Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 159/ШШ2025/0061

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2025/0050/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ш” ХХК /РД:2053128/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: “И” ХХК /РД:2060094/ нарын хооронд үүссэн газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А /цахим/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Э.От шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар шүүх хуралдаанд амаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар захирамжийн “Ш” ХХК-ийн эзэмшил 37 га газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар захирамжийн хавсралт 13 дугаарт бичигдсэн “Ш” ХХК-д эзэмшүүлсэн 73,68 га газрын 37 га газар нь “И” ХХК-ийн эзэмшил газартай давхацсан тул уг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 160 дугаар захирамжаар “И” ХХК-д 507,19 га талбайг үр тариа тарих зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

1.2  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 204 дугаар захирамжаар “Сонголонхайрхан” ХХК-ийн эзэмшил 16 нэгж талбар бүхий 849,95 га газрыг үр тариа тарих зориулалтаар, 1 нэгж талбар бүхий 2 га талбайг үтрэмийн зориулалтаар “Сонсголонньюагро” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.

1.3 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжаар дээрх “Сонсголонньюагро” ХХК-ийн эзэмшил 16 нэгж талбар бүхий 657,03 га газрыг үр тариа тарих зориулалтаар, 1 нэгж талбар бүхий 2 га талбайг үтрэмийн зориулалтаар “Ш” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.

1.4  Дээрх захирамжийн хавсралтын 13 дугаарт бичигдсэн Баянцогт уулын ард байрлалтай 18634493277821 нэгж талбарын дугаар бүхий 73,68 га газарт “И” ХХК 2024 онд тариалалт эрхэлж, үйл ажиллагаа явуулсан учир иргэний хэргийн шүүхэд “Ш” ХХК-иас “И” ХХК-д холбогдуулан “Газар чөлөөлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг 73,68 га газрын 37 га газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 160 дугаар захирамжаар “И” ХХК-д эзэмшүүлсэн 507,19 га газартай давхацсан гэсэн шинжээчийн дүгнэлт гаржээ.

1.5 Газрын давхцалын асуудлаар нэхэмжлэгч компани 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан, 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хариуг авч тус шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 13-ний өдөр “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар захирамжийн “Ш” ХХК-ийн эзэмшил 37 га газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргажээ.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Ш" ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: "Манай компани газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар 26 нэгж талбарын 1460.83 га талбайг газар тариалангийн зориулалтаар эзэмшиж тариалан эрхэлж ирсэн.

Мөн сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр захирамж, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 204 дүгээр захирамжаар "Сонголон хайрхан" ХХК-аас "Сонсголон нью агро" ХХК-д 849.95 га газрыг үр тариа тарих зориулалтаар 56 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Улмаар 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн "Сонсголон нью агро" ХХК-аас "Ш" ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн.

Тухайн газартаа тариа тарих, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, байгаль орчныг хамгаалах зэргээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. 2023 онд тухайн газрын нэг хэсэг болох нэгж талбарын 18634493277821 дугаартай Баянцогт уулын ард 73,68 га газарт дараа жилийн бэлтгэл болгон уринш хийсэн байсан.

Гэтэл "И" ХХК 2024 онд манай компанийн эзэмшлийн газарт хууль бусаар нэвтрэн эзэмших болсон бөгөөд бид шаардлага тавьж учир зүйг нь олохыг хичээж байх хооронд тариа тарьж, үйл ажиллагаа явуулсаар байсан.

Энэ тухай бид сумын газрын даамал, эрх бүхий этгээдүүдэд хандахад хариу өгнө гэсээр нэлээд хугацаа өнгөрсөн.

Улмаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд "газар чөлөөлүүлэх тухай" нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилж газрын давхцалыг гаргуулсан. Түүний дагуу гарсан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/22 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд "Ш" ХХК болон "И” ХХК-ийн "...2 нэгж талбарын газрын кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн санд буулгаж үзэхэд давхцалтай байна" гэж, хавсралтаар ирүүлсэн зураг давхцал 37 га болохыг тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөнөөс болж бодит байдал дээр газрыг давхцал үүсгэсэн байна.

Иймд газрын маргааныг шийдвэрлэх хууль зөрчсөн шийдвэр маргааныг шийдвэрлэж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар захирамжийн манай компанийн эзэмшил 37 га газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2.2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Ш” ХХК нь сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай захирамжаар 18634493277821 нэгж талбарын дугаар бүхий 73,68 га газрыг "Сонсголонньюагро" ХХК-аас шилжүүлэн авсан байх бөгөөд уг захирамжаар сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 204 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. Хүчингүй болгосон уг шийдвэрт маргаан бүхий 73,68 га газар тусгагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна.” гэжээ.

2.3. Гуравдагч этгээд 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн бие даасан шаардлагадаа: "И” ХХК нь 1996 оноос одоог хүртэл тасралтгүй тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, тогтмол үйл ажиллагаатай компани юм. Манай компани нь Сэлэнгэ аймаг Ерөө сумын Буурагчин Хонгорын хөндий 2-225 байрлах 5067839.0 м.кв /га/ газрыг Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний 160 дугаар захирамжийг үндэслэн эзэмших эрхтэй юм.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх" тухай захирамжийн 13 дугаар хасвралтад дурдсанаар "Ш" ХХК-д 73,68 га газрыг эзэмших эрх олгосон нь манай "И" ХХК-ийн 5067839.0 м.кв /га/ газрын хэсэг болох 37 га газартай давхардуулан олгосон байна.

Тодруулбал манай компанийн Сэлэнгэ аймаг Ерөө сумын Буурагчин Хонгорын хөндий 2-225 байрлах нэгж талбарын 4301002390 дугаар бүхий 5067839.0 м.кв /га/ эзэмшил бүхий газартай хариуцагч "Ш" ХХК-д эзэмшүүлсэн 73,68 га газрын 37 га хэсэг газрыг давхардуулан олгосон нөхцөл байдал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд илэрхий болсон бөгөөд уг асуудлыг шүүхэд "газрын давхцал байгаа эсэхийг тодруулсан" шинжээчийн дүгнэлт ирэх үед буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өмгөөлөгчөөр дамжуулан мэдсэн юм.

"Ш" ХХК нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "газар чөлөөлүүлэх" тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд, уг иргэний ажиллагааны шатанд "И" ХХК-ийн зүгээс газрын давхцал байгаа эсэхийг тодруулахаар шинжээч томилох хүсэлт гаргасан, уг шинжээчийн дүгнэлтийн хариу "газрын давхцал байна" гэж гарсан. "И" ХХК нь Ерөө сумын Засаг даргын газар давхардуулан олгосон нөхцөл байдлаас шалтгаалан "хууль ёсоор газар эзэмших эрх” эрхээ бүрэн хэмжээгээр эдэлж чадахгүй, хууль бусаар газар эзэмшсэн мэтээр иргэний шүүхэд дуудагдан тайлбар өгч, манай компанийн газар эзэмших эрх дээрх байдлаар зөрчигдөж байна.

Энэ талаар Ерөө сумын Засаг даргад хандахад 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 93 дугаартай албан бичгээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох боломжгүй. Иймд үүссэн асуудлыг холбогдох шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэх хариу өгсөн. Мөн асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандахад 2025 оны 02 сарын 28-ны өдрийн 01/242 дугаартай албан бичгээр ...Газрын тухай хуульд зааснаар гомдолд дурдсан асуудлыг тухайн сумын Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй байх тул аймгийн Засаг даргаас Ерөө сумын Засаг даргад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 2025 оны 02 сарын 28-ны өдрийн 01/240 албан бичгээр үүрэг чиглэл хүргүүлсэн болно" гэх хариу өгсөн.

Дээрх албан бичгийн хариугаар газар давхцуулан олгосон газар шийдэгдээгүй тул нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгааг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар захирамжийн хавсралт 13 дугаарт бичигдсэн "Ш" ХХК-д эзэмшүүлсэн 73,68 га газрын "37 га газар нь манай компанийн эзэмшил газартай давхацсан" тул уг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2.4. Хариуцагч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд  гаргасан хариу тайлбартаа: “Ерөө суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Ш” ХХК болон “И” ХХК-д хамаарах уг асуудал нь шүүхийн журмаар шийдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

2.5. Нэхэмжлэгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд  гаргасан хариу тайлбартаа: “Манай компанийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд "И” ХХК-иас бие даасан шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

"Ш" ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар 26 нэгж талбарын 1460,83 га талбайг газар тариалангийн зориулалтаар эзэмшиж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр захирамжаар газар эзэмшүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 204 дүгээр захирамжаар "Сонголонхайрхан” ХХК-аас "Сонсголонньюагро" ХХК-д 849,95 га газрыг үр тариа тарих зориулалтаар 56 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Улмаар 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн "Сонсголонньюагро" ХХК-аас "Ш" ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн. Тухай бүрт захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд нийцүүлэн шийдвэр гаргаж бидэнд мэдэгдсээр байсан.

Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, тариа тарих, уринш хийх, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, байгаль орчныг хамгаалах зэргээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. 2023 онд тухайн газрын нэг хэсэг болох нэгж талбарын 18634493277821 дугаар Баянцогт уулын ард 73,68 га газарт дараа жилийн бэлтгэл болгон уринш хийсэн байсан.

Иймд хууль ёсоор эзэмшиж байгаа тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

2.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар захирамжийн манай компанийн эзэмшил 37 га газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай “Ш” ХХК нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар 26 нэгж талбарын 1460,83 га талбайг газар тариалангийн зориулалтаар эзэмшиж тариалан эрхэлж ирсэн. Мөн сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр захирамж, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 204 дүгээр захирамжаар "Сонголонхайрхан” ХХК-аас “Сонсголонньюагро" ХХК-д 849,95 га газрыг үр тариа тарих зориулалтаар 56 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Улмаар 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн “Сонсголонньюагро” ХХК-аас “Ш” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн. Тухайн газартаа тариа тарих, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, байгаль орчныг хамгаалах зэргээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. 2023 онд тухайн газрын нэг хэсэг болох нэгж талбарын 18634493277821 дугаартай Баянцогт уулын ард 73,68 га газарт дараа жилийн бэлтгэл болгон уринш хийсэн байсан. Гэтэл "И" ХХК 2024 онд манай компанийн эзэмшлийн газарт хууль бусаар нэвтрэн эзэмших болсон бөгөөд бид шаардлага тавьж учир зүйг нь олохыг хичээж байх хооронд тариа тарьж, үйл ажиллагаа явуулсаар байсан. Энэ тухай бид сумын газрын даамал, эрх бүхий этгээдүүдэд хандахад хариу өгнө гэсээр нилээд хугацаа өнгөрсөн. Улмаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд "газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилж газрын давхцалыг гаргуулсан. Түүний дагуу гарсан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/22 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд "Ш” ХХК болон "И” ХХК-ийн "2 нэгж талбарын газрын кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн санд буулгаж үзэхэд давхцалтай байна" гэж, хавсралтаар ирүүлсэн зураг давхцал 37 га болохыг тодорхойлжээ. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчснөөс болж бодит байдал дээр газрыг давхцал үүсгэсэн байна. Иймд газрын маргааныг шийдвэрлэх хууль зөрчсөн шийдвэр маргааныг шийдвэрлэж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар захирамжийн манай компанийн эзэмшил 37 га газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр захирамж, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 204 дүгээр захирамжаас улбаалан газар эзэмших эрх үүссэн гэж үзэж. Энэ газар эзэмших эрхийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр захирамжаар хууль ёсны эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэж үзээд байгаа. Гэтэл газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэж үзэх боломжгүй байгаа бөгөөд хууль зөрчиж газар эзэмших эрх шилжүүлэн авсан нөхцөл байдал дараах үндэслэлээр үүсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Мөн хуулийн 31.2-т зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрын байршил бусдад эзэмшүүлж болох эсэх, зэргэлдээ орших бусад иргэдийн газар эзэмших эрхийг зөрчсөн эсэхийг шалгаж тодруулах үүрэгтэй байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлсэн явдал гарсан. Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хэн гаргаж байгаа мөн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Хэрэв хуулийн дагуу газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ гаргаад явсан болбол өнөөдрийн газрын давхцал гэдэг асуудал яригдахгүй байсан. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын эзэмших хүсэлтийг цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан гаргана” гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ зохицуулалт мөн адил хэрэгжээгүй байна гэж гуравдагч этгээдийн зүгээс хардаж байна. Учир нь хуульд зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа талуудын хэн аль нь хамаагүй хүсэлтээ гаргаж болох байдал хэн нь ч гаргаагүй байна гэж харж байна. Хоёрдугаарт 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр захирамжийн хавсралтад маргаан бүхий газар байхгүй, хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т нэгж талбарын хувийн хэрэг гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг хэлнэ гээд заачихсан. Гэтэл энэ байдал байхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Гэтэл давхцал бүхий газрын эзэмших эрхтэй гэж үзэж байгаа нэхэмжлэлийн тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Ямар шалтгаанаар газар давхардуулан газар олгосон бэ гэдэг талаараа хариуцагчаас тодорхой тайлбар өгөөгүй. 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр захирамжийн хавсралтад маргаан бүхий газар байхгүй байхад ямар үндэслэлээр уг газрыг “Ш” ХХК-д олгоод байгаа нь тодорхойгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар газрын давхцал байгаа эсэхийг шалгаж тогтоосон баримт байхгүй учраас “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэйгэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон  хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлээд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш” ХХК-ийн эзэмшлийн 73,68 га газартай “И” ХХК-ийн эзэмшлийн газар 37 га хэмжээгээр давхцаж байх тул Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар захирамжийн “Ш” ХХК-ийн эзэмшил 37 га газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар захирамжийн хавсралт 13 дугаарт бичигдсэн “Ш” ХХК-д эзэмшүүлсэн 73,68 га газрын 37 га газар нь “И” ХХК-ийн эзэмшил газартай давхацсан тул уг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 204 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Сонсголонньюагро” ХХК-ийн эзэмшил 16 нэгж талбар бүхий 657,03 га газрыг үр тариа тарих зориулалтаар, 1 нэгж талбар бүхий 2 га талбайг үтрэмийн зориулалтаар “Ш” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэнээр нэхэмжлэгч “Ш” ХХК-д 18634493277821 нэгж талбарын дугаар бүхий 73,68 га талбайн газрыг эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж гарсан байна.

4. Дээрх 17 нэгж талбар бүхий газрын тухайд “Сонголонхайрхан” ХХК-ийн эзэмшил 16 нэгж талбар бүхий 849,95 га газрыг үр тариа тарих зориулалтаар, 1 нэгж талбар бүхий 2 га талбайг үтрэмийн зориулалтаар “Сонсголонньюагро” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд маргаан бүхий давхцалтай газарт “Ш” ХХК-д олгосон гэх Ерөө сумын Баянцогт уулын ард байрлах 73,68 га газрын мэдээлэл хүчингүй болсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 204 дугаар захирамжийн хавсралтад бичигдээгүй байна.

5. Харин Гуравдагч этгээд “И” ХХК-ийн эзэмшлийн 507,19 га тариалангийн зориулалттай талбайн хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 160 дугаар захирамжаар тус компанид үр тариа тариалах зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн  байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газруудын нэгж талбарын хувийн хэргийг хариуцагч захиргааны байгууллагаас шаардахад нэхэмжлэгч “Ш” ХХК-д 73,68 га газрын газар эзэмших эрх олгосон захирамж тус сумын архивт авагдсан бөгөөд нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээгүй, архивт хадгалагдаагүй, 18634493277821 нэгж талбарын дугаар бүхий газарт шинэ нэгж талбарын дугаар үүсээгүй байна гэх тайлбарыг гаргасан бөгөөд гуравдагч этгээд “И” ХХК-ийн хувьд газар эзэмших эрх олгосон захирамж болон нэгж талбарын хувийн хэргийг ирүүлсэн.

7. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/01 тоот шинжээчийн дүгнэлтээр “Ш” ХХК-ийн 2016 онд “Сонсголонньюагро” ХХК-иас газар эзэмших эрх шилжүүлэн авсан 73,68 га газар нь “И” ХХК-ийн 2009 онд Ерөө сумын Засаг даргын 160 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 507,19 га газартай 37 га газрын хэмжээгээр давхцалтай байна гэх дүгнэлтийг гаргажээ.

8. Эдгээрээс дүгнэж үзэхэд 2016 онд газар эзэмших эрх нь үүссэн нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн эзэмшлийн 73,68 га газар нь гуравдагч этгээд “И” ХХК-ийн 2009 онд газар эзэмших эрх нь үүссэн 507,19 газартай 37 га газраар давхцсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд цаг хугацааны хувьд 2009 онд газар эзэмших эрх нь үүссэн гуравдагч этгээд “И” ХХК-ийн эзэмшлийн 507,19 га газартай 2016 онд нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн газар эзэмших эрх нь үүссэн 73,68 га газрыг давхцуулан олгосон байна.

9. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “сумын газрын даамал нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” үүрэгтэй болохыг, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх”-ыг хуульчилсан бөгөөд сумын газрын даамал, Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газрын хэмжээ заагийг газар дээр нь хянаж тогтоон, газрын мэдээллийн санд оруулах, мөн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй.

10. Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжийг гаргахдаа хуулийн дээрх шаардлагыг зөрчиж “Ш” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэн олгохдоо “И” ХХК-ийн эзэмшлийн газартай 37 га газрын хэмжээгээр давхцуулан олгосон байх ба уг үйлдэл нь “И” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “И” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжийн хавсралтын 13-т бичигдсэн “Ш” ХХК-д эзэмшүүлсэн 73,68 га газрын “И” ХХК-ийн эзэмшлийн 507,19 га газартай 37 га газраар давхцсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар захирамжийн “Ш” ХХК-ийн эзэмшил 37 га газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд “И” ХХК-д олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ОДБААТАР