Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Номинчимэг, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,  

        шүүгдэгч Б.Г, В.Д,

        шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бээс овгийн Батмөнхийн Гэрэлчулуун, Олхонууд овгийн Ванчиндоржийн Дарханбаатар нарт холбогдох эрүүгийн 201625030755 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бээс овгийн Батмөнхийн Гэрэлчулуун, 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хүү, дүү, эхнэрийн хамт, Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 126 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар КЮ78122118.

2. Олхонууд овгийн Ванчиндоржийн Дарханбаатар, 1979 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 23 дугаар гудамжны 64 тоотод оршин суух,

 Нийслэлийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заанаар 7 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 сарын 7-ны өдрийн хуулийн 2, 3-р зүйлд зааснаар ялын 30 хувь болох 02 жил 01 cap 02 хоногийн ялыг өршөөн хасч, 2003 оны 4 дүгээр сарын 29-нд эдлээгүй үлдсэн 10 cap 8 хоногийн ялаас тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 сарын 30-ний өдөр  эдлээгүй үлдсэн 01 жил 01 cap 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ХЖ79060314.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Б.Г, В.Д нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 7-90 тоотод иргэн Р.Болормаагийн гражийн хаалгыг эвдэн нэвтэрч гутлын колоток, гутлын ул, гутлын раамт, хадаас зэрэг эд зүйл хулгайлан авч 1.248.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр үед би нилээд согтуу, бараг ухаангүй байсан. Надад шуудайтай юм барьж явах тэнхэл байгаагүй. Намайг гэртээ байхад Дарханбаатар цэнхэр тортой гутлын өсгий оруулж ирээд үүнийг зарж архи авч ууя гэсэн. Тэрийг зарах гэхэд зарагдаагүй. Дараа нь бид нар нэг шил архи авч уусан. Дарханбаатар намайг гараад ир тамхи татъя гээд дагуулж гараад надаар гражийн хаалга татуулаад өөрөө дотор нь орсон. Би Дарханбаатарыг орон гэрээсээ хөөгдсөн гээд охинтойгоо явж байхад нь гэртээ амьдруулж байсан. Би энэ хэрэгт гражийн хаалгыг татаж, барьж өгсөн. Орж эд зүйлийг аваагүй. Надад хулгай хийх санаа байгаагүй. Би хоёр найзыгаа ирсэн байхад юу гэж хулгай хийх билээ. Энэ хэрэгт холбогдоод цагдан хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэв.

Шүүгдэгч В.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өглөө намайг найзындаа ороход Гэрэлчулуун хоёр найзтайгаа архи уугаад байж байсан. Гэрэлчулуун намайг гараад ир гэсэн. Би гараад бие засчхаад ирэхэд Гэрэлчулуун алимны хайрцагтай юм бариад унаж тусаад хувцас нь шорой болсон байдалтай байсан. Хоёр шуудайтай юм байгаа аваад ир гэсэн. Тэгээд би тэр хоёрыг нь авч үүдэнд оруулсан. Түүнээс зарсан үрсэн зүйл байхгүй. Би орж авсан нь үнэн. Гэрэлчулуун гадаа хаалга татаж өгсөн. Гэрэлчулуун согтуу байсан. Би тэр зүйлийг Гэрэлчулуунд авч өгсөн буруутай. Би хэргээ хүлээж байна. Хохирогчид учруулсан хохирлоо ойрын хугацаанд төлнө...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Р.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манайх 2015 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 7-90 тоот хашааг Мөнхжаргал гэдэг найзынхаа хүү Баасанцэрэнгээс худалдаж авсан юм... Манай нөхөр Солонгос улс руу явахаасаа өмнө уг хашаанд байрлах гражид гутал оёдог материалуудаа аваачиж хийгээд цоожлоод явсан. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай найз Мөнхжаргал над руу яриад манай дүү Гэрэлчулуун, найз Дарханбаатарын хамт шуудайтай зүйл бариад яваад байна. Аваад үзсэн чинь танай нөхөр Баярсайханы гутал хийдэг материал юм шиг байна, ирээд үзээч гэхээр нь яваад иртэл гражид хийсэн байсан нөхрийн гутал оёдог материалыг хулгайлж зөөсөн байсан. Гражаа харахад цоожтой байх бөгөөд хаалганых нь доод хэсгийг татаж ангайлгаж байгаад дотогш орж хулгай хийдэг байсан байна лээ... Манай гражнаас гутлын солонгос раамт 4 боодол буюу 200м, гутлын колоток том 40-44 размерын 6 ширхэг, гутлын жижиг колоток 38-40 размер 5 ширхэг, хүүхдийн гутлын колоток 10 хос, гутлын Солонгос улсад үйлдвэрлэсэн бэлэн ул 17 хос.нийт 1.103.000 төгрөгийн хохирол учирсан. Би өмнө өгсөн тайлбар дээрээ 2 үхрийн шир алга гэж мэдүүлсэн байсан, тэр нь байсан байна лээ.../хх-8-9 /, ...намайг галлагааны өрөөний арын хэсэгт нь ороход Дарханбаатар гэгч нь унтаж байсан, Дарханбаатар нь унтаж байсан газрынхаа доор нь гражид байсан гутлын уланд нь дэвсч өгдөг байсан эсгийг нь дэвссэн унтаж байсан... Гэрэлчулуун бол алдагдсан эд зүйлс байсныг мэдэж байсан. Яаж мэдсэн бэ гэвэл хэд хоногийн өмнө гражаас эд зүйлс гаргаж аваад Гэрэлчулуунаар зөөлгүүлж оруулсан. Бас Гэрэлчулуун гражаас хүүхдийнхээ тэргийг нь авч байсан...” гэжээ /хх-74-75/.

Хохирогч Р.Болормаа нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр дахин мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр Мөнхжаргалын ярьсны дагуу очиж эд зүйлийг үзэхэд гражид байсан эд зүйлс болох том хүний 38-40 размерын гутлын колоток 5 хос, 40-44 размерын гутлын колоток 6 хос, гутлын раам болох 1 боодол буюу 5 метрийг гутлын өсгий хаддаг жижиг хар хадаас 5 хайрцаг, хуйлаастай эсгий зэргийг хүлээж авсан юм. Тэгээд би эд зүйлсийг аваад гражид байсан эд зүйлстэй нийлүүлээд бүртгэж үзэхэд анх хохирогчоор мэдүүлэгт өгсөн эд зүйлс дутагдаж байсан. Тухайн үед хүлээж авсан эсгий нь хуучин учир үнэлгээ хийлгэхгүй гэж тухайн үед цагдаагийн алба хаагчид хэлж байсан юм. Надад анх өөрийн үнэлгээгээр 1.103.000 төгрөгийн эд зүйлс огт байхгүй болж алдагдаж хохирсон байсныг дүүргийн үнэлгээний комиссоос хийгдсэн үнэлгээгээр 805.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Тэгээд тухайн хэрэг болдог өдөр өөрийн найзаас В.Д, Б.Г хоёрын хулгайлаад аваад явж байсан эд зүйлийг хүлээж аваад үнэлгээ хийлгэхэд 443.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Тэгээд нийтдээ надад 1.248.000 төгрөгийн хохирол учирсан буюу манай гражнаас нийтдээ гутлын раам 5 боодол буюу 250 метр, 40-44 размерын гутлын колоток 12 хос, 38-40 размерын гутлын колоток 10 хос, хүүхдийн гутлын колоток 10 хос, гутлын ул /Солонгос/ 17 хос, гутлын ул болон эсгий хаддаг жижиг хадаас 5 хайрцаг зэрэг алдагдсан байснаас найз Мөнхжаргалаас том хүний 38-40 размерын гутлын колоток 5 хос, 40-44 размерын гутлын колоток 6 хос гутлын раам болох 1 боодол буюу 5 метрийг гутлын өсгий хаддаг жижиг хар хадаас 5 хайрцаг, хуйлаастай эсгийн зэргийг буюу 443.000 төгрөгийн эд зүйлсийг хүлээж авсан юм. Тэгээд би шүүхийн шатанд 550.000 төгрөгийг хүлээж авсан. Одоо үлдэгдэл 255.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад 255.000 төгрөгийг гаргаад өгвөл гомдол санал байхгүй...” гэжээ /хх-13-14/.   

Гэрч Г.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын сүүлээр би Солонгос улс руу явах ажил гараад би ...гутлынхаа материалуудыг худалдаж авсан хашааныхаа гражид аваачиж хийсэн. 2016 оны 3 дугаар сард намайг Солонгос улсад байхад эхнэр Болормаа гражид хулгай орсон байна. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ чанар байдлыг тодруулах шаардлагатай гэхээр нь би утсаар бүх зүйлийн үнэлгээ чанар байдлыг хэлж өгсөн...” гэжээ /хх-10/.

Гэрч М.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай нийтийн байранд амьдарч байсан Азаа гэх залуу манай гэрт орж ирээд дөнгөж сая Чулуунаа ах нэг хүнтэй хайрцагтай эд зүйл аваад гарч байна гэж хэлэхээр нь би гараад харсан чинь Гэрэлчулуун хашаанд барьсан байсан гэрийн хажууд чулуун дээр согтуурсан байдалтай урдаа хайрцагтай эд зүйлс тавьсан сууж байхаар нь нийтийн байрны коридорт байсан шаврын тэргэн дээр шуудайтай колоток хийсэн дээрээс нь гутлын уланд хийдэг эсгийгээр бүтээсэн байхаар нь тэрийг хараад энэ юу юм бэ гэж асуухад Дарханбаатар манай найз гутал хийдэг юм тэрнийх байгаа юм гэж хэлэхээр нь эргэж гараад Гэрэлчулууны өмнөө тавьсан хайрцагтай эд зүйлийг нь дахин онгойлгоод үзсэн чинь өлмийг ширээр бэлдсэн гутлын ул, хайчлаад илүү гарсан эд зүйлс, цавуу зэрэг байсан. Тэгээд би дотроо найз Болормаагийн нөхөр гутал хийдэг болохоор нь тэрний эд зүйл юм байх гэж бодоод Болормаа руу залгаад хурдан хүрээд ирэх үү энд нэг юм болоод байна гэж хэлсэн чинь Болормаа ирэхээр нь нийтийн байрны коридорт байсан болон Гэрэлчулууны авч явсан эд зүйлсийг үзүүлсэн чинь энэ чинь манай гражид байсан эд зүйлс мөн байна гэж хэлсэн...” гэжээ /хх 79-81/.

Эд зүйлийн үнэлгээ /хх-7, 120, 219/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г, В.Д нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 7-90 тоотод иргэн Р.Болормаагийн гражийн хаалгыг эвдэн нэвтэрч гутлын колоток, гутлын ул, гутлын раамт, хадаас зэрэг эд зүйл хулгайлан авч 1.248.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Г, В.Д нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Болормаагийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх тул шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэснийг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ...” гэснийг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, В.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд, 2015 оны шинэ Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар баривчлах ял шийтгэв. 

Шүүгдэгч Б.Г, В.Д нар нь өөрийн гэсэн тодорхой хөрөнгө, орлогогүй байх тул тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд баривчлах ялын төрөл байхгүй бөгөөд уг баривчлах ялыг биелүүлэх боломжгүй, дүйцүүлэн өөрчлөх зохицуулалт хуульд байхгүй тул шүүгдэгч Б.Г, В.Д нарын энэ хэрэгт урьд цагдан хоригдсон нийт 133 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссанд тооцов.

Хохирогч Р.Болормаа нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр дахин мэдүүлэхдээ: “...38-40 размерын гутлын колоток 5 хос, 40-44 размерын гутлын колоток 6 хос гутлын раам болох 1 боодол буюу 5 метрийг гутлын өсгий хаддаг жижиг хар хадаас 5 хайрцаг, хуйлаастай эсгийн зэргийг буюу 443.000 төгрөгийн эд зүйлсийг хүлээж авсан юм. Тэгээд би шүүхийн шатанд 550.000 төгрөгийг хүлээж авсан. Одоо үлдэгдэл 255.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад 255.000 төгрөгийг гаргаад өгвөл гомдол санал байхгүй…” гэх бөгөөд анхан шатны шүүх хэргийг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авснаас хойш шүүхийн шатанд шүүгдэгч В.Д нь хохирол төлбөрт 100.000 төгрөгийг шүүхийн дансанд хийсэн байна. Иймд шүүгдэгч В.Даас дээрх нэхэмжлэлээс үлдэх 155.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогчид 550.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, В.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Бээс овгийн Батмөнхийн Гэрэлчулуун, Олхонууд овгийн Ванчиндоржийн Дарханбаатар нарыг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, В.Д нарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй. 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, В.Д нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 133 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлсэнд тооцсугай.

5. Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Даас 155.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох, Хаан банкны 507100001 тоот шүүхийн дансанд байршуулсан 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Болормаад/ШЖ66061505/ тус тус олгосугай.

6. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

        8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН