Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/141

 

 

Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Баялагмаа,

насанд хүрээгүй хохирогч П.Амарсанаагийн өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1406 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч П.Амарсанаагийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.От холбогдох 2303 00469 0451 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын О, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Т” ХХК-д түгээлтийн ажилтай, ам бүл ... хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 707 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан;

Б.О нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны зүүн замд “Тоуоta aqua” маркийн 20-53 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Аг /7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 369.803 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч С.П нарт олгож, иргэний нэхэмжлэлээс 786.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 7.150.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч С.П нарт олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Оаас 254.000 /хоёр зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Насанд хүрээгүй хохирогч П.А-гийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирол, хор уршгийн талаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П нь хүүхдээ асарсны улмаас ажилгүй байсан хугацааны зардалд 2.350.000 төгрөг нэхэмжилсэн боловч 7 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, ажилласан эсэхийг тодорхойлох баримт ирүүлээгүй, хөдөлмөрийн харилцааны болон нягтлан бодох бүртгэлтэй холбоотой санхүүгийн баримтууд бүрэн биш тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүүхдээ машинд мөргүүлсэн тухай мэдээд Өмнөговь аймагт ажил дээрээсээ яаралтай хот руу ирсэн ба эмнэлэг болон гэрт нь хүүхдээ асрахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн тул ажлаас 2 сар 10 хоногийн цалингүй чөлөө авсан. Шүүхийн хэлэлцүүлэгт “Их уудам” ХХК-ийн чөлөө олгох тухай цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт нь 7 дугаар сард бүтэн ажилласнаар төлөгдсөн байна. 8, 9 дүгээр сарын нийгмийн даатгал төлсөн лавлагаа байхгүй тул шийдвэрлээгүй юм. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П нь “Их уудам” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 8, 9 дүгээр саруудад нийгмийн даатгалын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар насанд хүрээгүй хохирогч П.Амарсанаагийн хууль ёсны төлөөлөгч С.Пд хүүхдээ асарсан 2 сар 10 хоногийн цалингүй чөлөө авсан 2.350.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч А.Баялагмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт хэлэлцэх шатанд хоцорч гаргасан бөгөөд сканердсан нотлох баримт байна. Хууль ёсны төлөөлөгч С.П нь заавал ажлаас чөлөө авч хүүхдээ асрах шаардлагагүй байсан. Насанд хүрээгүй хохирогч П.Амарсанаа ээжийнхээ асран хамгаалалтад байдаг. Хууль ёсны төлөөлөгч С.П хөдөө орон нутагт ажил эрхэлдэг. Насанд хүрээгүй хохирогч П.Амарсанаагийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх боломжтой тул давж заалдах шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

            Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмнө нь Өмнөговь аймагт ахтайгаа хамт тээвэрт явдаг байхад нийгмийн даатгалын шимтгэлийг 500.000 төгрөгөөр төлдөг байсан. 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, ажилласан эсэхээс үл хамааран төлөгдөж байдаг. П.Амарсанааг мөргөх үед шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Тухайн үед П.Амарсанаагийн аав нь Өмнөговь аймгаас гараад Төв аймагт явж байсан бөгөөд ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хотод ирэхээр явж байсан гэсэн.” гэв.

            Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2023 оны 8, 9 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон насанд хүрээгүй хохирогч П.Амарсанааг зайлшгүй асрах шаардлагатай гэсэн эмчийн бичгийг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй. Жолооч сул зогсолтын үе байдаг, цалингийн хэмжээ эрээсээс хамаарч тогтмол бус байдаг гэж мэдүүлдэг. Үүнтэй холбоотой нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн баримт дутуу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч П.Амарсанаагийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.От холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны зүүн замд “Тоуоta aqua” маркийн 20-53 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Аг /7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч П.А-ийн “...би гэрээсээ ганцаараа гараад найз Энх-Эрдэнийн хамт байрны гадаа тоглоом дээр тоглож байхад Энх-Эрдэнэ найз маань “зам гараад найз Батзоригийг дуудаад хамт тоглоё” гэхээр нь бид хоёр төв зам дээр очоод зам гарах гэсэн. Энх-Эрдэнэ “би дараа нь зам гарна” гээд зогссон. Тэгээд би түрүүлээд зам гарахдаа машин хараагүй гүйгээд машин миний нуруу хэсэгт мөргөсөн. Тэгээд жолооч бууж ирээд “зүгээр үү, эмнэлэг явах уу, танай гэрт том хүн байгаа юу” гэж асуугаад би “том хүн байгаа” гээд гэрээ зааж өгөөд ахыг дагуулаад эмнэлэгт үзүүлсэн. Машин миний зүүн талаас машиныхаа зүүн урд талаараа мөргөсөн. ...Би нөгөө мөргөсөн машины жолоочтой гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /хх 26/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пгийн “...2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би Улаанбаатар хотод байгаагүй. Өмнөговь аймагт ажил дээрээ байсан. 17 цагийн үед манай эхнэр утсаар хүүхэд машинд мөргүүлсэн талаар хэлэхээр нь би шууд Улаанбаатар хот руу гарсан. ...” /хх 29/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8536 дугаартай “П.А-ийн биед сээрний 4-7-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, цээжний баруун ар доод хэсэг, хэвлийн баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /хх 77-78/ гэх дүгнэлт,

            Тээврийн цагдаагийн албаны 1033 дугаартай мөрдөгчийн “...“Toyota aqua” маркийн 20-53 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн нь осол болох шалтгаан болсон гэх үндэслэл тогтоогдож байна. ...” /хх 99/ гэх магадлагаа болон дуудлага, лавлагааны хуудас /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-16/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Оыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Оын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Аг /7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Насанд хүрээгүй хохирогч П.А-ийн өмгөөлөгч Л.Батаа “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пд хүүхдээ асарсан 2 сар 10 хоногийн цалингүй чөлөө авсан хугацааны 2.350.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон өөрийн хүү П.А-г 2 сарын хугацаанд асарч сувилахтай холбогдуулан ажлаасаа 2 сарын хугацаанд чөлөө авч, ажилгүй байсан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны цалин болох 2.350.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Б.Оаас гаргуулан түүнд олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1406 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, насанд хүрээгүй хохирогч П.А-гийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1406 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

4 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 369.803 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч С.П нарт олгож, иргэний нэхэмжлэлээс 786.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 2.713.803 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч С.П нарт олгож, иргэний нэхэмжлэлээс 786.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч П.А-ийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ