Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 184

 

Б.А-ын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Цагдаагийн

газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг

                                                       Б.Мөнхтуяа

                                                       Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дугаартай “Албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажилгүй байсан 2018 оны 06 дугаар сарырн 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны 4,734,739 төгрөгийн цалин олговрыг хариуцагчаас гаргуулах”,

            Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0172 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Цагдаагийн албаны тухай  хуулийн 81 дүгээр  81.4.5, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 сарын 20 -ны өдрийн “Албанаас халах тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.А-ыг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуулын цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,734,739 /дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч  Ховд аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0172 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн“Албанаас халах тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалд “Б.А нь архидан согтуурсны улмаас цагдаагийн албан хаагчийн бэлэн байдал хангаагүй нь согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, илтгэх хуудас, Албаны шалгалт явуулсан илтгэх хуудас, Ховд аймгийн цагдаагийн газрын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ” гэж дүгнэжзэ.

4. Хэрэгт авагдсан “Албаны шалгалт явуулсан илтгэх хуудас”-ыг баталгаажуулсан Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын гарын үсэг биш гэдэг нь гэрчийн тайлбар болон холбогдох нотлох баримтаар тогтоодсон.

5. Илтгэх хуудсыг баталгаажуулсан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг биш болох нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

6. Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсэн хэсэгт “Албаны шалгалтын дүнг хэлэлцээд албанаас халж шийдвэрлэв” гэж Б.А-ыг албанаас халсан захиргааны акт болох Ховд аймгийн Цагдаагын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Албанаас халах тухай” тушаал гарах болсон үндэслэлийг тэмдэглэжээ.

7. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй” байхаар зохицуулсан байх бөгөөд шийдвэр гаргах үндэслэл болсон эрх зүйн баримт бичиг нь хуульд нийцсэн, үнэн зөв байх хуулийн шаардлага хангаагүй байгаад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

8. Магадлалд “Б.А-д маргаан бүхий актын хувийг Захиргааны удирдлагын тасгийн дарга гардуулсан нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.13-д нийцсэн тул хариуцагч нь Б.А-д мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй” гэж дүгнэжээ.

9. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.13-д “баримт бичгийн хуулбарыг баталгаажуулах” талаар журамласан байх бөгөөд “тогтоол, тушаал, захирамж зэрэг захирамжлалын баримт бичгийн хуулбарыг холбогдох газруудад хүргүүлэхдээ байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна” гэж зохицуулсан.

10. Дээрх зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасан шаардлагыг хангасан, эрх зүйн зөрчилгүй, захиргааны актыг хуулбарлах талаар журамласан байх бөгөөд Б.А-д гардуулсан гэх Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Албанаас халах тухай” тушаал нь эрх зүйн зөрчилтэй, тушаалд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан буюу Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын гарын үсэг зурагдаагүй тушаалыг өгсөн болох нь хэрэгт авагдсан оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” байна.

11. Б.Ань өнөөдрийг хүртэл албанаас халагдсан тухай эрх зүйн зөрчилгүй шийдвэрийг гардан аваагүй байгаа бөгөөд албан үүрэг гүйцэтгүүлэхгүй байсны улмаас шүүхэд эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан нь түүнд захиргааны актыг хуулийн дагуу мэдэгдсэн, гардуулсан гэж зөвтгөх үндэслэл болохгүй.

12. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Албанаас халах тухай” тушаалыг нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгсөн болно.

13. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан “Захиргааны актыг мэдэгдэх” ажиллагааг хийгээгүй байх бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зохицуулсан байх тул Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Албанаас халах тухай” тушаалыг өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж үзэх үндэслэнлтэй байна.

14. Магадлалд “маргаан бүхий захиргааны актад тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэглэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэхгүй, өөр өөр асуудлыг зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийн 81, 82 дугаар зүйл зэргийг хамтад нь хэрэглэсэн нь буруу, зөрчилтэй болсон боловч Б.А-ын гаргасан зөрчлийг зөвтгөх, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэжээ.

15. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актад тавигдах хууль зүйн шаардлагуудыг журамлан зохицуулсан байх бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж зохицуулсан байх бөгөөд захиргааны акт нь эрх зүйн үр дагаврыг шууд бий болгож, эрх ашгийг хөнддөг учир Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Албанаас халах тухай” тушаал нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 82 дугаар зүйлийн 82.1.1-д “цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр албанаас халах” гэсэн эрх зүйн өөр өөр үр дагаврыг бий болгох заалтыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцээгүй байх тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн зөрчилтэй акт байх тул “хууль бус захиргааны акт” гэж дүгнэх үндэслэлтэй байна.

16. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0172 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

18. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 81 дүгээр зүйлийн 81.4.5, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, “...ажлын байрандаа ... /албан/ үүрэг гүйцэтгэж байх үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, ... түргэн цугларах дохиогоор албаны бэлэн байдал хангаагүй, ... Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр Б.А-ыг цагдаагийн албанаас халсан, нэхэмжлэгчээс “... би... ажлын байран дээрээ эсвэл албаны хувцастай байхдаа, бэлэн байдал зарласан үед  архи согтууруулах ундаа хэрэглээгүй, ... албаны шалгалт явуулсан материал, шалгалтын дүнгийн талаар илтгэх хуудастай танилцсан баримтад цагдаагийн газрын дарга өөрөө биш дэд дарга гарын үсэг зурсан ... хууль бус, ... хууль зөрчиж, ажлаас үндэслэлгүйгээр халсан ...” гэж маргажээ.

19. Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаа Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Булган сум дахь Сум дундын шүүхийн байранд  харуулын албан үүрэг гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, түүнчлэн, “... 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Үенч суманд албан үүрэг гүйцэтгээд шөнийн 03 цагт буцахдаа замдаа” согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагт 111 дохиогоор зарласан түргэн цугларалтад “...архи гараагүй байсан”-ы улмаас оролцоогүй болох нь хэрэгт авагдсан Б.А-ын өөрийн гараар бичсэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Илтгэх хуудас, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Булган сумын Цагдаагийн хэлтсийн даргад гаргасан хүсэлт, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Илтгэх хуудас, Ховд аймгийн Цагдаагийн газраас явуулсан 20180480000029 дугаартай албаны шалгалтын  материал, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл”, цагдаагийн ахмад Г.Т-ийн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “... согтолтын зэрэг шалгасан талаарх” илтгэх хуудас , цагдаагийн хошууч М.С-Э-ийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Албаны шалгалт явуулсан илтгэх хуудас” зэргээр тогтоогдсон, нэхэмжлэгч Б.А дээрх үйл баримтуудтай маргаагүй байна.

20. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д “ ... /цагдаагийн алба хаагч/ албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх.../-ийг хориглох/”-оор тусгайлан заасан, түүнчлэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.6-д цагдаагийн алба хаагчийн ёс суртахууны хэм хэмжээнд “...ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэх.../-ийг хориглох/”-оор заасан, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллах”-аар, 81.3-т “...ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох”-оор, 81.4.5-д “…/төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан/ цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах /сахилгын шийтгэл оногдуулах/”-аар, 82 дугаар зүйлийн 82.1.1-д “...ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн ... /тохиолдолд цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас халах/”-аар тус тус заасан, тухайн тохиолдолд, цагдаагийн алба хаагч Б.А-ыг “... цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг удаа дараа зөрчсөн” гэж үзэж, албанаас халахаар шийдвэрлэсэн Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн маргаан бүхий Б/51 дүгээр тушаал Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй, нэхэмжлэгч Б.А-ын эрх, хууь ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

21. Нэхэмжлэгч Б.А-ын гаргасан дээрх зөрчлүүдийг шалгаж тогтоосон албан шалгалтын танилцуулга, илтгэх хуудсанд танилцсан этгээдийн гарын үсэг зохих ёсоор зурагдаагүй нь Б.А-ын гаргасан зөрчлүүд, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан “... хэрэгт авагдсан “Албаны шалгалт явуулсан илтгэх хуудас”-ыг баталгаажуулсан Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын гарын үсэг биш ... болох нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн”, “...шийдвэр гаргах үндэслэл болсон эрх зүйн баримт бичиг нь хуульд нийцсэн, үнэн зөв байх хуулийн шаардлага хангаагүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

22. Түүнчлэн, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын хуулбарыг гарсан өдөр нь буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Захиргаа удирдлагын тасгийн дарга М.Оюунсүрэн  нэхэмжлэгч Б.А-д гардуулсан, нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй, Б.А-д гардуулсан уг хуулбарын “хуулбар үнэн” тэмдэглэгээнд “Захиргаа, удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Оюунсүрэн гарын үсэг зурсан нь маргаан бүхий актыг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй,   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан “...Б.Ань өнөөдрийг хүртэл албанаас халагдсан тухай эрх зүйн зөрчилгүй шийдвэрийг гардан аваагүй, ...  хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан “захиргааны актыг мэдэгдэх” ажиллагааг хийгээгүй, ... мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зохицуулсан байх тул Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Албанаас халах тухай” тушаалыг өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж үзэх үндэслэлтэй” гэх гомдлуудыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийж, “... хариуцагч маргаан бүхий актын албажуулсан хувийг нэхэмжлэгчид гардуулаагүй ... нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ... заасныг зөрчсөн” гэх агуулгатай дүгнэлт хийсэн буруу байна.

23. Төрийн албаны тухай (2002) хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “... хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн /төрийн албан хаагчийг төрийн албанаас халах/”-аар заасан, уг хуулийн заалт нь тухайн тохиолдолд ерөнхий зохицуулалтын хэм хэмжээ бөгөөд төрийн албан хаагч цагдаагийн алба хаахтай холбоотой харилцааг Цагдаагийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул цагдаагийн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халахтай холбогдсон харилцаанд Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг баримтлах шаардлагагүй, гэхдээ маргаан бүхий захиргааны актын үндэслэлд уг хуулийн заалтыг баримталсан нь уг актыг “хууль зөрчсөн”, “зорилгодоо нийцээгүй” гэж үзэх үндэслэл болохгүй.

24. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 болон 82 дугаар зүйлийн 82.1.1-д тус тус заасан “…/төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан/ цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах /сахилгын шийтгэл оногдуулах/”, “...ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн ... /тохиолдолд цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас халах/” зохицуулалтууд нь бие биенээ үгүйсгэсэн хэм хэмжээ биш, албан хаагч сахилгын дүрмийг давтан эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”,  “цагдаагийн албанаас халах” зохицуулалтын аль нэгийг нь сонгон хэрэглэх боломжтой, энэ тохиолдолд,   хариуцагч маргаан бүхий тушаалаар “цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг удаа дараа зөрчсөн” Б.А-ыг “цагдаагийн албанаас халах”-аар шийдвэрлэсэн нь эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “сонгох боломж”-оо хэрэгжүүлсэн, хууль болон нэхэмжлэгч Б.А-ын эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

25. Анхан шатны шүүх Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, “... Цагдаагийн албаны тухай хуулийн  81 дүгээр зүйлийн  81.4.5-д зааснаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн ... /атлаа/ нэхэмжлэгчийг албанаас халсан ... /нь буруу/” гэх агуулгатай дүгнэлт хийж, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, шийдвэрлэсэн нь буруу байна.

26. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0172 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Ж.Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХТУЯА