Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/149

 

 

 

 

 

 

    2024          01            25                                       2024/ДШМ/149

 

  З.У-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батзаяа,

цагаатгагдсан этгээд З.У-ийн өмгөөлөгч П.Гансүх,

хохирогч Х.Э-ын өмгөөлөгч А.Ариунтуул,

нарийн бичгийн дарга Х.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/674 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батзаяагийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг үндэслэн З.У-д холбогдох эрүүгийн 2311004730701 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ын У, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ............. төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух, /РД: ............./;

Шүүгдэгч З.У нь иргэн Х.Э-ыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад нь “байн байн гадаадад аялдаг, аяллын золиосонд тус хүрээлэнгийн ажилчид цалингаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг “Mn Barimt” фэйсбүүк цахим хуудсаар олон нийтэд тарааж худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: З.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .. овогт ...-ын У-эд холбогдох эрүүгийн 2311 00473 0701 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” бол гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр заажээ.

Хуурамч мэдээлэл /Disinformation/ гэдэг нь А институт, засаглалд итгэх итгэлийг сулруулж, олон нийтийн санаа бодлыг санаатайгаар төөрөгдүүлсэн, буруу мэдээллийг хэлнэ.

Хуурамч мэдээллийг зориуд төөрөгдүүлэх замаар дэлгэж эсхүл төөрөгдүүлэх сэдлээр хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл гэдэг нь хор уршиг учруулахын тулд мэдсээр байж хуваалцдаг эсхүл болзошгүй хохирлыг үл тоомсорлон хийсэн худал эсхүл мэхлэн өдөөх мэдээлэл юм.

Хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан бөгөөд энэ гэмт хэрэг нь “Нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж обьектив талын шинжээр тодорхойлогдсон.

“Илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод зарим тохиолдолд тодорхой үйл баримт, болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой үндэслэл бүхий боловч ингэх явцдаа нэр хүндийг гутаасан, түүнд халдсан, бодит баримтыг бүрэн гүйцэд бус, алдаатай мэдээлэл тараасныг хамруулан ойлгоно.

Монгол хэлний их тайлбар бичигт “Мэдээлэл” гэдэг үгийг “Ямар нэгэн үйл хэргийн тухай амаар болон бичгээр дэлгэрэнгүй мэдээллэх явц, мэдээ дамжуулах, “Худал” гэдгийг “Бодит байдлыг гуйвуулсан үг, бодит байдлыг зориуд гуйвуулах, үнэн бус яриа”, “Илт” гэдгийг “Ил бүхий, юмны тодорхой, нууц биш, илэрхий мэдэх, мэдэж буй нь тодорхой байх” гэснээр тус тус тайлбарлажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлийн зарим заалтыг тайлбарласан бөгөөд уг тогтоолд “...худал гүжирдлэг...” гэдэгт илт худал мэдээлэл, баримт сэлтийг ойлгоно гэжээ. Монгол Улсын эрүүгийн эрх зүйд “Илт худал гүжирдлэг” гэдэг ойлголт нь “Илт худал мэдээлэл” гэсэн агуулгыг давхар агуулж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн “Илт худал мэдээлэл” гэх ойлголтыг Улсын Дээд шүүхийн 2007 оны 40 тоот тогтоолыг үндэс болговол “Илт худал мэдээлэл” гэдэгт “Илт худал гүжирдлэг”, “Гүтгэх”, “Гүжирдэх” гэсэн хууль зүйн ойлголт онолын хувьд багтаж байна.

Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч энэ эрхийг эдлэхэд онцгой үүрэг, хариуцлагатай болохыг анхаарах учиртай. Тиймээс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой. Мөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ёс суртахууныг хамгаалах эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” хэмээн хуульчилсан бөгөөд энэхүү үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхдээ ямар хүрээнд хэрхэн эдлэх нь бусдын эрхээр хязгаарлагддаг. Бодит мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг илт худал мэдээлэл гэж үзэхгүй бөгөөд яллагдагч З.У-ийн “...Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Э-ын гадаад аяллын хохирогч ажилчид нь болоод байна. Х.Э захирал байн байн гадаадад аяладаг бөгөөд явах бүртээ УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Х.Э-ын охин судлаач Э.А-ийг дагуулж явдаг аж. Энэ удаад ч мөн л хамт 01 дүгээр сарын 07-ны өдөр Солонгос руу амралт зугаалга, албан томилолт аль нь тодорхой бусаар явсан байна. Эрхэм захирал, гишүүний охин хоёрын аялалын золиосонд 10-нд авах ёстой байсан цалингаа тус хүрээлэнгийн ажилчид авч чадахгүй өнөөдрийг хүрчээ. Үүний улмаас банкны зээл, өдөр тутмын хэрэглээний мөнгө төгрөг тасарч хүнд байдалд орсон байна. Хамгийн гол нь эрхэм захирлын аялал нэг бус удаа дараа үргэлжилдэг. Гэтэл тэр бүрт тус хүрээлэнгийн ажилчид хохирсоор байх уу, харьяа байгууллагынхаа санхүүгийн болон үйл ажиллагааны сахилга хариуцлага удирдлагуудынх нь ёс зүйн асуудалд ХЗДХЯ анхаарна уу...” гэх “Мn Ваrimt’ фэйсбүүк цахим хуудсаар олон нийтэд тараасан мэдээлэл нь илт худал мэдээлэл болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь мэдээллийн үнэн зөв, хүртээмжтэй байдлыг зөв илэрхийлээгүйгээс хүний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүн төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Яллагдагч З.У-ийн дээрх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэд хэдэн шинжийг хангаж байгаа болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Х.Э нь байн байн гадаад аяладаг болох нь тогтоогдоогүй бөгөөд 2022 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиралын албан тушаалд томилогдсоноос хойш гадаад улсад зорчсон боловч албан ажлын шугамаар явсан болох нь Монгол Улсын хилээр гарсан хил хамгаалах ерөнхий газраас авсан лавлагаа, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 оны 10 дугаар сарыг 02-ны өдрийн Б/51 дугаартай тушаал, Монгол Улсын Хууль зүйн сайдын айлчлалын бүрэлдэхүүн батлах тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/315 дугаартай тушаал айлчлалын бүрэлдэхүүнийг баталсан хавсралт зэргээр тогтоогдсон.

Мөн Х.Э захирал явах бүртээ УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Х.Э-ын охин судлаач Э.А-ийг дагуулж явдаг гэдэг нь мөн тогтоогдоогүй бөгөөд Э.А-тай 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд албан ажлаар явсанаас өөрөөр хамт гадаад улсад зорчоогүй болох нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа зэргээр тогтоогдсон.

Х.Э нь 2023 оны 01 дүгээр сард Солонгос Улсад ажлаар явах үедээ гадаадаас цалингаа батлах оролдлого хийсэн боловч алдаа гарч баталж чадаагүй бөгөөд тухайн үед ерөнхий нягтлан бодогчид өөрийн нууц үг, нэвтрэх нэрийг өгч цалин баталгаажуулах эрхийг шилжүүлсэн болох нь хохирогч Х.Э, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн тухайн хүрээлэнгийн ажилчид цалингаа хугацаандаа авч чадаагүйн улмаас хохирсон талаар хүсэлт, гомдол гаргаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Дээрх баримтуудаар Х.Э нь Э.А-тай байнга хамт гадаадад аяладаг, Х.Э гадаад улсад явах бүрт нь хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилчдын цалин байнга хоцордог, ажилчид нь хохирсон гэх мэдээллүүд худал мэдээлэл болох нь тогтоогдсон.

Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч З.У-д холбогдох хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, “Mn Barimt” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн постонд тавигдсан мэдээллийг үзэхэд, яллах дүгнэлтэд бичигдсэн шиг “байн байн гадаадад аяладаг, аяллын золиосонд тус хүрээлэнгийн ажилчид цалингаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна" гэх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл нь хохирогч Х.Э рүү гутаан доромжлох байдлаар шууд чиглэсэн, илт худал мэдээлэл биш болох үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ “Гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх шинжүүдээс Х.Э рүү гутаан доромжлох байдлаар шууд чиглэсэн, илт худал мэдээлэл биш болох үйл баримт тогтоогдож байна” дүгнэсэн нь уг шинжид хамаарахгүй байгаа нь гэмт хэргийн шинжгүй мэтээр гэсэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана” гэснийг зөрчиж, З.У-ийн цахим орчинд олон нийтийн цахим сүлжээнд тараасан мэдээлэлд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, үндэслэл бүхий няцаан үгүйсгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж дүгнэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2 дахь заалт буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3 дахь заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/674 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.Э-ын өмгөөлөгч А.Ариунтуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Цагаатгах тогтоолыг хүлээн аваад давж заалдах гомдол гаргаж амжаагүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Цагаатгах тогтоолын 12 дугаар талд анхан шатны шүүхээс “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь  хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэлт хийсэн байна. Х.Э руу шууд чиглэсэн худал мэдээлэл биш болох үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн гэхээс илүүтэй Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Э руу чиглэсэн худал мэдээлэл тараасан. Х.Э нь эрхэлсэн ажилтайгаа холбогдуулан хохирогч болсон. Цахим орчинд нийтэлсэн “...Байн байн гадаад улсад аялдаг. ...” гэсэн мэдээлэл нь Х.Э-ыг ажил үүргээ гүйцэтгэдэггүй гэсэн ойлголт өгч байна. З.У-ийн цахим орчинд нийтэлсэн мэдээлэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Х.Э нь 2023 оны 01 дүгээр сард, 2022 оны 5 дугаар сард, 2020 онд буюу 3 удаа гадаад улсад зорчсон. Монгол Улсын хууль тогтоомжийн судалгаа, шинжилгээний асуудлыг хариуцах ажил үүрэгтэй тул гадаад улсад судалгаа шинжилгээний ажлаар зорчсон. Цалин хөлсийг хугацаанаас өмнө олгож байсан. Хавтаст хэрэгт авагдсан З.У-ийн мэдүүлэгт “...Би Хууль зүйн үндэсний хүрээлэнд танил олонтой тул бүгдийг нь мэддэг...” гэсэн байдаг. Сэтгүүлч мэдээллийнхээ эх сурвалжийг тодорхойлж, нягтлах шаардлагатай. Х.Э захиралтай Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2 ажилтан хамт гадаад улс руу томилолтоор явсан байдаг. Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ч гэсэн хохирлын баримт гаргаж өгсөн. Эмчилгээ хийлгэсэн цаг хугацаа нь цахим орчинд мэдээлэл нийтэлсний дараах цаг хугацаанд хамаардаг. Х.Э худал мэдээлэл тарааснаас болон цочролд орж, нүүр нь мурийж татсаныг эмчлүүлэхээр Хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн баримт байдаг. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай байсан тул илүү сайн эмнэлэг судалж байгаад гадаад улсад эмчилгээ хийлгэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд З.У-ийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байдаг. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасан байдаг. Өмгөөлөгч хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн мөрдөн шалгах ажиллагаанд оролцож дээд шатны прокурорт гомдол гаргаж байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр талд авагдсан.  Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.

Прокуророос З.У-ийг иргэн Х.Э-ыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх үед нь “байн байн гадаадад аялдаг, аяллын золиосонд тус хүрээлэнгийн ажилчид цалингаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг “Mn Barimt” фэйсбүүк цахим хуудсаар олон нийтэд тарааж худал мэдээлэл тараасан гэх гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, “...шүүгдэгч З.У-ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Mn barimt гэх фэйсбүүк хуудсанд нийтлэсэн мэдээллийн агууллагад дурдагдаж буй үйл баримт нь илтэд худал мэдээлэл биш гэж дүгнэх үндэслэлтэй, хохирогч Х.Э нь Э.А-ийн хамтаар гадаад улсад албан томилолтоор БНСУ-д зорчсон, мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдад цалин олгохдоо нягтлан бодогчийн мэдүүлэгт дурдагдсан цалинг тогтмол олгодог хугацаанаас хоцорч цалин олгосон зэрэг үйл баримт нь нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч З.У-ийн хувьд илтэд худал мэдээлэл тараасан буюу ямар ч үндэслэлгүй, огт болоогүй үйл баримтын талаар мэдээлэл тараасан гэж дүгнэх боломжгүйн зэрэгцээ түүний үйлдэлд хохирогч Х.Э-ын нэр төр, алдар хүндэд халдах субьектив санаа зорилго агуулагдсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.У-ийн үйлдэл нь нийгэмд аюултай, гэмт хэргийн шинж агуулаагүй буюу обьектив, субьектив талын шинж хангагдахгүй байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна. ...” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар З.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэл бүхий байна.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд “...Худал мэдээлэл тараах” гэсэн гэмт хэргийг хуульчилсан бөгөөд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Илт худал мэдээлэл гэдэг нь ор үндэслэлгүй, хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжлох, гүтгэх зорилготой санаатай үйлдэл бөгөөд гэмт хэргийн обьектив үндсэн шинжид илтэд худал мэдээллийг тараасан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд “...З.У-ийг иргэн Х.Э-ыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад нь “байн байн гадаадад аялдаг, аяллын золиосонд тус хүрээлэнгийн ажилчид цалингаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг “Mn Barimt” фэйсбүүк цахим хуудсаар олон нийтэд тарааж худал мэдээлэл тараасан гэх боловч тус нөхцөл байдал нь тогтоогдоогүй буюу улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудын өөрөөр хэлбэл олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 21/, С.Н-ын “...энэ оны 01 дүгээр сард Солонгос албан томилолтоор явсан хойгуур цалин 5 хоног хоцорч орсон санагдаж байна. ...” /хх 61-64/, О.Э-гийн “...Харин оны эхний 01 дүгээр сарын цалин 10-ндаа буухгүй ганц, хоёр хоногоор хойшилсон тохиолдол байсан. ...” /2 хх  36-37/ гэх гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс З.У-ийг худал мэдээлэл тараасан гэх үйл баримтыг хангалттай нотолж чадаагүй байна.

Харин хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр  сарын 14-ний өдрийг хүртэл, Э.А нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Солонгос Улсад албан томилолтоор ажилласан /1 хх 131, 155, 2 хх 52/ байх бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилчдын цалин олгогдох хугацаанаасаа 7 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон /2 хх 18/ болох нь гэрчүүдийн мэдүүлэг, албан томилолт, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр З.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батзаяагийн “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/674 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батзаяагийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                  Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.МӨНХӨӨ

 

                     ШҮҮГЧ                                                  Т.ШИНЭБАЯР