Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 460

 

Л.Ц, Л.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр магадлалтай, Л.Ц, Л.М нарт холбогдох 1936000140038 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хаалар овогт Л-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнах, түүхий эдийг хадгалах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Түдээ овогт Л-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Ц-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйлийг нь хадгалсан, Л.М-ыг  ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Ц-г 6,000,000 төгрөгөөр, Л.М-ыг 5,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т зааснаар  Л.М-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 52,700,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т зааснаар ... 52,700,000 төгрөг” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар ...58,500,000 төгрөг” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар хамтран гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д” гэж, “52,700,000 төгрөг...” гэснийг “...58,500,000 төгрөг...” гэж өөрчлөн шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын шатанд эрүүгийн хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдүүлэх хүсэлт гаргаж үүний дагуу яллагдагч Л.М-т зөвхөн 5,500,000 төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын гаргасан ялын саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрч, яллах дүгнэлтийн 5/47 тоот хавсралтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч шүүх хурлын явцад улсын яллагч хариуцлага оногдуулах санал гаргахдаа шүүгдэгч Л.М-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх иргэн У.Б-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэ болох 58,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох санал гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгч Л.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 52,700,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулахдаа Л.М-ын эрх зүйн байдлыг дордуулж хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 1.1-д “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ”, 1.2-т “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ”, 1.3-т “Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч болно” гэж заасан.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байтал шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5 дугаар зүйлд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нь зэрлэг гахайн үнэ 2,900,000 төгрөгийн үнэлгээтэй гэм буруутай этгээдээр хоёр дахин өсгөж төлүүлнэ гэх мэдүүлэг, экологи, эдийн засгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтын дагуу яллагдагч Л.Ц, Л.М нар нь 5,800,000 төгрөгийн хохирлыг прокурорын шатанд сайн дураараа бүрэн төлж барагдуулсан. Гэрч У.Б-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг, 5/28 дугаартай прокурорын тогтоол, У.Баатарсүрэнгийн эзэмшлийн 27-98 УБМ улсын дугаартай “Ниссан патрол” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоол, яллагдагч Л.М-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого биш болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдож байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир хэлсэн саналдаа “Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилсан бөгөөд Л.М-ын унаж явсан 27-98 УБМ улсын дугаартай “Ниссан патрол” загварын тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого биш юм. Мөн уг тээврийн хэрэгсэл нь У.Баатарсүрэнгийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байтал тээврийн хэрэгслийн үнийг Л.М-аас гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Л.М нь дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт холбогдоход ашиглаагүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураахаар заасан бөгөөд хэрэв уг тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд болох нь тогтоогдсон тохиолдолд үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар зохицуулсан. Л.М нь 1 тооны зэгсний зэрлэг гахайн махыг “Ниссан патрол” загварын 27-98 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Л.М-аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Энэ хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хариуцлага ял болон албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ. Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулах ёстой байтал энэ ажиллагааг сайтар тайлбарлаж өгөөгүйгээс албадлагын арга хэмжээний талаар шүүгдэгч маргасан байна. Иймд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Л.Ц, Л.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Ц-г 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ний хооронд Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Хөх заг” гэх нэртэй Хар ус нуур орчмын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох нэг тооны зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох нэг тооны зэгсний гахайн махыг Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-16 тоот хашаанд байрлах амбаарт хадгалсан,

шүүгдэгч Л.М-ыг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох нэг тооны зэгсний зэрлэг гахайн махыг “Ниссан патрол” загварын 27-98 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Л.Ц, Л.М нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг баримтлан шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ тэднийг прокурорын гаргасан саналыг үндэслэн торгох ялаар шийтгэж харин Л.М-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Ниссан патрол” загварын 27-98 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд байсан нөхцөл байдлыг харгалзан уг тээврийн хэрэгслийн үнэ болох 52,700,000 төгрөгийг гаргуулахаар тогтоосныг шүүгдэгч нар эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд тус тус гомдол гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулсан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрлийг сонгож хэрэглэдэг билээ.

Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцахдаа яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

Прокурор дээрх хуульд заасан тусгай журмыг яллагдагчид танилцуулахдаа ял болон эрүүгийн хариуцлагын нэг хэсэг болох албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тодорхой танилцуулаагүйгээс шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулсан шүүхийн шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн байна.

Энэ асуудлаар шүүгдэгч шат, шатны шүүхэд гомдол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар бус ердийн журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн гэж үзэхэд хүргэж байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ц, Л.М нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.Ц, Л.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Ховд аймгийн прокурорын газарт буцаасугай.

 2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Л.Ц, Л.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН