Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элдэн овгийн Батжаргалын Анхбаяр нарт холбогдох эрүүгийн 1811001500076 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Элдэн овгийн Батжаргалын Анхбаяр, 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржийн гудамж 18/2 дугаар байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар МБ88072634.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.А 2018 оны 01 дугаар сарын 6-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханамаса барилгын 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Каен ресторанд үйлчлүүлж байсан А.Алтанзулын Samsung-7S маркийн, Э.Түвшинжаргалын Iphone-6S маркийн, Б.Цэнд-Аюушийн Iphone-6S маркийн гар утсыг нууцаар хулгайлж нийт 1.770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би хүний гар утас авснаа мэдээгүй. Их согтсон байсан. Маргааш нь камерын бичлэг үзээд хүний гар утас авснаа мэдээд А.Алтанзулын гар утсыг хүргэж өгсөн. Э.Түвшинжаргал, Б.Цэнд-Аюуш нарт гар утас шинээр худалдаж авч өгсөн. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Э.Түвшинжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 5-ны орой 20-21 цагийн үед найз Цэнд-Аюуш, Алтанзул болон ангийн бусад хүүхдүүдийн хамт нийт 13-аа Ханамаса гэх барилгын 2 давхарт байлах Kgen нэртэй ресторанд очсон. Тэр ресторанд Цэнд-Аюуш эгч ажилладаг бөгөөд уг рестораны нээлт болж байсан. Мөн манай ангийнхан шалгалтаа сайн өгсөн гэж бөөнөөрөө тэнд очиж суусан юм. Биднийг ресторанд сууж байхад Цэнд-Аюуш эгчийн танил Анхбаяр гэх залуу өөр 3 залуугийн хамт уг ресторанд ирсэн байсан. Бид нарын сууж байсан ширээний хажуугийн ширээн дээр тэр дөрвөн залуу суусан. Бид нар юм яриад сууж байгаад 00 цаг 22 минутаас 00 цаг 40 минутын хооронд манай найз Сандагдорж, Мөнхцэнгэл, Отгонцэцэг нар явсан. Гэтэл эсрэг талын ширээнээс Анхбаяр гэх залуу бид нарын ширээн дээр ирж суусан. Түүнээс хойш Анхбаяр гэх залуутай хамт ирсэн 3 залуу нь манай ширээн дээр ирээд Анхбаярыг аваад явсан боловч Анхбаяр буцаад манай ширээн дээр ирээд юм яриад байсан. Би ээж болон дүүтэйгээ утсаар ярьчхаад өөрийн гар утсаа ширээн дээр тавьсан. Тэгээд манайхан явахаар болоод бид нар хувцсаа өмсөж байгаад эргээд утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд гар утас руу залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Хажуу ширээнд сууж байсан 4 залуу гараад явсан байсан. Дараа нь хяналтын камер шүүж үзэхэд Цэнд-Аюуш, Алтанзул бид нарыг гар утсыг Анхбаяр гээд байсан залуу бид нарыг гар утсаа ширээн дээр тавьчхаад хувцсаа өмсөж байх зуур хулгайлсан байсан. Миний гар утас айфоне-6 эс загварын утас байсан. ...бид гурвын хохирлыг барагдуулсан учраас одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-10-11/.

Хохирогч Б.Цэнд-Аюуш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шалгалтаа өгчхөөд ангийн найз нарын хамт  Ханамаса гэх барилгын 2 давхарт байлах Kgen нэртэй ресторанд очсон. Би өөрөө Ханамаса ресторанд орчуулагч, менежерээр ажиллаж байгаа болохоор рестораны нээлтэн дээр найзуудаа урьсан юм. Мөн хоёроос гурав хоногийн өмнө Япон улсад хамт байсан Анхбаярыг надтай холбогдохоор нь бас урьсан. Анхбаяр ирэхдээ 3 найзын хамт ирсэн. ...Тэгээд 00 цаг болоод ресторан хаах болсон. Ингээд бүгдээрэнг нь гарахыг шаардсан тэр үед Анхбаяр 3 найзын хамт гараад явсан байсан. Анхбаяр гарахаасаа өмнө манай ангийнхан сууж байсан ширээн дээр хоёр удаа ирээд явахдаа манай ангийн Алтанзулын самсунг эс 7 гар утас, Түвшинжаргалын айфоне эс 6 гар утас, миний самсунг ви 7 гар утас буюу нийт 3 ширхэг гар утас алга болсон байсан. Дараа нь би рестораны хяналтын камерыг шүүж үзэхэд Анхбаяр бид гурвын гар утсыг ширээн дээрээс аваад халаасандаа хийгээд явж байгаа бичлэг байсан учраас Анхбаяртай холбогдоход уучлалт гуйгаад би юу санахгүй байна гээд Алтанзулын гар утсыг буцааж өгсөн байсан. Харин Түвшинжаргал бид хоёрт 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Тэди худалдааны төвөөс айфоне 6 эс болон самсунг ви 7 загварын гар утас шинээр нь худалдаж авч өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-13/.

Хохирогч Б.Алтанзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 5-ны орой 20-21 цагийн үед найз Цэнд-Аюуш, Түвшинжаргал болон ангийн бусад хүүхдүүдийн хамт нийт 13-аа Ханамаса гэх барилгын 2 давхарт байлах Kgen нэртэй ресторанд очсон. Тэр ресторанд Цэнд-Аюуш эгч ажилладаг бөгөөд уг рестораны нээлт болж байсан. Мөн манай ангийнхан шалгалтаа сайн өгсөн гэж бөөнөөрөө тэнд очиж суусан юм. Биднийг ресторанд сууж байхад Цэнд-Аюушийн танил Анхбаяр гэх залуу өөр 3 залуугийн хамт уг ресторанд ирсэн. Бид нарын сууж байсан ширээний хажуугийн ширээн дээр тэр 4 залуу суусан. Бид нар юм яриад сууж байгаад 00 цаг 22 минутаас 00 цаг 40 минутын хооронд манай найз Сандагдорж, Мөнхцэнгэл, Отгонцэцэг нар явсан. Гэтэл эсрэг талын ширээнээс Анхбаяр гээд Цэнд-Аюушийн танил залуу бид нарын ширээн дээр ирж суусан. Би сууж байсан ширээн дээрээ гар утсаа үлдээчхээд 00 орчихоод гадуур хувцсаа өмсөөд байж байхад Түвшинжаргал, Цэнд-Аюуш нар утас алга болсон байна гэхээр нь утсаа шалгахад миний гар утас бас алга болсон байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг үзэхэд бид нарын гар утсыг Анхбаяр гээд байсан залуу авсан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр би өөрийн утасруугаа залгахад Анхбаяр аваад уучлаарай би гар утсыг чинь аваачаад өгье гээд өдөр нь миний алдсан гар утсыг тэр Анхбаяр гэх залуу өгсөн. Би хулгайд алдсан гар утсаа Анхбаяраас авчихсан учраас одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-15/.

              Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5/.

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /53/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-50-51/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-55-56/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А 2018 оны 1 дугаар сарын 6-ны шөнө 00-01 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханамаса барилгын 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Каен ресторанд үйлчлүүлж байсан А.Алтанзулын Самсунг эс 7 маркийн 680.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, Э.Түвшинжаргалын Iphone-6S маркийн 510.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, Б.Цэнд-Аюушийн Самсунг ви 7 маркийн 580.000 төгрөгийн гар утаснуудыг нууцаар хулгайлж нийт 1.770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хохирогч А.Алтанзул, Э.Түвшинжаргал, Б.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Б.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч А.Алтанзул, Э.Түвшинжаргал, Б.Цэнд-Аюуш нь мэдүүлэхдээ “...Б.А нь бид гурвын хохирлыг барагдуулсан учраас одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн байх тул шүүгдэгч Б.Аыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага тооцох буюу хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Элдэн овгийн Батжаргалын Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН