| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0185/э |
| Дугаар | 203 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Ч.А/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,
хохирогч Д.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтайн мөөг овгийн Чандангийн Амарсайханд холбогдох эрүүгийн 1811002780092 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Алтайн мөөг овгийн Чандангийн Амарсайхан, 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Тэнүүн огоо ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 42 хотхон, Энэрэл 54 дүгээр байрны 05 тоотод оршин бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 29-729 тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 504 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ЧД78121019.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ч.Ань 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 29-729 тоотод Д.Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Уурын мунхгаар ийм зүйл хийлээ, миний буруу. Баримтаар нэхэмжилсэн 250.000 төгрөгийг төлсөн. Цаашид гарах төлбөрийг төлнө…” гэв.
Хохирогч Д.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр найзынхаа машинд дайгдаж явах гэхэд уг машинд хоёр эмэгтэй байсан. Би тэднийг хаашаа явах гэж байгааг мэдээгүй. Бид доошоо хоёр км уруудаад нэг газар очиж архи уухаар болсон. Бид нэг буудалд орж 2 шил архи уусан. Тэндээс гараад Амарсайханы эхнэрийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Амарсайханы эхнэр машинаас буухдаа газар унахаар нь би түшиж босгоод гэрт нь оруулж өгөөд гарах гэхэд нүүрэнд гал манарсан. Нэг сэргэхэд намайг Амарсайхан алчихъя гээд хутга бариад дайрахад Аюуш гээд эмэгтэй салгасан. Тэгээд би цагдаа дуудаад бид Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст очсон. Дараа нь гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний хамар цөмөрсөн, нүдний торлог урагдалттай байна гэсэн. Мөн дунд чихэнд гэмтэлтэй гэсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан тул дахин үзүүлж чадаагүй. Би Амарсайханыг хамт эмнэлэг яваад өгөөч гэхэд чадахгүй гэсэн. Одоо цаашид нүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилж байна. Нүдний торлогийн урагдал одоо мэдэгдэхгүй байгаа ч цаашид хараагүй болох аюултай гэж нүдний эмч Мөнхзаяа хэлсэн…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Л.Отгончулуун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баттулга Аюушийг гэр рүү нь оруулна гээд явсан. Тэгээд унаж тусах вий гээд гэрэл тусгаж өгсөн бөгөөд Аюуш тухайн үед гэрээ олохгүй хашааныхаа хаалгыг өнгөрөөд явж байсан. Тэгээд хашааг нь олоод Баттулга оруулж өгчхөөд гараад ирье гээд хашаа руу нь орсон. Ингээд 5-10 минутын дараа Баттулга над руу залгаад цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд арай гайгүй согтолттой байсан Адъяаг тэдний гэр рүү нь явуулсан бөгөөд Адъяа олохгүй байна, аль байшин юм бэ гээд эргээд хүрээд ирэхээр нь Аюушийн найз Тунгааг явуулсан. Тэгтэл Тунгаа гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь Алтангэрэл, Адъяа бид гурав ортол Баттулга Аюушийн гэр дотор нүүр нь цус болчихсон баруун бил үү зүүн нүд нь хавдчихсан байсан. Одоо би сайн санахгүй байна...” гэжээ /хх-16-17/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1478 дугаар дүгнэлтэд:
“1. Д.Баттулгын биед торлогийн урагдал, шилэнцэрт цус харвалт, хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, хэлний үзүүрт жижиг язрал, цус хуралт, баруун доод хоёр шүдний ирмэг эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ /хх-24/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-50, 58-59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Ч.Ань 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 29-729 тоот өөрийн гэртээ ирэхэд үүдний амбаарт эхнэр Аюушсүрэнтэй хамт байсан Д.Баттулгыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Баттулга, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1478 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Амарсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ч.Амарсайханд ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.
Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Ч.Ань хохирогчид учирсан баримтаар тогтоогдож буй 250.000 төгрөгийг шүүхийн шатанд нөхөн төлсөн байна.
Мөн хохирогч Д.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Одоо цаашид нүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх боловч энэ талаар бодит зардал гарсан баримтгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алтайн мөөг овгийн Чандангийн Амарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Амарсайханыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ань торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ч.Ань хохирогчид учирсан баримтаар тогтоогдож буй 250.000 төгрөгийг шүүхийн шатанд нөхөн төлсөн бөгөөд хохирогч Д.Баттулга нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Амарсайханд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН