Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 285

 

                                  

 

 

 

 

 

 

 

 

                                     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

шүүгдэгч З.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Пт холбогдох эрүүгийн 1706 2561 0178 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Згийн П.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч З.П нь 2017 оны 7 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Юндэнтогжилоос ШУТИС-ийн диплом гаргаж өгнө гэж хууран 1.750.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.П мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Юндэнтогжилын өгсөн мэдүүлэг /хх-12-14/, гэрч Э.Номингийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, З.П яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-20-22, 26/ шүүгдэгч З.Пял шалгах хуудас /хх-27/, шинээр хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч З.П нь 2017 оны 7 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Юндэнтогжилоос ШУТИС-ийн диплом гаргаж өгнө гэж хууран 1.750.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Юндэнтогжилын өгсөн: “…2017 оны 7 дугаар сарын эхээр манай найз Э.Номин надад хандан “манай найз их сургуулийн диплом гаргадаг чи их сургууль төгсөөгүй юм чинь манай найзтай уулзаад их сургуулийн диплом гаргуулахгүй юм уу” гэж асуухаар нь “за” гэж хэлээд түүний найз З.Пгэх хүнтэй уулзсан. Тухайн үед З.Пгэх хүнтэй уулзахад “ШУТИС-ын диплом найдвартай гаргаж өгнө чи надад 3.500.000 төгрөг өгч чадах уу” гэж асуухаар нь “чадна” гэж хэлээд “1.750.000 төгрөгийг эхэлж өгөөд диплом гарахаар нь үлдэгдэл 1.750.000 төгрөгийг өгч болох уу” гэж асуухад “болно” гэсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Натур” худалдааны төвийн ойролцоо байх байрны гадаа мөнгөө өгсөн. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар диплом гараагүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын сүүлээр З.Пгэх хүнтэй утсаар яриад “би диплом авахаа болилоо” гэж хэлээд өөрийн өгсөн 1.750.000 төгрөгийн 700.000 төгрөгийг буцаан авсан. Түүнээс хойш үлдэгдэл 1.050.000 төгрөгийг авах гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,      

Мөн түүний шүүхэд гаргасан: “…Миний би 2018 оны 2 дугаар сарын 8-нд хохирол төлбөр болох 1.050.000 төгрөгийг бэлнээр хүлээж авлаа. Миний бие З.Пт гомдол санал байхгүй.” гэх хүсэлт,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Номингийн өгсөн: “…Тухайн үед З.Пөөрийгөө их дээд сургуулийн диплом гаргаж өгдөг гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд түүнээс хойш З.Пбид хоёр байрныхаа гадаа тааралддаг болсон бөгөөд хааяа тамхи татаж, ойр зуурын юм ярьдаг байсан. Тэгээд 2017 оны 1 сард З.Пнадаас 250.000 төгрөг зээлсэн бөгөөд мөнгө зээлсэн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа дахин надаас 250.000 төгрөг зээлсэн. Түүнээс хойш З.Паас би өөрийн зээлсэн 500.000 төгрөгийг авах гэхээр “одоогоор мөнгө байхгүй байна, удахгүй өгнө” гэдэг байсан…Тухайн үед П.Юндэнтогжил надад хандан “их дээд сургуулийн дипломтой болмоор байна” гэж асуухаар нь “миний таньдаг хүн сургуулийн диплом гаргадаг гэсэн, би асуугаад хариу хэлье” гэсэн. Тэгээд тухайн өдрөөс хойш 7 хоногийн дараа З.Пгар утас руу залгаад “манай нэг найз их сургуулийн диплом гаргуулах хүсэлтэй байна” гэж хэлэхэд З.Пнадад хандан “болох байхаа” гэсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын эхээр П.Юндэнтогжил манай гэрийн гадаа ирээд надад 1.750.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад 1.750.000 төгрөг өгөх болсон шалтгаан нь З.П, П.Юндэнтогжил нар нь хоорондоо уулзалдаагүй завгүй байсан. Тэгээд надаар дамжуулан мөнгө авсан юм. Харин энэ үйлдлээс өмнө З.П, П.Юндэнтогжил нар хоорондоо уулзаад тохирсон байсан. Тэгээд би З.Пт мөнгө өгөхдөө зээлсэн байсан 500.000 төгрөгөө аваад үлдсэн 1.250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ талаар З.Пөөрөө мэдэж байгаа.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,   

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч З.П яллагдагчаар өгсөн: “…Тэгээд би Э.Номинтой уулзаад “их сургуулийн диплом гаргаж өгч чадна, эхний ээлжинд 1.750.000 төгрөг хэрэгтэй” гэж хэлсэн. Мөн Э.Номингийн найз П.Юндэнтогжил гэх залуутай уулзаад “ШУТИС-ын диплом гаргаж өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөгөө авах гэхээр П.Юндэнтогжил бид хоёр хоорондоо тааралдахгүй ажил төрөл болохгүй байсан. Тэгээд П.Юндэнтогжил Э.Номингоор дамжуулан 1.750.000 төгрөг өгөхөд нь Э.Номин надад мөнгийг өгөхдөө 500.000 төгрөгийг нь өөртөө авч үлдсэн 1.250.000 төгрөгийг өгсөн. Тэгээд би өөрийн найз Доржтой утсаар ярихад “эхэндээ их сургуулийн диплом гаргаж өгнөө чи санаа зовох хэрэггүй гэж хэлээд байсан бөгөөд сүүлдээ 2017 оны 10 дугаар сарын эхээр их сургуулийн диплом гарах боломжгүй боллоо гэж надад хэлсэн. Үүнээс өмнө П.Юндэнтогжил надаас 700.000 төгрөгийг авсан байсан. Учир нь мөнгө төгрөгөө буцааан авна гэж хэлээд байсан. Тэгээд 1.050.000 төгрөгийг мөнгө төгрөгний боломж муу байсан учир өнөөдрийг хүрлээ….Би П.Юндэнтогжил гэх хүний үлдэгдэл 1.050.000 төгрөгийг төлж барагдуулна. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” /хх-20-21, 26/ гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч З.Пял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-27/ зэргээр тогтоогдсон болно.

 

Хохирогч П.Юндэнтогжил нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч З.Пүг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд 1.750.000 төгрөгийг бэлнээр өгснөө тодорхой мэдүүлдэг ба мөрдөн байцаалтад З.Пнь “их дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, хуурч мэхлэх аргаар 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.П үйлдэл нь зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, хуурч мэхлэх аргаар бусдад 1.750.000 төгрөгийн хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч З.Пнь огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн залилж авсан нь бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч З.Пыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Юндэнтогжил нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч З.Пыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч З.Пнь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан торгуулийн ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, З.Пнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овгийн Згийн Пыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. З.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж бую 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар З.Пнь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Пнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, З.Пнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх

тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС