Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

          улсын яллагч М.Эрдэнэзаяа,

          шүүгдэгч А.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн 1806 0059 90156 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын      8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, халх, 43 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, тоотод оршин суух хаятай. ял шийтгэлгүй Боржигон овогт Агийн Б РД: М.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч А.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих
шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо. Монелийн 19 дүгээр гудамж 436 тоот
хашаанд байх хувийн байшинд байх үедээ өөрийн эхнэр Д.Отгонжаргалтай
маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Отгонжаргалын мэдүүлэг /хх- 07-08/, шүүх эмнэлгийн шинжээчийн 1249 дугаартай дүгнэлт /хх-13/, гэрч А.Бийн мэдүүлэг /хх-9/, А.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-31/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, шүүгдэгч А.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Бнь нь 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих
шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо. Монелийн 19 дүгээр гудамж 436 тоот
хашаанд байх хувийн байшинд байх үедээ өөрийн эхнэр Д.Отгонжаргалтай
маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Отгонжаргалын өгсөн: “…Тэгээд намайг гэртээ хоол унд хийгээд байж байхад манай нөхөр нөгөө хүнтэйгээ машин янзлаад л гэр рүү орж гараад байж байгаад орой гэрт орж ирээд тэр 2 нэг шил 05 граммын архи аваад ууж эхэлсэн юм. Тэгэхээр нь би гэрт архи уулаа, архи ууж хэрэггүй манай нөхөр архи уухаараа бие нь өвдөөд байдаг юм гэж хэлэхэд манай нөхөр гадны хүний хажууд намайг доошоо хийлээ гээд уурлаж эхэлсэн юм. Тэгээд бай байгаад Чулуундорж харина гэж хэлээд гараад явсан. Гэтэл манай нөхөр Батмөнх намайг гараад Чулуундоржыг оруулаад ир ганцаараа явж байгаад хөлдөөд үхчихвэл яах юм бэ , энэ тэр гээд л уурлаж надтай хэрэлдэж, муудалцаад улмаар нөхөр маань босч ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд манайг шинээн дээр дарж унагаагаад бас л дээрээс цохиж зодоод байсан”. /хх-7-8/ гэх мэдүүлэг,  

Мөрдөн байцаалтад гэрч А.Бийн өгсөн: “….миний танил Чулуундорж манай гэрт ирж миний машиныг асааж өгсөн юм. Тэгээд орой 18 цагийн үед би дэлгүүр орж 05 граммын хараа нэртэй архи авач ирээд Чулуундорж бид хоёр манай гэрт сууж байгаад хувааж уусан юм. Тэгээд архиа ууж байтал манай эхнэр Отгонжаргал ажлаасаа ирээд гэртээ архи уулаа энэ тэр гэж уурлаж эхэлсэн. Тэгээд сууж байтал Чулуундорж харина гээд манай гэрээс гараад явчихсан. Тэгээд би архи уусны төлөө уурллаа энэ тэр гэж эхнэртэйгээ маргалдаад эхэрээ зодож толгой, нүүр рүү нь нүцхэн гараараа хэд хэдэн удаа цохьсон санагдаж байна.” /хх-9/ гэх мэдүүлэг,     

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1249 дугаартай дүгнэлт:

1. Д.Отгонжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод  уруулны эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/,

-Шүүгдэгч А.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Бнь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч А.Бнь хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол саналгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бөд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

         Шүүхээс шүүгдэгч А.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Боржигон овогт Агийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Бийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Бнь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар

 А.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бөд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС