Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/156

 

 

 

 

   2024           01             30                                       2024/ДШМ/156

 

Б.И-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

яллагдагч Б.И-ын өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/2778 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Янжиндуламын бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.И-д холбогдох 2308031421995 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ийн И, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...-ийн хамт, ... дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .. дүүргийн .. дугаар хороо ... дүгээр байр .. тоотод түр оршин суух, /РД: ............../.

Яллагдагч Б.И нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс 33 шуудай буюу 637 кг нэн ховор ургамлын жагсаалтад багтсан “хонин арц” нэртэй ургамлыг зарж, ашиг олох зорилгоор худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах эмээлтийн хяналтын цэг хүртэл “Тоёота Приус 20” маркийн ..-... ....улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Ниссан Вингроад” маркийн ..-... .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагг 321.366.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангаагүй байх тул прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагч Б.И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн эсэх гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид болон тусгай ангид заасан ял албадлагын арга хэмжээг аль алиныг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно. Шүүгдэгч Б.И нь гэмт хэрэг үйлдэхэд автомашин ашигласан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх асуудлаар нэг мөр ойлголтод хүрээгүй буюу хохирлын хэмжээ дээр маргаж байгаа, мөн нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг баталгаажуулсан ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Тухайлбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах боломжтойг нотолсон хөрөнгийн барьцаа, мөнгөн хадгаламж, цалин орлогыг тодорхойлж ирүүлсэн баримтгүй, шүүгдэгчийн өмчлөлд өөрийн гэсэн суудлын автомашин байдаг талаар мэдүүлсэн, мөн бусад эд хөрөнгийн талаар ажиллагаа явуулж үнэлгээ тогтоолгох, битүүмжлэх зэргээр хохирол барагдуулахад чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан.

Шүүх шинжилгээний ерөнхий газраас “...1 кг нойтон хонин арцны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 100.900 т байна. 637кг х 100.900т = 64.273.300 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэсний дагуу тооцвол 64.273.000 х 5 = 321.365.000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /хх 101-103/ хэрэгт авагдсан ба шүүгдэгч хохирлын хэмжээг бодит хохирлоор тооцож арилгахыг зөвшөөрч байгаа, харин байгаль экологид учруулсан өсгөж бодсон хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй гэсэн нь хохирлоо төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй.

Иймд Б.И-д холбогдох эрүүгийн 2308031421995 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Б.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан гэх 637 кг хонины арцыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаж байгаа болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Янжиндулам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” нь шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд хянах асуудалд хамаарч байгаа боловч яллагдагч Б.И-д холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тохиролцож, яллагдагч уг албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн.

Харин прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзэн, яллагдагчид танилцуулаагүй болно.

Учир нь, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан бөгөөд хэргийн тухайд яллагдагч Б.И нь ..-... ....улсын дугаартай Приус 20 маркийн, ..-... .... улсын дугаартай Ниссан вингроад маркийн тээврийн хэрэгслүүдийг хонин арц тээвэрлэх зорилгоор унаж яваагүй харин хот, орон нутгийн хооронд хүн тээвэрлэх зорилгоор унаж явсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, яллагдагч нь гэмт хэрэг үйлдэхдээ тухайн тээврийн хэрэгслүүдийг зориудаар ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн дээрх тээврийн хэрэгслүүд нь яллагдагч Б.И-ын өмчлөлийн бус, бусдын өмчлөлийх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэтэл шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл мөн яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар хэргийн тухайд 637 кг нэн ховор ургамал “Хонин Арц”-ыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Экологийн шинжилгээний газраас 64.273.300 төгрөгөөр үнэлсэн нь гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол гэж үзэн, шүүгдэгчээс уг мөнгөн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.И-ын “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх нь үндэслэлгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/2778 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.И-ын өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.И нь өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэй. Хүүхдүүдийнх нь хамгийн том нь 18 настай, гэр бүлд ажил төрөл эрхэлсэн хүн байхгүй, өөрөө жижиг цайны газар түрээслэж, хуваариа хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг. Орон нутаг руу хүн тээвэрлэж, тээвэрлэж явахдаа хүргэн дүүгээ дагуулж яваад өөрөө найзынхаа тээврийн хэрэгслийг авч явсан байдаг. Хонин арц худалдсан хүн би хот руу явж чадахгүй нөхцөл байдал үүслээ машин эвдэрчихлээ чи 1 кг 1000 төгрөгөөр аваад хотод очиж шашин дэлгүүр зарвал 1 кг 2500 төгрөгөөр авна гэж хэлсний дагуу итгэж, үнэмшээд хэдэн төгрөг дундаас нь унагах зорилгоор, хууль мэдэхгүйгээсээ болоод ийм хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, Экологийн цагдаагийн газар анхаасаа мэдүүлэг өгөхдөө хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой учраас прокурор хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Хохирлын хэмжээн дээр бол прокурор бодит хохирол 64.000.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй. Байгалийн нэн ховор ургамал хонин арцыг түүнэ гэж тээврийн хэрэгсэл бэлдэж яваагүй учраас прокурор бодит хохирлыг 64.000.000 төгрөг гэж үзсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.И-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.И-ыг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс 33 шуудай буюу 637 кг нэн ховор ургамлын жагсаалтад багтсан “хонин арц” нэртэй ургамлыг зарж, ашиг олох зорилгоор худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах эмээлтийн хяналтын цэг хүртэл “Тоёота Приус 20” маркийн ..-... ....улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Ниссан Вингроад” маркийн ..-... .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 321.366.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлэг, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/2778 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Янжиндуламын бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

 

                                           ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                                           ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР