| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01146/И |
| Дугаар | 192/шш2025/03564 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/шш2025/03564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-т холбогдох
24 сарын цалинтай дүйцэх 28.776.000 төгрөгийн тэтгэмжээс нэг сарын цалинтай дүйцэх 1.199.000 төгрөгийг хүлээн авсан тул 23 сарын цалинтай дүйцэх 27.577.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох нь хариуцагч *******-т холбогдуулан 24 сарын цалинтай дүйцэх 28.776.000 төгрөгийн тэтгэмжээс нэг сарын цалинтай дүйцэх 1.199.000 төгрөгийг хүлээн авсан тул 23 сарын цалинтай дүйцэх 27.577.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* миний бие 2009 оны 11 дүгээр сараас ******* троллейбусны жолоочийн дамжаанд суралцан төгсөөд нийтийн тээврийн мэргэшсэн жолоочоор ажилласан ... гэтэл 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс бид нарыг дөрвөн номерын шугамд явуулсан, би өмнө нь болохоор таван номерын шугамд буюу офицерт дропын шугамд явж байсан. Тэгтэл 4-ийн 180-аас 194 гэсэн дугаартай 15 троллейбусны жолооч нарыг цуглуулж удирдлагууд хурал хийсэн. Аз сервис гэдэг компани байгуулах гэж байгаа гээд хятадаас орж ирсэн троллейбус 4 номерын шугамд явна. Угсарсан троллейбусыг 6 номер, Орос троллейбусыг 5 номерт явуулна гээд бид нарыг цахилгаан тээвэртээ байгаа гэж та нарт ямар ч эрсдэл байхгүй гэж хэлсэн ... 2020 оны 07 дугаар сард миний хувьд тэтгэвэртээ суусан. Тэгтэл Улсын гурван баазыг нэгтгэж тоолсноос хойших тушаал өөрчилнө гэж амлалт өгсөн заалтаар намайг хохироосон. Энэ асуудал нь ганцхан миний асуудал биш байгаа. Миний хувьд тэтгэвэрт орсон хэдий ч би иргэн хүний хувиар нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс зам дээр тэг зогсолт хийхгүй байх боломж зөв зохицуулгадаа байдаг гэдгийг ахиад уламжлааснаас үүдэлтэй 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж эд нэр амласан түүхтэй ... Д.Жаргалсайхан захирлын өрөө оффисын 2 давхарт байдаг байсан учраас би орж санал, хүсэлтээ хэлдэг байсан. 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж надад ганцхан амлаагүй байгаа. Х.Нямбаатар гэдэг хүн 2024 оны 02 дугаар сард амлалт өгч би нарт олгоогүй байж, 2025 оны сарын сарын сүүлээр 100 саяар нь тэтгэмж авч байгаа гэж амлалт өгсөн байсан. Шинээр удирдлага очоод бааз байгуулаад троллейбусны жолоочоор 25 жил тасралтгүй ажилласан бол 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно гэсэн хамтын гэрээ байгуулсан. 2024 оны 07 дугаар сард Зорчигч тээврийн нэгтгэлд 2 бааз салж байгаа хамгийн сүүлийн тушаал гарсан. Одоо 25 жил тасралтгүй ажиллаж байгаад гарах хүмүүстэй мөн адил өмнөх гэрээнээс дордуулаад гэрээ байгуулсан байгаа. Энэ салбарт хотын захирагч нь тэтгэмж авч байгаа гэж хэлж ярьдаг боловч энд хуулийн зүйл заалт нь албажиж ирээгүй байдаг, жолоочоор ажиллаад тэтгэвэрт гарч буй ахмад настанд олгох 24 сарын цалинтай дүйцэх 28.776.000 төгрөгийн тэтгэмжээс нэг сарын цалинтай дүйцэх 1.199.000 төгрөгийг хүлээн авсан тул 23 сарын цалинтай дүйцэх 27.577.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... тухайн үеийн Үйлдвэрчний эвлэлийн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 2.4-т зааснаар байгууллагад ажиллаж байгаа иргэн тэтгэвэрт гарах юм бол тэтгэмж авна гэж заасан байгаа. Тэгэхдээ түүнд болохлоор тасралтгүй ажилласан байх зарчмыг үндэслэж гаргадаг бөгөөд энэ талаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хамтын гэрээнд заасан байдаг. Байгууллагад орсон хамгийн сүүлчийн тушаалын дагуу гэсэн зүйл байдаг. Нэхэмжлэгч иргэн Ц.Өлзийтогтох нь тэтгэвэрт гарах үед 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээний ("Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Т.Төмөрбаатар, "Эв нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Ариунбаатар нарын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хамтын гэрээ) 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтын дагуу буюу "Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг доорх хэмжээгээр 1 удаа олгоно гэж заасны дагуу 1-5 жил хүртэл ажилласан бол 1 сар гэж тогтоосон байна. Ийнхүү 5 жил 9 сар ажилласан нь харгалзах тэтгэмжийн хэмжээнд хүрч байна. Мөн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тасралтгүй ажилласан жилийг байгууллагад ажилд орсон хамгийн сүүлийн тушаалаар тооцох бөгөөд дундаж цалин хөлсийг тооцохдоо НХХЯ-ны сайдын баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"- ын дагуу бүх төрлийн хөнгөлөлтийг хасаж тооцно гэх заалтыг баримталсан ... Нийслэлийн захирагч Х.Нямбаатар нь 2024 онд жолооч нарын цалин хөлс нэмэгдэн тэтгэвэрт гарсан жолоочийн тэтгэмжийг 24 сар хүртэлх хугацаанд нэг удаагийн тэтгэмжийг гэж мэдүүлээд байгаа. Тэгэхдээ энэхүү амаар амласан амлалт албан ёсны баримттайгаар нотлогдоогүй мөн албан ёсны захирамжаар баталгаажаагүй хамтын гэрээ хуулийн заалтаар батлагдаагүй мөн 2020 онд тэтгэвэрт гарсан иргэнд 2024 оны энэ амлалт нь бол хэрэгжихгүй юм ... Нийтийн тээврийн байгууллагад ажиллаж байгаа энэ оноос хойш гарч байгаа ажилтнуудад энэ үйлчилнэ гэсэн ийм асуудлууд яригдаж байгаа гэхдээ албан ёсны албажиж хамтын гэрээнд дагаж мөрдүүлэх талаар манай байгууллагад ирээгүй байгаа ... манай байгууллагаас тэтгэвэрт гарч байгаа иргэнд 24 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг одоо хүртэл олгож эхлээгүй байгаа. Дээрх үйл баримт, хуулийн зохицуулалтыг харгалзан үзэж иргэн Өлзийтогтохын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна ... гэв.
4. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Улаанбаатар хотын ЭХ газрын харъяа 3 дугаар амаржих газрын даргын тушаалуудын хуулбар, Аз сервис ХХК-ийн тодорхойлолт, захирлын тушаалын хуулбар, Улаанбаатар хотын цахилгаан тээвэр компаний захирлын тушаалын хуулбарууд, цахилгаан тээвэр компаний захирлын тушаалын хуулбар, Улаанбаатар хотын зорчигч тээврийн автобус 1 компаний захирлын тушаал, Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн автобус-1 компаний захирлын тушаалын хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжууд, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан гаргасан өргөдлийн хуулбар, Авлигатай тэмцэх газар гаргасан өргөдлийн хуулбар, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоолын хуулбарууд, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, жолооч нарын график цагийн саатлын мэдээний хуулбарууд, бараа материалын зарлагын баримтууд, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны тодорхойлолт, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар, диплом, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, гэрчилгээ, жуух бичгийн хуулбарууд, гар тэмдэглэлийн хуулбарууд, 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээний хуулбар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын тодорхойлолт, 2015, 2017 онуудын хөдөлмөрийн гэрээ болон зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
5. Хариуцагч талаас: *******д олгосн итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хариу тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн.
6. Шүүхээс ******* компаний захирлын тушаалын хуулбарууд, Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн Автрбус-1 компаний захирлын тушаалын хуулбарууд, Улаанбаатар хотын цахилгаан тээвэр компаний захирлын тушаалын хуулбарууд, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ захирлын тушаалын хуулбарууд, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар загварууд зээрэг баримтыг гаргуулж хэрэгт хавсаргасан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтохын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох нь хариуцагч *******-нд холбогдуулан 24 сарын цалинтай дүйцэх 28.776.000 төгрөгийн тэтгэмжээс нэг сарын цалинтай дүйцэх 1.199.000 төгрөгийг хүлээн авсан тул 23 сарын цалинтай дүйцэх 27.577.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Зорчигч тээврийн нэгтгэлээс жолоочоор ажиллаад тэтгэвэрт гарч буй ахмад настанд олгох 24 сарын цалинтай дүйцэх 28.776.000 төгрөгийн тэтгэмжээс нэг сарын цалинтай дүйцэх 1.199.000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэх 23 сарын цалинтай дүйцэх 27.577.000 төгрөг гаргуулна гэж ... гэж тайлбарласан,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбартаа: ... Нийслэлийн захирагч Х.Нямбаатар нь 2024 онд жолооч нарын цалин хөлс нэмэгдэн тэтгэвэрт гарсан жолоочийн тэтгэмжийг 24 сар хүртэлх хугацаанд нэг удаагийн тэтгэмжийг гэж мэдүүлээд байгаа. Тэгэхдээ энэхүү амаар амласан амлалт албан ёсны баримттайгаар нотлогдоогүй мөн албан ёсны захирамжаар баталгаажаагүй хамтын гэрээ хуулийн заалтаар батлагдаагүй мөн 2020 онд тэтгэвэрт гарсан иргэнд 2024 онд энэ амлалт нь бол хэрэгжихгүй юм ... гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох нь 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийтийн зорчигч тээвэрт буюу Цахилгаан тээвэр компани, Аз сервис ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т троллейбусны жолоочоор тасралтгүй ажиллаж байсан болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00485 дугаартай шийдвэрээр нотлогдож байна. / I хх-ийн 25-28/
4.2. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтохыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/212 дугаартай Ц.Өлзийтогтохыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. / I хх-ийн 148/
4.3. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/320 дугаартай Ц.Өлзийтогтоход тэтгэмж олгох тухай тушаалаар тус нэгтгэлийн хоёрдугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 1 дүгээр хэсгийн жолооч Ц.Өлзийтогтох нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй 5 жил 8 сар ажиллаад тэтгэвэр тогтоолгосон гэж үзээд 1 /нэг/ сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж, 1,199,000 төгрөг олгосон болох нотлогдож байна. / II хх-ийн 29/
4.4. , нарын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр баталсан 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.4-т Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг доорх хэмжээгээр 1 удаа олгоно, 1-5 жил хүртэл ажилласан бол 1 сар гэж заасан байна. / I хх-ийн 126/
4.5. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гарган ажлаасаа чөлөөлөгдөж, Хамтын гэрээнд зааснаар 1,199,000 төгрөгийн тэтгэмж авсан талаараа тайлбарлаж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
4.6. Харин нэхэмжлэгч Ц.Өлзийтогтоох нь Зорчигч тээврийн нэгтгэлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй ахмад настанд олгох тэтгэмж болох 27.577.000 төгрөг гаргуулна гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь энэхүү 24 сарын тэтгэмж олгохоор амаар амласан амлалт албан ёсны баримттайгаар нотлогдоогүй мөн албан ёсны захирамжаар баталгаажаагүй тул нэхэмжилж байгаа тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж тус тус маргасан.
4.7. Өөрөөр хэлбэл тэтгэвэрт гарч буй ахмад настанд олгох 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хэрхэн, яаж, ямар эрх зүйн актыг үндэслэж олгох эсэх талаар талууд маргасан.
5. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он /-ийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т ажилтан санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болно гэж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.3-т Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлахаар тус тус заасан байх тул Ц.Өлзийтогтохын өөрийнх нь хүсэлтээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна. / II хх-ийн 48/
5.1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он /-ийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1.4-т Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж, 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.4-т Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг доорх хэмжээгээр 1 удаа олгоно, 1-5 жил хүртэл ажилласан бол 1 сар гэж тус тус зааснаар *******од 1,199,000 төгрөгийн тэтгэмж олгосон нь хууль зөрчөөгүй байна. / I хх-ийн 126, II хх-ийн 56/
6. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Ц.Өлзийтогтоход 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг журмын дагуу олгосон байтал нэхэмжлэгч нь 23 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 27,577,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.
6.1. Мөн ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж хэлсэн боловч шийдвэр нь гарахгүй байгаа гэж тайлбарлан энэхүү тэтгэмжийг олгох тусгайлсан зохицуулалт байхгүй талаар хүлээн зөвшөөрдөг.
6.2. Өөрөөр хэлбэл ******* нь өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож байгаа ажилтанд 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэхүү тэтгэмжийг олгохоор заасан хууль, эрх зүйн акт байхгүй байна.
6.3. Иймд хариуцагч *******-т холбогдуулан гаргасан 24 сарын цалинтай дүйцэх 28.776.000 төгрөгийн тэтгэмжээс нэг сарын цалинтай дүйцэх 1.199.000 төгрөгийг хүлээн авсан тул 23 сарын цалинтай дүйцэх 27.577.000 төгрөг гаргуулах тухай Ц.Өлзийтогтохын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.4. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтох нь 27.577.000 төгрөгийн тэтгэмж гаргуулах тухай гомдлоо Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн тэтгэмжтэй холбоотой хүсэлтээ холбогдох байгууллагуудад удаа дараа гаргаж байсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзсэн болохыг дурдлаа.
7. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
8. Нэхэмжлэгч Ц.Өлзийтогтохын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилаан төлсөн 295,835 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хариуцагч *******-т холбогдуулан гаргасан 23 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 27.577.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Цэдэн-Ишийн Өлзийтогтохын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилаан төлсөн 295,835 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ