Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/157

 

 

 

 

 

 

 2024            01            30                                         2024/ДШМ/157

 

      З.С-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, 

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/774 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.А, шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.С-т холбогдох 2311000001058 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ..-ийн С, 20.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........ төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, “....” ХХК-д .... ажилтай, ам бүл .., ......... нарын хамт .... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны . тоотод оршин суух, /РД: .............../;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/400 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/705 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор дуусгавар болсон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/582 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлэх ялаар шийтгүүлж, 2023 оны 04 дүгээр  сарын 21-ний өдөр дуусгавар болсон.

Шүүгдэгч З.С нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний шөнийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн тоглоомын талбайд хохирогч М.А-ын биед тодорхой шалтгаангүйгээр хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “зүүн талын хоншоорын хөндийн урд хана, ар хана, гадна ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотно ханын хугарал, хамар яс болон таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод зовхины цус хуралт, зүүн зовхи хамар, хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодид нь сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас З.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч З.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч З.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч М.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...М.А би согтолтын зэрэг өндөртэй байсан бөгөөд миний ёс зүйгүй буруутай үйлдлийн улмаас З.С нийгмээс тусгаарлагдаж 1 жилийн хорих ял авсан нь хүндэдсэн байна. Миний хувьд шударга ёсонд нийцэх ял оноох ёстой гэж үзэж байна. Хэрэв би ёс зүйгүй үйлдэл эхэлж гаргаагүй, мөрөөрөө явж байсан З.С-т нөлөөлөөгүй байсан бол нөхцөл байдал өөр байх байсан. З.С-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж түүнд энэрэнгүй хандахыг шүүхээс хүсэж байна. С нь миний согтуу үйлдлийг таслан зогсоогоогүй бол миний бие С-ын оронд байх байсан.

Иймд С-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.

Миний бие С-т ямар нэгэн гомдолгүй бөгөөд миний гэмт хэрэгтэн болохыг таслан зогсоосон гэж үзэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч З.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн ёс зүйгүй, түргэн зангаас болж бусдын биед гэмтэл учруулсандаа туйлын их харамсаж байна. Хууль зөрчсөн үйлдэлээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн, зөв мэдүүлэг өгч шүүхийн шатанд маргаагүй оролцсон.

Миний бие одоо 19 настай, эхнэр Б.М нь 6 сартай жирэмсэн. Мөн би эх, 3 бага насны дүү нартайгаа амьдардаг бөгөөд эх, дүү нар маань миний орлогоор амжиргаагаа залгуулдаг. Гэр бүл маань айлын хашаанд амьдардаг ба хүйтэний улирал эхэлж тэд нартай санаа зовж байна. Алдсан алдаагаа ухамсарлаж байгаа бөгөөд цаашид ийм алдаа гаргахгүй нийгэмшиж амьдарна.

Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруу дээрээ маргахгүй байгаа цаашид гэмт хэрэг хийхгүй нийгэмдээ тустай хөдөлмөрлөж эцэг болох үүргээ биелүүлж амьдрахыг төлөө зүтгэх чин хүсэл, эх, дүү нараа амжиргаатай нь залгуулах гол орлогыг нь бий болгодог зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж, нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.С-ын өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч З.С нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд анхнаас нь хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа мөн хохирогчтойгоо эвлэрсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролоо нөхөн төлсөн.

Сийн хамтран амьдрагч Б.М нь 5 сартай жирэмсэн эмнэлгийн хяналтанд байдаг.

Хавтаст хэргийн 140 дүгээр талд байгаа хохирогчийн гомдол, шүүгдэгч З.С өөрийгөө илэрхийлж байгаа байдал, гэр бүлийн байдал, ажил хийж орлого олдог зэргийг харгалзан үзээд хорихгүйгээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжээр торгож өгнө үү.  Торгож байгаа мөнгөн дүн нь шүүгдэгч З.С-ын хувьд бага мөнгө биш ч, амьжиргааны эх үүсвэрээ залгуулахад олон хүнийг тэжээхэд өөрт нь тодорхой хэмжээний хариуцлага үүрэг хүлээгдэж байгаа. Шүүгдэгч З.С өмнө нь 3 гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан.

Иймд түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Булаг-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, цээрлүүлэх зорилготой байдаг. Шүүгдэгч  З.С нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг 3 удаа үйлдэж ял шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь хуулийн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж заасан. Шүүгдэгч З.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаанд хорих ялаар шийтгэж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.А, шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч З.С нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний шөнийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сагсан бөмбөгийн тоглоомын талбайд хохирогч М.А-ын биед тодорхой шалтгаангүйгээр хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “зүүн талын хоншоорын хөндийн урд хана, ар хана, гадна ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотно ханын хугарал, хамар яс болон таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод зовхины цус хуралт, зүүн зовхи хамар, хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодид нь сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.А-ын “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд ээж, ах, дүүгийнхээ хамт амьдардаг. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны гудамжинд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад А гэдэг хүүхэдтэй тоглоомоос болж маргалдсан. Гэхдээ зодоон хийгээгүй, гэтэл нөгөө А гэх хүүхэд С гэдэг ахдаа хэлээд дагуулаад ирсэн. Тэгсэн чинь нөгөө С гэдэг залуу нь намайг А-тай зодолдуулах гээд байсан чинь Аамий зодолдохгүй байсан. С нь над руу дайраад эхлээд миний зүүн талын шанаа руу гараараа цохисон, би доошоо унаад “та яагаад байгаа юм бэ?” гэсэн чинь миний нүдний доод хэсэг рүү гуталтай хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөсөн, толгойн ар дагз руу гараараа дээрээс цохиод байсан. Миний хамраас цус гарсан чинь С миний паскнаас хутга аваад ир гээд байсан ба гутал дээр нь цус дуссан чинь “чи энийгээ арч” гээд цохих гээд байсан. Мөн хүүхдийн гулсуурын хуванцар тоглоомыг үнс гээд дарамтлаад байсан. Энэ үед миний хамар аймар өвдөж байсан. Тэгээд С машинтай явчихаад буцаж машинтайгаа эргэж ирээд, чи гомдолгүй биз дээ гээд гараараа далайгаад цохих гээд байхаар нь би дахиж зодож магадгүй гэж айгаад гомдолгүй гэж хэлсэн. Тэгээд намайг дахиж зодоогүй яваад өгсөн. Намайг С зодож байхад А болон С-тай хамт явж байсан найз нь одоо зодохоо боль гэхэд С тоохгүй байсан. ...би энэ С гэдэг залууг огт танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, манай найз Т, А нар байсан. С-ын хажууд дүү А гэдэг банди, бас найз нь байсан. ...Эрүү эвгүй болж гэмтээсэн, хамар нүдний доод хэсэгт хөлөөрөө өшиглөж хамар нүдний доод хэсгийг гэмтээсэн. ...” /хх 9-12/,

гэрч С.Т-ийн “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн найз болох А, А нартай хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд гудамжинд сагсан бөмбөгийн талбай дээр хүүхдүүдтэй сагс тоглож байгаад А тоглоомоосоо болоод тэнд байсан нэг хүүхэдтэй маргалдсан юм. Гэтэл нөгөө хүүхэд нь яваад ирэхдээ Хайлаастын С гэдэг халзан толгойтой залууг дагуулаад ирсэн. Тэгээд С нь хүрч ирээд А-т томроод хувцас хунараа тайлаад, чи надтай зодолдох уу? гээд байсан ба А-ын нүүр хэсэгт гараараа цохисон чинь А газар уначихсан, тэгсэн  чинь С А-ын нүүр рүү гуталтай хөлөөрөө өшиглөчихсөн. Энэ үед А нүүрээ дараад доошоо суухад С доороос нь өлгөөд гараараа нүүр рүү нь дахиад цохисон. Ингээд А-ын нүүр хавдаж, хөхрөөд хамар нь том болчихсон цус гарсан ба С А-ыг үсдээд хүүхдийн гулгуурын хуванцар тоглоом мөргүүлээд, үнс гээд байсан. Би салгах гэхээр айгаад байсан юм. Бас С хамт явж байгаа дүү, найз хоёрыгоо паскнаас хутга аваад ир гээд байсан. ...” /хх 25-26/,

гэрч У.А-ын “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн найз болох А, А нартай хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд гудамжинд сагсан бөмбөгийн талбай дээр хүүхдүүдтэй сагс тоглож байхад юунаас болсон юм бүү мэд Хайлаастын С гэдэг залуу хүрч ирээд А-ыг дээрэлхээд шанаа уруу нь гараараа нэг удаа цохиод авсан чинь А газар уначихсан чинь нүүр рүү нь өшиглөөд зодохоор нь би салгах гээд дундуур нь орсон миний нүүр рүү С нь гараараа нэг удаа цохичихсон. Тэгэхэд А-ын хамраас нь цус гараад нүүр нь хавдаад, ам эрүү нь хачин болчихсон чинь С гутал цус болгочихлоо чи гээд гутлынхаа цусыг А-аар арчуулаад байсан. ...” /хх 28-30/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8172 дугаар “...М.А-ын биед зүүн талын хоншоорын хөндийн урд хана, ар хана, гадна ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотно ханын хугарал, хамар яс болон таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зовхи, хамар, хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 41-42/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч З.С-ыг хохирогч М.А-ын биед тодорхой шалтгаангүйгээр хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “зүүн талын хоншоорын хөндийн урд хана, ар хана, гадна ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотно ханын хугарал, хамар яс болон таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод зовхины цус хуралт, зүүн зовхи хамар, хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хохирогчийг тохуурхан доромжилж”, 2.3 дахь заалтад заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж” үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч М.А-аас “...М.А би согтолтын зэрэг өндөртэй байсан бөгөөд миний ёс зүйгүй буруутай үйлдлийн улмаас З.С нийгмээс тусгаарлагдаж 1 жилийн хорих ял авсан нь хүндэдсэн байна. Иймд С-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...”, шүүгдэгч З.С-аас “...Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруу дээрээ маргахгүй байгаа цаашид гэмт хэрэг хийхгүй нийгэмдээ тустай хөдөлмөрлөж эцэг болох үүргээ биелүүлж амьдрахыг төлөө зүтгэх чин хүсэл, эх, дүү нараа амжиргаатай нь залгуулах гол орлогыг нь бий болгодог зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж, нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Ю.Тогмидоос “...Миний үйлчлүүлэгч З.С нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд анхнаас нь хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа мөн хохирогчтойгоо эвлэрсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролоо нөхөн төлсөн. С-ын хамтран амьдрагч Б.М нь 5 сартай жирэмсэн эмнэлгийн хяналтанд байдаг. Иймд түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч З.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Тодруулбал, хохирогч М.А нь хохирол гомдолгүй, мөн шүүгдэгч З.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгөөгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.А, шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч З.С-ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/774 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.А, шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ын цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                        ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

 

                 ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР