Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01131

 

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01131

 

 

 

В.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182Ш2021/00804 дугаар шийдвэртэй В.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХЗҮХт холбогдох

 

Гүйцэтгэх захирлын 2020 оны Б/99 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалинг буцаан гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн даргаар 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/99 тоот тушаалаар 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг авсан. Уг тушаалын төслийг байгууллага 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний өөрийн [email protected] цахим хаягаар илгээснийг хүлээн авч, тушаалыг зөвшөөрөхгүй, шүүхэд хандахаа илэрхийлж хариу илгээсэн. Харин 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хуралд энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын огноог буруу гаргасан гэж хэлээд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болгон засаж өгсөн. Энэ огнооны хувьд маргахгүй, гэрч өмнөх хуралд буруу огноолсон гэдгээ мэдүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болно. Гол нь 2020 оны 12 дугаар сарын 02 өдөр үү 07-ны өдөр үү ялгаагүй. Уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг буруу ташаа мэдээлсэн, мэдээлэх үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэл заасан. Байгууллага энэ тушаалыг гаргахаас өмнө зөрчлийг тогтоосон зүйл байхгүй, надаас ямар нэгэн тайлбар аваагүй, хөдөлмөрийн дотоод журмын 9.4-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтооно, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан тушаалтанд заавал урьдчилан танилцуулсан байна гэж заасныг зөрчсөн. Удирдлагын зүгээс ямар үүрэг даалгавар өгсөн болох, түүнийг нь ямар цаг хугацаанд биелүүлэх байсан нь тушаалаас тодорхой харагддаггүй. Legalinfo сайтын хөгжүүлэлттэй холбоотойгоор алдаа гаргасан зүйл байхгүй. Энэхүү программын хөгжүүлэлтийн нээлтийн ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс тунхагласны баяраар нээх саналыг удирдлагад хэлж дэмжигдээд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болсон. Гэтэл Ковид-19 нөхцөл байдалтай холбоотойгоор Интер актив ХХК-аас нээлтийг хийх боломжгүй болсон, тус компани нь өөр программ дээр яаралтай ажиллахаар болсон. Энэ тухай гэрч өмнө нь мэдүүлсэн, өөрөөр хэлбэл, надаас шалтгаалсан зүйл байхгүй, мөн миний бие 2020 оны 11 сард эхнэрээ сахих гээд цалингүй 14 хоногийн чөлөө авсан. Миний цалин 932 617 төгрөг байгаа, үүний 20 хувь нь 186 523 төгрөгийг суутган авсан талаар баримтаа хариуцагч ирүүлсэн байна. Иймд гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/99 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль бус болохыг тогтоолгох гэдэг шаардлагыг үндэслэл болохыг өмнөх хурлаар тодруулсан байгаа. Тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан Б/99 тоот гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалин болох 186 523 төгрөгийг буцаан гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. В.Э- нь хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн даргаар томилогдож ажилласан бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгөх, дээд шатны удирдлага болон захирлаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтэд хяналт тавих, хангах, өдөр тутмын үйл ажиллагааг тайлагнах, мэдээллийг шуурхай хүргэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй гэж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дотоод журамд заасны дагуу түүнд сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулж, цалингаас нь 186 523 төгрөгийг суутган авсан байна. Энэ тушаалын төслийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэйлээр явуулсан, өөрөө тайлбараа бичгээр өгсөн. Ковид-19 цар тахалын нөхцөл байдалтай холбоотойгоор ажил онлайн хэлбэрээр явагдаж байсан учир нэхэмжлэгчийг дуудан ирүүлж, тайлбар авах, зөрчлийг шалгах боломжгүй байсан. Харин сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийнх биш 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийнх болохыг гэрч өмнө нь мэдүүлсэн. В.Э- нь ажлаа удирдлагад бүрэн танилцуулдаггүй, уг байдал нь Х.Эрдэм-Ундрах захирлыг үүрэгт ажлаа авснаас хойш байнга ажиглагдсан гэж үзсэн. Мэдээж захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд дурдсанаар болон өөрийн зүгээс хэлэх хариултаар нь уг байдал нотлогдож байгаа. Захиргааны зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, шаардуулж байж, дутуу гүйцэтгэдэг. Энэ нь зөвхөн Legalinfo.mn сайтын хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааны улмаас тус сахилгын шийтгэлийг аваагүй. Мөн өөрийн алдаа дутагдалдаа дүгнэлт хийхгүй байсан тул сахилгын шийтгэл ногдуулсан. Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Legalinfo.mn сайтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг өгөх нь хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн ажлын нэг хэсэг байдаг. Улмаар 2019, 2020 онд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагтай (USAID буюу ОУХА) Хууль зүйн үндэсний хүрээлэн, Интер актив ХХК гэрээ байгуулан тус Legalinfo.mn сайтын цахим хуудасны засвар үйлчилгээг хийх гэрээ байгуулан ажиллаж байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болох байсан. Гэвч одоо болтол тус сайтын засвар үйлчилгээний ажил дуусгаагүй. Уг гэрээний дагуу үйл ажиллагаа дуусах хүртэл хяналт тавих ёстой байтал хяналт тавиагүй. Гэрээний гүйцэтгэлтэй холбоотой үйл ажиллагаанд нэхэмжлэгч нь гүйцэтгэгч компанид шаардлага тавиагүй. Захирал болон удирдлагуудад ажил хэвийн явагдаж байгаа, хугацаандаа дуусна, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээлт хийж болох талаар тайлагнаж байсан төдийгүй тус сайтын шинэчилсэн хувилбарын нээлт дээр ерөнхий сайдыг урих талаар амаар хэд хэдэн удаа удирдлагуудад танилцуулсан. Гэвч 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Интер актив ХХК-тай уулзахад сайтын нээлт хугацаандаа хийгдэх боломжгүй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэн ТБАГУТҮГ-ын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/99 тоот В.Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэн ТБАГУТҮГ-аас 186 523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Э-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч В.Э-ын дээрх цалин хөлснөөс шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэн ТБАГУТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Э- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч В.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтэй маргахгүй, хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр, шийдэл гэж үзэж байгаагаа юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй байна. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаал нь төсөл, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тушаал нь эцсийнх байна гэсэн нь хууль зүйн дүгнэлт эргэлзээтэй гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна. Учир нь шүүх энэхүү дүгнэлтээ гэрч н.Золбаярын шүүхэд гаргасан ... 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захирал гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажсан, миний хувьд техникийн алдаа гаргасан үнэн... гэх мэдүүлгийг үндэслэсэн. Гэтэл гэрч Б.Баянмөнх ... Б.Баянмөнхөд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн огноотой, 100 дугаартай гарсан бөгөөд захиргааны зүгээс хожим ямар нэг байдлаар зөвтгөж, залруулсан зүйл байхгүй тул 100 дугаартай тушаалаар 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Баянмөнхөд шийтгэл ногдуулсан... гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн хоёр гэрч зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүхээс ... тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн огноотой болгон засаж нэхэмжлэгч В.Э-т албан ёсоор хүлээлгэн өгсөн талаар зохигчийн хэн аль нь маргаагүй болно... гэсэн алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс тушаалын огнооны хувь маргахгүй гэсэн байр суурьтай байгаагүй бөгөөд зөвхөн адилхан гарын үсэг, тамга тэмдэгтэй ижил агуулга бүхий 2 тушаал хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөхийг тусгайлан хүссэн болно.

2. Нэхэмжлэгч дээрх дурдсан нөхцөл байдлыг харгалзан Б.Баянмөнх нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хэрэгт нотлох баримтаар авахуулах хүсэлтийг бичгээр шүүхэд гаргасан боловч хүсэлтийг шүүхээс хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хангаагүй болно. Нэхэмжлэгчийн шүүгчийн захирамжид гомдол гаргах боломжтой байсан хэдий ч нөхцөл байдлыг өөр бусад нотолгооны арга хэрэгслээр хангах боломжтой гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн.

3. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 99 дугаартай тушаалыг нэхэмжлэгчид албан ёсоор гардуулсан эсэх нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлоход төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ач холбогдолтой гэж нэхэмжлэгч үзэж байгаа болно. Учир нь хариуцагчийн зүгээс тушаалын төслийг 12 сарын 04-ний өдөр цахим шуудангаар илгээж, нэхэмжлэгчээс тайлбар авсны үндсэн дээр 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 99 дугаартай тушаалыг гаргасан гэж шүүхийн хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэж байсан нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс 04-ний өдөр цахим захидал хүлээн авч, түүнд хариу өгч байхдаа тушаалын төсөлтэй танилцаж байна гэсэн ойлголттой байсан нь үнэн бөгөөд ажил олгогчийн зүгээс нэгэнт гарчихсан байсан тушаалыг хожим хойно төсөл мэтээр нэхэмжлэгчид танилцуулсан үйл баримтыг шүүх үгүйсгэсэн дүгнэлт өгсөн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төдийгүй хожим дордуулж болзошгүй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаал нь төсөл, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тушаал нь эцсийнх байна гэсэн хэсэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөх замаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. В.Э- нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн даргаар 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/49 тоот тушаалаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд тус төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгөх, дээд шатны удирдлага болон захирлаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтэд хяналт тавих, хангах, өдөр тутмын үйл ажиллагааг үнэн зөв тайлагнах, мэдээллийг шуурхай хүргэх үүрэгтэй. ХЗҮХ ТБАГУТҮГ нь нэхэмжлэгчтэй 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус төвийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа болно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан нөхцөлөөр сунгагдсан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Албан тушаалын тодорхойлолт-ыг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү тодорхойлолтод заасан дараах чиг үүргүүдийг гүйцэтгэж байсан. Үүнд:

1. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зорилт, чиг үүргийг мэргэжлийн үндсэн дээр явуулах;

2. Энэхүү чиглэлээр удирдан зохион байгуулах;

3. Хүрээлэнгийн захирлыг өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар хүрээлэнгийн үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх зэрэг болно. Гэвч нэхэмжлэгч тал энэхүү үүргээ хөдөлмөрийн гэрээнд зааснаар зохих ёсоор, хангалттай биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтууд, хурлын тэмдэглэлүүдээр тогтоогдож байхад анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг болсон үйл явдлуудтай буюу сахилгын зөрчлүүдтэй холбож дүн шинжилгээ хийгээгүй. Тухайлбал, 14 хоног тутам тогтмол хийгддэг Захиргааны зөвлөлийн хуралдаанд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, дутуу гүйцэтгэл өгсөн нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргааны зөвлөлийн удаа дараагийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Эдгээр нь хуульд заасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, удаа дараа захиргааны зөвлөлийн хуралдаанд сануулсан байхад өөрийн алдаандаа дүгнэлт хийгээгүй.

Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу legalmfo.mn цахим сангийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах үүрэг бүхий байгууллага юм. Тус хүрээлэн нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн 250 000 ам.долларын санхүүжилтээр Интерактив ХХК-тай www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт, засвар үйлчилгээ хийх гэрээг байгуулан ажиллаж байна. Энэхүү гэрээний ажил хүлээлцэх сүүлийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байсан ч одоог хүртэл гэрээний гүйцэтгэл дуусаагүй байна. Уг өндөр дүнтэй гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажил нь нэхэмжлэгчийн үүрэг болно. Гэрээний гүйцэтгэлтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг чиг үүргийнхээ хүрээнд В.Э- ахлан ажиллаж байгаа боловч гэрээний төлөвлөгөөт ажлын биелэлтэд хяналт тавиагүй, гүйцэтгэгч компаниас биелэлтийг шаардаагүй, удирдлага (захирал)-д гэрээт ажил хэвийн явагдаж байгаа, хугацаандаа дуусна гэж танилцуулан, биелэлтийг тайлагнаж ирсэн төдийгүй Улс тунхагласны баярыг тохиолдуулан ЭЗМНС-ийн шинэчлэлтийн нээлт хийж Ерөнхий сайдыг урих, ач холбогдол өгч зохион байгуулах талаар захиралд хэд хэдэн удаа амаар танилцуулсан байдаг. (2020 оны 10 дугаар сарын 05-ны анх ажил авахад нэгжийн дарга тус бүртэй уулзахад болон түүнээс хойш ч хэд хэдэн удаа танилцуулсан). Энэ талаар ХЗҮХ-ээс ХЗДХСайдын шуурхай хуралд танилцуулагдаж байсан. Хэдийгээр В.Э- нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд чөлөөтэй байсан ч энэ хугацаанаас өмнө ч, 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ч гэрээний үүргийн биелэлтийг шаардах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, тайлагнах үүрэгтэй албан тушаалтан. Тэрээр гүйцэтгэгч компани нь УОК-ын даалгавраар 3 долоо хоног ажил нь зогссон байгааг, улмаар нээлт хугацаандаа болохгүй болсон талаар ч мэдээгүй ба энэ тухай 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэгч талын зарласан цахим хуралдааны явцад тэдний өгсөн мэдээллээс олж мэдсэн. Өндөр үнийн дүнтэй гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, гэрээний биелэлтийг гүйцэтгэгч талаас шаардах, ажлын явцыг удирдлагад цаг тухай бүр үнэн зөвөөр тайлагнах албан үүрэгтээ хариуцлага алдсан үндэслэлээр нэг сарын үндсэн цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэл ногдуулсан нь тохирсон гэж үзсэн болно. Эдгээр зөрчлүүд гаргасныг нь бид үндэслэн шүүх хуралдаанд мэтгэлцсэн бөгөөд үүрэг даалгасан хурлын тэмдэглэлүүдээр дэмжигдэж байна. Ажил хэргийн хүрээнд өгсөн үүрэг, даалгавар хурал, уулзалтаар хэлбэржих нь нийтлэг үзэгдэл бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж тушаалын төслөө танилцуулж явуулсан и-мэйлд хариу тайлбар ирүүлэхдээ зөрчлөө дахин шалгуулах хүсэлт тавиагүй, зөрчил удаа дараа гарч байсныг мөн шүүхээс үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн дотоод журмын 9.4-т заасан нөхцөл бүрэн хангагдах шаардлага бүрэн биелэгдсэн бөгөөд хуульд зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 9.4 дэх заалт нь ажлын хэсэг байгуулаад үе шаттай дүгнэлт гаргах заалт биш байх бөгөөд манай байгууллагын хувьд тийм процесс хэрэгжүүлэх эдийн засгийн боломжгүй. Бид зөрчил байгааг өмнөх хурлаар хэлж байсан, өөрт нь танилцуулсан тушаалын төсөлд ч тусгасан, хариу тайлбараа цахим шууданд хавсралт болгон ирүүлсэн, өөрөө ямар зөрчлийн талаар ярьж байгааг мэдэж байсан, мэдэх бүрэн боломжтой байсан. Үүрэг даалгаврыг тодорхой өгсөн боловч хугацаандаа ирүүлээгүй, ирүүлэхдээ буруу ирүүлсэн зөрчлийг нэхэмжлэгч тал бүгдийг мэдэж байсан. Мөн зөрчлийн талаар арга хэмжээ авах гэж байгаагаа илтгэж хариу тайлбар хүсэж явуулсан. Хариу нь ажил хэрэгч бус байсан боловч бид Хөдөлмөрийн дотоод журмын 9.4-т заасан эрхийг нь хангасан, цаашлаад Хөдөлмөрийн хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээгээ эрх хэмжээний хүрээнд авсан нь мөн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч В.Э- нь хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэнд холбогдуулан тус газрын гүйцэтгэх захирлын 2020 оны Б/99 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ, Legalinfo.mn цахим хуудасны үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгах байсан боловч дуусаагүй, энэ талаар В.Э- нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, удирдлагад буруу мэдээлэл өгсөн гэж тайлбарлан маргасан байна.

 

В.Э- нь хариуцагч байгууллагын хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн даргаар ажиллаж байгаад тус хүрээлэнгийн захирлын 2020 оны Б/99 дугаар тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, мөн эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг удирдлагад буруу ташаа мэдээлсэн, мэдээлэх үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрмийн 5.3.5, 5.4, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийг үндэслэн түүний үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-4/

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч В.Э-т сахилгын шийтгэл ногдуулахдаа 2020 оны 12 дугаар сарын 02, 07-ны гэсэн огноотой нэг утга, нэг дугаар бүхий хоёр баримт бичиг үйлдсэн байна. /хх-4, 45/

 

Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын төслийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн огноотойгоор 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр В.Э-ын мэйл хаягаар илгээсэн, тэрээр 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэйлээр ...тушаалыг зөвшөөрөхгүй, гомдолтой, шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн агуулгаар Х.Эрдэм-Ундрах, Т.Галбадрах, Б.Туул нарт хандсан тайлбар илгээсэн, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн захиргааны зөвлөлийн хуралд техникийн алдаа гаргасан гэж тайлбарлан, тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн огноотой болгон засаж нэхэмжлэгчид гардуулсан талаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж, мөн хуулийн 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасан.

 

Сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон, зөрчил нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.4-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл В.Э-ын гаргасан зөрчлийг шалгасан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Тиймээс В.Э-т сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалд ажилтан нь удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлээгүй талаар нэрлэн заагаагүй тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т нийцээгүй гэж үзнэ.

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Интер актив ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр www.legalinfo.mn цахим хуудсыг хөгжүүлэлт, засвар, үйлчилгээг хийх гэрээ байгуулж Интер актив ХХК нь дээрх цахим хуудсыг хөгжүүлэх ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. /хх-51-60/

 

Дээрх цахим хуудсын шинэчилсэн хувилбарыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээхээр тохиролцсон боловч уг хугацаанд нээлтийн үйл ажиллагааг хийгээгүйд нэхэмжлэгч В.Э-ыг буруутай гэж үзэх үндэслэлгүй.

 

Учир нь гэрч О.Чингис-Од ... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр корона вирус гарсантай холбоотойгоор Улсын онцгой байдлын хүсэлтээр бүх ажилчид 119.mn сайтыг нэвтрүүлэх ажилд 24 цагаар ажилласан учир бусад системд ажиллах боломжгүй болсон ... гэж, гэрч Б.Баянмөнх ... тухайн төсөл эхлэхэд 2020 оны 11 дүгээр сард дуусна гэж байсан. Гэвч тодорхой асуудал гарсан. Удирдлагаас хөгжүүлэлтийн ажлыг дуусгах талаар удаа дараа шаардлага тавьж байсан ч биднээс хамааралгүйгээр сайтын нээлтийн хугацаа нь хойшилж байсан... гэж тус тус мэдүүлсэн байна. Иймд www.legalinfo.mn цахим хуудасны нээлтийн үйл ажиллагааны талаар удирдлагад буруу мэдээлэл өгсөн гэж үзэхгүй. /хх-137-152/

 

Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа 2020 оны 12 дугаар сарын 02, 07-ны өдрийн Б/99 дугаартай нэг утга бүхий хоёр тушаал гаргасан байх тул 2020 оны Б/99 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар хүчингүй болгосноор дээрх хоёр тушаал эрх зүйн үр дагаваргүй болох учир шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182Ш2021/00804 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэн ТБАГУТҮГ-ын захирлын В.Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны Б/99 дугаар тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэн ТБАГУТҮГ-аас 186 523 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Э-т олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ