Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 192

 

А.П-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга,

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх

сан, удирдах хороо холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг

                                                       Г.Банзрагч

                                                       Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000.00 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 19,500,000.00 төгрөг олгохыг даалгах, нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0744 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0136 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч А.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0744 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, “б”, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000.00 төгрөгийг олгохгүй байгаа Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан, удирдах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 19,500,000.00 /арван есөн сая таван зуун мянган/ төгрөгийг А.П-д  олгохыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан, удирдах хороонд даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0136 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батбилэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүхээс “Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны 1 дүгээр хуралдаанаар А.П-ыг  Хас банкнаас зээл судлуулж, урьдчилгаа шийдүүлсэн хэмээн тэмдэглэж орон сууцны урьдчилгаа төлбөрийг олгохоор шийдвэрлэж эзэмшил газрыг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлэн авсан атлаа баримт бичгийн хувьд шаардлага хангахгүй гэж үзэж санхүүжилтийг цуцалж шийдвэрлэсэн нь “... агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлөх” Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн зорилгод нийцэхгүй шийдвэр болжээ” гэсэн тухайд:

4. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар баталсан бөгөөд нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сангийн удирдах хорооны анхны хурал хуралдсанаар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

5. Иргэн А.П  нь Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт 2017 оны 08 дугаар сард орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн. /Энэ нь А.П-ын урьдчилгаа төлбөрийн санхүүжилт хүссэн өргөдөлд хавсаргасан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна. /Уг хүсэлтийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн удирдах хорооны хурал болж А.П-д  санхүүжилт олгох шийдвэр гарсны дагуу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын нэр дээр газрын эрхийг шилжүүлж авсан. Нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө гаргах тухай” А/664 дүгээр захирамж 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр батлагдсан.

6. Захирамж батлагдсаны дагуу Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас иргэн А.П-д  зээл олгохоор судалж, Хас банкнаас тодруулга авахад орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн санхүүжилтийг иргэн өөрөө төлсөн, зээлийн шийдвэр 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарч сонгож авсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.П-ын нэр дээр шилжүүлсэн байсан.

7. Уг асуудлыг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сангийн удирдах хорооны 2 дугаар хуралдаанаар хэлэлцэж “иргэн А.П  нь ипотекийн урьдчилгаа 19 сая 500 мянган төгрөг хүссэн боловч урьдчилгаа төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлөөд гэрээ байгуулсан байгаа нь манай журмын 4.1.2, 5.1.5-д заасантай нийцэхгүй байна. ... Журмын гол зорилго нь орон сууцны ипотекийн урьдчилгаа төлбөрийн чадваргүй хүмүүст тусламж үзүүлж газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа” гэжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06/3386 дугаартай албан бичигт “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дугаартай захирамжийг үндэслэн 19,500,000 төгрөгийн санхүүжилтийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын 100200051420 тоот дансанд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч иргэн А.П-ын ирүүлсэн материал нь “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 4.1.2, 5.1.5 дахь заалтуудыг зөрчиж байгаа тул 19,500,000 төгрөгийн санхүүжилтийг төрийн санд буцаан төвлөрүүлэхийг даалгасан” байдаг. Тус албан бичгийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн сангийн 100200051001 тоот дансанд 19,500,000 төгрөгийг эргүүлэн төвлөрүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/1053 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөрөнгө гаргах тухай” А/664 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

8. Иймд иргэн А.П  нь Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт хүсэлт гаргахаасаа өмнө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн санхүүжилтийг Хас банкинд өөрөө төлж, зээлийн шийдвэр нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд сонгож авсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.П-ын нэр дээр шилжүүлэн, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулсан нь “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 4.1.2-т орон сууцгүй байх /өмч/ гэсэн заалтыг зөрчсөн нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлгүй гэж үзэж байна.

9. Давж заалдах шатны шүүхээс “...Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “урьдчилгаа төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлөөд гэрээ байгуулсан нь ... журмын 4.1.2, 5.1.5-д заасантай нийцэхгүй” гэсэн үндэслэлээр санхүүжилтийг цуцлахаар шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар “Хөрөнгө гаргах тухай” нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй байна” гэжээ.

10. Иргэн А.П  нь Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I. II бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд орон сууцны урьдчилгаа төлбөр олгогдоно гэсэн итгэл төрсөн байж болох боловч “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын дагуу материалаа бүрдүүлэн өгсөн атлаа уг журмын 5.4-т “Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох эцсийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гаргана” гэж заасны дагуу нэг сарын хугацаанд албан ёсны санхүүжилт олгох шийдвэр гартал хүлээж болох байсан гэж үзэж байна. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар болон Сангийн удирдах хороо, нийслэлийн Засаг дарга нь хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, холбогдох шийдвэрээ гаргасан.

11. Шүүхээс “Түүнчлэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож, тус газрын эзэмших эрхийг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/399 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн шийдвэр гараагүй байна” гэжээ.

12. Иргэн А.П  нь манай газарт удаа дараа ирж хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтнуудтай уулзаж, тайлбар мэдээллийг тухай бүр авч байсан. Мөн тус газраас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр “Санхүүжилт цуцлагдсан тухай” мэдэгдсэн. Иргэн А.П-ыг  газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг удаа дараа мэдэгдсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр эргүүлэн шилжүүлэн авах үйл ажиллагаанд огтоос оролцоогүй болно.

13. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна хэмээн үзэж байна.

14. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0744 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0136 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

                 15. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

                 16. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ыг баталсан, уг журмын 1.2-т “нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд иргэдийн ипотекийн эээлийн урьдчилгаа төлбөрийг төлж, өмчлөл буюу эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тэдгээрийн хүсэлтээр нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэн авна”, 1.3-т “...энэ журмын 1.2-т заасан арга хэмжээний хүрээнд Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/-г байгуулж ажиллуулна”, 3.1-д “нийслэлийн агаарын чанарыг сайжруулах I, II бүсэд оршин суудаг, энэ журамд заасан шаардлагыг хангасан иргэний ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэхэд Сангийн хөрөнгийг зарцуулна”, 3.3-т “сангийн хөрөнгөөс олгох урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн иргэний худалдан авч байгаа орон сууцны үнийн 30 хүртэлх хувиас ихгүй байна...”, 3.5-д “сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг нь төлөх иргэн өмчилсөн буюу эзэмшиж, ашиглаж байгаа газраа /өмчлөх, эзэмших, ашиглах эсэх/ Нийслэлийн газрын санд буюу Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

                 17. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч А.П  нь дээрх журмын дагуу “...холбогдох баримтуудыг бүрдүүлэн 2017 оны 07 дугаар сард” орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлтийг  Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан (тухайн үеийн нэрээр) -д гаргасан, уг сангийн удирдах хорооны 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр хуралдаанаар А.П-ын хүсэлтийг хэлэлцээд, “журмын шаардлага хангасан” гэж үзэж, орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн, үүний дагуу, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/399 дүгээр захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо Хилчин 44-56 тоотод байршилтай А.П-ын эзэмшлийн 537 мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийг Гэр хорооллын дэд бүтцийн газарт эзэмшүүлэхээр, нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 захирамжаар А.П-ын худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөр болох нийт 19,500,000 төгрөгийг Орон сууцны хөтөлбөрийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр тус тус шийдвэрлэж, уг 19,500,000 төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар (тухайн үеийн нэрээр)-ын дансанд шилжүүлсэн, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

                 18. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг үндэслэн, нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон, хариуцагч уг захирамжийн үндэслэлээ “... А.П-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байгаа нь ... журмын 4.1.2, 5.15 дахь заалтуудыг зөрчиж байна” гэж, нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч “... тухайн орон сууц худалдан авах зорилгоор Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд хүсэлт гаргасан, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан атлаа ... үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан гэсэн үндэслэлээр урьдчилгаа төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэж маргажээ.

                 19. “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын  4.1-д “сангийн хөрөнгөөс ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг нь төлөх иргэн ... /Монгол Улсын иргэн байх, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх, /өөрийн өмчийн/ орон сууцгүй байх, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах I, II бүсэд сүүлийн 1-ээс доошгүй жил оршин суусан байх, өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа байгаа газрыг Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэхийг зөвшөөрсөн байх, газрын хэмжээ 0.04 га-гаас багагүй байх/ шаардлагыг хангасан байх” шаардлага тусгайлан заасан, нэхэмжлэгч А.П  нь “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 15 дугаар хороолол, 75 дугаар байрны 3-16 тоот орон сууцыг 75,420,000 төгрөгөөр худалдан авах” зорилгоор гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн өргөдөл гаргасан, өргөдөл гаргах үедээ журмын дээрх шаардлагуудыг хангаж байсан тул А.П-ын өргөдөл хүсэлтийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 захирамжаар “орон сууцны урьдчилгаа төлбөрт 19,500,000 төгрөгийг Орон сууцны хөтөлбөрийн хөрөнгөөс санхүүжүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

                 20. ахиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгох”-оор заасан, нэхэмжлэгч А.П-д  “орон сууцны урьдчилгаа төлбөрт 19,500,000 төгрөгийг Орон сууцны хөтөлбөрийн хөрөнгөөс санхүүжүүлэх”-ээр шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 захирамж нь тухайн тохиолдолд, чиглэсэн этгээддээ “эерэг нөлөөлөл” бүхий захиргааны акт бөгөөд, нэхэмжлэгч А.П-д  орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэж, түүний эзэмшлийн 537 мкв газрын эзэмших эрхийг Гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлэн авч, “... 19,500,000 төгрөг олгох” хууль ёсны итгэл төрүүлсэн атлаа хариуцагч эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим”-д нийцээгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

                 21. Иймд,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “... шүүх ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, ... “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/00744 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0136 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

                 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХТУЯА