| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2020/00256/И |
| Дугаар | 210/МА2021/01080 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2021/01080
| 2021 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2021/01080 |
М.Т-, Ш.МА нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00761 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Т-, Ш.МА нарын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ш.МАгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т-ын өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгч М.Т-, Ш.МА нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Т-, Ш.МА нар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хас банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нийслэлийн Баянгол дүүрэг, 1 хороо, Алтай хотхон 16030, 14 дүгээр байр. 12 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2205042435 дугаартай, 89,20 метр талбайн хэмжээтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хас банк ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 107 864 945 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 95 000 000 төгрөгийн хэмжээнд зохигчид эвлэрснийг баталж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/00147 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тус захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан бөгөөд ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 135 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/29173 дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гардаж авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг 94 780 000 төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгосон нь төлбөр төлөгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Учир нь тухайн зээлийн гэрээний үндсэн төлбөр 50 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 36 474 945 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 265 260 төгрөг, нийт 90 740 205 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн болон 5001038949-1 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний дагуу нийт 90 740 205 төгрөгийн үүргийг барьцааны зүйлээс хангуулах ёстой. Гэтэл Хас банк" ХХК-ийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас учирсан 17 124 740 төгрөгөөс 4 259 795 төгрөгийг талуудын хооронд байгуулсан 5001038949-1 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний зүйлээр хангуулах гэж буй бөгөөд ийнхүү Барьцааны зүйлээр хангагдаагүй үүргийг хангуулах гэж буй байж барьцааны зүйлийн үнийг багаар тогтоосныг үл хүлээн зөвшөөрч байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/00147 дугаартай захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/00147 дугаар шийдвэрээр М.Т-, Ш.МА нараас 95 635 950 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14-12 тоот 89.20 мкв 3 өрөө орон сууцыг хуульд зааснаар битүүмжилж, хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнийн саналыг авахад өмчлөгч, төлбөр төлөгч М.Т- нь 151 640 000, өмчлөгч Ш.Мөнх- Амгалан нь 223 000 000 төгрөгөөр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлсэн. Төлбөр авагч Хас банк ХХК нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13/7021 дүгээр албан бичгийг ирүүлсэн тул 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Мөнх Оргил трейд ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 135 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2019 оны 4/29173, 4/29174 дугаар албан бичгээр мэдэгджээ. Төлбөр авагчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/181 дугаар албан бичгээр төлбөрийг төлөх талаар талууд харилцан тохиролцох хүсэлтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулах тухай хүсэлтийн дагуу хугацааг олгосон байна. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042435 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 14 дүгээр байр, 12 тоот, 3 өрөө орон сууцанд тогтоосон 135 400 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М.Т-, Ш.МА нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Т-, Ш.МА нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.МА давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 135 000 000 төгрөгөөр үнэлсэн нь нийслэлийн Баянгол дүүрэг, 1 хороо, Алтай хотхон 16030, 14 дүгээр байр, 12 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2205042435 дугаартай, 89,20 метр талбайн хэмжээтэй, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хэмжээ болон зах зээлийн үнээс доогуур үнэлж, төлбөр төлөгч нарыг хохироож байна. Учир нь нийслэлийн Баянгол дүүрэг, 1 хороо, Алтай хотхонд ижил төстэй талбай бүхий орон сууцны 1 метр квадратын үнэ 2 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч М.Т-, Ш.МА нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 14 дүгээр байрны 12 тоотод байршилтай 89.20 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/00147 дугаар захирамжаар төлбөр төлөгч М.Т-, Ш.МА нараас 95 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч НШШГГ- нь шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/09261 дугаартай шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх захирамж /хх-ийн 30/, уг захирамжийн дагуу бичигдсэн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 726 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн /хх-ийн 27/, М.Т-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042435 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон /16030/ Энгельсийн гудамж, 14 дүгээр байрны 12 тоотод байршилтай 89.20 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19251022/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19251022/2 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан. /хх-ийн 33-34, 37 /
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч М.Т-, Ш.МА нар 223 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасан бол төлбөр авагч Хас банк ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ. /хх-ийн 40-42/
Шинжээч Мөнх оргил трейд ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 113/Ш тоот дүгнэлтээр орон сууцыг 135 000 000 төгрөгөөр үнэлсэн, уг дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн, энэхүү үнэлгээний 70 хувь буюу 94 780 000 төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн,байна. /хх-ийн 43-57,61/
Төлбөр төлөгчид 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдлийг хүргүүлснийг М.Т-, Ш.МА нар нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авснаа гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ. / хх-ийн 58 /
Шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулахдаа өмчлөгч нараас үнийн саналыг асууж тэмдэглэл үйлдсэн байхаас гадна орон сууцны өмчлөгч М.Т- бичгээр тусгайлан санал гаргасан болох нь хэрэгт авагдсан байна. /хх-ийн 41/
Шинжээч Мөнх оргил трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, мөн хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохдоо үнэлэгдэж буй хөрөнгийн байршил, гарц, орц, насжилт, хийц, засал чимэглэл, гадна орчны тохижилт, адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийн харьцуулсан, энэ талаар шүүх зөв дүгнэсэн.
Албадан дуудлага худалдааны санал болгох үнийг үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасныг зөрчөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Т- нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт гаргаж шүүх 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2020/07025 дугаар шүүгчийн захирамжаар Гэрэгэ эстимэйт ХХК-ийг томилж, шинжээч 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/29/20 дугаартай дүгнэлтээр 140 000 000 төгрөгөөр үнэлжээ. / хх-ийн 111-121/
Хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХК нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.
Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан үнэлгээ хүчингүй болгох тухай гомдлоор авч хэлэлцдэг хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг үүсгэсэн боловч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл түдгэлзүүлж, улмаар 1 жил 2 сар гаруй хугацаанд хэргийг хянан шийдвэрлэсэн байгааг тэмдэглэн анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00761 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.МАгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ш.МАгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Н.БАТЗОРИГ