Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 686

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “*******” ОНӨААТҮГ /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн улсын ахлах байцаагч С.Б*******, 

Гуравдагч этгээд Боржигин овогт Н*******ын Т******* /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б*******гийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05/092/03 дугаар илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нарийн бичгийн дарга С.Янжиндулам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Тус нэгтгэлийн А*******ны 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т******* нь 1 дүгээр баазын Хайлааст бригадад жолоочоор 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар ажилд орон ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/144 дүгээр тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 

Н.Т******* нь ээлжийн амралтын олговрын зөрүүг нэхэмжлэн 2015 оны 4 дүгээр сард харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 7 дугаар сард А*******-1 ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд шалгалт хийж 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-08-24/328 дугаар улсын ахлах байцаагчийн актыг гаргаж, 2012 онд нийт 53 ажилтанд ээлжийн амралтын дутуу олгосон олговрыг нөхөн олгуулахаар тогтоосон байдаг. 

Нэхэмжлэгч Н.Т******* нь тухайн үед өөрийн асуудлаа холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлээгүй байх ба энэ үеэс эхлэн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэхээр байна. 

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. 

Гэтэл Н.Т******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт уг асуудлаар шалгалт хийлгүүлэх шаардлагыг удаа дараа тавихад алах байцаагчаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар мэдэгдэж шалгалт хийхгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн гэх баримтыг гаргасан тул хуулиар олгогдсон эрхийн хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Б******* 05/092/03 дугаар актыг гаргасан. 

Уг актыг бид эс зөвшөөрч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төрийн захиргаа, удирдлагын газарт гомдол гаргасан ба тус газраас Н.Т*******ын хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн гэх баримтуудыг хууль эрх зүйн дагуу эсэхийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. 

Иймд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б*******гийн 2016 оны 5 дугаар сарын 05/092/03 дугаар актыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв. 

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хүсэлтдээ:  

“...Уг актанд тусгагдсан иргэн Н.Т*******ад олгогдох ээлжийн амралтын олговор нь 2005 оны 5 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл А*******-1 дүгээр баазад а*******ны жолоочоор ажиллаж байх хугацаанд хуульд заасны дагуу олгогдоогүй байсан нь шалгалтаар нотлогдсон юм. 

Олгогдоогүй байсан ээлжийн амралтын олговрыг олгуулахаар акт гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа өнгөрсөн байгаа талаар иргэн Н.Т*******ад мэдэгдэж энэ гомдлоор улсын ахлах байцаагч шалгалт хийх боломжгүй талаар мэдэгдсэн боловч дахин, дахин хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн талаар шүүхийн бичлэг, давж заалдаж байгаа талаар баримтууд гаргаж байсан тул уг актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг зааж өгсний дагуу акт тавьсан болно. 

Иймд Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б******* миний гаргасан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05/092/03 дугаар ээлжийн амралтын олговрыг нөхөн олгох тухай акт нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. 

Харин хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн гэх иргэн Н.Т*******ын гаргаж үзүүлж байгаа баримтууд нь хууль эрх зүйн дагуу байгаа эсэх талаар шүүхээр шийдвэрлэх шаардлагатай байгаа тул Н.Т*******ыг гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцуулахыг шүүхээс хүсэж байна. 

Иймд С.Б******* миний бие 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа авч байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна. Өмнө гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа болно” гэв. 

Гуравдагч этгээд Н.Т******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хүсэлтдээ: 

“...Би 2005 оны 5 дугаар сард А******* нэг компанид жолоочоор ажилд ороод 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус баазад үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Жолоочоор ажиллаж байх хугацааны ээлжийн амралтын хоног мөнгийг байнга дутуу бодож цалин хөлсийг хасах зэрэг зөрчлүүд гарч А******* 1 ОНӨААТҮГ-тай тус газрын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо ажилчдын эрх ашгийг хамгаалан 2013 оны 4 дүгээр сараас эхлэн хамтын маргааныг үүсгэж Хан-Уул дүүргийн Засаг даргад хандаж зуучлагч томилж өгөхийг хүссэн байдаг. 

2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зуучлагчийн зөвлөмжийг гаргасан. 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Хан-Уул дүүргийн арбитрын зөвлөмжийг гаргуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 35, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 41 дүгээр албан бичгүүдээр А******* нэг ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хандаж шалгуулсан. Шалгалтын хариу 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02-05/2485 дугаар албан бичгээр ирсэн байна. 

2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар албан бичгээр А******* нэг ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос А******* нэг ОНӨААТҮГ газрын даргад хандсан. Уг албан бичгийн хариу 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1189 дүгээр албан бичгээр ирсэн. 

2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 53 дугаар албан бичгээр А******* нэг ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос Нийслэлийн Засаг даргад хандсан боловч хариуг өгөөгүй. 

2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 60 дугаар албан бичгээр А******* нэг ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хандсан байна. Засаг даргын хариу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 02-03-03/3156 дугаар бичгээр өгсөн. 

2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 72 дугаар албан бичгээр А******* нэг ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хариу 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 114, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А******* нэг ОНӨААТҮГ-ын захиргаанаас өрсөн. 

2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 80,  2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 82 дугаар албан бичгүүдээр А******* нэг ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос А******* нэг ОНӨААТҮГ-ын захирал Ц.О*******т албан бичиг өгсөн боловч хариуг өгөөгүй. 

2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтыг оруулж хариу нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийн хавсралтаар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. 

2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 136 дугаар албан бичгээр “*******” ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч шалгаагүй. 

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээд шүүхийн шийдвэр гарсан. 

Захиргаа ерөнхий шүүгчид хандана гэж хэлсэн гэвч 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хүлээсэн. 

2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 157 дугаар албан бичгээр “*******” ОНӨААТҮГ-тай “*******” ОНӨААТҮГ-ын А*******ны 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороо нь дахин хамтын маргааныг үүсгэсэн. 

2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаар албан бичгээр зуучлал томилуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандсан. Хариу нь 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 04/686 дугаар албан бичгээр зуучлагч арбитрийн урьд нь гаргасан зөвлөмжийг биелүүлж ажил гэсэн хариу өгсөн. Хамтын маргаан үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл иргэн Н.Т******* болон ажилчдын ээлжийн амралтын зөрүү хоногийн нь дутуу оруулж мөнгийг нь дутуу бодож байна.  Иймд мэргэжлийн хяналтын гаргасан дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул миний мөнгийг олгуулж өгнө үү. 

Н.Т******* миний амралтын мөнгийг олгохоор болсон учир шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагагүй. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хурал хийхэд татгалзах зүйлгүй. Мөн би гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзаж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “А*******-1” компанийн захирлын 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэний УБ0483596 дугаар үнэмлэхтэй Н*******ын Т******* Хайлааст бригадад жолоочоор ажиллаж байгаад А******* нэг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/144 дүгээр тушаалаар Хайлааст бригадын жолооч Нүрзэд овогтой Т******* нь 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын нийт ажилчдын хурлаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдож өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. 

А******* нэг компанийн үйлдвэрчний эвлэлийн хороо 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 41 дүгээр албан бичгээр “А******* нэг” компанийн ажиллагсдын амралтын цалин, амралтын хоногийг дутуу бодох, хөгжлийн бэрхшээлтэй ажиллагсдын амралтын нэмэгдэл хоног бодохгүй байна. Мөн ажиллагсдын цалингаас илүү суутгал хийж байгаа тул эдгээр асуудлыг шалгаж өгнө үү” хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргажээ. 

Үүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хүлээн авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр баталсан 02-03/191 дүгээр удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Янжинлхам, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С.Цолмон нар 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд “А******* нэг” ОНӨААТҮГ-ын 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалт хийж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-08-24/328 дугаартай актаар “...дутуу олгосон ээлжийн амралтын олговор болох 3.532.652 төгрөгийг нэр бүхий ажиллагсдад олгох нь зүйтэй” хэмээн нэр бүхий 53 ажиллагсдад 3.532.652 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Гуравдагч этгээд Н.Т******* нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “*******” ОНӨААТҮГ-т холбогдуулан “Хоол унааны хөнгөлөлтийн болон амралтын цалингийн дутуу мөнгө, үр дүнгийн шалгалт цалин, телефон утасны хөнгөлөлт, удаан жилийн нэмэгдэл зэргийн 14.025.122 төгрөг гаргуулж, хууль бус үйлдлийг зогсоож, хуулийн дагуу ажиллахыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/03583 дугаартай шийдвэрээр амралтын цалингийн дутуу олгосон мөнгөтэй холбогдох хэсгийг “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 7 дугаар сард “А*******-1” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд шалгалт хийж 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-08-24/328 дугаар улсын ахлах байцаагчийн актыг гаргаж... 2012 онд нийт 53 ажилтанд ээлжийн амралтын... олговор дутуу олгосон тул олговрыг нөхөн олгуулахаар тогтоосон байна. Гэтэл нэхэмжлэгч Н.Т******* нь тухайн үед нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өөрийн асуудлаа холбогдох байгууллагад нь тавьж шийдвэрлүүлээгүй байх ба нэхэмжлэгч Н.Т*******ыг энэ үеэс эхлэн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэхээр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар уг гомдлоо холбогдох байгууллагад нь гурван сарын дотор гаргаж, холбогдох байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан байна....” хэмээн үзэж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1116 дугаар магадлалаар Н.Т*******ын 2005 оноос хойших ээлжийн амралтын дутуу олговор олгосонтой холбоотой хэсгийг “...2005 оноос хойших ээлжийн амралтын дутуу олговор олгосон 2.476.122 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтгүй гэх үндэслэлээр шүүх тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна” хэмээн үзэж хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 865 дугаар тогтоолоор уг магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. 

Гуравдагч этгээд Н.Т******* нь Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хүсэлт, өргөдөл гаргасны дагуу хариуцагч Мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б******* 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05/092/03 дугаар актаар “Н.Т******* нь 2005 оны 5 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл А******* 1 дүгээр баазад а*******ны жолоочоор ажиллаж байх хугацаанд ээлжийн амралтын олговрыг дутуу бодож олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна” гэж үзэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.6-д заасныг үндэслэн Н.Т*******ын ээлжийн амралтын олговрын зөрүү 1.688.519 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор олгохыг ерөнхий захирал Ц.О*******, ерөнхий нягтлан бодогч Д.Ю******* нарт даалгаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч уг мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актыг эс зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1/907 дугаар албан бичгээр гомдол гаргасныг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5/677 дугаар албан бичгээр “...Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн гэх иргэн Н.Т*******ын гаргаж үзүүлж байгаа баримтууд нь хууль эрх зүйн дагуу байгаа эсэх талаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” хэмээн хариу өгчээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-08-24/328 дугаартай актаар нэр бүхий 53 ажиллагсдад 3.532.652 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн үеэс гуравдагч этгээд Н.Т******* нь 2005 оны 5 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл хугацааны ээлжийн амралтын олговрыг дутуу олгосон талаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах ёстой байна. 

Хариуцагч “гуравдагч этгээд дахин, дахин хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн талаар шүүхийн бичлэг, давж заалдаж байгаа талаар баримтуудыг гаргаж байсан тул акт тавьсан” хэмээн тайлбар хэлэх боловч, Н.Т******* нь 2005 оны 5 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл хугацааны ээлжийн амралтын олговрыг дутуу олгосон талаарх гомдлыг хянан үзэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, уг асуудлын хөөн хэлэлцэх хугацааг сэргээгүй байхад хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б******* акт тавьсан нь хууль зөрчсөн байна гэж шүүх үзэв.

Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.6 дахь заалт буюу улсын байцаагчийн хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхэд хамаарах “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” хэсэг нь 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байхад улсын ахлах байцаагч акт гаргахдаа энэхүү хуулийн заалтыг үндэслэсэн нь тухайн актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, хууль бус шийдвэр гаргасан байна. 

Иймд нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05/092/03 дугаар акт илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан “*******” ОНӨААТҮГ-ын гаргасан нэхэмжлэлийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05/092/03 дугаар акт илт хууль бус болохыг тогтоосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.САЙХАНТУЯА