Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 186

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч С.Солонго,

хохирогч Б.Батжаргал,

шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 1706 0376 60125 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г Б.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдер Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, "Чингис" бааранд иргэн Б.Батжаргалын нүүрэн тус газар нь архины хундагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батжаргал мэдүүлэхдээ: “Хуучин ажлынхаа 2 найзтай хамт “Чингис” нэртэй бааранд орсон ба 1 найз маань явсан тул үлдсэн найзтайгаа ариун цэврийн өрөөнд ороход үүдэнд нь шүүгдэгч Г.Бтэй анх таарсан. Тухайн үед би шүүгдэгч Г.Бтэй маргалдаагүй боловч надад байгаа байдал нь нилээн дээрэнгүй санагдсан. Тэгээд ширээндээ ирээд сууж байхад араас цохиж байгаа мэт чимээ гарсан тул барьж байсан хундагатай архиа арагшаа цацсан. Тэгээд эргэж харахад шүүгдэгч миний нүүрэн тус газар пивоны шилээр цохисон.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Батжаргалын мэдүүлэг /хх-9/, гэрч Х.Төмөрцоожийн мэдүүлэг /хх-31/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15131 дугаартай дүгнэлт /хх-16/, Г.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36/, шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-20/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх- 21/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдер Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, "Чингис" бааранд иргэн Б.Батжаргалын нүүрэн тус газар нь архины хундагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батжаргалын өгсөн: “…Би 2017 оны 12 сарын 7-ны өдөр 00 цаг өнгөрч байхад найз Шинэбаяр, Заяа нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” бааранд орж үйлчлүүлсэн. Тэр бааранд ороод бид нар 1 шил 0,5л архи захиалаад хувааж уугаад сууж байгаад 01 цаг болж байхад найз Заяа түрүүлээд гэрлүүгээ явсан. Ингээд би Шинэбаяртай хамт нойлын үүдэнд зогсож байхад 2 залуу над руу муухай хараад үйл хөдлөлөөрөө нэг л таагүй байдал үүсгэсэн. Тухайн үед маргаан болоогүй бөгөед Шинэбаяр бид 2 буцаж бааранд ороод ширээн дээрээ сууж байсан чинь миний ард талаас цохих гэж байгаа юм шиг чимээ гарахаар нь гартаа барьсан байсан хундагтай архиа арагшаа цацчихсан. Тэгээд би эргээд харсан чинь нойлын үүдэнд таарсан залуу архины хундагаар миний нүүр рүү цохьчихоод гараад зугтаасан. Ингээд цагдаад хандсан." /хх-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Төмөрцоожийн өгсөн: "...Г.Бийг очоод “муухай харсан бол уучлаарай” гээд хэлээд хүрээд ир гээд явуулахад Г.Батжаргал урдаас нь пивоны том зузаан бакал авч шидчихсэн. Энэ үед Г.Бат-Эрдэнэ хажуу ширээн дээр байсан архины бакал авч шидээд Г.Батжаргалын дух хэсэгт цохисон цус гаргасан..." /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Г.Бийн яллагдагчаар өгсөн: “....Б.Батжаргал над руу өөрийнхөө ууж байсан бакалтай пивийг шидэхээр нь би бултаад гартаа барьсан байсан ундааны стаканыг шидээд Б.Батжаргалын духан дээр оносон. Энэ үед Г.Батжаргалын духнаас цус гарсан. “/хх-16/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №15131 тоот дүгнэлтэд:

1. Б.Батжаргалын биед дух, хамарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-16/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 20/,

Шүүгдэгч Г.Бийн ял шалгах хуудас /хх-ийн 21/ зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

        Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Бийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

             

            Хохирогч Б.Батжаргал нь баримтаар хохирол нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

           

Хэрэгт шүүгдэгч Г.Б нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсоныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

           

Шүүхээс шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Гын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Бат-Эрдэнийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Б нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын

хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурьдсугай.

           

6. Хохирогч Б.Батжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС