Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/140

 

 

Д.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Д.З,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/739 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Згийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2310 01414 1615 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Д-ын З, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цөмийн физикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Д.З нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арцат аппартмент-2” хотхоны 1439 дүгээр байрны 52 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.У-ыг “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас үг хэллэгээр доромжилж, хувцсыг нь шатаана гэх зэргээр маргалдан, улмаар түүнийг хана руу савж, нүүр рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйх, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хоёр сарвуунд цус хуралт, баруун шуу, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Д-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С овгийн Д-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Згоос эрүүл мэндэд учирсан хохирол 376.000 төгрөг, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 3.600.000 төгрөг, нийт 3.976.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Уд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Зд сануулж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.З гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцогдож 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял өгсөнд гомдолтой байна. Үүнийг торгуулийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. Надаас ямар ч нотлох бичиг баримт аваагүй байж торгууль төлөх чадамжгүй гэж дүгнэсэн. Прокурор надтай уулзахдаа “хэрвээ чи өмгөөлөгчгүй хүлцэнгүйгээр оролцвол ялыг чинь жаахан хөнгөрүүлж болно” гэж надад хэлсэн. Үүнд итгэж өмгөөлөгчгүйгээр оролцсон. Хохирогч болох Уянгын хохирлыг бүрэн барагдуулсан. Торгууль төлөх бүрэн боломжтой, тогтмол ажил болон хувиараа эрхэлдэг бизнесийн орлогын бичиг баримтын хамт хавсаргасан дунджаар нийт 1.000.000 төгрөгийн тогтмол орлоготой. Удаан хугацаанд төлөвлөсөн, миний ирээдүйг цаашид тодорхойлох ажлыг эхлүүлсэн байгаа тул 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд хэцүү байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

            Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.З нь шүүхийн шатанд хохирол төлөөгүй бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил эрхлэлт, орлого тодорхойлсон баримт гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Д.Згийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.З нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арцат аппартмент-2” хотхоны 1439 дүгээр байрны 52 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.У-ыг “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас үг хэллэгээр доромжилж, хувцсыг нь шатаана гэх зэргээр маргалдан, улмаар түүнийг хана руу савж, нүүр рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйх, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хоёр сарвуунд цус хуралт, баруун шуу, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Н.У-ын “...Би Золбоо гэх залуутай 2022 оны 10 дугаар сараас уулзаж үерхэж эхлээд 2022 оны 12 дугаар сараас нэг гэрт амьдрах болсон. Бид Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арцат-2” хотхоны 1439 дүгээр байрны 52 тоотод орж амьдарсан. Бид хамт амьдраад 3 сар хагас болж байсан. Гэтэл сүүлийн үед бид хоёр хардалтын улмаас мөн Золбоо ажил хийхгүй байсан шалтгаанаас болоод маргалдаад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс харилцаа муу байсан. Тэгээд би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа явахдаа Золбоогоос салъя гээд хувцас эд зүйлсийг нь бэлдээд өглөө нь ажилдаа явсан. Намайг ажилд явсан хойгуур залгаад эхлээд гуйж байснаа сүүлдээ намайг хэл амаар доромжилж миний хувцсыг шатаана гээд байхаар нь ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэх үед миний хувцас эд зүйлсийг минь газар шидээд дээгүүр нь гишгэлсэн байсан. Тэгээд би Золбоод уурлаад цохих гэтэл Золбоо босож ирээд намайг хана руу саваад нүүр рүү цохиж эхэлсэн. Тэр үед миний толгой эргээд доош суумагц намайг заамдаж босгож ирээд цохиод байсан. Тэгээд газарт унаад өшиглөх гэж байхад нь би цагдаа дуудна гээд холдсон. Гэтэл намайг дуудлага өг өг гээд байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд ээж, эмээ хоёртойгоо ярих гэж байтал Золбоо миний утсыг булааж аваад газарт шидэж эвдсэн. Тэгэхээр нь би уурлаад хүзүүг нь маажчихсан. Гэтэл намайг газарт түлхэж унагаагаад хоёр гар дээр хөлөөрөө дарж байгаад нүүр рүү цохиод байсан. ...Миний биед тогтоогдсон гэмтлийг дан ганц Золбоо учруулсан. Эхэндээ миний нүүр рүү алгадаж байгаад сүүлдээ гараа атгаж байгаад цохисон. ...” /хх 12/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4671 дугаартай “...Н.У-ын биед тархи доргилт, зулайн хуйх, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хоёр сарвуунд цус хуралт, баруун шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /1хх 73-74/ гэх дүгнэлт, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 7/ болон шүүгдэгч Д.Згийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 39/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Згийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.У-ыг “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас үг хэллэгээр доромжилж, хувцсыг нь шатаана гэх зэргээр маргалдан, улмаар түүнийг хана руу савж, нүүр рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйх, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хоёр сарвуунд цус хуралт, баруун шуу, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Д.З “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Д.З нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Д.Згийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/739 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Згийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/739 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Згийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ