Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

 

 

 

 

 

 

 2024        01          22                                           2024/ДШМ/02

 

 

               Шүүгдэгч Б.Э болон

                       “Э” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ /цахимаар/, шүүгдэгч Б.Э, Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяа, өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Э болон “Э” ХХК-д холбогдох, 2202000000464 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,   “Улаанбаатар цахилгаан түгээх  сүлжээ” ТӨХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны 103 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б-ын Э /РД:............/.

                          Э” ХХК-ийн талаарх мэдээлэл:

   Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 940 дугаартай шийдвэрээр бүртгэгдсэн, ....... регистрийн дугаартай, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/ Д-гийн Г, 0,4-35кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ болон  гэрээ, захиалгаар бөөний худалдаа, барилгын материалын жижиглэн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 02 тоот хаягт бүртгэлтэй.

                                   Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Э нь С.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, “Хужирт гэр” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр  нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, хуурамч санхүүгийн баримт 3 ширхэгийг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэрэгт,

- шүүгдэгч “Э” ХХК нь С.Б-ийн хамаарал бүхий “Хужирт гэр” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн 2 ширхэг буюу нийт 121,227,500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон буюу худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, санхүүгийн хуурамч баримт 3 ширхэгийг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийсэн буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж, ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэрэгт тус тус холбогджээ / яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 2. Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс шүүгдэгч Б.Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч “Э” ХХК-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр цагаатгах тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч “Э” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000464 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Б-ын Э-т, “Э” ХХК нарыг цагаатгаж,

- шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж,

- шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Дээд шатны прокурор буюу Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор А.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүхийн цагаатгах тогтоолд заасан шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхээс “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралт зэргээр Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзнэ” гэж зөв тодорхойлж дүгнэсэн атлаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь “Санхүүгийн баримт”-д хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулиуд болон Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай" 347 дугаар тушаалын хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь “Санхүүгийн баримт” мөн болохыг хууль эргэлзээгүй байдлаар тодорхойлсон байхад шүүх “Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болдог баримт” гэж дүгнэсэн хэдий ч санхүүгийн үйл ажиллагааны үндэс, суурь болж ашиглагдаж буй гол баримт болох Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “Санхүүгийн баримт”-д хамаарахгүй гэж үндэслэлгүйгээр холбогдох хууль, журмыг буруу тайлбарлаж, шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гаргасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлд хамаарч байна гэж дүгнэв.

Түүнчлэн шүүх санхүүгийн баримт гэх ерөнхий ойлголтод юуг хамааруулах, ямар баримтууд хамаарах талаар огт дурдаагүй, мөн хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүйн улмаас санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашиг, хонжоо олж буй этгээдэд ял завшуулах боломжийг бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Прокурор Б.Энх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн үйл баримтыг гуйвуулж шүүхэд мэдүүлж байна. Татварынхаа дүнг багасгаж татварын мэдээллийн санд оруулсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Хуурамч баримтыг авч хийснээр өгсөн тал нь татвар төлнө, авч байгаа тал нь чөлөөлөгдөх үндэслэл болно.

Шүүгдэгч Б.Э, Э ХХК-ийн тухайд татварын дүнг багасгаж бичсэн гэж хэлснийг үндэслэлгүй тайлбар гаргасан гэж үзэж байна. Хуулийн зорилгын хүрээнд санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэж прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдсэн. Прокурор нь яагаад санхүүгийн баримт мөн, биш гэдэг дээр тайлбар хийхгүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлсэн.

НӨАТ-ыг үндэслэж татварын байгууллага нь хуулийн этгээдүүдээс төрд оруулах татварыг тооцож авдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад үндэслэж хэчнээн төгрөгийн орлого, зарлага хийсэн гэдгийг нотолдог байхад санхүүгийн баримт биш гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хуулийн этгээд нь тухайн баримтыг хуурамчаар шивэх үйлдлийг гаргасан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон цагаатгагдсан этгээдийн зүгээс тайлбарлахдаа татвар төлөхөөс зайлсхийсэн гэж хэлсэн. Эцсийн үр дүнд татвар төлөхөөс зайлсхийх зорилготой байсан боловч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоо гүйцэтгэхийн тулд хуурамч баримт бүрдүүлж байгаа нь нэг үйлдлээрээ хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.

Татвараас зайлсхийсэн үйлдэл нь их хэмжээний хохиролд хүрэхгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан шинжийг хангахгүй байна. Харин хуурамч баримт бүрдүүлж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг давхар хангаж байгаа учраас яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт татварын улсын байцаагч Мөнхгэрэлийн өгсөн мэдүүлэгт татварын баримтад хамаарах уу? гэхэд хамаарна гэж хуулийн хүрээнд тайлбарлаж хэлснийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү” гэжээ.

6. Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нарын хийсэн үйлдлийг шүүх хуулийн зорилгодоо нийцүүлж шийдвэрээ гаргасан гэж бодсон. Харин прокурор нь зорилгоо биш, хуулийн зүйл заалтыг хүндрүүлсэн байдлаар хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна.

Прокурор, мөрдөгч нь татвараас зайлсхийх зорилгоор гэж хуулийг тайлбарлаж хэрэглэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын талон гэдэг нь худалдан авалт хийснээр үйлчлүүлэгчийн нь татварыг багасгах, зайлсхийх зорилго байгаа.  Нягтлан бодох бүртгэлийн баримтыг санхүүгийн баримт гэж үзэж байгаа бол зах зээл дээр маш их санхүүгийн баримт үйлдэгдэж байгаа.

Ийм учраас зарлагын баримт хүртэл хууль хэрэглэх асуудал болж байна. Миний хувьд анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн баримт зэрэг нь тусдаа үйлдэгддэг баримт гэж үзэж байгаа бөгөөд өөр өөрийн гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Сангийн сайдын 2018 оны тушаалаар анхан шатны баримтын жагсаалтыг баталсан. Санхүүгийн баримт гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн тайлангаар илэрхийлэгддэг. Нөгөө талаасаа төлбөр тооцооны хэрэгсэл болж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж тусдаа хууль журмаар зохицуулсан, Сангийн сайдын тушаалаар батлагдсан жагсаалтад орсон нэршлүүдийг ойлгохоор байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийг ашиглаж маш олон хүнийг яллаж хохироох эрсдэлтэй байна. Энэ баримтыг үйлдэж байгаа нь буруу. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж тусдаа журмаараа журамлагдсан баримтууд байгаа. Компани нь татвараа төлөхөөс  зайлсхийх зорилготой байсан учраас энэ үйлдлийг хийсэн. Анхан шатны шүүхийн 2023 оны 201 дүгээр цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол нь 50.000.000 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан байх ёстой. Гэтэл 12 сая төгрөгийн хохирол учирсан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд зааснаар хүндрүүлж зүйлчилсэн. Энэ хэргийн санкц нь 120-400 сая төгрөгөөр торгох ял оногдуулахаар заасан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Энэ хоёр зүйл заалтын оногдуулах ялыг харьцуулаад үзэхэд харьцангуй бага торгох ялтай байна. Бид нар 12 сая төгрөгийн татварын зөрчил гаргаж, бага хэмжээний хохирол учруулсан байхад хүнд ял оногдуулахаар тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна” гэжээ.

7. Шүүгдэгч Э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээн байгуулж байгаа монгол залуучуудыг яагаад шүүх хурлаар хэлэлцүүлж, ял оногдуулах гэж байгааг гайхаж байна.  Үйлдвэрлэгч биш мөртлөө нэмэгдсэн өртгийн татварын асуудал гарч байна.

Монгол Улсын хэмжээнд ийм асуудлыг гаргаж хөдөлмөрлөж байгаа иргэдийг яллаж хохироох биш, улсынхаа аж ахуйн нэгж байгууллага, компаниудынхаа төлөө сэтгэл гаргаж ажилламаар байна гэж хэлмээр байна. Би 2 жилийн хугацаанд хууль шүүхийн байгууллагад хариуцлагад татагдаж байна. Прокурор нь залуу хүнийхээ хувьд яагаад ирээдүйгээ дарангуйлах бодлого явуулж байгааг асуумаар байна” гэв.

8. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаартай цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Прокуророос уг цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаартай эсэргүүцэл бичсэн. Прокурор нь эсэргүүцэл бичихдээ санхүүгийн баримт болон  санхүүгийн анхан шатны бүртгэл гэдэгт ямар ойлголт хамаарах, яагаад нэмэгдсэн өртгийн албан татвар нь хамаарч байгаа гэдгийг тайлбарлаж чадаагүй.

Шүүхийн цагаатгах тогтоолыг яагаад хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна бэ гэвэл нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь мөнгөн гүйлгээ хийдэг баримт биш, зөвхөн төлбөр тооцоо хийснийг нотлох баримт гэж ойлгож байгаа.  Шүүхээс юу гэж дүгнэсэн бэ гэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т болон Нягтлан бодох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ямар байдгийг тус тус тайлбарласан. Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “маягт батлах” тухай 347 дугаар тушаалын хавсралтаар нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодох бүртгэлийн жагсаалтад оруулсныг дурдсан. Миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

Улсын яллагч нь НӨАТ-ыг ямар санхүүгийн баримтад хамаарч байгааг эсэргүүцэлдээ үндэслэлтэй дурдаагүй. Энэ гэмт хэрэг нь ямар зорилго сэдэлтэй байсан бэ гэвэл тухайн НӨАТ-ын баримтыг татвараас зайлсхийх зорилгоор багасгаж гаргаж татварын байгууллагын мэдээллийн санд оруулсан. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан заалтад хамаарч байна. Энэ заалтад хамааруулж хэргийг цагаатгасан нь үндэслэлтэй байна.

Санхүүгийн анхан шатны баримт гэдэг нь санхүүгийн бие даасан тусгай ойлголт байдаг. Харин нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн баримт гэдэг нь санхүүгийн тайлан, гүйлгээ, худалдаа зэрэг үйлдлүүдээр тодорхойлогддог. Анхан шатны шүүх нь цагаатгах тогтоол гаргахдаа НӨАТ-ын баримт гэж юуг хэлэхийг үндэслэлтэй тодорхойлсон. Шүүхээс санхүүгийн анхан шатны баримт биш, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурор нь НӨАТ-ыг санхүүгийн баримт гэдгийг нотолсон зүйл байхгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн баримтын алинд хамаарч байгаа талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байсан.

Миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т зааснаар яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаартай цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү

Прокурор нь санхүүгийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзсэн. Э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г болон Б.Э нар нь тухайн баримтыг хуурамчаар үйлдээгүй. Харин уг  баримтыг үйлдсэн хүн нь Б гэдэг хүн байгаа. Энэ хүнд зохих арга хэмжээ авагдсан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Э болон Э ХХК-д холбогдох, 2202000000464 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

        2.Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн  хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс шүүгдэгч Б.Э-ийг Н.Б-тэй бүлэглэн “Хужирт гэр” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, хуурамч санхүүгийн баримт 3 ширхэгийг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, “Э” компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан үйлдэлд байнга, тогтвортой хамтран оролцсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт,

“Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр цагаатгах тогтоолоор: Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т зааснаар,

шүүгдэгч “Э” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 2202000000464 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Б-ын Э болон шүүгдэгч “Э” ХХК-ийг тус тус цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шүүхээс дүгнэв.

3.1. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван наймдугаар бүлэгт “ Эдийн засгийн гэмт хэрэг”-ийг хуульчилж, нийт 18 төрлийн гэмт хэргийг нэрлэн тусгасан ба Татвар төлөхөөс зайлсхийх / 18.3 дугаар зүйл/, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах / 18.7 дугаар зүйл/ гэмт хэргийг тус тус дээрх бүлэгт хамааруулжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд: “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол” гэж энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлж, хуульчилсан байна.   

 Прокуророос шүүгдэгч Б.Э болон “Э” ХХК-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдээс, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэх шинжийг хангасан гэж дүгнэж, тэднийг яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба анхан шатны шүүхээс  “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн, хуурамч үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж, харъяа татварын хэлтэст тайлагнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй”,

мөн шүүгдэгч нар нь 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан 121.227.500 төгрөгийн орлогыг зарлага болгон тайлагнаж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн материаллаг шинжийг хангахгүй байх тул гэмт хэргийн шинжгүй” гэх дүгнэлт тус тус хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу  хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүхээс .... санхүүгийн баримт гэх ойлголт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, татвар болон санхүүгийн тайлан гаргахад хэрэглэгддэг ерөнхий ойлголт байна, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад хамаарна гэж зөв тодорхойлсон атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь санхүүгийн баримт гэх ерөнхий ойлголтод хамаарахгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан нэр томъёоны агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн  гэж үзнэ. 

3.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т : Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно”гэж заасан.

Эрүүгийн хуульд заасан Эдийн засгийн гэмт хэрэг, тэр дундаа татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэрэгтэй нийлмэл шинжтэйгээр үйлдэгдэх тохиолдол гарах бөгөөд энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн хийсэн хууль бус үйлдэл нь нэг гэмт хэргийнх нь шинжийг хангаагүй нь нөгөө гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Тухайлбал, татвар төлөх үүрэг бүхий этгээд нь татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээгээ НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан бичүүлэн, уг хуурамч падааныг татварын нэгдсэн системд шивүүлж, түүнийгээ ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гарган тайлагнаж буй нь төлөх татварын хэмжээг бууруулах замаар татвар төлөхөөс зайлсхийж буй хууль бус үйлдэл бөгөөд зайлсхийсэн татварын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан “их хэмжээ”-д хүрэхгүй байгаа нь тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэхээс бус хуурамч падаан үйлдсэн, түүнийг ашигласан гэмт хэргийн шинжийг  үгүйсгэхгүй болно. 

3.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолд тусгахаар заасан бөгөөд шүүгдэгч Б.Э, Э ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дээрхи хуулийн шаардлагад нийцээгүй байна.

           Шүүгдэгч Б.Э болон Э ХХК-ийг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэж ялласан прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудыг шүүхээс няцаан үгүйсгэж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. 

4. Дээр дурдсан үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АЛТАН

ШҮҮГЧИД                                                                Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                   Д.ЖАМБАЛСҮРЭН