| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 101/2024/08575/И |
| Дугаар | 197/ШШ2025/05617 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/05617
2025 05 06 197/ШШ2025/05617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Т 1,240,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Нийн нэхэмжлэлийн шаардлага 1,240,000 төгрөгөөс 1,100,000 төгрөгийг хангаж, 140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Б.Ттай 2024 оны 08 сарын 24-ний өдөр автомашин түрээслэх гэрээг байгуулж, түүний эзэмшилд 0 УНҮ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. 2024 оны 08 сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 сарын 12-ны өдрийг дуустал 20 хоног түрээсэлж, 900,000 төгрөгийг төлсөн. Автомашиныг надад буцааж хүлээлгэж өгөөгүй. Машины түлхүүрийг нь дугуйн дээр орхиж явсан би өөрөө машинаа олж авсан. 11 хоногийн түрээсийн төлбөр 1,100,000 төгрөг, автомашины торгууль 140,000 төгрөг, нийт 1,240,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Б.Тт 2025 оны 04 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг шүүхэд хүрэлцэн ирж гардан авсан хэдий ч хуульд зааснаар бичгээр тайлбарыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх зохицуулалттай.
Хариуцагч Б.Тт 2025 оны 03 сарын 20-ны өдөр түүний 0 дугаарын утсаар холбогдож, зурвас бичиж, 2025 оны 05 сарын 02-ны өдөр шуудангаар хүргүүлсэн мэдэгдэх хуудсыг хүү Д гардуулж тус тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ирэх боломжгүй болсон нөхцөл байдлын талаар баримт, хүсэлтийг ирүүлээгүй болно.
4. Зохигчийн хооронд 2024 оны 08 сарын 24-ний өдөр автомашин түрээслэх гэрээг бичгээр байгуулж, хариуцагч Б.Т нь 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь нотлогдож байх тул түрээсийн төлбөр 1,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Т нь 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж байх хугацаандаа 140,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авхуулсан гэдэг бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч А.Н нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлээс 140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгчээс төлсөн 34,310 төгрөгийг улсын болгож, хариуцагч Б.Таас 30,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Таас 1,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Нд олгож, нэхэмжлэлээс 140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 34,310 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Таас 30,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Нд олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА