| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0219/Э |
| Дугаар | 312 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Н.Анхбаяр,
хохирогч Д.Хүрлээхүү,
шүүгдэгч Р.С, түүний өмгөөлөгч С.Дондов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Ст холбогдох 1803 00001 0047 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Н овогт Р С.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Р.Снь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний зүүн талын замд “45-00 УНО” улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө"....гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Хүрлээхүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.С мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би таксинд явж байсан. Тухайн үед 1 дүгээр эмнэлэгийн урд талаас нэг хүн аваад нэгдүгээр эгнээр явсан. Нэгдүгээр эгнээ рүү ороод явж байхад урд талд автобус явж байхаар нь 2 дугаар эгнээ рүү орох гэтэл автобусны араас нэг хүн гараад ирсэн. Би машиныхаа тормосыг гишгэсэн боловч амжаагүй, хүн мөргөөд зогссон. Хохирогчийг машинд суулгаад цусыг цэвэрлээд дараа нь цагдаа, түргэн дуудсан… Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.” гэв.
Хохирогч Д.Хүрлээхүү мэдүүлэхдээ: “Манай сургууль 5 оюутаны байртай. Нэг оюутаны байрандаа засвар хийгээд цүнхтэй багажаа үүрээд “Арслантай гүүрэн” дээгүүр явган хүний гарцаар гарах гээд явж байсан. Тухайн үед маш их машин байсан. Тэгээд намайг зам гарах үед цагаан машин харагдах шиг болсон тэгээд цаашаагаа юм санахгүй байна. Ухаан ороход манай мужаан, селасарийн дуу гарч байсан. Сүүлд ухаан ороход гэмтлийн эмнэлэгт мэдрэлийн тасгийн коридорт охин маань намайг хараад, би орон дээр хэвтэж байсан. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Үүнийхээ зардлыг нэхэмжилж байна… Хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул одоо гомдол санал байхгүй.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-9/, хохирогч Д.Хүрлээхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, Р.Сийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №49 дугаартай дүгнэлт /хх-36/, хохирол төлсөн баримт /хх-29-33/, шүүгдэгч Р.Сийн ял шалгах хуудас /хх-82/, шинээр хохирол төлбөр төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Снь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний зүүн талын замд “45-00 УНО” улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө"....гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Хүрлээхүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хүрлээгийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 30 минутын үед би Арслантай гүүрний зүүн талын замын замынхаа хойд талаас урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал гэнэт замын баруун талаас зүүн тийш явж байсан машин мөргөж унагасанаас болж би ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр ирсэн эмчлүүлж байсан. Замын 3 болон 2 дугаар явж байсан машинууд намайг гарцаар зам хөндлөн гарч байхыг хараад гарцны наад талд зогсож зам тавьж өгсөн. Тэгэнгүүт нь би цаашаа яваад замаа бараг гарч дуусах гэж байтал замын 1 дүгээр эгнээгээр нэг машин гэнэт гарч ирээд намайг мөргөсөн.”/хх-16-17/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Дарийжавын өгсөн: “…Намайг гэртээ байж байхад манай нөхөр “би хүн мөргөчихлөө” гэж утасдаж хэлсэн. Тэгэнгүүт би тэр хүн мөргөсөн газар нь удалгүй очсон. Тэгээд нөхөртэйгээ хамт нөгөө хүнээ эмнэлэгт үзүүлж толгойны зургийг нь авахуулсан.” /хх-24/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч эмчийн №143 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17/63296 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд “Тоёота приус маркийн 45-00 УНО улсын дугаарын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Р.Сийн эзэмшлийн тоёота приус маркийн мөнгөлөг өнгөтэй Япон улсад үйлдвэрлэсэн 45-00 УНО улсын дугаартай NHW200081898 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12.40 цагаас 13.15 цаг хүртэл МNS45985:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлтээр уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 11.2мм, урд гупер залгаатай, улсын дугаарын гэрэл шатсан, зүүн талын холын гэрлийн тусгалын хүч зэрэг нь MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартын заалтуудыг хангахгүй байгаа хэдий ч дээрхи гэмтлүүд нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхгүй болно.” /хх-52-53/ гэх дүгнэлт,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. "Тоёота приус” маркийн “45-00 УНО” улсын дугаартай автомашин жолоодон явсан Р.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Д.Хүрлээхүү нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна.” /хх-56/ гэх дүгнэлт,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-9/,
-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас ¹6396 /хх-54/,
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-40-48/,
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-22-23, 29-33/,
-ЦЕГ-ийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /72/,
-Шүүгдэгч Р.Сийн ял шалгах хуудас /хх-82/ тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч Р.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хэсэгт заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Ст ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Д.Хүрлээхүү нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Р.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн ¹664410 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н овогт Рын Сийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Р.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Р.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд тодорхой ажил хийх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Р.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Р.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Р.Сийн В ангилалын 664410 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Р.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Р.Ст урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ