Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 125/ШШ2025/0042

 

 

 

 

 

    2025        05           29                                     125/ШШ2025/0042

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******* дүгнэлттэй,

Хариуцагч: Булган дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын улсын байцаагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******* /цахимаар/, Булган дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын улсын байцаагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК-нийн “... барааг гаалийн байгууллагад худал мэдүүлж, татвараас зайлсхийсэн” гэх зөрчил илрүүлж, “*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 503,953 /таван зуун гурван мянга есэн зуун тавин гурван/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

1.2.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын ******* ******* нь Булган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн.

   Хоёр: Хэргийн оролцогчдын тайлбар:

2.1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******ос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор 3. Алтансолонго би, Булган дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч ******* нь бүртгэлийн 25 дугаартай "барааг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн" зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч *******д 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 503,953 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, "*******" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, биет шалгалт хийх барааны мэдээллийн хуудас, зөрчилтэй барааны гэрэл зургийн үзүүлэлт гэсэн нотлох баримтуудаар Бүгд Найрамдах Хятад Ард улсаас "*******" ХХК-ийн нэр дээр импортоор оруулж ирсэн барааг тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь гаальд мэдүүлэхдээ суудлын автомашины дугуй 22, угаалгын машин 2, модон сандал 18, модон ширээ 6 ширхгийг тус тус дутуу мэдүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагaar хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

1. "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* Ботагөз нь 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр *******д импортоор гаалийн хилээр оруулж буй бараа, материалд гаалийн бүрдүүлэлт хийх эрхийг олгожээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д "хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг" гэж заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдээс улсын хилээр бараа оруулахдаа гаалийн бүрдүүлэлт хийх, мэдүүлэг мэдүүлэхтэй холбоотой эрхийг олгосон итгэмжлэлтэй хүнийг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Тодруулбал, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалаас үзэхэд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд. "*******" ХХК-ийг төлөөлж оролцох эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоож чадаагүй, тус компанийн гүйцэтгэх захирал ******* Ботагөзөөс хуулийн этгээдийг төлөөлөн *******г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг зөвшөөрсөн итгэмжлэл материалд авагдаагүй болно.

2."*******" ХХК-нд холбогдох зөрчлийг шалгах ажиллагааг явуулсан боловч эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 503,953 төгрөгийн торгох шийтгэлийг *******д оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна" гэсэн журмыг зөрчсөн.

Дээрхээс дүгнэхэд шийтгэлийн хуудсыг "*******"ХХК, ******* нарын хэн биелүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т заасан "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус" гэсэн захиргааны акт илт хууль бус байх нөхцөлд хамаарч байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Зөрчилтэй тэмцэх чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч *******ын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар *******д 503,953 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

2.2 Хариуцагч Булган дахь гаалийн газрын Гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 01 өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнууд 8 жил гаруй хугацаанд зөрчил илрүүлэн, шалган шийдвэрлэж, харьяа Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газарт хуулийн хугацаанд хүргүүлэн хянуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж, туслалцаа авч тухай бүр нь хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

Мөн жил бүр "Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал сэдвээр ажлын байрны сургалт, нэгдсэн зөвлөгөөнийг жилд 2-3 удаа тогтмол зохион байгуулж хэвшсэн. Дээрх сургалтын арга хэмжээг зохион байгуулах хугацаанд хууль ёсны төлөөлөгчийг тогтооход хуулийн этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг заавал зөвшөөрсөн итгэмжлэлтэй байна гэх асуудал хөндөгдөж байгаагүй.

Гаалийн тухай хуульд Гаалийн бүрдүүлэлт гэдгийг тайлбарлахдаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэл цогц үйл ажиллагаа гэж тайлбарласан. Гаалийн бүрдүүлэлтийн явцад зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

Иймд хуулийн этгээдийн зөвшөөрсөн итгэмжлэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн боломжтой гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулиар хүлээлгэсэн торгууль нөхөн төлбөрийг хуулийн этгээд хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн татвар, торгуулийг төлсөн.

Хэрэв хувь хүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх зөрчлийг гаргасан бол хуулийн этгээд хүлээн зөвшөөрөхгүй гомдол мэдээлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл тухайн аж ахуйн нэгж торгуулийг төлсөн. Энэ талаар ямар нэгэн гомдол мэдээлэл гаргаагүй.

Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын  зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******  Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч *******д холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.

2. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар *******йг  “... гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн” гэх үндэслэлээр  503953 төгрөгөөр торгосон байна.

4. Прокурор шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ “*******” ХХК-ныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй *******йг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, шийтгэлийн хуудсыг Ж.Аманкелдээр төлүүлэхээр шийтгэл ногдуулсан тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй ” гэж, харин Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагчид ******* “... “*******” ХХК нь *******йг  гаалийн хилээр оруулж буй бараа, материалд бүрдүүлэлт хийх эрхийг итгэмжлэлээр олгосон. Энэ итгэмжлэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ******* нь “*******” ХХК-ныг төлөөлөн оролцох эрхтэй гэж  тус тус тайлбарлан маргаж байна. 

5. “*******” ХХК-ны  гаалийн байгууллагад мэдүүлсэн барааг шалгахад  барааг худал мэдүүлсэн гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн гэх зөрчилд  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус ажиллагаанд “*******” ХХК-ныг төлөөлүүлж *******йг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд  хууль ёсны  төлөөлөгчөөр тогтоосон  болох нь  эрх бүхий албан тушаалтны ”Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тухай тогтоолоор”[1]  тогтоогдсон.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д  дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэжээ.

7. Дээрхээс үзвэл эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдээс олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. 

8. “*******” ХХК-ны 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр[2] *******д “*******” ХХК-ны нэрийн өмнөөс БНХАУ-ын Тайкешкен боомтоос Ховд аймгийн Булган сумын Булган боомтоор нэвтрүүлэн ирэх бараа тоног төхөөрөмжийн гаалийн бүрдүүлэлтийг тус компаний нэрийн өмнөөс хийх эрх эдлэх, шаардлагатай тохиолдолд гаалийн төлбөр тооцоог компаний нэрийн өмнөөс хийж холбогдох тооцоог хийж, холбогдох баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгожээ.

9. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно, 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан.

10. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь төлөөлүүлэгчээс олгосон  эрхийн хүрээнд  түүний нэрийн өмнөөс эрхийг хэрэгжүүлнэ.  

11. “*******” ХХК-ны 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр *******д олгосон итгэмжлэлээс үзэхэд “*******” ХХК-нь *******д нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг олгоогүй байна.

12. Иймд эрх бүхий албан тушаалтан буюу гаалийн байцаагч нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д  дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэснийг зөрчин “*******” ХХК-ны хууль ёсны төлөөлөгчөөр  *******йг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзнэ. 

13. Мөн  “*******” ХХК-ны  гаалийн байгууллагад мэдүүлсэн барааг шалгахад  барааг худал мэдүүлсэн гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн гэх зөрчилд  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус ажиллагаанд “*******” ХХК-нийг холбогдогчоор тогтоон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх  бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн *******д торгуулийн шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй байна.

14. Дээрхээс үзвэл прокурорын  03 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байх тул Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч *******ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл”-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасныг баримтлан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын  зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******  дүгнэлтийг бүхэлд нь хангаж,  Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагч *******ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0954531 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

 

 

 

 

[1] Хх-17 дахь тал 

[2] Хх-15 дахь тал