| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2025/0046/З |
| Дугаар | 125/ШШ2025/0041 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 125/ШШ2025/0041
2025 05 29 125/ШШ2025/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******* дүгнэлттэй,
Хариуцагч: Булган дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын улсын байцаагч Р.Дуламд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954532 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго /цахимаар/, Булган дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын улсын байцаагч Р.Дулам /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Р.Дулам нь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Жумагийн Чулуу” ХХК-нийн импортоор оруулж ирсэн 26 боодол төмөр тор, 74 боодол хар цаас, үр тариа хуурагч тоног төхөөрөмжийг мэдүүлээгүй гэх зөрчил илрүүлж, “Жумагийн Чулуу” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954532 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 880.436 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
1.2.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын ******* З.Алтансолонго нь Булган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Р.Дуламын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954532 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн.
Хоёр: Хэргийн оролцогчдын тайлбар:
2.1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас Ховд аймгийн Булган дахь гаалийн газрын Гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Р.Дуламын бүртгэлийн 26 дугаартай материалыг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагааг явуулсан. Уг ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүйгээр явуулсан нөхцөл байдал байна гэж үзэж дараах үндэслэлээр дүгнэлт бичсэн.
Хэрэгт цугларсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, “Жумагийн чулуу” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, биет шалгалт хийх барааны мэдээллийн хуудас, зөрчилтэй барааны гэрэл зургийн үзүүлэлт гэсэн нотлох баримтуудаар БНХАУ-с “Жумагийн чулуу” ХХК-ийн нэр дээр импортоор оруулж ирсэн барааг тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь гаальд мэдүүлэхдээ квадрат төмөр 1 тонн, фанер 2 тонн, цемент 4 тонныг илүү мэдүүлсэн, үр тариа хуурагч төхөөрөмжийг огт мэдүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
“Жумагийн чулуу” ХХК-ийн нягтлан бодогч ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай итгэмжлэлээр *******т импортоор гаалийн хилээр оруулж буй бараа, материалд гаалийн бүрдүүлэлт хийх эрхийг олгожээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- д “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг" гэж заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдээс улсын хилээр бараа оруулахдаа гаалийн бүрдүүлэлт хийх, мэдүүлэг мэдүүлэхтэй холбоотой эрхийг олгосон итгэмжлэлтэй хүнийг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Тодруулбал, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалаас үзэхэд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Жумагийн чулуу” ХХК-ийг төлөөлж оролцох эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоож чадаагүй, тус компанийн гүйцэтгэх захирлаас хуулийн этгээдийг төлөөлөн *******ыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг зөвшөөрсөн итгэмжлэл материалд авагдаагүй болно.
Түүнчлэн “Жумагийн чулуу” ХХК-ийн нягтлан бодогч ******* нь итгэмжлэл олгох эрх бүхий этгээд биш болно.
“Жумагийн чулуу” ХХК-нд холбогдох зөрчлийг шалгах ажиллагааг явуулсан боловч эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954532 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар *******т торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэсэн журмыг зөрчсөн.
Дээрхээс дүгнэхэд шийтгэлийн “Жумагийн чулуу” ХХК, ******* нарын хэн биелүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,4-т заасан “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэсэн захиргааны акт илт хууль бус байх нөхцөлд хамаарч байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Зөрчилтэй тэмцэх чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч Р.Дуламын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954532 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар *******т 880,436 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэв.
2.2 Хариуцагч Булган дахь гаалийн газрын Гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч Р.Дулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017оны 07 дугаар сарын 01 өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнууд 8 жил гаруй хугацаанд зөрчил илрүүлэн, шалган шийдвэрлэж, харьяа Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газарт хуулийн хугацаанд хүргүүлэн хянуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж, туслалцаа авч тухай бүр нь хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
Мөн жил бүр "Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал сэдвээр ажлын байрны сургалт, нэгдсэн зөвлөгөөнийг жилд 2-3 удаа тогтмол зохион байгуулж хэвшсэн. Дээрх сургалтын арга хэмжээг зохион байгуулах хугацаанд хууль ёсны төлөөлөгчийг тогтооход хуулийн этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг заавал зөвшөөрсөн итгэмжлэлтэй байна гэх асуудал хөндөгдөж байгаагүй.
Гаалийн тухай хуульд Гаалийн бүрдүүлэлт гэдгийг тайлбарлахдаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэл цогц үйл ажиллагаа гэж тайлбарласан. Гаалийн бүрдүүлэлтийн явцад зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
Иймд хуулийн этгээдийн зөвшөөрсөн итгэмжлэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн боломжтой гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулиар хүлээлгэсэн торгууль нөхөн төлбөрийг хуулийн этгээд хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн татвар, торгуулийг төлсөн.
Хэрэв хувь хүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх зөрчлийг гаргасан бол хуулийн этгээд хүлээн зөвшөөрөхгүй гомдол мэдээлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл тухайн аж ахуйн нэгж торгуулийг төлсөн. Энэ талаар ямар нэгэн гомдол мэдээлэл гаргаагүй.
Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын ******* З.Алтансолонго нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт гаргах болсон үндэслэлээ “...“Жумагийн чулуу” ХХК-иас улсын хилээр бараа оруулахдаа гаалийн бүрдүүлэлт хийх, мэдүүлэг мэдүүлэхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлтэй хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шийтгэл оногдуулсан...” гэх агуулгаар тайлбарласан.
3. Улсын байцаагчаас “...Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас зохион байгуулсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах талаар сургалт зохион байгуулахдаа хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо хуулийн этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн итгэмжлэлтэй байх талаар хөндөж байгаагүй,...шийтгэл оногдуулсан торгуулийг “Жумагийн чулуу” ХХК төлсөн...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
4. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Р.Дулам нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Жумагийн чулуу” ХХК-нийн гаалийн байгууллагад мэдүүлсэн бараанд гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд барааны нэр төрлийг худал мэдүүлж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор “Жумагийн чулуу” ХХК-нийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******ыг тогтоож, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954532 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар *******т 880.436 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, энэхүү үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.
5. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж тус тус заасан.
6. Зөрчлийн хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” тогтоолоос үзвэл зөрчилд холбогдогчийг “Жумагийн чулуу” ХХК гэж үзэж, түүний хууль ёсны төлөөлөгчөөр *******ыг томилж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оруулсан байна.
7. Зөрчлийн хэрэгт авагдсан “Жумагийн чулуу” ХХК-нийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр олгосон итгэмжлэлд “...манай компани нь *******т Ховд аймгийн Булган дахь Гаалийн газарт манай компанийн нэр дээр импортоор оруулж ирэх барилгын материал, гэр ахуйн бараанд гаалийн бүрдүүлэлт хийж, бүрдүүлэлтэнд холбогдох бүх бичиг баримтанд гарын үсэг зурах эрхийг олгож байна...” гэж дурджээ.
8. Өөрөөр хэлбэл зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотой үйлдэл хийх итгэмжлэл олгосоноос бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгоогүй байна.
9. Монгол улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан.
10. Хуулийн дээрх зохицуулалтын энэхүү маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, төлөөлөгч буюу ******* нь төлөөлүүлэгч буюу “Жумагийн чулуу” ХХК-наас олгосон бүрэн эрхийн хүрээнд бусад этгээдтэй хэлцэл хийх буюу тодруулбал, “Жумагийн чулуу” ХХК-нийн нэр дээр орж ирж байгаа барилгын материал, гэр ахуйн барааны гаалийн бүрдүүлэлт хийх, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах эрхтэй бөгөөд үүнээс үүсэх үр дагавар буюу, энэ тохиолдолд зөрчлийн хэргийн улмаас шийтгэл хүлээх этгээд нь төлөөлүүлэгч буюу “Жумагийн чулуу” ХХК юм.
11. Өөрөөр хэлбэл нэгэнт “Жумагийн чулуу” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзсэн бол холбогдогч буюу “Жумагийн чулуу” ХХК-нд шийтгэл оногдуулахаас бус түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон оролцуулсан *******т шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
12. Иймд прокурорын “...“Жумагийн чулуу” ХХК-нд холбогдох зөрчлийг шалгах ажиллагааг явуулсан боловч эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954532 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -д зааснаар 880.436 төгрөгийн торгох шийтгэлийг *******т оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэсэн журмыг зөрчсөн...” гэх тайлбар үндэслэлтэй байх тул прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хангаж, гаалийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0954532 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
13. Прокуророос шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...Жумагийн чулуу ХХК-нийн нягтлан бодогч ******* нь итгэмжлэл олгох эрх бүхий этгээд биш болно...” гэж дурдсан.
14. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино”, 64.2.2-т “хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, ...... эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх” гэж тус тус заасан.
15. Хэрэгт авагдсан “Жумагийн чулуу” ХХК-нийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр олгосон итгэмжлэлээс үзвэл тус компанийн захирал О.Бадрахбаатар гарын үсэг зурсан, мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т зааснаас үзвэл хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах эрх олгосон итгэмжлэлд нягтлан бодогч гарын үсэг зурах нь хууль зөрчөөгүй бөгөөд нягтлан бодогч гарын үсэг зурахыг хуулиар шаардсан байхыг дурдах нь зүйтэй байна.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл”-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР