| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2011014801165 |
| Дугаар | 2024/ДШМ/150 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.3.3.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/150
2024 01 25 2024/ДШМ/150
С.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Нандинцэцэг,
хохирогч Р.Д, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Д.Эрдэнцэцэг,
хохирогч Д.Б-ы өмгөөлөгч Э.Шинэцэцэг,
хохирогч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,
хохирогч Б.Б, Ц.З нарын өмгөөлөгч Ц.Батзориг,
иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч Б.А,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Б.Цэрэндолгор,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, И.Ганбат нарын бүрэлдхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/693 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.Д, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Д.Эрдэнэцэцэг, хохирогч Ч.Э, шүүгдэгч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Бд холбогдох 2011014801165 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.. овгийн ..-ын Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, э..эгтэй, ......... боловсролтой, ............. мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн .. дүгээр хороо, ... задгайд оршин суух, /РД: ............/;
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан.
Шүүгдэгч С.Б нь Р.Д-д “Эрдэнэт үйлдвэрт хоолны катеринг үйлчилгээний тендер авч өгнө, үнийн дүнгийн 1 хувь болох мөнгө байршуулах хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Голомт банкны ойролцоо 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499310348 тоот дансаар 100.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499269831 тоот дансаар 140.000.000 төгрөг, нийт 240.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт нэг өдөрт 3740 ажилчдыг хооллох нийтийн хоолны тендерт оролцож авна, уг тендерт оролцох эрхтэй компани” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогч Д.Б-оос 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд 280.000.000 төгрөгийг,
хохирогч Ц.З-аас 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол 1 дүгээр байранд байх үедээ шилжүүлсэн 29.000.000 төгрөгийг,
хохирогч Ч.Э-ыг “Эрдэнэт үйлдвэрийн тендерт ялалт байгуулсан компани, тэр компанийг худалдаж аваад хамтарч ажиллая, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна, чи хөрөнгө оруулалт хийгээч, Эрдэнэт үйлдвэрийн тендерийн өөрсдийн хувиасаа 25 хувийг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, тендерийн үйл ажиллагаанд оролцоогүй бодит байдлыг нуух замаар хохирогч Ч.Э-оор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сөүлийн гудамжинд байрлах Голомт банкнаас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 120.000.000 төгрөгийг “Очир-Ундраа” ББСБ-д төлүүлсэн, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Б-д 50.000.000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ш.М-ны 5021628537 данс руу 5.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ш.М-ны 5021628537 данс руу 5.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ш.М-ны Голомт банкны данс руу 40.000.000 төгрөг, нийт 220.000.000 төгрөгийг Ч.Э-оос шилжүүлэн авч, нийт 3 хохирогчид 529.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
мөн 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд Ц.З-аар дамжуулан иргэн Б.Б-гээс нийт 128.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Юби таун” хотхоны 83/4 байрны 21 тоотоос Н.Б-ны 5006831954 тоот данс, өөрийн нөхөр Ш.М-ны 5021628537 тоот дансаар шилжүүлэн авч, нийт 5 хохирогчид 897.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
мөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Мөнхийн үсэг” ХХК-ийн ажлын байран дотор иргэн Г.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг түлхэж хаалга мөргүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар С.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, С.Б-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон нийт 134 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь хохирогч Г.Б-д төлөх төлбөргүй, хохирогч Б.Б-д 71.810.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч С.Б-аас нийт 825.190.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Р.Д-д 240.000.000 төгрөг, хохирогч Д.Б-д 280.000.000 төгрөг, хохирогч Ц.З-т 29.000.000 төгрөг, хохирогч Ч.Э-д 220.000.000 төгрөг, хохирогч Б.Б-д 56.190.000 төгрөг тус тус олгож, хохирогч Д.Б-оос нэхэмжилсэн 87.515.560 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Р.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надаас залилан авсан 240.000.000 төгрөгийг Б бусдад төлөх өр төлбөртөө болон хувьдаа захиран зарцуулсан гэж шүүх дүгнэхдээ энэ гэмт хэргийг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн Худалдаа Хөгжлийн банкны ажилтан теллер Т.М-ын хариуцлагагүй, буруутай үйлдэлд хэргийн нотлох баримтыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, миний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Учир нь, иргэний хариуцагч Худалдаа Хөгжлийн банк /теллер Т.М/ эскроу буюу дундын данс нээлгэх бидний хүсэлтээр эскроу данс нээлгүйгээр С.Б-ын 499310348 тоот дансанд Р.Д миний биеийг хамтран эзэмшигчээр бүртгэж, хариуцлага алдсанаас хууран мэхлэх ажиллагаа хэрэгжих үндэслэл болсон байхад энэ талаар дүгнэлт өгөөгүй нь алдаатай боллоо.
Хавтас хэрэгт шүүгдэгч С.Б эскроу данс нээлгэхээр очсоныг хамтран эзэмшигчээр нэмсэн гэж, мөн банкны теллер Т.М “...эскроу данс нээхээр ирсэн тухайн үед хамтран эзэмшигчээр бүртгэхэд болдог байсан /хамтран эзэмшигчээр бүртгэвэл эскроу данстай ижил нөхцөлтэй байсан/ сүүлд болохгүй болсон буюу энэ талаар би мэдээгүй байсан тул хамтран ажиллах гэрээг авчруулж, эскроу данс нээлгүүлэхээр явуулсан гэх агуулга бүхий мэдүүлгээс үзэхэд, С.Б бид 2 эскроу данс нээлгэх үйлчилгээг банкнаас авах хүсэлтэй байсныг илэрхийлж байгаа юм. Гэтэл банк буруу ойлгуулж, хамтран эзэмшигчээр бүртгэж, гэрээн дээр гарын үсэг зуруулсан гэдгийг хэн аль нь дээр дурдсанаар мэдүүлсэн байтал шүүх С.Б-ын 499310348 тоот дансанд миний нэрийг хамтран эзэмшигчээр нэмсэн гэрээ буюу “Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Тухайн үед эскроу данс нээх нь миний хүсэл зориг байсан байтал хамтран эзэмшигчээр бүртгэсэн нь Худалдаа хөгжлийн банкны буруу болно.
Энэ нь хавтас хэрэгт авагдсан доор дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б-ын “...Асуулт: Өмгөөлөгч Б.Цолмонэрдэнэ: ...Даваа эскроу данс нээлгэх гэж очсон, иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банк нь С.Б-ын дансан дээр хамтран эзэмших гэж мэдүүлсэн. Ямар шатлгаанаар та хоёр очсон бэ? гэхэд,
хариулт: Шүүгдэгч С.Б: “...Хатуу нөхцөлтэй данс байгуулах гэж очсон...” /Хурлын тэмэдэглэл-хуудас 32/,
теллер Т.М-ын “...2 эмэгтэй орж ирээд хоёулаа хамт ирж гарын үсэг зурж мөнгөө авдаг данс нээлгэмээр байна гэсэн. /4 хх 150/ зэргээс харахад банкны ажилтанд хандсан данс нээлгэх хүсэл зорилго тодорхой харагдана.
Гэтэл теллер Т.М нь С.Б-ын 499310348 тоот дансан дээр хамтран эзэмшигчээр бүртгэж, маягт болон гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Түүнчлэн мөнгө шилжлүүлэх дансны дугаар авахад дээрх 499310348 тоот дансыг өгч, энэ дансаа эзэмшигч 2 хүн биенийхээ зөвшөөрөлтэйгээр зарлагьн гүйлгээ хийдэг гэж итгүүлэн намайг төөрөгдөлд оруулан тайлбарлаж, надаар мөнгийг шилжүүлүүлсэн. Т.М-ын тайлбарласнаар би 240.000.000 төгрөгийг эскроу буюу дундын дансанд л шилжүүлж байна гэж ойлгосон.
Энэ нь теллер Т.М-ын мэдүүлэг ”...Намайг ажилд орохоос өмнө болдоггүй байсан. ...намайг ажилд орсноос хойш болдог байсан”-ээс тодорхой харагдаж байна. /4 хх 150/ Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн “Худалдаа Хөгжлийн банкны иргэдийн мөнгөн хадгаламжийн заавар” нь Гүйцэттэх захирлын 2009 оны 09/674 тоот тушаалаар батлагдсан байна. Би Худалдаа хөгжлийн банктай 2020 оны 8 сард харилцсан болно. Энэ үед банкны дээрх заавар хүчин төгөлдөр үйлчилж байхад теллер Т.М ажил үйлчилгээгээ заавар журмын дагуу явуулаагүй нь ажил мэргэжлийн төвшинтэй холбоотой эсхүл санаатай үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.
Гарын үсэг зуруулсан гэрээ, маягтаа авахад гэрээний нэр “Дундын данс буюу эскроу” биш “Харилцагчдад үйлчилгээ үзүүлэх гэрээ” болохыг хараад миний мөнгийг дундын данс буюу эскроу дансанд биш С.Б-ын 499310348 тоот хувийн хадгаламжийн дансанд шилжүүлсэн байгааг Т.М-д хэлэхэд, тээнэглэзсэнээ, ахлах теллерээсээ асуулаа, энэ дансаар болохгүй байжээ, та 2 өөр /дундын данс буюу эскроу/ данс шинээр нээлгэх юм байна, бас хамтран ажиллах гэрээ зайлшгүй авчирах шаардлагатай болох нь /мөнгө шилжүүлэхээс өмнө хамтран ажиллах гэрээ шаардлагагүй гэж байсан/ гэхэд нь би энэ дансны зарлагын гүйлгээний хөдөлгөөнийг хязгаарлахыг анхааруулсан. Теллер М ч лавтай мэдсэн атлаа “Харилцагчид үйлчигээ үзүүлэх гэрээ”-ний 3.1.6-д “Банкны буруугаас хийгдсэн алдаатай гүйлгээг даруй залруулж, харилцагчийг хохиролгүй болгох” гэж заасны дагуу арга хэмжээ авч миний мөнгийг буцааж шилжүүлэхгүйгээр надад хохирол учруулсан. Түүнчлэн “Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нйи заалтууд нь бидний хүсэлт зорилгод нийцэхгүй байгаа тухайгаа илэрхийлэхэд теллер Т.М мөн гэрээний 2.9-д заасны дагуу хүсэлтийг хүлээн авч албажуулаагүй, хайнга хариуцлагагүй хандсан.
Ингэж теллер Т.М ажилдаа хайхрамжгүй, мэдлэггүй байдлаар хандсанаар бидний эскроу буюу дундын данс нээх хүсэлтийг хамтран эзэмшигчээр дансанд нэмэх болгон бүртгэснээ хэвээр үлдээж, туйлын хариуцлагагүй хандсан.
Худалдаа хөгжлийн банк “ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 7 дугаар зүйл, 2. Хадгалагч: 2/ хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх; З. Хадгалагч нъ мөнгөн хадгаламжид авсан мөнгөн хөрөнгийг өөрийн гүйлгээнд хэрэглэн түүний бүрэн бүтэн байдлыг хангана.” гэснийг зөрчсөн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2.6-д “...өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх...” гэж зааснаар Худалдаа хөгжлийн банк миний хадгалуулсан мөнгийг төлөх үүрэгтэй.
Теллер Т.М шинээр эскроу буюу дундын данс нээхгүйгээр С.Б-ын дансан дээр намайг хамтран эзэмшигчээр бүртгэж, мөнгө шилжүүлүүлчихээд, “Харилцагчид үйлчигээ үзүүлэх гэрээ”-ний 3.1.6-д зааснаар арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй, хугацаа алдаж, хариуцлагагүй хандсанаас С.Б-ын залилангийн гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Энэ бүгдээс харахад, теллер Т.М ажлаа огт мэдэхгүйдээ биш С.Б-тай хамтарч хуйвалдсан байх магадлалтай. /Энэ нь дараагийн 2 дахь гүйлгээ шилжүүлэхэд тодорхой харагддаг./ Эдгээр баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, ингэснээр хэрэг хянан шийдэх журам зөрчсөн.
Теллер М-ын буруутай үйл ажиллагаа байсаар атал ажил олгогч Худалдаа хөгжлийн банкны гэм буруугийн талаар Шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Худалдаа Хөгжлийн банкийг иргэний хариуцлагаас чөлөөлсөн нь Иргэний хуулийн 498.1-д “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч миний эрх зүйн байдлыг дордуулсан.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/2171 дүгээр захирамж гарч Худалдаа хөгжлийн банкийг иргэний хариуцагчаар татсан байна. 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд Худалдаа Хөгжлийн банкийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй болохыг тогтоосон байна.
Шүүх Худалдаа Хөгжлийн банкаас яагаад хохирол гаргуулахгүй байгаа талаараа болон иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг яаж үгүйсгэж байгаад тодорхой дүгнэлтийг шийтгэх тогтоолд хийгээгүй нь алдаатай байна.
Мөн улсын яллагч дүгнэлтдээ “Иргэний хариуцагч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагч гэж үзнэ. ...Төөрөгдөлд оруулж шилжүүлсэн 240.000.000 төгрөгийн хохирлоос 100.000.000 төгрөгийг иргэний хариуцагч хариуцах нь зүйтэй байна.” гэж хохирлыг барагдуулахаар дүгнэсэн байхад хэрхэн няцааж байгаа тухай ч шийтэх тогтоолд заагаагүй байна. /Хурлын тэмдэглэл-42 хуудас/,
2. Худалдаа Хөгжлийн Банк /теллер М/-ий гэм буруу дараах байдлаар нотлогддог.
Хариуцагч Худалдаа Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаачлан Худалдаа хөгжлийн банкны теллер М надад хамтран эзэмшигч гэж данс нээсэн юм бол 140.000.000 төгрөгийг шилжүүлэхээр 8 дугаар сарын 5-нд очиход хамтран эзэмшигчээр бүртгэсэн гэх 499310348 тоот дансыг биш, огт өөр 499269831 тоот дансны дугаарыг өгсөн нь Худалдаа Хөгжлийн банк өөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг харуулж байна.
Би Б-ын дансанд нэмж хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт өгөөгүй, надад дундын данс нээх хүсэлт /маягт/-ийг өгөлгүй теллер М-ын хариуцлагагүй, мэдлэггүй байдлаас 5 хх 138 талд хавсрагдсан маягтан дээр гарын үсгийг төөрөгдөлд оруулан зуруулсан. Банк шинэ данс нээх байсан бөгөөд энэ нь теллер Т.М-ын мэдүүлэг “...Би тухайн дансыг шинээр нээлгэсэн данс гэж бодож байна...”-ээс тодорхой харагдаж байна. /4 хх 150/,
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр авсан хуулганд миний бие хамтран эзэмшигчээр бүртгэгдээгүй байдаг. /1 хх 07/ Хожим Худалдаа хөгжлийн банкнаас 2020 оны 8 дугаар сарын 18-нд дахин гаргасан, хуулгаар миний нэрийг хамтран эзэмшигчээр оруулж ирснээс /эдгээр баримтыг өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр нотлох баримтаар шинжлэн судлуулсан болно./ үзэхэд, “Дотоод бүртгэлийн системийн тайлан” /хавтас хэрэг 85 хуудас/-г Худалдаа хөгжлийн банк дараа нь нөхөн үйлдэж шүүхэд өгсөн байх магадлалтай. Банкны журмаар бол хэн нэгнийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн тохиолдолд мэдээллийг тэр даруй нь цахимаар ирүүлэх ёстой байтал надад С.Б-ын банк дахь 499310348 тоот дансны хамтран эзэмшигч болсон талаар ямар ч баримтыг банк ирүүлж байгаагүй.
Теллер Т.М-ын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон тухайгаа Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Орхонд 2023 оны 3 дугаар сарын 20-нд гомдол гаргасан боловч надад энэ тухай шалгаж, нягталсан тухай хариу ирүүлээгүй. Мөн Худалдаа хөгжлийн банктай холбоотой хэрэг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр үүссэн боловч Худалдаа хөгжлийн банк өөрсдийн дотоод журмын дагуу шалгаж, нягтлан үнэн зөвийг тогтоох үүргээ биелүүлээгүй, улмаар өөрсдийн буруутай үйл ажиллагааг далдлах зорилгоор дээд дурдсан эргэлзээтэй баримтыг шүүхэд ирүүлсэн байхад шүүх нотлох баримтьн хэмжээнд үнэлсэн нь буруу.
Иргэний хариуцагчийн төлөөлөгч “....8 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 09 минут 48 секунтэд харилцагчийг бүртгэх бүртгэл хийгдсэн байна. ...Гарч яваад 16 цаг 57 минут 57 секунтэд Голомт банкны Тооцоо-1 салбараас зээл гэх агуулгаар мөнгө шилжүүлсэн” /Хурлын тэмдэглэл-41/ гэсэн нь бодит байдалд нийцэхгүй гуйвуулсан мэдүүлэг юм.
Учир нь, би мөнгөө шилжүүлээд буцаж Худалдаа хөгжлийн банк дээр ирэхэд мөнгө шилжүүлсэн 499310348 тоот данс нь эскроу данс биш байна гэдэг нь ойлгомжтой болсон. Ингээд С.Б-ын тоот дансан шилжин орсон миний 100.000.000 төгрөгийн хөдөлгөөнийг зогсоохыг теллер Т.Мд хэлж, хүссэн байхад анхнаасаа хамтран эзэмшигчийн данс нээлгэсэн, ямар ч маргаангүйгээр мөнгө шилжигдсэн, эскроу дансны талаар хэнч ярьж байгаагүй мэтээр банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч дээр дурдсанаар шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа нь бодит байдалтай нийцээгүй, банк өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй илтэд буруу мэдүүлэг юм.
Түүнчлэн гэм буруугийн талаарх шүүгчийн дүгнэлтийн 1.5-д заагдсан зээлийн гэрээ нь нотлох баримт болж чадахгүй бөгөөд энэ нь Б бидний хооронд хийж байсан ноорог юм. Нягтлан үзвэл, энд зээлийн хэмжээ мөнгөн дүнгээр илэрхийлэгдээгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасныг хангахгүй, хуулийн хүчин төгөлдөр бус баримт байсан. Гэтэл шүүх бодитоор зээл олгосон мэт дүгнэж нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь буруу байна.
Эдгээрээс дүгнэхэд, банкны ажилтан хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандсан гэм буруутай үйлдэл, хууль бус ажиллагааны улмаас С.Бд мөнгө залилуулах нөхцөлийг бүрдүүлж улмаар надад их хэмжээний хохирол учруулсан.
Иймд хохирогч надад их хэмжээний хохирол учрах болсон шалтгаанд банкны ажилтан нөлөөлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн Иргэний хуулийн 497.1, 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас 240.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Д надад олгохоор Хан уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/693 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Р.Д-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх С.Б-ыг бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцон, С.Баас хохирогч Р. Даваад 240.000.000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүх С.Б-ыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэнийг нотлон шийдвэрлэхдээ хохирогч Р.Д-д хохирол учрах гол үндэслэл нь Худалдаа хөгжлийн банкны ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаа болж, иргэний хариуцагчаар тогтоогдсон Худалдаа хөгжлийн банкаар төлбөр төлүүлэх нөхцөл тогтоогдсон байхад энэ байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр, хохирол төлбөрийг шүүгдэгч С.Б-аас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
Хохирогч Р.Д нь залилагч этгээд болох С.Б-д өөрт нь мөнгийг шилжүүлэх зорилго байгаагүй, Р.Д-гийн хүсэл зориг нь өөрийн мөнгийг банкинд хадгалуулах байсан. Гэтэл банкны ажилтны хариуцлагагүй, ажилдаа мэргэжлийн алдаа гаргаснаас шалтгаалж мөнгийг С.Б захиран зарцуулах боломжтой болсон байна. Энэ нь мөрдөн байцаалтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон болно.
Шүүх “...Худалдаа хөгжлийн банк дахь С.Б-ын 499310348 тоот дансанд 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 10 минутад хамтран эзэмшигчээр бүртгэгдэж, гарын үсгээ зурж, баталгаажуулсан байна. ...Шүүгдэгч С.Б нь хохирогч Р.Д-гаас шилжүүлэн өгсөн 240.000.000 төгрөгийг бусдад төлөх өр төлбөртөө болон өөрийн хувьдаа зарцуулсан нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Харин иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкны /теллер Т.М/ буруутай ажиллагаа нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Р.Д нь Худалдаа хөгжлийн банк дээр очиж үйлчлүүлэхдээ Б-тай хамтран эзэмших биш, Б-ын дансан дээр нэмж бүртгүүлэх биш, харин эскроу буюу дундын данс нээлгэх хүсэлт гаргасан байна.
Энэ нь гэрч Худалдаа хөгжлийн банкны теллер Т.М-ын “...50 гаран насны 2 эмэгтэй ирээд хоёулаа хамт ирж гарын үсэг зурж мөнгө авдаг данс нээлгэмээр байна” гэсэн мэдүүлэг /4 хх 150/,
мөн шүүгдэгч С. Б шүүх хуралдаан дээр “...бид нар хатуу нөхцөлтэй данс байгуулах гэж очсон...” гэсэн мэдүүлэг,
хохирогч Р.Д-гийн “...Б бид хоёр дундын данс нээлгэсэн, би банк дээр очоод хоёр иргэн хамтарч данс нээж байгаа юм чинь өөрсдийн данснаас мөнгө гаргахад хоёулаа байж байгаад мөнгө гаргадаг болгомоор байна гэхэд болно гэсэн гэх мэдүүлэг,
Р.Д нь 499310348 тоот С.Б-ын дансанд 2020 оны 8 дугаар сарын 03- ны өдөр 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч 2020 оны 8 дугаар сарны 18-ны өдөр хүртэл Р.Д-г тухайн дансанд хамтран эзэмшигчээр бүртгэсэн гэх мэдээлэл байхгүй. 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хэвлэсэн 499310348 тоот С.Б-ын дансны мэдээлэлд зөвхөн С-ын Б л дансны эзэмшигчээр бүртгэгдсэн байна. /1 хх 7, 85/,
Хохирогч Р.Д нь Худалдаа хөгжлийн банкинд дундын данс нээлгэсэн гэж ойлгон, итгэл төгс байсан бөгөөд Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гомдолдоо, мөн хохирогчоор тогтоогдон байцаагдахдаа хүртэл С.Б бид 2 банкинд дундын данс нээлгэсэн гэсэн байдаг. /1 хх 25/,
Хохирогч Р.Д нь дундын данс эскроу буюу шинээр данс нээлгэсэн гэж ойлгосон тул банкинд дансны дугаараа авъя гэж хандсан байдаг. Гэтэл банк нь Р.Д-д өөрт нь огт хамааралгүй, 499269831 дугаартай дансыг өгсөн байсан.
Р.Д нь банкнаас өгсөн тухайн дансанд дундын данс гэж итгэн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 140.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл банкнаас өгсөн тухайн данс нь дундын данс ч биш, одоо Худалдаа хөгжлийн банкны тайлбарлаад байгаа Р.Д-г хамтран эзэмшигчээр бүртгэсэн гэх данс ч биш, С.Б-ын данс байсан байна. Р.Д нь тухайн дансанд хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн баримт ч байхгүй болно.
Р.Д нь банкинд дундын данс нээлгэж мөнгөө хадгалуулж байна гэж бат итгэсэн учраас их хэмжээний мөнгө банкинд хадгалуулж байна гэж ойлгож мөнгөө шилжүүлж байсан болно.
Дундын данс нээлгэе гэсэн хүсэлтээ хэлж танилцуулаад байхад банкны теллер М нь харилцагчийн хүсэлтээр дундын данс нээхгүйгээр “Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэгчийг байгуулж, Даваагаар гарын үсэг зуруулан мөнгийг шилжүүлүүлсэн байна.
Иргэний хувьд, үйлчлүүлэгчийн хувьд Р.Д нь банкинд ямар данс нээлгэх зорилготой байгаа тухай хүсэл зоригоо илэрхийлж байхад банкны ажилтан түүний банкинд итгэсэн итгэлийг хөсөрдүүлж, өөрийнх нь хүссэнээс өөр буюу С.Б мөнгийг нь авч ашиглаж болох дансанд мөнгөө шилжүүлэх дансны дугаар өгч Д-ийн итгэлийг алдаж, мөнгөө залилуулах боломжийг бүрдүүлсэн байна. Иймд Худалдаа хөгжлийн банк нь иргэний хариуцагчаар тогтоогдсон байх бөгөөд хохирол төлбөрийг хариуцах этгээд нь мөн юм.
Шүүх шүүгдэгч С.Б нь өөрийн шууд буруутай үйлдлээрээ хохирогч Р.Д-д учруулсан хохиролоо төлж арилгах үүрэгтэй гэсэн байна.
Шүүгдэгч С.Б нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсан нь нотлогдсон байх боловч, ийнхүү бусдад, тухайлбал хохирогч Р.Д-д хохирол учруулах боломжийг Худалдаа хөгжлийн банк өөрийн хариуцлагагүй үйлдлээрээ бүрдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан бөгөөд үүнийг үндэслэн шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахдаа хохирогч Р.Д болон түүний өмгөөлөгч нарын Худалдаа хөгжлийн банкыг иргэний хариуцагчаар татаж өгнө үү гэсэн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Мөн мөрдөгч Худалдаа хөгжлийн банкыг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэн тогтоол үйлдсэн байна.
Гэтэл шүүх Худалдаа хөгжлийн банкыг иргэний хариуцагчаар татсан үндэслэлээс татгалзах хангалттай нотолгоо байхгүй байхад шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Банкны ажилтан нь дүрэм журмаа үйлчлүүлэгчдээ бүрэн ойлгуулж тайлбарлаагүй, үйлчлүүлэгчийн хүссэнээс өөр гэрээ байгуулан шүүгдэгч мөнгийг нь авч ашиглах нөхцлийг бүрдүүлсэн, байгуулсан гэрээгээ харилцагчдаа өгөөгүй, банкинд итгэн хадгалуулсан мөнгөө алдан залилуулах боломж олгосон, харилцагчийнхаа хүссэн дансыг нээхгүйгээр төөрөгдүүлж өөр дансны дугаар олгосон зэрэг банкны буруутай үйл ажиллагаа байхад шүүх энэ байдалд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.
Миний үйлчлүүлэгч шүүх хуралдаанд “би банкинд итгэсэн юмаа” гэдгээ хэлж тайлбарлаж байсан. Хэрвээ банкинд итгэхгүй байсан бол мөнгөө банкаар дамжуулж өгөх шаардлага байгаагүй.
“...Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг болно” гэж Улсын Дээд шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг.
Энэхүү тогтоолд зааснаар С.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт банкинд итгэсэн хохирогч Р.Дгийн итгэлийг хөсөрдүүлж, өөрийнх нь хүссэнээс өөр буюу С.Б мөнгийг нь авч ашиглах боломж олгосон, Д-ийн итгэлийг алдаж мөнгөө залилуулах нөхцлийг бүрдүүлсэн байх тул Худалдаа хөгжлийн банкыг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/693 дугаар шийтгэх тогтоолд хохирогч Р.Д-д учруулсан 240.000.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Р.Д-гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “Иргэний хариуцагч”-ийг “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулна. ...” гэж хуульчилсан байдаг.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнд ял оноон шийдвэрлсэн боловч иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкийг төлбөр төлөхөөс чөлөөлж, шүүгдэгч С.Б-аас хохирогч Р.Д-д учирсан 240.000.000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Болсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Б нь миний үйлчлүүлэгч Р.Д-д Эрдэнэт ТӨҮГазарт хоолны катеринг үйлчилгээний тендер авч өгнө, үнийн дүнгийн 1 хувь болох мөнгө байршуулах хэрэгтэй гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499310348 тоот дансаар 100.000.000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 499269831 тоот дансаар 140.000.000 төгрөгийг буюу нийт 240.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирлыг учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн байдаг.
Худалдаа хөгжлийн банкны ажилтан, теллер М.М-ын буруутай үйлдлийн талаар:
Гэмт этгээд залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэхэд нь Худалдаа хөгжлийн банкны ажилтны хууль бус бөгөөд ажил үүрэгтээ хайнга хандсан үйлдэл гол түлхэц нь болсон байдаг. Өөрөөр хэлбэл, С.Б-ын хууль бус үйлдлийг дэмжин, хамтарсан байх магадлал өндөр нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч С.Б, банкны теллер Т.М, хохирогч Р.Д нарын мэдүүлгүүдээр нотлогддог боловч анхан шатны шүүх үүнд эрх зүйн дүгнэлтийг огт хийгээгүй. Тухайлбал,
1. Р.Д нь тухайн тендерийн үнийн дүнгийн 1 хувийг өөрийн мөнгө байршиж буй Голомт банкинд нэмж байршуулах гэхэд заавал Худалдаа хөгжлийн банкинд байршуулах ёстой гэж хуурч аваачсан.
2. 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Р.Д нь С.Б-ын хамтаар Худалдаа хөгжлийн банкинд очин, Эскроу буюу заавал хоёр эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр гүйлгээ хийгдэх хатуу нөхцөлтэй шинэ данс нээлгүүлэх тухайгаа илэрхийлэхэд теллер Т.М нь шууд болно хэмээн итгүүлж, 100.000.000 төгрөгийг шинэ данс нээлгүй, харин С.Б-ын эзэмшлийн дансанд байршуулсны дараагаар болохгүй талаар мэдэгдэж, улмаар гэрээ байгуулж нотариатаар батлуулан ирэхийг шаардсан. Р.Д-гийн тавьсан хатуу нөхцөлтэй шинэ данс нээлгэх нөхцөл шаардлагыг банкны теллер хүлээн авсан буюу мэдэж байсан боловч тухайн дансанд байршсан 100.000.000 төгрөгийг идэвхигүй төлөвт шилжүүлж, гүйлгээг царцаах арга хэмжээг санаатайгаар аваагүй улмаас С.Б нь өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, Р.Д нь С.Б-ын эзэмшлийн дансанд энгийн хамтран эзэмшигчээр нэмэгдэн орох зорилгогүй, заавал хатуу нөхцөлтэй шинэ данс нээлгэх зорилготой байсан учраас Худалдаа хөгжлийн банкинд өөрийн биеэр очсон байдаг.
3. 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр банкны теллер Т.М нь хоорондын байгуулсан гэрээг авчирснаар дундын Эскроу данс баталгаажих мэт ойлголтыг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Б-ын эзэмшдэг дансанд Р.Д-г энгийн хамтран эзэмшигчээр оруулсан талаарх үнэн зөв мэдээллийг миний үйлчлүүлэгчид өгөөгүй нуун дарагдуулсны улмаас Р.Д нь 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл 140.000.000 төгрөгийг дундын эскроу дансандаа хийж байна хэмээн итгэл төгс шилжүүлсэн байдаг.
4. 2023 оны 8 дугаар сарын 05-нд үлдэгдэл 140.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ Р.Д нь Худалдаа хөгжлийн банкинд өөрийн биеэр очиж өөрийн эскроу дансыг асуухад, теллер Т.М нь түүнд 499269831 гэх С.Б-ын эзэмшлийн өөр дансыг өгсөн байдаг.
Дээрх бүгдээс дүгнэн үзвэл Худалдаа хөгжлийн банкны ажилтан теллер Т.М нь өөрийн ажил үүргийн дагуу бус үйлдэл гарган, С.Б-ын залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэгийг үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Худалдаа хөгжлийн банк иргэний хариуцагч бөгөөд, бусдад учирсан хохирол төлбөрийг төлөх тухай:
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...Хадгалуулагч хадгалуулсан мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах хэлбэрийг сонгох...”, 1.5 дахь хэсэгт “...мөнгөн хадгаламжийг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох...”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2-д “...Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх”, 3-д “...Хадгалагч нь мөнгөн хадгаламжид авсан мөнгөн хөрөнгийг өөрийн гүйлгээнд хэрэглэн түүний бүрэн бүтэн байдлыг хангана...” гэж тус тус хуульчилсан байх боловч Худалдаа хөгжлийн банкны ажилтан Т.М нь дээрх хуульд заасан үүргээ зөрчиж, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өнөөдөр миний үйлчлүүлэгч нийт 240.000.000 төгрөгөөрөө хохироод байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ”...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банк нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасанчлан “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд...” буюу иргэний хариуцагч мөн бөгөөд тус банкнаас миний үйлчлүүлэгчид учирсан хохирол болох 240.000.000 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар:
С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтас хэргийн 7 талд Худалдаа хөгжлийн банк дахь С.Б-ын ганцаараа эзэмшдэг байдлаар 499310348 тоот дансны хуулга 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн он, сартай нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл, хохирогч Р.Д нь эскроу данс нээлгэсэн гэж итгэн 100.000.000 төгрөгөө 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн данс бөгөөд хэрэг гарснаас 4 хоногийн дараах байдлаар С.Б нь тухайн дансыг ганцаар эзэмшсэн хэвээр байгааг нотолдог. Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 499310348 тоот дансны хуулгыг дахин гарган өгөхдөө уг дансны хамтран эзэмшигчээр Р.Д-г 2020 оны 8 дугаар сарын 03-нд хамтран эзэмшигч болсон мэтээр өөрчилсөн зөрүүтэй баримт 1 хх 85 талд авагдсан байдаг.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо энэхүү баримтыг үгүйсгэсэн талаар болон Худалдаа хөгжлийн банкны ажилтны үйлдэл болон банк ямар учраас иргэний хариуцагч биш бөгөөд бусдад төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх тухай үнлэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023\ШЦТ\693 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Р.Д-д учирсан хохирлыг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулахаар тусгасан өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Ч.Э-ын 220.000.000 төгрөгийг С.Б нь залилах арга замаар өөртөө авсан гэх хэргийн бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй, хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хуульд заасан агуулгаас харвал залилах гэмт хэргийн улмаас хохирогчид хөрөнгийн хохирол учирдаг бол харин уг гэмт хэргийг үйлдсэн этгээд хөрөнгийг захиран зарцуулах эрх боломжийг олж авдаг. Өөрөөр хэлбэл, уг гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчтой харилцаа тогтоож, түүний итгэлийг олж авч, уг итгэлцлээ гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэл болгон ашигласнаар эхэлж, энэхүү гэмт санаагаа тодорхой болгон үйлдэж, хохирогчийн хөрөнгийг шилжүүлж авснаар дуусгавар болдог.
Ч.Э нь өөрийн 250.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ өөрийн хамаатны үеэл ах Д.З, Д.Б нарт итгэсэн итгэлцлийн үндсэн дээр энэхүү мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн ба уг мөнгөн хөрөнгийн 50.000.000 төгрөгийг С.Б /хамаарал бүхий этгээд рүү/ Д.З, Д.Б нарын ятгалгаар шилжүүлсэн. Хэрэв тухайн цаг хугацаанд энэ үед Д.З, Д.Б нар байгаагүй бол Ч.Э би огтын танихгүй С.Б-д итгэж 50.000.000 төгрөгийг өгөх ч боломжгүй юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан заагдсан “220.000.000 төгрөгийн хохирол” гэх мөнгөний 120.000.000 төгрөгийг Ч.Э би 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Д.Б-ы “Очир-Ундраа” ББСБ-д байсан өөрийн зээлийг төлж, “Очир-Ундраа” ББСБ-д шилжүүлсэн. Энэхүү зээлийг төлснөөр /би энэ мөнгийг шилжүүлснээр/ Д.Б нь уг зээлийн барьцаанд байсан өөрийн сууцыг чөлөөлж авсан, өөрийн өр төлбөрийг надаар төлүүлж байраа гаргаж авсан. Гэтэл анхан шатны шүүх нь уг мөнгөн хөрөнгийг С.Б авсан гэх хэргийн бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй дүгнэлтийг хийсэн.
Д.Б нь өөрийн зээлийг надаар төлүүлэх үйлдлийг хийж байх үедээ аль хэдийн С.Б нь түүнийг тендер нэрийдлээр залилсан байсныг мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх хуралдаан гаргасан түүний тайлбараар хангалттай нотлогдож байгаа.
Аливаа иргэн, хуулийн этгээд бусдад залилуулсан нь бусдыг залилах эсхүл тухайн залилах асуудалд бусдыг оруулж өөрийнхөө хөрөнгийг гаргаж, хүнийг залилах эрхийг бий болгохгүй. Гэтэл анхан шатны шүүх нь Д.Б, Ц.З нарын энэхүү үйлдэлд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
Энэхүү үйл явдлын дараагаар ч Д.Б 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз А.Батцэнгэл гэх хүний Хаан банкны төгрөгийн 5069050784 гэдэг данс руу 50.000.000 төгрөг шилжүүлж өгөөч энэ хүнд өртэй гээд Ч.Э би гүйлгээний утга дээр Ч.Э-оос гэж бичиж Д.Б-ы 50.000.000 төгрөгийн зээлийг төлж, мөн өөрийн дансанд Ч.Э надаас 20.000.000 төгрөгийг авсан байхад энэ мөнгөн хөрөнгийн үнэ цэнэ захиран зарцуулах С.Б авсан гэдэг нь ч үндэслэлгүй юм.
Мөн М гэх хүний данс руу шилжүүлсэн мөнгөний тухайд Д.Б-ы заавар зааварчилгаагаар Ч.Э би шилжүүлсэн.
Энэхүү 200.000.000 төгрөгийг шилжүүлэх болсон гол шалтгаан нөхцөл итгэлийг урвуулан ашиглах үйл ажиллагааг Ц.З, Д.Б нарын идэвхитэй үйлдэл, хамаатны хүндээ итгэсэн миний итгэлцлийг урвуулан ашигласан байхад анхан шатны шүүх хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөхгүй байгаад маш их гомдолтой байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний бие өмгөөлөгчөөр өмгөөлүүлж, хууль зүйн туслалцаа авах хуулинд заасан эрхээ хурлын өдөр эдлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгчөөр хангуулах шаардлагатай байгаагаа удаа дараа маш тодорхой хэлсэн боловч огтхон ч хүлээн авч хэлэлцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хүнд зүйл ангиар зүйлчилж 10 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
2. З, Б нарын үйлдэл холбогдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тогтоогоогүй учир хэрэгт ямар оролцоотой талаар дүгнэлт хийж чадаагүй, нотолбол зохих үнэн бодит байдлыг тогтоогоогүй. Ингэснээр бусдыг хэргийн холбогдогч нарыг хохирол төлбөрөөс зайлсхийх, мултрах, ял завших боломжийг шууд олгосон.
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Худалдаа хөгжлийн банкийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан атал хохирогч Д-тай холбоотой хохирлыг дан ганц надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.
4. Хохирогч, нэхэмжлэгч гэх 5 хүнээс анх хэрхэн мөнгө гарсан байдал, түүнийг эргэн төлөлт хийхдээ өөр хоорондоо дамжуулан төлбөрийг төлсөн байдал, зарцуулалт зэрэг нарийн уялдаа холбоо хэргийн ээдрээт байдлыг нарийн шинжилж, судалж үнэн бодит байдлыг зөв тогтоон дүгнэлт хийж чадаагүй.
5. Хохирлын тооцоог буруу алдаатай шийдвэрлэсэн талаар:
Хэргийн материалд авагдсан нотлох баримт хохирогч Э болон түүний өмгөөлөгчийн удаа дараагийн мэдүүлэг болон байр суурь зэргийг огтоос авч үзэн шинжлэн судлаагүйн улмаас хохирогч Э-ын хохиролд хохирогч, холбогдогч, хариуцагч ба хохирлын тооцоог буруу тогтоосон. Хохирогч Э нь 250.000.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн. Гэтэл уг мөнгөний 120.000.000 төгрөгийг Б авч “Очир-Ундраа” ББСБ-ын төлөх өрөө төлсөн. /өөрийн төлөх ёстой төлбөрөө/. Мөн 50.000.000 төгрөгийг нь Б нь Б гэх хүний дансаар авсан. Өөрийн дансаар 20.000.000 төгрөг, эгч М-ын дансаар 10.000.000 төгрөгийг авсан нь дансны хуулга болон шилжүүлгийн баримтаар нотлогддог. Ингээд Б нийтдээ хохирогч Э-ын нэхэмжилж буй 250.000.000 төгрөгөөс шууд болон шууд бусаар 200.000.000 төгрөгийг өөртөө авч хэрэглсэн байдаг юм. Миний авч хэрэглэсэн мөнгөн дүн 50.000.000 төгрөг атал, хохирлын тооцоогоор 220.000.000 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хохирогч Б нь 280.000.000 төгрөг нэхэмжилсэн. Түүнийг анхан шатны шүүхийн шийдвэрээр надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл би Б-д 60.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 4.500.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 1.125.000 төгрөг гэх мэт нийтдээ 95.000.000 орчим төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байхад төлбөрийн тооцоонд огт оруулж хасаагүй. Холбогдох баримт нь хавтаст хэрэгт авагдсан болно.
Хохирогч З нь 29.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл би З руу 144.000.000 төгрөг шилжүүлсэнийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн үе шатанд аман байдлаар дансны дугаар, хүлээн авагч, шилжүүлсэн огноог мэдүүлсээр байтал цааш нь шинжлэн судалж нотлох баримтыг холбогдох хүмүүсээс шаардаж тогтоогоогүй. Энэ мөнгөний 71.000.000 төгрөг нь хохирогч Б-д төлөгдсөн. Мөн 30.000.000 орчим төгрөг нь З болон бусад хохирогч бид бүгдийн эхлүүлсэн рестораны бизнесийн талбайн түрээс төлөхөд, үлдсэн 43.000.000 төгрөгийг З өөрийн бусад өр төлбөртөө өгсөн байтал үнэн зөв бодит байдлыг огт нотлоогүй. Гэтэл хамгийн ойлгомжтой б айгаа З-ын авч хэрэглэсэн 43.000.000 төгрөгийг хаана ч тооцоолоогүй хий орхисон нь энэ хүнийг мөнгө завших, цаашлаад ял завшихад хүргэж байна.
Хохирогч Б-гийн нэхэмжилсэн 128.000.000 төгрөгөөс Б-ны данс руу 30.000.000 төгрөг, миний нөхрийн данс руу 98.000.000 төгрөг шилжигдсэн нь дансны хуулгаар нотлогддог. Гэтэл хохирлын тооцоог бодохдоо намайг 128.000.000 төгрөгийг бүгдийг авсан мэтээр тооцож, миний төлсөн 71.000.000 төгрөгийг хасан үлдсэн 57.000.000 төгрөгийн хохирлыг бүгдийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэнтэй огт санал нийлэхгүй байна. Учир нь, хохирогч Б-гээс авсан 98.000.000 төгрөгийг би, бид дөрөвийн эхлүүлсэн бизнес болох “Панда-Фүүдс” ХХК-ийн хөрөнгө худалдан авалт, тохижилт, засвар үйл ажиллагааны зардалд зарцуулсанаа нягтлан бүртгэлийн хэмжээнд баримтаар тайлбарлан мэдүүлж өгсөөр байтал намайг хувьдаа ашигласан мэтээр үзэж, дан ганц надаар төлүүлэхээр шийдвэрлэсэнд үнэхээрийн харамсан, маш их гайхаж байна.
6. Анхан шатны шүүхээс намайг яллахдаа хохирогч нараас авсан мөнгө амьдралын эх үүсвэрээ болгосон хэмээн үзэж хүнд зүйл ангиар зүйлчилсэн. Гэтэл миний бие нь хувиараа валют арилжаалагч, арилжааны бизнес эрхэлдэг, гэр бүлийн хүн маань хангалттай орлого олж бид амьдрал ахуйгаа болгодог байсан. Миний хэрхэн яаж амьдардаг байсныг хохирогч З-ын мэдүүлэгт дурдсан байдаг.
7. Хохирогч нараас авсан гэх нийт 825.100.000 төгрөгийн анхны шилжүүлсэн байдал, зарцуулсан төсөв, тухайн мөнгөний хувь хүн хооронд шилжисэн мөнгөн урсгал, эргэн төлөлт, өр төлбөрийн үлдэгдэл зэрэгт санхүүгийн үүднээс бүрэн шинжилгээ судалгаа дүгнэлт хийлгүй хохирлын тооцоог буруу зөрүүтэй гаргаад зогсоогүй, хохирогч нарыг үнэн зөв тодорхойлоогүй.
8. Хохирогч Э, З, Б бид дөрвийн хувьд “Панда-Фүүдс” ХХК-ийн хувьцааг хүн тус бүр 25 хувийг эзэмшидэг юм. Бид бүгд нэг сэтгэл, нэг зорилго итгэл үнэмшилтэйгээр хамтран ажиллаж бизнесээ эхлүүлэн хийж байсан ч Ковид 19 болон улс төр, нийгэм эдийн засгийн хүнд үеийг давж чадалгүй зогсонги байдалд орсон. Компанийн тухай хууль, Өмчлөлийн тухай хууль, бизнесийн зарчим, бусад хууль тогтоомжинд адил тэнцүү хэмжээгээр хувь эзэмшиж байгаа компани ашиг алдагдал учирч болох бүх эсрдэлийг хувьцаа эзэмшигч нар эрх тэгш тэнцүү хэмжээгээр хариуцана гэсэн энгийн ойлголт байдаг. Гэтэл миний бие өөрийн зүгээс “Панда-Фүүдс” ХХК-д 300.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ нягтлан бодох бүртгэлийн хэмжээнд нотлох баримтын хамт мөрдөн байцаалтын явцад гарган өгч тайлбар мэдүүлэг хангалттай өгсөн.
9. Уг хэргийг шинжлэн судалж, нотолж шийдвэр гаргахдаа мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүх гээд бүх процесс үе шатууд дээр зөв шударгаар бүрэн гүйцэд үйл ажиллагаа хийлгүй зөвхөн ганц над дээр фокуслан хэргийг хурдан шийдвэрлэж хэт нэг талыг баримтласан гэж үзэж байна. Энэ хэргийн ээдрээ төвөгтэй байдал, хүн тус бүрийн оролцоо, хөрөнгө оруулалт, мөнгөний орж гарсан урсгал, хохирлын эцсийн дүн болон түүний шууд холбогдогч зэргийг тогтоохдоо анхнаасаа буруу байсан гэж хувьдаа үзэж байна. Иймд хохирлын тооцоо болон холбогдогчийг эцсийн байдлаар үнэн, зөв бодитой гаргахын тулд санхүүгийн шинжээч болон мэргэжилийн аудитын байгууллагаар шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулах нь зүйтэй.
Миний бие уг хэрэгт холбогдсон 2019 оноос хойш одоог хүртэл байнгын эмчийн хяналтад байж бие болон сэтгэл санааны хүнд байдалд байна.
Миний сүүлийн үеийн 2022 оны 12 дугаар сараас эхлэн өнөөг хүртэл эмнэлгээр эмчлүүлсэн өвчний түүх болон өвчний онош, эмчлүүлсэн байдал, эмчлүүлэх хагалгааны заалтын талаарх баримт нотолгоо хавтас хэрэгт авагдсан байгаа.
Уг хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоон хохирлын хэмжээ, холбогдогчийн тодорхойлон миний үйлдэлд тохирсон зөв зүйл ангиар зүйлчилж, яллан надад энэрэнгүй зөөлөн шудагаар хандаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.Э-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэрэг шүүхэд шилжсэний дараа хохирогч Ч.Э-ын өмгөөлөгчөөр оролцсон. Эрүүл мэндийн шалтгааны улмаас анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгүүдэд оролцогчдын гомдлоор болон шүүх өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах анхан шатны шүүхэд олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд болон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам болон зарим оролцогчдын эрхийг хязгаарласан асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар заасан байдаг. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг заасан байдаг. Хэргийг прокурорт буцааж гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоож, гэм буруугийн асуудалд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж болдог байсан боловч 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах заалтыг хүчингүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө хэргийг шийдвэрлэх байсан боловч шүүх хуралдааны ирц бүрдээгүй гэх шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсоор 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаан болсон. Хохирогч Ч.Э 250.000.000 төгрөгөөр хохирсон бөгөөд шүүгдэгч С.Баас 50.000.000 төгрөгийг, хохирогч Ч.Э-ын үеэл ах Д.Б-оос 200.000.000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан байдаг тул Ц.З, Д.Б нарыг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх С.Баас 220.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Э--од олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Б-ы өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14, 15 дугаар талуудад шүүх хуралдаан нийт 21 удаа хойшилсноос шүүгдэгч С.Б өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгч авна гэсэн үндэслэлээр 15 удаа шүүх хуралдаан хойшилсон талаар бичигдсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч С.Б нь хохирогч нарын ах дүү, найз нөхдийн холбоог ашиглан залилсан гэдэг нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирлын тооцоо хийсэн тул хохиролтой холбоотой асуудал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Шүүгдэгч С.Б хохирогч Д.Б-ы үйлдэлд маргаангүй талаараа мэдүүлж байсан. Хохирогч Ч.Э-ын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 46 дугаар талд хохирогч Ч.Э-той холбоотой үйлдлийг тодорхой тайлбарласан байдаг. Хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны шат, анхан шатны шүүх хуралдаанд ч Д.Б, Ц.З нарыг шүүгдэгч С.Б-тай хамтран гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Д.Б-ыг хохирогчоор тогтоосон байдаг. Иймд хохирогч Ч.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Э нь Д.Б-ы орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанаас чөлөөлсөн гол үйл баримт нь тендертэй холбоотой асуудалд Ч.Эыг хөрөнгө оруулах санал тавьсаны үндсэн дээр Ч.Э, Ц.З, Д.Б, С.Б нар уулзаж Ч.Э 20 хувийг эзэмшихээр 150.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хохирогч Ч.Э тухайн үед Д.Б нь С.Бд залилуулснаа мэдэж байсан гэдэг боловч мэдэж байсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Д.Б нь Ч.Э-оор орон сууцаа чөлөөлүүлсэн боловч дахин барьцаанд тавьж С.Б-д мөнгө өгсөн байдаг нь тогтоогддог. Ч.Эын чөлөөлүүлсэн орон сууцанд иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Бямбасүрэн, Ц.З нарын өмгөөлөгч Ц.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ын өмгөөлүүлэх эрхийг хангасан гэж үзэж байна. Хохирогч Ц.З үеэл дүү Д.Б, Ч.Э нарыг С.-Бтай танилцуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгагдаж байсан. Хохирогч нараас шүүгдэгч С.Б-д шилжүүлсэн мөнгөнөөс хохирогч Ц.З хувьдаа авч ашигласан үйлдэл тогтоогдоогүй. Хохирогч Ц.З-аар дамжуулан түүний хамаарал бүхий хүмүүсээс мөнгө зээлүүлж авдаг, буцааж хүүгийн хамт Ц.З-ын дансаар дамжуулан өгч байсан үйл баримт тогтоогдсон. Хохирогч Ц.З-т 29.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Б-д 128.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Үүнээс 71.180.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Р.Д нь Худалдаа хөгжлийн банканд өөрийн биеэр ирж С.Б-ын дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргасан нь 5 дугаар хавтаст хэргийн 138 дугаар талд авагдсан. Хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн тохиолдолд дансан дахь мөнгийг захиран зарцуулах адил эрхтэй байхыг сануулсан санамж бүхий нөхцөлтэй бөгөөд С.Б, Р.Д нар гарын үсгээ зурсан. Банк харилцагчтай үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ байгуулдаг. Худалдаа хөгжлийн банк уг гэрээний 2.9 дэх заалтыг зөрчсөн гэж байна. Худалдаа хөгжлийн банкнаас ямар үйлчилгээ авах хүсэлтээ гаргах ёстой. Гэтэл Р.Д нь С.Б-ын дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргасан байдаг. Эскроу данс нээлгэх хүсэлт гаргаагүй. Учир нь, эскроу данс нээлгэх нөхцөлийг хангасан баримт бичгийг бүрдүүлээгүй байсан тул эскроу данс нээлгэх боломжгүй гэж тайлбар өгсний үндсэн дээр хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гарган гэрээ байгуулсан. Р.Д, С.Б нар хоёул данснаас зарлага гаргах эрхтэй гэрээ байгуулсан. Тухайн үед Р.Д нөхцөл байдлыг мэдэж байсан бөгөөд Голомт банканд очиж гүйлгээ хийсэн байдаг. Хамтран эзэмшигчээр бүртгэгдээгүй гэж байгаа нь Худалдаа хөгжлийн банкны үндсэн бүртгэлийн системийн мэдээлэл буюу хавтас хэргийн 173 дугаар талд авагдсан баримтаар үгүйсгэгддэг. 5 дугаар хавтас хэргийн 173 дугаар талд авагдсан банк хоорондын төлбөр тооцооны үндсэн гүйлгээний системд бүртгэгдсэн мэдээллээр 40 орчим минутын дараа Голомт банканд очиж гүйлгээ хийсэн гэдэг нь тогтоогддог. Худалдаа хөгжлийн банк хуулийн дагуу төлбөр тооцоо хийсэн байхад иргэний хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаар талд шүүгдэгч С.Б нь хохирогч Р.Д-гаас 240.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн байдаг. Мөн шийтгэх тогтоолын 50, 51 дүгээр талуудад Худалдаа хөгжлийн банк буруутай үйл ажиллагаа эрхлээгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.Б залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь нотлогддоггүй. Хохирогч Ч.Э, Д.Б, Ц.З, шүүгдэгч С.Б нар 2019 онд “Панда фүүдс” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тухайн үед “Панда фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Б ажиллаж байсан. “Панда фүүдс” ХХК-ийг тохижуулах үйл ажиллагаа Ц.З, Д.Б нар хариуцаж байсан. Тендерийн материал байхгүй байхад хамтран “Панда фүүдс” ХХК-ийг үүсгэн байгуулах саналыг хохирогч нар хэн аль нь хүлээн зөвшөөрч байсан. Харилцан тохиролцож үүсгэн байгуулсан “Панда фүүдс” ХХК-д шүүгдэгч С.Б хөрөнгө оруулалт хийсэнд маргах зүйлгүй. Хохирогч Д.Б, Ц.З нар ах дүү нараасаа мөнгө зээлж хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хохирогч Б.Б нь Ц.З-т итгэж мөнгө зээлүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Ч.Э-оос зээлсэн мөнгийг шүүгдэгч С.Б-ын нөхрийн данс руу шилжүүлсэн үйл баримт байдаггүй. Хохирлын асуудалд анхан шатны шүүх хангалттай дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг заасан байдаг. “Панда фүүдс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай холбогдуулан Д.Б, Ц.З нар нь Ч.Э, Б.Б нараас мөнгө авсан үйлдэл нь шүүгдэгч С.Б-тай холбоогүй. Шүүгдэгч С.Б нь Ц.З-ын үеэл дүү, найз нөхөд нь мөнгөтэй байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлд дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр хангасан гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие шүүхийн шатанд өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд надаас 1 удаа татгалзсанд хэлэх тайлбаргүй. Хохирогч Ц.З Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн бөгөөд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч Р.Дгийн гаргасан өргөдлөөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4 удаа гомдол гаргасан байдаг бөгөөд хохирогч Ц.З, Р.Д нарын орлогыг шалгаж, тогтоолгох хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, ажиллагаа хийгдээгүй. Хохирогч Д.Б “Панда фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Г гэх хүн “...би С.Б-ыг танихгүй, Д.Б, Ц.З нарт мөнгө өгсөн...” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс хохирогч Ц.З-аас 29.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх шаардлагатай гэж үзэж байна. Шүүгдэгч С.Б бусад хүмүүсийг шалгахгүйгээр намайг золиос болгох гэж байна гэж ярьдаг. “Их Наяд” худалдааны төвийн 1 давхарт хятад хоолны газраар тохижуулахад ашигласан шүүгдэгч С.Б-ын нас барсан нөхрийн дансыг хохирогч Ц.З, Д.Б нар ашиглаж байсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээнээс гадна хохирогч нарын тоо, үйлдлийн арга хэрэгслийн хувьд шүүгдэгч С.Б залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч С.Б нь өөр амьдралын эх үүсвэртэй гэх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, татвар төлсөн баримт байдаггүй тул ажил эрхэлдэг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Гэмт хэрэг 2019 оноос 2020 оны хооронд үйлдэгдсэн бөгөөд тухайн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй нь тогтоогдсон тул залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн. Шүүгдэгч С.Б нь удаа дараа өмгөөлөгчөөсөө татгалзаж, өмгөөлөгч авах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн тул шүүгдэгч С.Б-ын өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрдэнэт үйлдвэрийн тендерт оролцох асуудлаар хохирогч нараас мөнгөн хөрөнгийг цуглуулсан байдаг. Түр хугацаагаар бусдын дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлж 720.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй дансыг хохирогч Д.Б, Ц.З нарт үзүүлж тендерт оролцох мөнгөн хөрөнгийг төвлөрүүлсэн данс гэж ойлгуулдаг байсан. Хохирогч Ч.Э нийт 250.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Баас 220.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.З, Д.Б нар гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ч.Э шүүгдэгч С.Баас 50.000.000 төгрөгийг, хохирогч Д.Б-оос 200.000.000 төгрөгийг тус тус гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогч Д.Б-ы 240.000.000 төгрөгөөс байрны зээлийг, Б гэх хүний 50.000.000 төгрөгийг тус тус төлсөн тул 170.000.000 төгрөгийг хасаж тооцон, анхан шатны шүүх хохирогч Ч.Эод 220.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас хохирогч Р.Д-гийн нэхэмжилсэн 100.000.000 төгрөгийг гаргуулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гурвалсан гэрээ буюу хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан баримт хавтас хэрэгт авагдсан. Хохирогч Р.Д тухайн үед эскроу данс нээгээгүй нөхцөл байдлыг мэдэж байсан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тул иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулах нь үндэслэлгүй байна. ХХХэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 жилийн хугацаанд явагдсан бөгөөд шүүгдэгч С.Б цагдан хоригдсон тул хохирол төлж чадаагүй гэдэг. Гэтэл шүүгдэгч С.Б 2 сарын хугацаагаар цагдан хоригдсон тул хохирол төлөх боломжтой байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бд оногдуулсан ял үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Р.Д, шүүгдэгч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч Р.Д, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Д.Эрдэнэцэцэг, хохирогч Ч.Э, шүүгдэгч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.Б-ыг хохирогч Р.Д-д “Эрдэнэт үйлдвэрт хоолны катеринг үйлчилгээний тендер авч өгнө, үнийн дүнгийн 1 хувь болох мөнгө байршуулах хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 140.000.000 төгрөг, нийт 240.000.000 төгрөгийг,
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт нэг өдөрт 3740 ажилчдыг хооллох нийтийн хоолны тендерт оролцож авна, уг тендерт оролцох эрхтэй компани” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогч Д.Б-оос 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд 280.000.000 төгрөгийг,
хохирогч Ц.З-аас 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 29.000.000 төгрөгийг,
хохирогч Ч.Э-ыг “Эрдэнэт үйлдвэрийн тендерт ялалт байгуулсан компани байгаа, тэр компанийг худалдаж аваад хамтарч ажиллая, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна, чи хөрөнгө оруулалт хийгээч, Эрдэнэт үйлдвэрийн тендерийн өөрсдийн хувиасаа 25 хувийг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, тендерийн үйл ажиллагаанд оролцоогүй бодит байдлыг нуух замаар хохирогч Ч.Э-оор 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 120.000.000 төгрөгийг “Очир-Ундраа” ББСБ-д төлүүлсэн, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Б-д 50.000.000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 40.000.000 төгрөг, нийт 220.000.000 төгрөгийг, нийт 3 хохирогчид 529.000.000 төгрөгийн,
мөн 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд Ц.З-аар дамжуулан иргэн Б.Б-гээс нийт 128.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 5 хохирогчид 897.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Мөнхийн үсэг” ХХК-ийн ажлын байран дотор иргэн Г.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг түлхэж хаалга мөргүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд “шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож”, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байх учиртай.
Уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт холбогдсон шүүгдэгч С.Б-ын үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.
Тухайлбал, хохирогч Б.Б2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гомдол гаргахдаа “...492.418.350 төгрөгийг Ц.З, С.Б нарт залилуулсан...” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байх бөгөөд харин прокурор болон анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ыг Б.Б-оос 280.000.000 төгрөгийг залилсан гэж дүгнэснээс гадна шүүгдэгч С.Б нь “нэр бүхий хохирогч нарт тодорхой хэмжээний хохирлыг төлсөн байхад хохирлоос хасаж тооцоогүй” талаар давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд /Б.Б-д 60.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 4.500.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 1.125.000 төгрөг, нийт 95.000.000 орчим төгрөгийг шилжүүлсэн гэх мэтээр/ шүүх хуралдаанд оролцож буй прокурор үүнд тодорхой тайлбар хэлж чадаагүй, мөн анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хохирол бодитой тогтоогдоогүй талаар гаргасан шүүгдэгчийн гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотлобол зохих бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын төвшинг ихэсгэх буюу багасгах, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.
Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн хоорондын дансны хуулга зэргийг харьцуулан хохирлын хэмжээг тооцсон хэдий ч мэргэшсэн эдийн засгийн шинжилгээ хийлгэсний үндсэн дээр тухайн хэргийн хохирлыг нарийвчлан тооцох нь хэргийн шийдвэрлэлт болон шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд ач холбогдолтой гэж үзлээ.
Мөн хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, “...хохирогч Р.Д, шүүгдэгч С.Б нар нь Худалдаа хөгжлийн банкинд дундын данс буюу эскроу данс нээлгэхээр 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр очиж хүсэлт гаргасан боловч С.Б-ын эзэмшилийн 499310348 тоот хадгаламжийн дансанд хамтран эзэмшигчээр хохирогч Р.Д-г бүртгэж, тухайн өдрөө хохирогч Р.Д 100.000.000 төгрөгийг хамтран эзэмшигчээр тогтоосон С.Б-ын эзэмшилийн 499310348 тоот хадгаламжийн дансанд “Д-с зээл” гэх утгаар шилжүүлсэн. ...” нөхцөл байдал тогтоогдож, энэ талаар Худалдаа хөгжлийн банкны тухай үед ажиллаж байсан теллер Т.М-аас мэдүүлэг авсан байх бөгөөд харин 2020 оны 8 дугаар сарын 05-ны хохирогч Р.Д нь С.Б-тай дундын данс буюу 499310348 тоот хадгаламжийн данс руу 140.000.000 төгрөгийг хийхээр банкны теллерт хандахад, банкны теллер Т.М нь хохирогч Р.Дг хамтран эзэмшигчээр тогтоогоогүй, өөрөөр хэлбэл С.Б-ын өөр 499269831 тоот данс руу 140.000.000 төгрөгийг шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Худалдаа хөгжлийн банкны теллер Т.М-ын гэм буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тодруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шаардлагад нийцээгүй байгаа нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан зөрчил бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хохирогч Р.Дгийн “...хохирогч надад их хэмжээний хохирол учрах болсон шалтгаанд банкны ажилтан нөлөөлсөн тул иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас 240.000.000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Д.Эрдэнэцэцэг нарын “...хохирогч Р.Д-д учруулсан 240.000.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...”, хохирогч Ч.Эын “...анхан шатны шүүх нь Д.Б, Ц.З нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, 200.000.000 төгрөгийг шилжүүлэхэд Д.Б, Ц.З нарын итгэлийг урвуулан ашигласан идэвхитэй үйлдэл байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”, шүүгдэгч С.Б-ын “...Ц.З, Д.Б нарын үйлдэл холбогдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тогтоогоогүй, Худалдаа хөгжлийн банкийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан атал хохирогч Даваатай холбоотой хохирлыг дан ганц надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн, хохирогч, нэхэмжлэгч гэх 5 хүнээс анх хэрхэн мөнгө гарсан, түүнийг эргэн төлөлт хийхдээ өөр хоорондоо дамжуулан төлбөрийг төлсөн байдал, зарцуулалт зэрэгт бодит дүгнэлт хийгээгүй, хохирлын тооцоог буруу тооцсон, хохирогч нарыг буруу тодорхойлсон, хэргийг буруу зүйлчилсэн. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/693 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч С.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР