Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Д.Цолмон,

          шүүгдэгч Х.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн 1706 02962 0055 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, А овгийн Хийн Б.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх
дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Дарьхүүг зодож эрүүл мэндэд
нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Дарьхүүгийн мэдүүлэг /хх-11, 12/, гэрч Д.Жаргалсайханы мэдүүлэг /хх-15/, гэрч Ж.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-16/, шинжээчийн 13322 дугаартай дүгнэлт /хх-19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх
дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Дарьхүүг зодож эрүүл мэндэд
нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Дарьхүүгийн өгсөн: ”….Айлын хашааны үүдэнд нүүрс зарж байсан эрэгтэй хүнээс тамхи асуугаад зогсож байтал уг хашаан дотроос ажлын хувцастай 30 гаруй насны залуу гарч ирээд надад хандаж юм ярьж байсан. Яг юу гэж хэлж байсныг би мэдэхгүй байна. Гэтэл тэр залуу намайг барьж аваад миний баруун талын хөл рүү хөлөөрөө хавсарч газар унагаасан ба тэр залуу өөрөө миний дээрээс дарж унасан юм. Тэгээд би газар уначихаад босох гэтэл миний баруун хөл нэг эвгүй болчихсон байхаар нь “өө хөл эвгүй болчихлоо” гэж хэлэхэд тэр залуу намайг босч “зайл өмхий лалар минь” гэж хөөсөн юм. Тэгээд би гутлаа тайлж хөлөөд үзэхэд миний баруун талын хөлний шагай мултарчихсан байсан ба босоод алхах гэтэл  алхаж болохгүй байсан юм. Тэгээд мөлхөж байгаад зам хөндлөн гараад замын нөгөө талд Монелийн тэр хавьд байдаг нэг залуу намайг үүрээд манай гэрт хүргэж өгсөн юм. Тухайн үед манай гэрт манай дүү Д.Жаргалсайхан байсан юм" /хх-11/ гэх мэдүүлэг,

“Надад яг баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ Х.Бнадад 1.000.000 төгрөг өгч миний эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулсан”  /хх-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Жаргалсайханы өгсөн: “....Тэгээд бараг цаг хүлээгээд Д.Дарьхүү ах ирэхгүй байсан нилээд удаж байгаад манай хашааны гадна нэг хүн ирээд “хөөе хүн байна уу” гээд орилох шиг болохоор нь би гарч харахад манай Монелийн 18 дугаар гудамжинд байдаг нэрийг нь мэдэхгүй 30 гаруй насны залуу манай Д.Дарьхүү ахыг үүрчихсэн хашааны үүдэнд зогсож байсан юм. Тэгээд би явж очоод юу болсон талаар асуухад Д.Дарьхүү ах хүнд зодуулаад хөл эвгүй болчихлоо гээд нэг хөлийнхөө гутлыг тайлаад барьсан, хувцас хунар нь таг шавар, шороо болчихсон байсан юм. Тэгээд дараа нь юу болсон талаар нь тодруулж асуухад дэлгүүрээс мах авах гэж яваад дэлгүүрийн хажууханд нүүрс зарж байсан хүнтэй уулзаад зогсож байтал хажуу талын хашаанаас нь нэг залуу гарч ирээд учир нь олдохгүй зайл гэж хөөгөөд л зодчихсон гэж хэлсэн юм" /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Мөнхбаатарын "….Уруудаад алхаж байтал манай  ээжийнх амьдардаг газар буюу Монелийн 18 дугаар гудамжинд хааяа тааралддаг зүс мэдэх Д.Дарьхүү гэх ах Монелийн "Бурхан буудай " нэртэй дэлгүүрийн замын эсрэг талд нь баруун хөлийнхөө гутлыг тайлаад барьчихсан нэг хөл дээрээ тонгойгоод зогсож байсан юм. Тэгээд би хажуугаар нь өнгөрөхдөө “та чинь яагаа вэ” гэж асуухад “өө ах нь хөлөө гэмтээчихлээ алхаж чадахгүй байна ахыгаа гэрт хүргээд өгөөч” гэж гуйсан юм. Тэгээд би Д.Дарьхүү ахыг үүрээд Монелийн 18 дугаар гудамжинд байх хашааных нь гадна очоод орох гэтэл хашааны хаалга нь цоожтой байсан юм. Тэгээд би хашааных нь хаалгыг цохиход дотроос нь Д.Дарьхүү ахын дүү нь гээд нэг залуу гарч ирээд Д.Дарьхүү ахыг үүрч аваад орсон юм" /хх-16/ гэх мэдүүлэг,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №13322 тоот дүгнэлтэнд:

             1. Д.Дарьхүүгийн биед тахилзуур ясны доод булуу хөндлөн хугарал, баруун

шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагданд нөлөөлөхгүй” /хх-19/ гэх дүгнэлт,

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Бнь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Хохирогч Д.Дарьхүүд хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гомдол саналгүй болсон болно.

   Шүүхээс шүүгдэгч Х.Бт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

         Шүүхээс шүүгдэгч Х.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А овгийн Хийн Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.Быг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар

Х.Б нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

           6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС