Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01078

 

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01078

 

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/01006 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БГ ББСБ ХХК болон Мбанкинд холбогдох

 

Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн муу зээлдэгчийн ангилалаас нэр хасуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э-, хариуцагч Мбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие БГ ББСБ ХХК-аас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ-0082014 тоот барьцаат зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг УБЦТС ХХК-ийн барилгын ажилд зориулан зээл авсан. Миний бие зээлээ цаг тухайд нь төлөөд явж байтал УБЦТС ХХК нь ажлын гүйцэтгэлийн мөнгөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас зээлээ төлж чадаагүйд хүрсэн. УБЦТС ХХК нь ажлын гүйцэтгэлийн мөнгөө цаг тухайд нь өгөхгүй байснаас 2015-2019 оныг хүртэлх хугацаанд 3 шатны шүүхээр явж нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувийг гаргуулж авсан. Энэ хугацаанд БГ ББСБ ХХК-ийн зээлийг хугацаа хэтрүүлэн төлж дууссан. Энэ хугацаанд БГ ББСБ ХХК нь намайг Мбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгүүлсэн байсан. Энэ нь миний бусад санхүүгийн байгууллагатай харьцах эрхийг зөрчиж байгаа тул эрхээ сэргээлүүлэхээр шүүхэд хандаж байна гэжээ.

  Хариуцагч БГ ББСБ ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э- гэдэг хүний зээлийн хугацаа хэтэрсэн тул журмын дагуу муу зээлдэгчийн ангилалд шилжүүлсэн. Манай байгууллага зээлийн мэдээллийн санд орсныг шинэчлэх боломжгүй гэжээ.

Хариуцагч Мбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар Мбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор зээлийн мэдээллийн сантай байхаар заасан. БГ ББСБ ХХК-ийн Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 4.1.8-т зааснаар мэдээлэл нийлүүлэгч юм. Мэдээлэл нийлүүлэгч нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т зааснаар үнэн зөвийг нягталж, бодитой, тодорхой мэдээллийг нийлүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн этгээд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар зээлийн мэдээллийн санд нэмэлт өөрчлөлт орсон бол тухайн мэдээллийг ажлын гурав хоногийн дотор хүргүүлэхээр заасан байдаг. Иймд Д.Э- нь БГ ББСБ ХХК-аас 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр авсан 30 000 000 төгрөгийн эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, зээлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулах эрх, үүрэг нь зээлдүүлэгч БГ ББСБ ХХК-д ногдсон байх тул БГ ББСБ ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхээр үнэн бодитоор тогтоож, зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 9 дүгээр зүйлийн 9.4.7 заасныг баримтлан Мбанкны зээлийн мэдээллийн сангаас иргэн Д.Э-ийн эргэлзээтэй муу зээлдэгчийн ангиллаас хасахыг БГ ББСБ ХХК болон Мбанкинд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч БГ ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөг, Мбанкнаас 35 100 төгрөгийг тус тус гаргуулж Д.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Мбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Мбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх харилцаанд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох түтгэлзүүлэх, хүчингүй болгох, тус хуульд заасан журам батлах, зээлийн мэдээллийн сантай байх тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэхээр Зээлийн мэдээллийн тухай хуульд заажээ. Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна. Мбанкны зээлийн мэдээллийн санд банк, банк бус санхүүгийн байгууллага. хадгаламж, зээлийн хоршоо. санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран зээлийн мэдээллийг тогтмол өгдөг. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8-т "зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллага" нь мэдээлэл нийлүүлэгч байхаар заасан. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх эрх. үүрэг Зээлийн мэдээллийн тухай хуулиар мэдээлэл нийлүүлэгчид хадгалагдаж байх бөгөөд зээлийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд оруулахаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчид хүргүүлэхээр заасан байна. Харин Мбанкинд зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүрэн эрх олгогдоогүй бөгөөд тус бүрэн эрх дээр дурдсанчлан мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүулэх этгээдэд хадгалагдаж байна. Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг Мбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд байхаар заасан. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т зааснаар зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах. хадгалах. хамгаалах, ашиглах эрхтэй байна. Зээлийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тус өөрчлөлтийг мэдээлэл нийлүүлэгчээс зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд ирүүлэх бөгөөд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд уг өөрчлөлтийг хүлээн авсан даруйд зээлийн мэдээллийн санд оруулж, мэдээллийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар Мбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан этгээд байхгүй байна. Дүгнэвэл, иргэн Д.Э-ийн зээлийн мэдээллийг өөрчлөх, шинэчлэх бүрэн эрх Мбанкинд олгогдоогүй бөгөөд Мбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгдөг, мэдээлэл нийлүүлэгч БГ ББСБ ХХК-д тус эрх, үүрэг Зээлийн мэдээллийн тухай хуулиар олгогдсоныг шүүх ялгаж авч үзэлгүй, Мбанкинд давхар даалгаж шийдсэн нь уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болохыг нотолж байна. Мөн эрх олгогдоогүй үйлдэл хийх буюу зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах үйлдэл хийхийг Мбанкинд даалгаж шийдвэрлэх нь зээлийн түүхээ өөрчлүүлэхийг хүссэн зээлдэгчид хяналт, зохицуулалтын тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Мбанкийг хариуцагчаар нэрлэх явдлыг нэмэгдүүлэх буруу жишиг тогтоох, ингэснээр Зээлийн мэдээллийн тухай хуулиар ялгаатай зохицуулсан мэдээлэл нийлүүлэх, хяналт тавих чиг үүрэг зөрчигдөх эрсдэлтэй болно. Иймд. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.3 дахь хэсэгт заасны дагуу тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч БГ ББСБ ХХК болон Мбанкинд холбогдуулан Мбанкны зээлийн мэдээллийн сангаас иргэн Д.Э-ийн эргэлзээтэй муу зээлдэгчийн ангилалд бүртгэгдсэнийг хэвийн ангилалд шилжүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч нарын хууль болон хуульд нийцүүлэн гаргасан журмын холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хууль болон гэрээнд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-т зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох замаар иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлдэг.

Нэхэмжлэгч Д.Э- нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг 12 дугаар сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдэн авсан ба уг зээлийн гэрээний үүрэг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцуулан авснаар дуусгавар болсон талаар хариуцагч БГ ББСБ ХХК тайлбар гаргасан ба Д.Э-ийн зээлийн мэдээллийн лавлагаанд уг зээл 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдсөн гэж тусгагдсан мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бус алдаатай гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 4, 17/

Хариуцагч БГ ББСБ ХХК нь ....Д.Э- нь зээлийн төлөлтөө цаг хугацаандаа хийдэггүй, тус ББСБ-аас тавьсан шаардлагыг биелүүлдэггүй байсан ... гэсэн тайлбар гаргасан бол нэхэмжлэгч ... зээлээ графикийн дагуу төлөөд явж байтал УБЦТС ХХК нь ажлын гүйцэтгэлийн мөнгөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас зээлээ төлж чадаагүйд хүрсэн... гэж тайлбарлаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01611 дугаартай тогтоолыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн 7-9/

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бусдаас авах байсан үүргийн гүйцэтгэлийг авч чадаагүйн улмаас зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлагыг өөрөө хүлээх бөгөөд үүнд хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй байхаас гадна хариуцагч нар Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан зарчмыг зөрчсөн, 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэгт заасан зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүргээ тус тус хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Э- нь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг бүрэн төлсөн нь БГ ББСБ ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А-57-2020 албан тоотоор тогтоогдож байгаа боловч зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлж төлөгдсөн тохиолдолд зээл, төлбөрийн ангиллын талаарх мэдээлэлд өөрчлөлт оруулах талаар Зээлийн мэдээллийн тухай хуульд болон Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 998 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журамд зохицуулаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж зээлийн мэдээллийн санд Д.Э-ийг муу зээлдэгчийн ангиллаас хасч шийдвэрлэсэн нь Зээлийн мэдээллийн тухай хууль болон Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журамд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журамд заасны дагуу муу ангиллыг дээшлүүлж хэвийн ангилалд нэмэгдүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Хариуцагч БГ ББСБ ХХК давж заалдах гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн гэж үзэхээр боловч маргааны зүйл нь хувийн эрх зүйн шинжтэй буюу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэхээсээ Зээлийн мэдээллийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн эсэхтэй холбоотой байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг бүхэлд нь хянах зарчмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/01006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч БГ ББСБ ХХК болон Мбанкинд тус тус холбогдох Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас Д.Э-ийн эргэлзээтэй муу зээлдэгчийн ангиллаас хасахыг даалгах тухай Д.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.15-д зааснаар хариуцагч Мбанк нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ