ХХК-иас миний данс руу шилжүүлсэн 70 000 000 гаруй сая төгрөгийг Д.Н-т шилжүүлсэн, мөн Вива сити хотхонд байрлах мөн 45 000 000 төгрөгийн үнэ бүхий нэг өрөө орон сууц өмчлөх эрхийг Д.Н-т шилжүүлсэн байдаг юм. Ингээд Д.Н-аас авсан зээлийн үлдэгдэл 35 000 000 төгрөг болно. Уг мөнгийг миний бие иргэн Ж.Жаргалсайханаас гаргуулахаар шүүхэд хандсан ба уг мөнгийг авч байж Д.Н-т төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагч Д.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Э- нь 2017 оны 4 дүгээр сард Д.Н-тай танилцсан. С.Э- Н.Наранбаяраас 250 000 000 төгрөг зээлдээч гэхэд нь мөнгө зээлдэж болно барьцаа хөрөнгө байна уу гэхэд өөрийн өмчлөлийн 270 000 000 төгрөгийн үнэтэй байр байна гэж хэлэхэд 270 000 000 төгрөгийн үнэтэй байрыг 250 000 000 төгрөг зээлдэхэд барьцаалахгүй 130 000 000 төгрөг зээлдэж болж байна гэхэд 150 000 000 төгрөг болгоод зээлчих гэсэн байдаг. Тэгээд 150 000 000 төгрөг зээлдэхээр болоод 5 сарын хугацаатай сарын 8 000 000 төгрөг буюу 5 хувийн хүүтэй зээлсэн. Уг байрны Улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан учир орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлэх хэлэлцээр хийсэн. С.Э-тай ОК" ХХК дээр очоод тус компанийн захирал Д.Ганзориг гэдэг хүнтэй уулзаж С.Э- мөнгө зээлдэж байгаа энэ байрыг барьцаанд авах гэж байгаа гэдгийг хэлсэн. ОК" ХХК-ийн захирал Д.Ганзориг С.Э- өөрөө Д.Н-т энэ байр шилжүүлж өгөх талаар хүсэлтээ бичээд өг гэсний дагуу С.Э- өөрийн гараар энэ байраа Д.Н-ын нэр дээр шилжүүлэх хүсэлттэй байна гэдэг хүсэлтээ бичиж өгсөн. ОК" ХХК-иас асуухад энэ байрны үнийг С.Э- 100 хувь төлчихсөн С.Э-гийн өмчлөлийн байр ямар нэг төлбөр тооцоо байхгүй гэж хэлээд орон сууц захиалан бариулах гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж өгсөн байдаг. С.Э- нь сар бүрийн 8 000 000 төгрөгийн хүүгээ төлж байсан. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 8 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 8 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 7 000 000 төгрөг, араас нь 1 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2 500 000 төгрөг төлсөн. Мөн С.Э-гаас 5 сарын хугацаа өнгөрсөн тул зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тухайн орон сууцны м.кв талбай зөрүүтэй байна гээд гэрээг шинэчилж байгуулсан. Гэрээг шинэчилж хийхэд Д.Ганзориг захирал С.Э- хоёрын хооронд маш их өртэй гэдэг зүйл яригдаж байсан. Тэгээд С.Э- миний өрийг төлөх ямар ч боломжгүй гэж ойлгосон учир 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр барьцааны байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед Д.Ганзориг захирал энэ байранд ямар нэг өр авлага байхгүй гэдэг бичиг хийж өгсөн. С.Э- нь Д.Н-аас зээлдсэн мөнгөө цааш хэндээ зээлдсэн эсэх нь хамаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт зааснаар ОК ХХК болон Д.Н- нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099728 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Энхтайвны өргөн чөлөө гудамж, 8б байрны 69 тоот, 89,94 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ОК ХХК-нд шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч С.Э-д холбогдох 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч ОК ХХК-ийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ОК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 006 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 598 150 төгрөгийг гаргуулж ОК ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/391-1 дугаартай "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, талуудын хооронд бий болсон хэлцлийн хүсэл зорилго, яг юу байсан талаар Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах аргыг баталгаажуулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр маргааны зүйл болох худалдах- худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан дараах баримтаар үгүйсгэгдэж байна. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Д.Н- зээлийн 150 000 000 төгрөгийг С.Э-гийн Хаан банк 5029878704 тоот дансанд Наранбаяраас Байрны үнэ Hight арраrtmеnt" гэсэн утгаар хийсэн 2020 оны 3 дугаар сарын 30 өдрийн 5176/01/136 дугаартай Хаан банкны тодорхойлолт, 100 000 000 төгрөгийг С.Э- нь "ОК" ХХК-ний 5038029408 Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэлдээ Д.Н-аас зээлж авсан 100 000 000 төгрөгийг С.Э-гаас дамжуулан зээлж авсан гэх тайлбар, Д.Ганзоригийн СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол, 2020 оны 10 дугаар сарын 19-ний анхан шатны шүүх хурлын тэмдэглэлийн Д.Ганзоригийн мэдүүлэг, мөн С.Э-гийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн гэрчийн мэдүүлэг, зээлийн хүү гэж С.Э- өөрийн Хаан банкны 5029878704 дугаар данснаас нийт 6 удаагийн гүйлгээгээр 37 500 000 төгрөгийг Д.Н-ын дансанд төлсөн баримт зэрэг нь зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгч С.Э-гийн өмчлөлд шилжүүлсэн болох нь харагдаж байна. Харин С.Э- өөрийн зээлж авсан 150 000 000 төгрөгийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсны дараа 100 000 000 төгрөгийг "ОК" ХХК-ний дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогддог. Талууд зээлийн гэрээний барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дээр дурдсан 2018 оны болон 2019 оны шинэчилсэн гэрээг байгуулсан бөгөөд 2018 онд барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах талаар зээлдэгч зээлдүүлэгч талууд хүсэл зориг нэгдэж хүлээн зөвшөөрдөг. Харин барьцааны гэрээг бичгээр байгуулах хууль зүйн боломж байгаагүй нөхцөл байдал буюу барьцааны зүйл нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй, орон сууцны дугаар авагдаагүй, бүртгэлд хамрагдаагүй улсын комисс хүлээн аваагүй байсан тул "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан нь хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, бичгээр байгуулсан хэлцлийн шаардлагыг тус тус хангасан, хэлцлийн субьектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн хуулиар хориглоогүй хүчин төгөлдөр хэлцэл мөн. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг талууд хэрэглэхдээ зээлийн гэрээ хэрэгжээд дуусах хүртэл хугацаагаар өмчлөх эрхийг шилжүүлсэн өвөрмөц байдлаар хийгдсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйл 189.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүрээн хийгдсэн гурван тал буюу нэхэмжлэгч хариуцагч гурван тал харилцан тохиролцоод байгуулсан хэлцэл юм. Харин нэхэмжлэгч тал 2017 онд бусдаас зээл авах, хөрөнгө оруулалт олох зорилгоор 8Б байрны 69 тоот орон сууцыг бусдад барьцаалах эрх олгосон гэж тайлбарлан түүнийгээ нотолсон 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 08-ний өдрийн 08 дугаар бүхий Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн нь эргэлзээтэй баримтуудыг сүүл нэмж үйлдсэн баримт гэж үзэх үндэслэлтэй: Эдгээр баримтыг үйлдэж байх цаг хугацаанд буюу 2017, 2018 онд "ОК" ХХК-ний бариулж байсан 8а байр нь дугаар аваагүй Баянзүрх дүүргийн 6-р хороо High apart төсөл А блок гэсэн хаягтай байсан бөгөөд төрийн захиргааны байгууллага ямар нэгэн дугаар олгоогүй байхад "ОК" ХХК-ний Хувьцаа эзэмшигч Д.Ганзориг яаж 8а гэж дугаарлана гэдгийг жилийн өмнө бүр хоёр жилийн өмнө мэдээд Хувьцаа эзэмшигчийн шийдвэртээ 8а гэж маш тодорхой бичсэн, Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн баримтын 2017, 2018 оны орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 дэх хэсэгт мөн л А блок гэсэн байдаг бөгөөд харин 2019 оны орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 дэх хэсэгт дугаар сая л нэг авсан тул гэрээний 1.1 дэх хэсгийн байрны дугаар гэсэн хүснэгтэд 8б байр гэж тусгасан нь дээрх хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг сүүлд нөхөж хийсэн гэж үзэх хангалттай үндэслэл баримт мөн бөгөөд үүгээрээ 2018 онд Д.Н-тай 150 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг халхавч хэлцэл гэж дүгнэхдээ дээрх хэлцлийг байгуулахдаа "ОК" ХХК нь хэлцлийг байгуулах дотоод болон гадаад хүсэл зорилго байгаагүй гэж дүгнээд байгаа нь харин эсрэгээрээ "ОК" ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн уулзалтын тэмдэглэл болон Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр бүрэн төлсөн гэх албан бичиг хийж өгөөд байгаа нь харин ч үүргийн гүйцэтгэлийг хангах талаар гадаад илэрхийллээрээ хангалттай тодорхой илэрхийлсэн байгаа нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр хэлцэл гэдгийг нотолж байна. Иймд зээлийн гэрээний үүрэг төлөгдтөл өмчлөх эрхийг түр хугацаагаар шилжүүлэх зорилгоор талууд хүсэл зорилгоо илэрхийлэн гурван тал харилцан тохирч үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдгийг гурван тал гурвуулаа маш сайн ойлгож хүлээн зөвшөөрч байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "Хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ" нь хүчин бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн газарт даалгуулхаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн газар Д.Н-ын өмчлөлд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мэдүүлэг түүнд хавсарган өгсөн нотлох баримтыг үндэслэн бүртгэл хийсэн байдаг бөгөөд мэдүүлэг гаргах үед Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй мөн хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан бөгөөд Улсын бүртгэлтэй холбоотой шүүхэд ямар нэгэн шаардлага огт гаргаагүй байхад өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч Д.Н-аас буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүх хөндлөнгийн байх зарчмын хүрээнд нэхэмжлэлийг хангах боломжгүй юм. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ОК ХХК нь хариуцагч Д.Н-т холбогдуулан ОК ХХК болон Д.Н-ын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ОК ХХК-д шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, хариуцагч С.Э-д холбогдуулан 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э-д холбогдох 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан.
Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ байгуулж, уг гэрээгээр ОК ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Энхтайвны өргөн чөлөө гудамж, High apart 8б байрны 69 тоот 89,94 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н-ын өмчлөлд шилжүүлэх, Д.Н- 274 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 20-21 тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Д.Н-т гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, харин талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.
Гэвч талуудын хүсэл зоригийн агуулгад хэлбэрийн хувьд гадагш илрэн гарсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, шинэчилсэн гэрээ зэрэгт шүүх эрх зүйн үүднээс дүгнэлт өгч чадаагүй байна.
Хариуцагч Д.Н- нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нь хариуцагч С.Э-д 150 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч С.Э- нь 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ОК ХХК-нд тус тус шилжүүлсэн бөгөөд зээлийн үндсэн төлбөр 150 000 000 төгрөгийг хүүгийн хамт авсны дараа дээрх шинэчилсэн гэрээний зүйл болох орон сууцыг буцаан шилжүүлнэ гэх агуулгатай Д.Н-, Д.Ганзориг нарын уулзалтын тэмдэглэл бүхий баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 22-23/
Дээрх уулзалтын дараа уг тэмдэглэлд тусгагдсан нөхцөлд үндэслэж 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ хийгдсэн гэж үзэхээр байна.
Талуудын хооронд хийгдсэн дээрх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэлцэл нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой хэлцэл, эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл эсэхийг тодорхойлох буюу зээлийн үндсэн төлбөр 150 000 000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт буцаан төлсний дараа орон сууцыг буцаан шилжүүлэх агуулгатай байсан эсэхийг тодруулах шаардлагатай.
Нөгөө талаар, нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг өөртөө буцаан шилжүүлж авахаар шаардлага гаргасан байхад энэ хэргийн оролцогч биш Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгасан агуулгатай шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний эрх зүйн харилцаа нь уг харилцаанд оролцож буй талуудын хооронд үүрэг үүсгэх бөгөөд нэхэмжлэгч ОК ХХК нь хариуцагч Д.Н-ын өмнө ямар үүрэг хүлээсэн, хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, орон сууцыг түр хугацаагаар буюу буцааж авах нөхцөлтэйгөөр Д.Н-ын өмчлөлд шилжүүлсэн, мөнгийг хүүтэй зээлсэн эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай байхаас гадна орон сууц бодитой хэний эзэмшилд байсан нөхцөл байдал нь гэрээний болон гэрээний бус үүрэг үүссэн гэж үзвэл түүний үр дагаварт хамааралтай байна.
Дээрх нөхцөл байдлуудыг тогтоогдоогүй тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахиж шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 598 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Н.БАТЗОРИГ