Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01132

 

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01132

 

 

 

Н.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183Ш2021/01215 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-, Ц.Т-, Б.М- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ц-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү болох Н.Аюуш нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Миний бие өв залгамжлах эрхийг авсан. Н.Аюуш нь 2013 оноос Ус сувгийн удирдах газрын Яармаг-Нисэхийн салбарын 351 дүгээр худагт 2020 он хүртэл ажилласан. Бие нь өвдөж 7 хоногийн чөлөө аваад нас барсан. Н.Аюуш нь ажлын хамт олондоо тогтмол 10 хувийн хүүтэй зээлийг олгодог байсан. Нийт 3 200 000 төгрөгийг хариуцагч нар болон бусад хүмүүст зээлсэн байдаг. Харин хариуцагч Б.Б- нь мөнгө зээлүүлсэн баримтыг талийгаачийг нас барсаны дараа түүнийг орлож ажиллаж байх үедээ шатаасан. Б.Б-г шатааж байхыг хариуцагч Б.М- харсан. Уг үйл явдлыг ажлын хамт олон нь бүгд мэдээд манай гэр бүлд мэдэгдсэн. Гэвч тухайн үед талийгаачийг хөдөөлүүлээгүй байсан учраас уулзаж чадаагүй. Мөн манай эгчийн утас руу Б.Б-г тухайн бичиг баримтуудыг шатааж байсан бичлэгийг ажлын хамт олон нь явуулсан. Бүгд мөнгө зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эргэж төлнө гэдгээ илэрхийлдэг гэжээ.

Хариуцагч Д.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Н.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид Н.Аюуштай хамт ажилдаг байсан нь үнэн бөгөөд түүнээс мөнгө төгрөг авч байсан удаа байхгүй бөгөөд ямар ч үндэслэлгүй. Иймээс уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Т- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Н.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Н.Аюуштай хамт ажилдаг байсан нь үнэн бөгөөд түүнээс мөнгө төгрөг авч байсан удаа байхгүй бөгөөд ямар ч үндэслэлгүй. Иймээс уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүх ирүүлсэн тайлбартаа: ...Өвдөхөд нь ажлыг хүлээн авсан. Ажлын байранд мөнгөний баримт, тэмдэглэл, хувийн тэмдэглэл байгаагүй. Ажлаа өгсөнөөс 2 хоногийн дараа акт ачирч өгсөн. Акт худаг дээр байсан, өглөө утсаар ярьсан хүн гэнэт орой нь нас барсан байна гэж хэлсэн. Шударга, зарчимч охин санагддаг, хүний ёсны харьцаатай байсан. Мөнгө төгрөг авсан удаа байгаагүй. Актын цаасыг юм бодоогүй барьж байсан. Энэ цаасны хэрэг юу байх вэ гэж бодож байсан. Өөр бичиг баримт байгаагүй. Холбогдож байгаа 3 хүнтэй холбоотой мөнгөний бичиг, тэмдэглэл байгаагүй болно. Бид 28-лаа ажилладаг. Энэ удаад яагаад 3 хүнийг ялгаварлаж хандаад байгаа юм. Худагт янз бүрийн бичиг баримт байлгахыг хориглодог гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ийн хариуцагч Б.Б-, Ц.Т-, Б.М- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуралд хариуцагч болох Б.Б-, Ц.Т-, Б.М- нь өөрийн биеэр оролцоогүй, оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь хэргийн талаархи мэдээлэлгүй, болсон процессын талаар шүүх хуралдаанд ач холбогдол бүхий үйл баримтыг яриагүй. Б.Б- нь шүүхийн тов гарахаас өмнө 2 удаа тайлбар мэдүүлэгээ сольсон. Энэ нь хэргийг үнэн бодитой шийдвэрлэхэд хүндрэл учруулсан. Хариуцагч нар хамт олноо гуйж ятган өөрийн талд оруулж, бичиг баримт шатаасан асуудлаар Ам нээвэл өөрсдөө хэрэгтэн болно гэж сануулан дарамт учруулсан. Шүүхээс мэдүүлэг, тайлбар авна, ажлын байраар ирсэн тохиолдолд бид мэдүүлэг, тайлбар өгнө гэж хэлсэн. Тэр үеэр зураг болон бичлэг хийж байсан баримт байгаа гэж хэлсэн болно. Ус сувгийн удирдах газрын Яармаг-Нисэхийн салбарын хамт олноос хэргийн талаархи тайлбар, мэдүүлэг авч хэргийг бодитой шийдвэрлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх. Н.Ц- миний бие хэргийн талаархи бодит тайлбар, мэдүүлэг өгөх Ж.Лхагвсүрэн, н.Ундраа, н.Амаржаргал нар 353 дугаар худаг дээр ажиллаж байгаад чөлөө авсан энэ үеэр Б.Б- түүнийг орлон ажиллаж байгаад үлдээсэн бичиг баримтуудыг шатаасан. Үүнийгээ би айж сандарсандаа щатаасан гэж тайлбарладаг. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийн хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Ц- нь хариуцагч Б.Б-, Ц.Т-, Б.М- нарт холбогдуулан 3 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг бүрэн хангаагүй байна. Мөн шүүх нотлох баримт бүрдүүлэх талаарх нэхэмжлэгчийн хүсэлтийг тодруулаагүй, шийдвэрлээгүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь буруу.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Ц- нь нотлох баримт бүрдүүлэх зорилгоор Ж.Лхагвасүрэн гэх хүний бичгээр өгсөн тодорхойлолтыг шүүхэд өгч, ...хамт олноос нь гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргуулах, 353 дугаар худагны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 9-14 цагийн хоорондох камерын бичлэг шүүх гэсэн хүсэлт гаргасан байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. /хх-ийн 73/

 

Гэрчийг шүүхэд дуудан ирүүлж, хууль сануулж мэдүүлэг авснаар нотлох баримт гэж үзэх боломжтой болох бөгөөд иргэний бичгээр гаргасан тодорхойлолт, тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Нөгөө талаар гэрчийг зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр оролцуулдаг учир хамт олноос төлөөлсөн этгээдээс мэдүүлэг авах гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх тодруулаагүй нь буруу байна.

 

Дээрх байдлаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183Ш2021/01215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ