2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/01392

 

 

 

 

 

 

 

 

    2025             02             18                                           192/ШШ2025/01392

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, Бага тойруу *, *ны төв байранд байрлах, *ХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дүгээр байр, * тоотод оршин суух, *ийн * /РД:*/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 42,051,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, * хариуцагч Г.*, хариуцагчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

                                          

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  *ХК нь зээлдэгч Г.*д 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  20/22 тоот кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг бэлэн гүйлгээний жилийн 28.8%-ийн, сарын 2.4%-ийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний 21,6%-ийн сарын 1.8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар ашиглахаар авсан. Банк нь Кредит карт эзэмших зээлийн гэрээний дагуу зээлдэгч Г.*ийн *дахь* тоот кредит картын дансанд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлжих эрхийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн хүү 2,604,212.33 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 151,502.86 төгрөг, нийт 2,755,715.19 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 20/22 тоот Кредит карт эзэмших зээлийн гэрээний 2.7, 6.1-6.2-д заасан эргэн төлөлтийг удаа дараа зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тухайн гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж байна. Зээлдэгч Г.* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 19,980,617.38 төгрөг, үндсэн хүү 17,983,964.43 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 4,086,702.91 төгрөг, нийт 42,051,284.72 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна. Иймд *нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд:2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20/22 тоот зээлийн гэрээний 6.2, 6.1.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,980,617.38 төгрөг, үндсэн хүү 17,983,964.43 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 4,086,702.91 төгрөг, нийт 42,051,284.72 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 368,206.42 төгрөгийг зээлдэгч * овогтой *ээс гаргуулж *инд олгуулу өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагчаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн цалин төлбөрт 19,980,617 төгрөг, үндсэн хүү 17,983,964 төгрөг хугацаа хэтрэлтийн шимтгэл 4,086,702 төгрөг нийт 42,051,284 төгрөг хуримтлагдсан. Төлбөрөө төлөхгүй байгаа тул түүнээс нийт 42,051,284 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 368,206 төгрөгийн хамт гаргуулаар нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч тал гэрээний 6.1.4-т заасантай холбогдуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээний 6.1.4-т карт эзэмшигч нь төлбөрийн чадваргүй болсон гэх зүйл заалт байдаг. Карт эзэмшигч нь төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан гэдгийг нотолсон эрх бүхий албан байгууллагаас гаргасан шийдвэр байхгүй. Тухайн кредит картыг 2020 оны 02 сарын 12-ны өдөр аваад 100 хувь ашиглачихсан ч эргүүлж төлөөгүй. Энэ нь зээлийн дансны хуулгаар баталгаажиж байгаа юм. 2020 оны 02 сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөгийг зарцуулж, эргэн төлөлт 4,615,000 төгрөгийг төлсөн. Бэлэн бус зарцуулалт нь 16,596,120 төгрөг зарцуулсан. Бэлэн зарцуулалт нь апплейкшн үйлчилгээг ашиглах, бэлэн мөнгө авах, картын данснаас шилжүүлэг хийх төлбөрт гүйлгээг хэлж байгаа юм. 8,000,000 төгрөгөөс 4,615,000 төгрөг зарцуулаад үлдэгдэл 3,384,497 төгрөг төлөгдөөгүй байгаа юм. Бэлэн бус зарцуулалт гэдэг нь худалдаа үйлчилгээний байгууллагаас картаар худалдан авалт хийх бэлэн бус зарцуулалтыг хийж байгаа юм. 16,596,000 төгрөг болж байгаа. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа тохиолдолд зээлдүүлэгч тал гэрээг цуцлах эрхтэй талаар гэрээгээр зохицуулсан ч зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах эсэх нь *ны эрх тул эрхээ хэрэгжүүлээгүй гэх нь үндэслэлгүй байна. Хариуцагч талын гаргаж өгч байгаа нотлох баримтаар тухайн шөнийн цэнгээний газрыг дампуурсан гэх нотолгоо биш гэж үзэж байна. Хариуцагч Г.*тэй бид нар уулзаж байгаагүй биш уулзаж байсан. 2023 оны 05 сард Г.*тэй уулзаад Г.* нь гар өргөдөл бичиж өгсөн байдаг юм. Тухайн гар бичмэл нь хэрэгт нотлох баримтын шаардлага ханган авагдсан байдаг. Иргэний хуулийн 453.1-т зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул тухайн зээлийг зээлдэгч Г.* нь төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Кредит карт гэдэг нь 2 жилийн хугацаатай авлаа гэхэд 1 жил ашиглачихаад ашигласан 1 жилийнхээ хугацааны бүх төлөлтийг төлөөд тэг үлдэгдэлтэй болчихсон тохиолдолд сүүлийн 1 жилийг ашиглаагүй гэж үзэх боловч хариуцагч тийм биш юм. Зарцуулсан мөнгөө бүгдийг нь эргүүлээд төлчихсөн эхний 1 жилдээ ашиглачихсан байсан бол нэхэмжлэл гаргахгүй байсан. Өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа болохоор л ашиглаж байгаа гэж үзэж байгаа юм.. Банк эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл байхгүй. 2023 онд Г.* нь тухайн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч гар өргөдөл бичиж өгсөн байдаг. Тийм учраас бидний зүгээс харилцагчдаа боломж олгох үүднээс хугацаа алдсан юм. Гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн дотор шүүхэд хандах эрх нь байдаг. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3.Хариуцагч Г.* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *наас шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Г.* надаас 42,051,284.72 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл болон нэг жилийн хүүг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 2000 оны 02 дугаар сарын 12-ны өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулсан бөгөөд бэлэн бус гүйлгээний 21,6%-ийн нөхцөлтэйгөөр 20,000,000 төгрөгийн дүнтэй карт эзэмших эрхтэй болсон. Түүнээс хойш тус банкинд нийт 2,755,715.19 төгрөгийг төлсөн. Энэ хугацаанд улс орон даяр ковидын карентин тогтоож миний бизнес бүрэн зогсонги байдалд орж дампуурсан. Ингээд байдал улам бүр дордож байгаатай холбогдуулан *ны зээлийн эдийн засагчид учир байдлаа тайлбарлан хэлж, гэрээний хугацааг зогсоож өгөөч гэж хэлсэн боловч энэ байдлаа бичгээр тайлбар гаргаж өгөө банкны удирдлага зээлийн эрсдэлийн хэлтэст танилцуулж ямар нэг шийдвэр гаргуулъя гэснээс хойш банкнаас миний авсан мөнгөний үлдэгдэлтэй тэнцэх хэмжээнд хүүг өсгөж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

*ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Зээлийн картыг ашигласан нь тодорхой. *тай байгуулсан 2 жилийн гэрээний дагуу авсан төлбөр дээр 2 жилийн хүүгийн төлбөрийг төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь гэрээний дагуу төлбөрөө төлж чадахгүй ажил үйлчилгээ маань зогссон юм. Хүү нь үндсэн зээлээс давсан байгаа учраас надад төлөхөд хүндрэлтэй байгаа юм гэв.

4.Хариуцагч Г.* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.* би нийтийн хоолны технологич мэргэжилтэй. Энэ чиглэлээрээ ажиллаж амьдарч байгаа өрх толгойлсон хүн. Би “*” ХХК байгуулж Баянгол дүүргийн 3-р хороололын “VIР Center “ төвд 2017 оноос * клубыг үр бүтээлтэй ажиллуулж байгаад 2020 оны хавраас Ковид 19 корона вирустай холбогдолтой хөл хорио цээр тогтоосноос үйл ажиллагаа бүрэн зогсож төлбөрийн чадваргүй болсны улмаас уг компаниа бусдад 2020 оны 11-р сард шилжүүлэхээс өөр аргагүй байдал хүрсэн.

2020 оны 2 дугаар сарын 12 өдөр *тай гэрээ байгуулж Кредит карт эзэмшигч болсон. 2020 оны 3 дугаар сараас хөл хорио тогтоох үед түр богино хугацаа гэж ойлгоод клубынхаа дотор тал текинд засварын ажил хийхэд картанд байсан мөнгөө бүрэн зарцуулж дуусгасан боловч цаашид Ковидын хөл хорионы улмаас уг клубээ хэзээч ажиллуулж чадахгүй болтлоо төлбөрийн чадваргүй болсон. Энэ талаар *инд хэлж мэдэгдэж байсан.

*ны нэхэмжлэлд “ ...Зээлдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 20/22 тоот Кредит карт эзэмших зээлийн гэрээний 2.7, 6.1-6.2-д заасан эргэн төлөлтийг удаа дараа зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тухайн гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж байна гэж дүгнэсэн байдаг. Зөвхөн шүүхэд нэхэмжлэлийг гаргах үед л гэрээний хугацаа дууссанаас хойш бүтэн 2 жил 8 сарын дараа тухайн гэрээг цуцлаж байгаагаа мэдэгдэж байгаа тул энэхүү гэрээг гэрээнд зааасан хугацаа болон гэрээний 6-р зүйлийн 6.1.4 “Карт эзэмшигч нь төлбөрийн чадваргүй болсон бизнесийн үйл ажиллагаа зогссон” болон гэрээний 6.1.6 “Картыг сүүлийн нэг жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг заалтуудыг үндэслэн гэрээг цуцлуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд:

*тай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Кредит карт эзэмших” гэрээний 6-р зүйлийн 6.1.4 “ Карт эзэмшигч нь төлбөрийн чадваргүй болсон бизнесийн үйл ажиллагаа зогссон” болон гэрээний 6.1.6 “Картыг сүүлийн нэг жилийн хугацаанд ашиглаагүй” зэрэг заалтуудыг үндэслэн мөн гэрээний үндсэн 2 жилийн хугацааг 2022 оны 02 сарын 12-ны өдрөөр дуусгавар болгон Иргэний хуулийн 221.2 дугаар зүйл заалтыг үндэслэн гэрээг цуцалж өгнө үү.

Энэхүү сөрөг нэхэмжлэл гаргаснаар Г.* би *инд 25,884,285 төгрөгийг төлөх болно. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан үндэслэл, Монгол үлсын Дээд Шүүхийн 2016 оны 09-р сарын 05-ны өдрийн 3 дугаартай зөвлөмжийн гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” зөвлөмжинд “...Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйл гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль ч үед хэрэглэгдэнэ” гэж заасныг үндэслэн энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

5.Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:

 Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, кредит карт эзэмших гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийг шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийг шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэл, Г.*ийн *инд гаргасан тайлбар, хүү тооцооллын хүснэгт, кредит дансны хуулга зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.

 

Хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Худалдаа аж үйлдвэрийн танхимд хүргүүлсэн тодорхойлолт, талбай түрээслэх гэрээ зэрэг нотлох баримтыг хэрэгт бүрдүүлсэн байна.

 

Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар *ХК-иас кредит дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Төрийн  банк ХК нь Г.*д холбогдуулан 42,051,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *ХК нь хариуцагч Г.*ээс зээлийн гэрээний үүрэгт 42,051,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа түүнтэй байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн * тоот Кредит карт эзэмших гэрээг үндэслэл болгожээ.

Талууд дээрх * тоот Кредит карт эзэмших гэрээгээр 20,000,000 төгрөгийн лимиттэй, зээлжих эрх бүхий кредит картыг Г.* 2 жилийн хугацаатай ашиглах, бэлэн гүйлгээний хүү жилийн 28.80  хувь, бэлэн бус гүйлгээний хүүг жилийн 21.60 хувь, зээлийн лимит хэтрүүлсний шимтгэл 2 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэл 1 хувь  байхаар тохиролцсон байна. /хх-ийн 7-10-р тал/

Энэ гэрээг үндэслэн нэхэмжлэгч *ХК нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тооцон энэ хугацаанд нийт зарцуулсан үндсэн зээлийн төлбөрт 19,980,617.38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 17,983,964.43 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 4,086,702.91 төгрөгөөр тус тус тооцон нийт 42,051,284.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

 

2. Харин хариуцагч Г.* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2022 оны 02 сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны ашигласан үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн төлбөр тооцон нийт 25,884,285 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг  гарган үлдэх хэсгийг эс зөвшөөрч зээлдэгчтэй байгуулсан кредит карт эзэмших гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон тул энэ хугацаанаас хойшхи төлбөрийг төлөхгүй, гэрээг цуцлаж хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцуулах агуулга бүхий тайлбарыг  сөрөг нэхэмжлэлээр шүүхэд гаргасан.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг *ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл байх тул түүнийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэхгүй.

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

 

Хариуцагч Г.* нь тус банктай  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн * тоот Кредит карт эзэмших гэрээг байгуулан дээр дурдсан гэрээнд заасан нөхцлөөр ашиглахаар тохиролцож, мөн гэрээний хавсралт болох кредит картын хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлтэй танилцсан болохоо баталгаажуулан тус тус гарын үсэг зуржээ.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг бичгээр хийж гарын үсэг зурж баталгаажуулсан,  зээлдэгч АЛТАН КРЕДИТ КАРТ /MNT/-ыг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

2. Хариуцагч Г.* нь гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн кредит картын хүчинтэй хугацаанд нийт 20,000,000 төгрөгийг бүрэн ашигласан буюу зээлийг авсан ба энэ хугацаанд нийт 2,775,096 төгрөг төлөгдсөнийг нэхэмжлэгч *ХК нь үндсэн төлбөрт 19,382 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,604,212 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэлд 151,502 төгрөгөөр тус тус тооцон хасч тооцсон байна. Талууд зээлийн эргэн төлөлтийн дүнгийн талаар маргадаггүй.

3. Зээлдэгч нь * дугаартай зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, сар бүр ашигласан зээлийн дүнгээс тооцон хамгийн багадаа 10 хувиас дээш төлбөрийг нэхэмжлэл илгээснээс хойш сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, 2020 оны 10 сараас хойш төлбөрөө төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, зээлжих эрх бүхий кредит карт эзэмших эрхийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дууссан, уг хугацаанаас хойш үндсэн зээлийг зарцуулсан дүнгээр тооцон 19,980,617.38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 17,983,964.43 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар тооцон *хариуцагч Г.*ээс  шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2-т заасантай тус тус нийцэж байна.

4.Хариуцагч Г.* нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 19,980,617 төгрөгийг кредит карт эзэмших гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл буюу 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  хүртэлх хугацааны хүүгийн хамт нийт 25,884,285 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж энэ талаар маргадаггүй тул дээрх үйл баримтыг тогтоогдсон гэж үзэв.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүг эс зөвшөөрч маргаж, үндэслэлээ кредит картыг 2020 оны 10 сараас хойш сүүлийн 1 жилийн хугацаанд огт ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй байхад банк гэрээний 6-р зүйлийн 6.1.6-д картыг сүүлийн 1 жилийн хугацаан ашиглаагүй бол гэх заалт болон 6.1.4-д заасан карт эзэмшигч төлбөрийн чадваргүй болсон, бизнесийн үйл ажиллагаа зогссон бол гэсэн заалтуудын дагуу гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй, картыг ашигласан хугацаанд Ковид цар тахал гарсан, бизнесийн үйл ажиллагаа зогссон, төлбөрийг чадваргүй болсноо мэдэгдсэн тул энэ хугацааны хүүг төлөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь картыг хүлээн авснаас хойш 2020 оны 05 сарын 20-ны өдрийн байдлаар 20,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй картыг бүрэн ашиглаж, зээл авсан, энэ хугацаанаас хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан “...картын хүчинтэй хугацаа дуусахаас өмнөх 1 жил картыг огт ашиглаагүй...” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн гаргасан кредит картын дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээр хариуцагчийн хэсэгчлэн авсан зээл тус бүрд ашигласан хугацаагаар хүү тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...зээлийн гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид 19  цар тахал гарсантай холбогдуулан эрхэлж байсан “*” клубийн үйл ажиллагаа бүрэн зогссон, картаа ашиглан засвар үйлчилгээ хийсэн тул төлбөрийн чадваргүй болсон..., ...зээлээ төлөх чадваргүй байгаа талаар банкинд мэдэгдэж байсан..., ...  Ковид 19  цар тахалын улмаас хөл хорио тогтоож, улмаас эрхэлж байсан бизнесээ эрхлэх боломжгүй болж, орлогогүй болсон...”  гэж зээлийн төлбөрөө төлөөгүй шалтгаанаа тайлбарладаг боловч төлбөрөө төлөх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж, ковид-19 цар тахлын улмаас ямар нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах тухай хүсэлтийг нэхэмжлэгчид хүргүүлсэн талаар баримтгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч *ХК нь зээлдэгчид эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлээ төлж барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэлүүдээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч Г.* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн үндсэн төлбөрт 19,980,617.38 төгрөгийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаагаар тооцсон хүүгийн төлбөрт 17,983,964.43 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэв.

Харин хугацаа хэтрүүлсний шимтгэлийн талаарх талуудын тохиролцоо хуульд заасан шаардлагад нийцээгүй үзэж үзэн энэ хэсэгт холбогдох шаардлага буюу 4,086,702 төгрөгийг хангах боломжгүй байна.

Учир  нь  талууд зээлийн гэрээний 2.7-д төлбөр төлөх өдрөөс өмнө заавал төлөх төлбөрийг төлөөгүй бол төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн хэмжээнээс хугацаа хэтрүүлсний шимтгэл сарын 1 хувь (хамгийн багадаа 10,000 төгрөг)-иар тооцно гэж тусгасан нь нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр гэрээнд тодорхой заах тухай Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.*ээс нийт 37,964,581 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,086,702 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

5.Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,206.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*ээс 347,773 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,000 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан хариуцагч Г.*д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*ээс 37,964,581 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 4,086,702 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,206.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*ээс 347,773 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч Г.*д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.НЯМСҮРЭН