Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 744

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ч.Д*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Ч.Д*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ч.Д*******ыг 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амарбаяр нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Д*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны зэлжит сонгуульд Сүхбаатар дүүргийн А******* намаас Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлэн, 157 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд бүртгүүлэхээр баримт бичгийг хүргүүлсэн.

Дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Ч.Д*******ыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ...”-д, 157 дугаар зүйлийн 157.2.7 “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-д заасныг зөрчсөн буюу дээрх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тухай 2016 оны 03 дугаар тогтоол гаргасныг мэдэгдсэн болно.

Сүхбаатар дүүргийн А******* намаас нэр дэвшигч Ч.Д******* миний бие 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нотариатч Д.А*******ын баталсан, бүртгэлийн дугаар 439-т бүртгүүлсэн бүртгэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тайлбар зэргээс тодорхой харагдаж байна.

Бодит байдал ийм байсаар атал дүүргийн Сонгуулийн хороо нь бичиг баримтыг зориудаар мушгин гуйвуулж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Сүхбаатар дүүргийн А******* намаас нэр дэвшсэн Ч.Д******* миний биеийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1, 11.8 дахь заалтыг тус тус зөрчин иргэн миний сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Д.Ц*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ч.Д*******ыг 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, өмгөөлөгч Б.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн орон нутгийн сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа А******* намаас нэр дэвшүүлсэн Ч.Д*******ыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан байна.

Ч.Д******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 заасан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заалтыг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл Ч.Д******* нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь заалтад заасан “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар...”-ыг сонгуулийн хороонд ирүүлээгүй бөгөөд холбогдох байгууллагаас холбогдох байгууллагаас өргөдлөө өгсөн эсэх тухай тодруулан, нягтлан шалгахад ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд илэрхийлээгүй, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй нь тогтоогдсон болно.   

Нэр дэвшигч Ч.Д******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон байх тул тус сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн олонхийн саналаар хуульд заасан үндэслэлээр өөрөөр хэлбэл тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэг “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэж, 158.1.3 дахь хэсэг “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхул хуурамч бол” гэж тус тус заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.

Иймд иргэн Ч.Д*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Д******* нь “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Ч.Д*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ч.Д*******ыг 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Д*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3-д заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн А******* Намаас 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн Ч.Д*******ыг Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Хариуцагчаас “Ч.Д******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасны дагуу “сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө дүүргийн Засаг даргад ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөөгүй, мөн 157.2.7-д зааснаар уг хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг дүүргийн сонгуулийн хороонд ирүүлсэн баримт бичигтээ хавсаргаж ирүүлээгүй тул Сонгуулийн тухай хуулийн 158.1.3-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэж тайлбарлан, маргаж буй юм. 

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т орон нутгийн сонгуульд нэр дэвшигч “...орон нутгийн өмчит, ...хуулийн этгээдийн ... захирал, ... нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх”-ыг шаардсан бөгөөд хуулийн энэ шаардлагатай холбогдуулж нам нэр дэвшүүлэх ажиллагааг явуулахдаа 157 дугаар зүйлийн 157.2.7-д “...орон нутгийн өмчит хуулийн этгээд, ...захирал, ...ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг дүүргийн сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилжээ. 

Сүхбаатар дүүргийн А******* Намаас тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд 10 дугаар тойрогт Ч.Д*******ын нэрийг дэвшүүлж, дүүргийн А******* Намын хорооны ээлжит бус хурлын 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “2016 оны орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн тухай” 05 дугаар тогтоол, нэр дэвшигчдийн жагсаалт, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөргүй, албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай тодорхойлолтууд, нэр дэвшигчийн намтар, иргэний үнэмлэх болон цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг нийт 23 хуудас баримт бичгүүдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цаг 46 минутад  дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Ч.Д******* нь орон нутгийн сонгуульд нэр дэвшихийн тулд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Б******* танаа” гэсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан М.О*******д өгсөн байх ба дүүргийн Засаг дарга тухайн өдрүүдэд эзгүй байсаны улмаас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр уг өргөдөлтэй танилцан цохолт  хийж, Тамгын газрын даргад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан өргөдлийг хүлээн авсан дардасын тэмдэглэл , гэрч М.О*******ын мэдүүлэг , Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр , албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн удирдлагын програм “office.sbd.mn”-ийн дэлгэрэнгүй бүртгэл  зэргээр тус тус тогтоогдож байна.   

Сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргасан байхад тухайн хугацаанд эзгүй, ажилдаа ирээгүй байсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйл ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Сонгуулийн хороонд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6, 157.7-д заалтаар нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон бусад шаардлагуудыг хангаж буй, ирүүлсэн баримт бичиг нь бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгахыг үүрэг болгосны зэрэгцээ шаардлагатай тохиолдолд хуулийн 157.9-д заасан хугацаанд нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулах авах боломж хуулиар олгогдсон байгаагаас үзвэл хэрэв нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаагүй нь баттай тогтоогдсон тохиолдолд сонгуулийн хороо түүнийг бүртгэхээс татгалзахаар байна.

Дүүргийн сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 157.9-д заасан хугацааны дотор буюу бүртгэлийн явцад Ч.Д*******ыг нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон бусад шаардлагуудыг хангаж буй, ирүүлсэн баримт бичиг нь бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах явцад хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг ирүүлээгүй болох нь тогтоогдсон тул хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу” гэсэн үндэслэлээр Ч.Д*******ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр хуульд нийцжээ.

Тухайлбал, нэр дэвшүүлсэн намын тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 157.2-т нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн байхад Ч.Д*******ын дүүргийн сонгуулийн хороонд ирүүлсэн баримт бичигт хуулийн 157.2.7-д “...орон нутгийн өмчит хуулийн этгээд, ...захирал, ... ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг хавсаргаж ирүүлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болжээ. 

Иймээс дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын Ч.Д*******т холбогдох хэсэг нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн сонгогдох эрхэд халдаагүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Д*******ын Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Ч.Д*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ч.Д*******ыг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ЦЭЦЭГМАА