| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01039/И |
| Дугаар | 192/шш2025/02726 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 192/шш2025/02726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-ад холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 45,138,267.85 төгрөг, зээлийн хүү 3,401,270,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29.010,85 төгрөг нийт 48,568,549.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******,*******, нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 45,138,267.85 төгрөг, зээлийн хүү 3,401,270,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29.010,85 төгрөг нийт 48,568,549.14 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* нь зээлдэгч тай 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ111300135386 тоот зээлийн гэрээ, мөн тус тоот фидуцын гэрээ байгуулан 56,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 2.8 хувийн хүүтэй олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу зээлээ удаа дараа зөрчсөн учраас үндсэн төлбөрт 45,138,267.85 төгрөг, зээлийн хүү 3,401.270.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,010.85 төгрөг, нийт 48,568,549.14 төгрөгийг аас гаргуулахаар нэхэмжилсэн ... гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн зөвшөөрлийн хүрээнд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль болон холбогдох зохицуулалтаар гаргасан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу манай компани иргэн тай байгуулсан гэрээ нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд нийцсэн. зээлийн гэрээний 5.4.3-д заасны дагуу зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ ойлгосон. Хуваарьтай танилцаж аль аль талаасаа гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Үүний дагуу эргэн төлөлтийн төлөлтөө хэтрүүлсэн байдаг. Төлөлт хэтрүүлсэн нь гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Тийм болохоор тухайн банк бус санхүүгийн байгууллагаас гэрээний зөрчил явагдаж байна шүү, төлбөрөө төлөөрэй гэж хугацаа тогтоож өгч, шаардах хуудсыг 2 удаа хүргүүлсэн байдаг. Харилцагч тухайн төлбөрийг харилцагч байгууллагын төлбөрөөс орж ирэхээр төлнө гэж хариу бичсэн байдаг. Хугацаа тогтоож өгсөн боловч зээлийн гэрээний үүргийн зөрчил арилахгүй байсан. Арилахгүй байсан учраас 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр манай компанийн гүйцэтгэх захирал эрх бүхий этгээдээс гэрээг цуцалж төлбөрийг бүхэлд нь шаардана гэх агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ... гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хуульд заагдсан эрх хязгаарлагдаж байгаа. Ямар эрх хязгаарлагдаж байгаа гэхээр тооцоолол алдаатай байна. Яагаад алдаатай байна гэхээр гүйлгээнүүдийг харахад зарим гүйлгээнүүдээс нь үндсэн зээл төлөлт байхгүй, зарим гүйлгээнүүдээс нь үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, хүү гэх ийм дараалалтай хийгдсэн. Тэр дараалал харилцан тодорхой уялдаа холбоотой дараалал байна. Өөрөөр хэлбэл иргэн хүн юу хүсдэг гэхээр бүх мөнгийг үндсэн зээлдээ хийлгэх сонирхолтой ... ******* нь болохоор бүх мөнгийг хүүд авах сонирхолтой байдаг. Үүнийг нийцүүлсэн хууль гэж байх ёстой. Нийцүүлсэн хууль нь Иргэний хуульд төлбөр төлөх заалтыг заасан байдаг. Нэгдүгээрт нь шүүхийн төлбөр, хоёр дахь нь үндсэн зээл, гурав дахь нь хүү, дөрөв дэх нь нэмэгдүүлсэн хүү байдаг. Энэ бол хууль юм ... гэв.
5. Нэхэмжлэгч талаас: итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундармаад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, фидуцийн гэрээний хуулбар, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шаардах хуудас, хариуцагчийн гаргасан хүсэлтийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шаардах хуудас, зээлийн эргэн төлөлтийн тооцооллын хуудас зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
6. Хариуцагч талаас: итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгт олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 45,138,267.85 төгрөг, зээлийн хүү 3,401,270,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29.010,85 төгрөг нийт 48,568,549.14 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/111300135386 тоот зээлийн гэрээ, 111300135386 тоот фидуцийн гэрээ байгуулан 56,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэй авсан 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хугацаа хэтэрсэн удаа дараа зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс амаар болон бичгээр шаардаж байгаа боловч зээлээ төлөөгүй гэж тайлбарласан,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбартаа: ... тус шүүхэд хянагдаж байгаа *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь гэрээг цуцалсан гэх баримт байхгүй ба гэрээ 2026 онд хугацаа нь дуусах болно, иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/111300135386 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 56,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 33,6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцаж тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 10-14/
4.2. Нэхэмжлэгч *******, хариуцагч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
4.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.1. Нэхэмжлэгч ******* зээлийн мөнгөн хөрөнгө болох 56,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд буюу түүний тус банк бус санхүүгийн байгууллагын харилцах 110027229435 тоот дансанд шилжүүлсэн болох нь харилцагчийн дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна.
5.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн мөнгөн хөрөнгө 56,000,000 төгрөгийг аваагүй гэж маргаагүй.
5.3. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... зээлийн гэрээг цуцалсан шийдвэр байхгүй, цуцалсан шийдвэрийг хариуцагчид мэдэгдээгүй ... төлөлтүүдийг харахаар зарим төлөлтүүд нь үндсэн зээлээс огт хасалт хийгээгүй, зарим нь төлөлтөөс хасалт хийсэн, үндсэн зээлээс ямар тохиолдолд хасалт хийгээд, ямар тохиолдолд хасалт хийхгүй байгаа нь ойлгомжгүй байна, ямар журмаар үндсэн зээлээс хасалт хийж, хасалт хийхгүй байгаа юм ... гэж тайлбарлан маргаж байна.
6. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 3.3-т Зээл олголтыг зээлийн үнийн дүнгээр зээлдэгчийн ******* дахь төгрөгийн 110027229435 дугаар харилцах дансанд мөнгө шижлүүлсэн өдрөөр, зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч, зээл, зээлийн хүүг Банк бус санхүүгийн байгууллагад бэлнээр авч ирж тушаасан өдрөөр, бэлэн бусаар гүйцэтгэсэн нөхцөлд төлбөр Банк бус санхүүгийн байгууллагын Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 404218653, ******* дахь төгрөгийн 111300135386 дугаар дансанд орж ирсэн өдрөөр тус тус тооцно гэж заасан байна.
6.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан байна.
6.2. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 56,000,000 төгрөгийг ын өмчлөлд шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн байна гэж үзнэ.
6.3. Харин хариуцагч нь нийт 23 удаагийн шилжүүлгээр 35,515,077,50 төгрөг төлсөн байх боловч ийнхүү зээлийн төлбөрийг төлөхдөө зээлийн гэрээнд заасан зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлэхгүй удаа дараа зөрчиж, сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлэхийн зэрэгцээ бүрэн бус төлж байсан болох нь: зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, зээл эргэн төлөлтийн тооцооллын хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 17,18, 44/
7. Нэхэмжлэгч ******* нь тухай бүр хариуцагч аас зээлийн төлбөр төлөхийг шаардаж байсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардуусан Шаардах хуудас, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гардуулсан Шаардах хуудас, мөн ын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхөө илэрхийлэн бичгээр гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 41-43, /
7.1. Улмаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн тооцоолол өөрчлөгдсөн тул нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь зээлийн төлбөрт тооцоо нийлж үлдэгдэл 55,054,500.29 төгрөгийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож, гэрээний хугацаанд өөрчлөлт оруулалгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж байжээ. /хх-ийн 15/
7.2. Гэвч хариуцагч нь зээл төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй, үр дүн гараагүй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг төлснөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй байна.
8. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч аас нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийг шаардах эрхтэй байна.
8.1. Түүнчлэн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцэж байна.
8.2. Мөн талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 6.1-т Зээлдэгч зээлийн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувь байна гэж, 6.2-т Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, зээл гэсэн дарааллаар төлнө гэж, 7.1-т Банк бус санхүүгийн байгууллага санаачлан гэрээг цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зээлдэгчээс шаардана гэж, мөн зүйлийн 7.2.1-т Зээлдэгч энэ гэрээний үүргээ биелүүлээгүй гэж, 7.2.11-т Зээлдэгч зээлийн төлбөр хэсэгчилэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол гэрээг цуцлах талаар тус тус заажээ.
8.3. Зээлдэгч гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон төлөх үүргийг хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээдэг.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундармаа шүүхийн хэлэлцүүлэгт ... хариуцагч нь 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүний 29,010.85 төгрөг, зээлийн хүүнээс 970,989.15 төгрөг хасч тооцон үлдэх зээлийн хүү 2,430,281.29 төгрөг, үндсэн зээл 45,138,267.85 төгрөг нийт 47,568,549.14 төгрөгийг нэхэмжилж байна ... гэж тодруулсан болно.
10. Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч нарын байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/111300135386 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч аас зээлийн хүү 2,430,281.29 төгрөг, үндсэн зээл 45,138,267.85 төгрөг нийт 47,568,549.14 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
11.1. Хариуцагч ******* 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан,*******т 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, *******д 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр,*******д 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан. /хх-ийн 22/
11.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх нотлох баримт ирүүлээгүй.
12. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болсноос хойш төлөх төлбөр нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй.
12.1. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн шаардлагыг (жишээ нь, хэд хэдэн зээлийн гэрээний үүргийг) нэгэн зэрэг биелүүлж чадахгүй бол аль гэрээний үүргийг эхэлж төлөхөө сонгох эрхтэй бөгөөд үүнээс гадна нэг төрлийн үүргийн харилцааны хэд хэдэн шаардлагын (жишээ нь, нэг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэх мэт) төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр бүрэн төлж чадаагүй бол хугацаа нь болсон аль үүргийг эхэлж төлөхөө сонгох эрхийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зохицуулсан.
12.2. Гэвч нэхэмжлэгч *******, хариуцагч нарын 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацаа дуусгавар болоогүй тул нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар тооцон суутгаж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.
13. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч тай 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №111300135386 дугаартай Фидуцийн гэрээ-ний зүйлээр шаардлага хангуулах нэхэмжлэл гаргаагүй, зээлийн гэрээний үүргийг мөнгөн төлбөрөөр шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааныг шийдвэрлэх зарчмын хүрээнд дээрхи гэрээтэй холбоотой дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
14. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь шүүх хуралдааны дэгийг удаа дараа зөрчиж, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан тул түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг уншиж сонсгон, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэлээ.
16. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.615 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 400,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч нарын байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/111300135386 дугаартай Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч аас зээлийн хүү 2,430,281.29 төгрөг, үндсэн зээл 45,138,267.85 төгрөг нийт 47,568,549.14 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.615 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 400,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ