Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/139

 

 

Т.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1327 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Эийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306 01840 2272 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Т-ийн Э, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

Т.Э нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудалд иргэн Б.Б-ыг урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “гар утсыг чинь хэрэглээд өгнө” гэж хуурч, түүний эзэмшлийн “Айфон 13” промакс загварын гар утсыг авч, залилан, түүнд 4.229.910 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, олон буудалд байх “Ялалт” нэртэй дэн буудалд хохирогч П.Эт “Буудлын орлогыг гар утсаар чинь дамжуулж хийнэ” гэж худал хэлэх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч П.Эийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Затзипд А213” маркийн гар утас, 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хаан” банкны чиптэй карт зэрэг эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч, улмаар хохирогчийн эзэмшлийн “Хаан” банкны 5059315665 тоот данснаас 2.247.000 төгрөг зарлагадаж, хохирогч П.Эт нийт 2.557.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 376 дугаар байрны 32 тоотод хохирогч Б.А урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би Анударийн данс руу хүнээс мөнгө шилжүүлээд авья, гоймон авч идье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Голомт банкны 2025143840 тоот данснаас 1.000.500 төгрөгийг бэлнээр гарган авч залилсан,

мөн Т.Э нь хохирогч Н.Нтэй “Анар” зочид буудлын хүлээн авагчаар ажиллахаар тохиролцож, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уг зочид буудлын хүлээн авагчаар ажиллаж байх үедээ тухайн өдөр зочид буудлаар үйлчлүүлсэн иргэдийн төлбөр болох “Анар” зочид буудлын орлогыг итгэмжлэн хариуцаж байх үедээ буудлын орлогын мөнгө болох 790.000 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью Ворлд” зочид буудалд ресепшнээр ажиллаж байх үедээ уг зочид буудалд өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн борлуулалтын орлогын мөнгийг завшиж, 1.282.000 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогт” зочид буудалд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд буудлын хүлээн авагчаар ажиллахдаа түүнд итгэмжлэн хариуцуулж өгсөн бэлэн 786.000 төгрөг, 1.800.000 төгрөгийн алтан ээмэг, 810.000 төгрөгийн монетон бөгж зэргийг хувьдаа завшиж, бусдад 3.396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Т-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эаас нийт 13.255.410 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд 4.229.910 төгрөгийг, хохирогч П.Эт 2.557.000 төгрөгийг, хохирогч Б.А-д 1.000.500 төгрөгийг, хохирогч Н.Нд 790.000 төгрөгийг, хохирогч Ё.Ш-т 1.282.000 төгрөгийг, хохирогч Б.Б-т 3.396.000 тус тус олгож,

            хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Эийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Эт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруу дээрээ маргахгүй. Би зээлийн аппликейшн дарах гээд л ийм зүйл хийчихсэн. Хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Ийм хэрэг хийсэн үнэхээр миний буруу, маш их гэмшиж байгаа. Би 0-14 насны дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага хүү минь 3 настай, биеийн байдал нь муу, байнга асаргаанд байдаг. Би шүүх хурал болдог өдрөө хүртэл хүүгээ асарч, 8 цагаар тариаг нь хийдэг байсан. Бага хүүгийн минь биеийн байдлыг харгалзан үзэж, бас 4 хүүхдийн минь ээжтэйгээ хамт байх боломжоор нь хангаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. Ийм хэрэг хийсэн нь миний буруу, үнэхээр гэмшиж байгаа. Миний эрх зүйн байдлыг дээрдүүлэн өгч тусална уу. Би хоригдож байх хугацаандаа маш олон зүйлийг тунгаан бодож, өндөр настай эх, нөхөр, үр хүүхдүүдээ зовоож байгаадаа маш их харамсаж байна. Бага хүү Б.Амарсанаа нь тархины хаван, тархины даралт оноштойгоор эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгэдэг. Хүү Б.Амармэнд нь хамрын хөндийн үрэвсэл оноштойгоор эмчийн хяналтанд байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний бие хохирол төлөх хугацаа авах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Би тухайн үед хоёр ч гэсэн хохирогчийнхоо хохирлыг төлье гэсэн санал оруулсан. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд миний ар гэрийн байдал, өвчтэй хүүхдүүддээ анхаарал халамж тавих боломж олгож, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр, эсвэл оршин суугаа хаягаар хязгаарлалт тогтоож зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Би ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг бүрэн төлж барагдуулна.” гэв.

 

            Шүүгдэгч Т.Эийн өмгөөлөгч Ц.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Эийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Давж заалдах гомдолтой холбоотой нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхэд нэмэлтээр гаргаж өгч байна. Шүүгдэгч Т.Эийн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 3 хуудас баримт, хүү Амармэндийн хамрын хөндийн үрэвсэлд эмчилгээ хийлгэж байсан 3 хуудас баримт, хүү Амарсанаагийн тархины хаван, гайморын хөндийн үрэвсэлд эмчилгээ хийлгэж байсан 6 хуудас баримт, шүүгдэгч Т.Э бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлтэй тул цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан 1 хуудас баримт, давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүгдэгч Т.Эийн ар гэрээс хохирогч Н.Нд 790.000 төгрөгийн хохирол төлсөн 1 хуудас баримт, шүүгдэгч Т.Э хохирол төлөх хуваарь гаргасан боловч хохирогч нар хохирлоо бүрэн барагдуулсны дараа гарын үсэг зурна гэсэн нийт 18 хуудас баримт байна. Шүүгдэгч Т.Э ажил хөдөлмөр эрхэлж байж хохирлыг төлж барагдуулах боломжтой болно. Өдрийн цагаар хадам ээжийнхээ ажиллуулдаг өдөр өнжүүлэх төвд ажиллаж, бусад цагаар нь барилгын засал чимэглэлийн ажил эрхэлж хохирол төлөх хүсэлтэй байгаа. Шүүгдэгч Т.Эийн нөхөр түүнийг гэмт хэрэгт холбогдсоноос хойш ажлаасаа чөлөө авч 3 хүүхдээ асарч байгаа бөгөөд хохирол төлөхөд тусална гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

 

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Эийг мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 цаг цагдан хорьсноос хойш өдөр бүр ирж бүртгүүлж, мөрдөгч, прокурорт гэмт хэрэг үйлдсэн газар, гомдол гаргагч нарыг зааж өгч дэмжлэг үзүүлсэн. Прокуророос зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Шүүгдэгч Т.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудалд иргэн Б.Баттулгыг урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “гар утсыг чинь хэрэглээд өгнө” гэж хуурч, түүний эзэмшлийн “Айфон 13” промакс загварын гар утсыг авч, залилан, түүнд 4.229.910 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, олон буудалд байх “Ялалт” нэртэй дэн буудалд хохирогч П.Эт “Буудлын орлогыг гар утсаар чинь дамжуулж хийнэ” гэж худал хэлэх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч П.Эийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Затзипд А213” маркийн гар утас, 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хаан” банкны чиптэй карт зэрэг эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч, улмаар хохирогчийн эзэмшлийн “Хаан” банкны 5059315665 тоот данснаас 2.247.000 төгрөг зарлагадаж, хохирогч П.Эт нийт 2.557.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 376 дугаар байрны 32 тоотод хохирогч Б.А урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би Анударийн данс руу хүнээс мөнгө шилжүүлээд авья, гоймон авч идье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Голомт банкны 2025143840 тоот данснаас 1.000.500 төгрөгийг бэлнээр гарган авч залилсан,

мөн Т.Э нь хохирогч Н.Нтэй “Анар” зочид буудлын хүлээн авагчаар ажиллахаар тохиролцож, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уг зочид буудлын хүлээн авагчаар ажиллаж байх үедээ тухайн өдөр зочид буудлаар үйлчлүүлсэн иргэдийн төлбөр болох “Анар” зочид буудлын орлогыг итгэмжлэн хариуцаж байх үедээ буудлын орлогын мөнгө болох 790.000 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью Ворлд” зочид буудалд ресепшнээр ажиллаж байх үедээ уг зочид буудалд өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн борлуулалтын орлогын мөнгийг завшиж, 1.282.000 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цогт” зочид буудалд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд буудлын хүлээн авагчаар ажиллахдаа түүнд итгэмжлэн хариуцуулж өгсөн бэлэн 786.000 төгрөг, 1.800.000 төгрөгийн алтан ээмэг, 810.000 төгрөгийн монетон бөгж зэргийг хувьдаа завшиж, бусдад 3.396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлджээ.

Тухайн хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч Б.Б-ын мэдүүлэг /1хх 11/, хохирогч Н.Нгийн мэдүүлэг /1хх 125/, хохирогч Б.А мэдүүлэг /1хх 158/, хохирогч Ё.Ш-ийн мэдүүлэг /1хх 188/, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /1хх 235/, хохирогч П.Эийн мэдүүлэг /2хх 63/, гэрч А.Э-ийн мэдүүлэг /1хх 162/, хохирогч Б.А эзэмшлийн Голомт банкны 2025143840 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 164/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 4-18/, хохирогч П.Эийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 79/ зэрэг нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэхэд анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Т.Эийг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”, “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Т.Эийн “гар утсыг чинь хэрэглээд өгнө, буудлын орлогыг гар утсаар чинь дамжуулж хийнэ, би А-ийн данс руу хүнээс мөнгө шилжүүлээд авья, гоймон авч идье” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр бүхий 3 хохирогчоос нийт 7.787.410 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч нарт мөнгийг нь буцааж өгөөгүй байдал нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрийг нотолж байна.

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж болдог бөгөөд шүүгдэгч Т.Эийн зочид буудлын хүлээн авагчаар ажиллаж байх үедээ буудлын орлогын мөнгө, борлуулалтын орлогын мөнгө, итгэмжлэн хариуцуулж өгсөн бэлэн мөнгө болон алтан ээмэг, монетон бөгж зэргийг хувьдаа завшсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Т.Э “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр, эсвэл оршин суугаа хаягаар хязгаарлалт тогтоож зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм бурууд нь хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.

Шүүгдэгч Т.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, зарим хохирол төлбөрийг төлж барагдуулсан хэдий ч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Т.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгч нь бага насны 4 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Т.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Т.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны энэ өдрийг хүртэл 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1327 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

            3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР        

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ