| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00227/И |
| Дугаар | 304/ШШ2025/00240 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ж.О*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай болохоо тогтоолгох тухай 304/2025/00227/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ж.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.О******* нь Ё.С*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл нөхөр болох Ё.С*******тай хамтын амьдаралтай болохоо тогтоолгох шаардлагатай болсон. Би нөхөр Ё.С*******тай 1997 онд танилцан, гэр бүл болсон бөгөөд 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хамтран амьдрах хугацаанд 2004 онд охин С.О******* төрсөн. Ж.О******* намайг Ё.С*******тай 1997 оноос 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Гэрлэлтийн баталгааны хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-2004 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С*******ын Оюундарийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/.
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Ж.Л*******, Д.Н******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
4.Шүүх санаачилгаараа Үндэсний төв Архиваас 1989 оны Хүн ам, орон сууцны тооллогын лавлагааг гаргуулан авсан болсон.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.О*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь 1997 оноос 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл талийгаач нөхөр Ё.С*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Ж.О******* нь нөхөр Ё.С*******тай 1997 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин С*******ын Оюундарийн эцгийн мэдээлэл хэсэгт Ё*******гийн С******* гэж бичигдсэн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ж.Л*******гийн Ж.О******* нь 1973 онд төрсөн. Миний төрсөн эгч Б*******ийн охин бөгөөд өөрийн өргөмөл ээж Должинд үрчлэн өгсөн. Би аавынхаа хамт тухайн үед хамт явж байсан. 8 дугаар ангиа төгсөөд илгээлт авч нэгдэлд саальчин болсон. Тухайн үед би малын эмчээр ажиллаж байсан. Ж.О******* 1997 онд Ё.С*******тай хамтран амьдарч эхэлсэн. Манай дүү нэг хүүтэй Ё.С*******тай гэр бүл болж, Хангал сумын 2 дугаар багт мал маллан амьдарч эхэлсэн. Манай дүү гэртээ төрсөн бөгөөд нэг хүүтэй Ё.С*******тай гэр бүл болсон гэх, гэрч Д.Н*******ын Ж.О******* нь нөхөр Ё.С*******тай 1997 оноос хамтран амьдрах болсон бөгөөд Ж.О******* нь хүү З*******г 5 настай байхад Ё.С*******тай нийлсэн. Гэрлэлтээ батлуулах талаар мэдээгүй, мэдсэн ч хөдөөний хүмүүс тоохгүй байсан байх. Охиноо төрсний дараа гэрлэлтээ батлуулсан. ...Гэр бүл болж хамтран амьдарч байсан эхнэр, нөхөр байхгүй. Ё.С******* нь Бургалтайгаас ирж байсан. Ж.О******* нь гэр бүл болж амьдарч байгаагүй, гэртээ байхдаа хүүгээ төрүүлсөн гэх мэдүүлэг болон Үндэсний төв Архивын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03-01/29910 дугаар лавлагаагаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ж*******гийн О*******, Ё*******гийн С******* нарыг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА