| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2025/0045/З |
| Дугаар | 125/ШШ2025/0040 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 125/ШШ2025/0040
2025 05 29 125/ШШ2025/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******* дүгнэлттэй,
Хариуцагч: Булган дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын улсын байцаагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0954534 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******* /цахимаар/, Булган дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын улсын байцаагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “*******” ХХК-нийн импортоор оруулж ирсэн 13 ширхэг усны сав, 11 боодол хивсэнцэрийг мэдүүлээгүй, 280 хайрцаг шаазанг дутуу мэдүүлсэн, 10600 кг цементийг илүү мэдүүлсэн гэх зөрчил илрүүлж, “*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0954534 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 2.110.945 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
1.2.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын ******* ******* нь Булган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0954534 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн.
Хоёр: Хэргийн оролцогчдын тайлбар:
2.1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******ос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын Гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч *******ийн бүртгэлийн 29 дугаартай зөрчлийн хэргийн материалыг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагааг явуулсан. Уг ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүйгээр явуулсан нөхцөл байдал байна гэж үзэж дараах үндэслэлээр дүгнэлт бичсэн.
Нэгдүгээрт: “*******” ХХК-ийн ерөнхий захирал ******* нь 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2024/026 дугаартай итгэмжлэлээр *******т импортоор гаалийн хилээр оруулж буй бараа, материалд гаалийн бүрдүүлэлт хийх эрхийг олгосон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- д "...хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг" гэж заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдээс улсын хилээр бараа оруулахдаа гаалийн бүрдүүлэлт хийх, мэдүүлэг мэдүүлэхтэй холбоотой эрхийг олгосон итгэмжлэлтэй хүнийг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Тодруулбал, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалаас үзэхэд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “*******” ХХК-ийг төлөөлж оролцох эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоож чадаагүй, тус компанийн ерөнхий захирал *******аас *******ийг хуулийн этгээдийг төлөөлөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг зөвшөөрсөн итгэмжлэл материалд авагдаагүй болно.
Хоёрдугаарт: “*******” ХХК-нд холбогдох зөрчлийг шалгах ажиллагааг явуулсан боловч эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 0954534 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар 2,110,945 төгрөгийн торгох шийтгэлийг *******т оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэсэн журмыг зөрчсөн.
Дээрхээс дүгнэхэд шийтгэлийн хуудсыг “*******” ХХК, ******* нарын хэн биелүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т заасан “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэсэн захиргааны акт илт хууль бус байх нөхцөлд хамаарч байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *******ийн 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 0954534 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар *******т 2,110,945 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Нөгөө талаасаа хуулийн этгээдэд холбогдуулан шалгах ёстой байсан зөрчил дээр иргэнд шийтгэл оногдуулж байгаа асуудлын хувьд хүний эрхийн асуудал бол яригдаж байгаа. Тухайн хүн уг шийтгэлийг биелүүлэх асуудал яригдах юм уу, эсхүл хуулийн этгээд нь төлөх ёстой юм уу гэдэг дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учраас дүгнэлтэд заагдсан үндэслэлийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
2.2 Хариуцагч Булган дахь гаалийн газрын Гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч *******ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн шийтгэлийн хуудас дээр “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийг гэж андуурч бичсэн байна. Зөрчлийн хуудас дээр “*******” ХХК гэж бичих ёстой байсныг *******ийг гэж бичсэн нь миний алдаа. Гэхдээ нэр буруу бичлээ гэх үндэслэлээр уг шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байх гэж бодож байна. Урьд өмнө нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж тухай бүрд нь прокуророор хянуулаад явдаг байсан. Тухайн үед яагаад ийм ийм алдаа байна гэдэг талаараа прокурорын зүгээс заавар зөвлөгөө өгч болоогүй юм бэ, мөн прокурорын зүгээс уг торгуулийг хэн төлөх нь тодорхойгүй гэж бичигдсэний тухайд, тухайн үед шийтгэлийн хуудас гарч “*******” ХХК нь тухайн торгуулийг бүрэн төлсөн.
Энэ талаарх баримт нь программд байгаа мөн шүүхэд уг баримтыг хүргүүлсэн. Иймд прокурорын дүгнэлтийг хангахаас татгалзаж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээнэ үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын ******* ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт гаргах болсон үндэслэлээ “...“*******” ХХК-иас улсын хилээр бараа оруулахдаа гаалийн бүрдүүлэлт хийх, мэдүүлэг мэдүүлэхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлтэй хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шийтгэл оногдуулсан...” гэх агуулгаар тайлбарласан.
3. Улсын байцаагчаас “...Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас зохион байгуулсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах талаар сургалт зохион байгуулахдаа хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо хуулийн этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн итгэмжлэлтэй байх талаар хөндөж байгаагүй,...шийтгэл оногдуулсан торгуулийг “*******” ХХК төлсөн...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
4. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч ******* нь 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р баг, 115-р байрны 15 тоотод бүртгэлтэй “*******” ХХК-ийн 08-21551011-25-I00163 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн гэх, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж ирсэн 8 нэр төрлийн 24300 кг бараанд гаалийн хяналт шалгалт явуулахад 4 нэр төрлийн барааг мэдүүлээгүй, 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг худал мэдүүлсэн зөрчлийг илрүүлж, Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор “*******” ХХК-нийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******ийг тогтоож, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0954534 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар *******т 2.110.945 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, энэхүү үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.
5. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж тус тус заасан.
6. Зөрчлийн хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” тогтоолоос үзвэл зөрчилд холбогдогчийг “*******” ХХК гэж үзэж, түүний хууль ёсны төлөөлөгчөөр *******ийг томилж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оруулсан байна.
7. Зөрчлийн хэрэгт авагдсан “*******” ХХК-нийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/026 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлд “...******* ХХК-нийн захирал ******* миний бие *******т Ховд аймгийн Булган дахь Гаалийн газарт манай компанийн нэр дээр импортоор орж ирж байгаа бараа материалын гаалийн бүрдүүлэлт хийх, төлбөр тооцоо хийх, холбогдох бүх бичиг баримтанд гарын үсэг зурах эрхийг олгож байна...” гэж дурджээ.
8. Өөрөөр хэлбэл зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотой үйлдэл хийх итгэмжлэл олгосноос бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгоогүй байна.
9. Монгол улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан.
10. Хуулийн дээрх зохицуулалтын энэхүү маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, төлөөлөгч буюу ******* нь төлөөлүүлэгч буюу “*******” ХХК-наас олгосон бүрэн эрхийн хүрээнд бусад этгээдтэй хэлцэл хийх буюу тодруулбал, “*******” ХХК-нийн нэр дээр орж ирж байгаа бараа материалын гаалийн бүрдүүлэлт хийх, төлбөр тооцоо хийх, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах эрхтэй бөгөөд үүнээс үүсэх үр дагавар буюу, энэ тохиолдолд зөрчлийн хэргийн улмаас шийтгэл хүлээх этгээд нь төлөөлүүлэгч буюу “*******” ХХК юм.
11. Өөрөөр хэлбэл нэгэнт “*******” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзсэн бол холбогдогч буюу “*******” ХХК-нд шийтгэл оногдуулахаас бус түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон оролцуулсан *******т шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
12. Иймд прокурорын “...“*******” ХХК-нд холбогдох зөрчлийг шалгах ажиллагааг явуулсан боловч эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 0954534 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар 2,110,945 төгрөгийн торгох шийтгэлийг *******т оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэсэн журмыг зөрчсөн...” гэх тайлбар үндэслэлтэй байх тул прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хангаж, гаалийн улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0954534 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл”-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР