| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2025/0005/З |
| Дугаар | 112/ШШ2025/0021 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 112/ШШ2025/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.А
Хариуцагч: Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Г.Б
Гуравдагч этгээд: Р.Д нарын хооронд дахь багийн иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Г.Б /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч О.Аюурзана, гуравдагч этгээд Р.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Н.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2025 оны 01 дүгээр сарын сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргаар Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгахаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшиж иргэдээс 54 хувийн санал авсан Р.Д-ыг багийн Засаг даргаар сонгосугай гэсэн Дэлгэр сумын Гуулин /5 дугаар/ багийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоол гарсан байна.
2.2. Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хуралд Р.Д, Н.А, Б.Б нар нэр дэвшиж, 3 нэр дэвшигчийн саналын хувь 50+1 ба түүнээс дээш хувьдаа хүрээгүй учраас хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч болох Н.А, Р.Д нарын хооронд дахин санал хураалт болж Р.Д 144 хүний санал авч 54,54 хувьтай, Н.А 120 хүний санал авч 45,45 хувийн санал авсан. Дэлгэр сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Р.Д-ыг Гуулин багийн Засаг даргаар сонгох тухай тогтоол гарсан байна.
2.3. Уг тогтоолыг нэр дэвшигч Н.А эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Соёлын төвд 12.00 цагт болж багийн Засаг даргад Б.Б, Р.Д нар болон Н.А би нэр дэвшсэн. Эхний санал хураалтаар Р.Д 107 санал буюу 39.5, Б.Б 51 санал буюу 18.75, Н.А 114 санал буюу 41.9, санал авсан бөгөөд нийт 272 иргэн оролцсон. Хуулийн дагуу хэн ч олонхын санал аваагүй тул дахин санал хураалт зохион байгуулж 264 иргэн оролцож Р.Д 144 санал буюу 54.5, Н.А-120 санал буюу 45.4 санал авсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.-д баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна. Хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх гэсэн заалтуудын 56 дугаар зүйлийн 56.4.4 дэх заалтыг зөрчиж ялтай хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг ашиг сонирхолын зөрчил үүсгэн, хууль зөрчиж багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Иймд миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэний сонгох, сонгогдох эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.4 дэх хэсэгт заасан ялгүй байх гэсэн заалтыг зөрчиж Р.Д-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 08 өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа юм. Тооллогын комиссын тогтоолыг хүчингүй болгуулах арга хэмжээ аваагүй гэх зэргээр ярьж байна. Гэтэл Тооллогын комисс гэдэг нь юу вэ гэхээр, багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн дагуу байгуулагдаж, тухайн хуралдааны санал хураалтыг зохион байгуулж байгаа нэгж. Тэгэхээр тооллогын комиссын тогтоолыг хүчингүй болгох шаардлага агуулгаараа байхгүй юм. Харин бид багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд л төвлөрөх ёстой. Учир нь багийн Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол нь тооллогын комиссын тогтоолыг үндэслэж гарч байгаа юм. Мөн хариуцагч үүргийнхээ хүрээнд энэ ажлыг хийсэн гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийн эрх үүргээ ойлгож, түүний дагуу энэ иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулсан гэж үзэж байгаа. Нэгжийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт багийн иргэдийн Нийтийн Хурал дараах бүрэн эрхтэй гэж заасан. Энэ хэсэгт нийт 8 үүрэг бий. Үүнд баг хорооноос Засаг даргад нэр дэвшүүлэх, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох гэх мэт асуудал орсон байдаг. Тухайн үед багийн Засаг даргыг сонгох санал хураалт болсон. Гэтэл хариуцагч талын зүгээс сонгууль гэж ярьж байна. Хуульд сонгууль гэж зүйл байхгүй, зөвхөн санал хураалт зохион байгуулсан байна. Хариуцагч, өөрийн эрх үүргийг ойлгож байгаа гэж байна. Хуулийн 32.10-д иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдааны даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан зохион байгуулах, хуралдааны шийдвэрийг албажуулах, гарын үсэг зурах, дараагийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй гэж заасан. Нэр дэвшигчдээс шалгуур, шаардлага, баримт материал авна гэсэн хуулийн заалт байхгүй учраас хурлын явцад нэр дэвшигч Р.Д-ын ялтай эсэхийг хянан шалгах эрх, үүрэг надад байхгүй гэж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хариу тайлбар дээрээ бичсэн байна. Үүнтэй холбогдуулан миний бие Нэгжийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг иш татан, баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын бүрэн эрхийг уншиж танилцуулсан. Гэтэл тухайн хүн нь албан тушаалд томилогдсон, сонгогдсон, төрөөс цалин урамшуулал авч байгаа байж, өөрөө хариуцагчийн хувиар тайлбар өгөхдөө надад тийм шалгах эрх байхгүй гэж байгаа юм. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5.1-д Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тухайн хурлын дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч этгээд нь энэ хуулийн 56.3, 56.4-д заасан шаардлагыг хангасан хүнийг засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана гэж байгаа юм. Тэгэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга өөрөө хуульд заасан эдгээр шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгах бүрэн эрхтэй. Тодруулбал, тухайн хүний ялтай эсэх, хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх, хянах нь багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргын хуулиар хүлээсэн чиг үүрэгт багтана. Санал хураалтын дүнгийн дараа миний бие хуралдааны эрх, үүргийн хүрээнд энэ ажиллагааг зохион байгуулсан гэжээ. Харин уг хуулийн заалтад багийн иргэдийн Нийтийн Хуралдааны дарга нь нэр дэвшигчийг шалгаж, нягтлах үүрэгтэй гэж тодорхой заасан байдаг гэж ойлгож байна. Хурал яг процессын дагуу явагдсан бөгөөд нэр дэвшигчдийг хэрхэн тодорхойлсон нь гол асуудал биш юм. Нэр дэвшигчдээс хэн нь материалыг бүрэн бүрдүүлсэн, хэн нь бүрдүүлээгүй гэх асуудал чухал биш гэж үзэж байна. Гэхдээ багийн иргэдийн Нийтийн Хурлын Засаг даргын зөвлөл дээр 2 асуудал хэлэлцэгддэг бөгөөд энэ талаар Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд дэлгэрэнгүй дурдсан байна.
Тухайлбал, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр болсон зөвлөлийн хурлын тэмдэглэлд дурдсанаар, зөвлөлд нийт 15 материал ирснээс Баянсан 2, Баян-Өндөр 5, Баянбуурал 3, Баянхонгор 3, Гуулин 3 нэр дэвшигчдийн материалууд танилцуулсан. Эдгээрээс 2 хүний хувьд сургуулиа төгсөөгүй, нэг нь тэнсэн ял авсан гэсэн мэдээлэл байсан. Үүнд сонгуулийн Үүлэн багийн дарга Р.Д тэнсэн ял авсан гэх бичиг байна гэж байна. Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд, багийн даргын материал дотор тэнсэн харгалзах ялтай гэсэн бичиг алга байсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан албан тоот байна. Харин тусдаа тэнсэн харгалзах ялтай гэсэн бичгийг Т.С өөрийнх материал дотор байхгүй Е-Монголиагаас татаж авсан юм гэдэг. Ингээд асуудлыг сонгуулийн хороо биш, харин Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдэх нь зөв хэмээн үзсэн бөгөөд Р.Д нь ялтай хүн учраас нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцсэн. Гэсэн хэдий ч, тухайн багийн даргын санал хураалт хууль ёсны дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд манай хүний эрх, нэхэмжлэлийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд байна гэхээр сонгууль болоод өнгөрөхөд хуульд ялгүй байх гэсэн шаардлагыг Р.Д зөрчөөд нэр дэвшээд 1 дүгээр байраар гараад ирчихсэн. Хоёр дахь санал хураалтаар Р.Д, Н.А 2 өрсөлдсөн бөгөөд энэ санал хураалт хүчинтэй боловч 1 дүгээр байраар гарсан Р.Д нь ялтай байсан. Энэ Засаг даргад нэр дэвшүүлэхээр өргөн барьсан тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэж байгаа юм.
3.3.Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тухайн хуралдаанаас сонгосон дарга удирдаж явуулна гэсэн журмын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааныг удирдсан. Энэ хуралд Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Г.М, Засаг даргын Тамгын газрын дарга Т.С нар томилогдон ирж ажиллахдаа багийн Засаг даргад өрсөлдөх Б.Б, Н.А, Р.Д нарын нэрийг дэвшүүлэн, танилцуулгыг хийн, багийн иргэдийн Нийтийн Хурал нээлттэй явагдсан.
Нэр дэвшигчээс шалгуур шаардлага баримт материал авна гэсэн хуулийн зүйл заалт байхгүй учир хурлын явцад нэр дэвшигч Р.Д-ыг ялтай эсэхийг хянаж шалгах эрх үүрэг надад байхгүй. Багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтын дүнгийн дараа миний бие Хуралдааны даргын эрх үүргийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48.1, 32.8.4, 32.9 дэх заалтыг хэрэгжүүлэн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолыг гаргаж баталгаажуулан гарын үсэг зурж, тамга даран, сумын Засаг даргад уламжилсан бөгөөд ямар нэгэн хууль зөрчиж ашиг сонирхлын зөрчил гаргаагүй болно. Тухайн нэр дэвшигчийн талаарх шалгуур шаардлага нь хууль эрх зүй, сумын Засаг даргын эрх мэдлийн хүрээнд томилох үедээ шийдэгдэх асуудал юм.
3.4.Хариуцагчийн өмгөөлөгч О.Аюурзана шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэг нь иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Н.А-ыг багийн Засаг даргад нэр дэвшигчээр даалгах гэж байна. Тэгэхээр ер нь тухайн өдөр болсон хурлын процесс болон гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгээс харж байхад, тухайн өдөр 3 нэр дэвшигч нэр дэвшээд, иргэдийн Нийтийн Хурал эхлэхэд тухайн нэр дэвшигчид шаардлага хангаж байна, хангахгүй байна гэсэн асуудал огт яригдаагүй байдаг. Хоёрдугаарт, тухайн асуудал яригдаагүйгээс гадна нөгөө талаас нь авч үзвэл, иргэдийн Нийтийн Хурлаас даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гэдэг бол багийн иргэдийн өрхүүдээс төлөөлөл нь ирээд, олонхын саналаар хамтын шийдвэр гаргаж буй шийдвэр юм. Энэ шийдвэрийг Г.Б гэдэг хүн ганцаараа гаргаагүй. Тийм учраас уг шийдвэрийг Г.Б-д шууд даалгаад гаргачихна гэдэг ойлголт нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болгож байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Нөгөө талаас нь харахад, нэхэмжлэгчийн яг ямар эрх, ашиг хөндөгдсөн нь тодорхойгүй байна. Багийн Засаг даргад нэр дэвших гэсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй байна, сонгогдох эрхийг нь хааж боосон асуудал байхгүй. Сонгох, сонгогдох эрхэнд нь халдаагүй. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгчийн зүгээс өөрийнх нь яг ямар эрх ашиг хөндөгдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр тодорхой дурдаагүй байдал ажиглагдаж байна. Энэ асуудал дээр заавал дурдах ёстой нэг зүйл нь багийн иргэдийн Нийтийн Хурлын үеэр Тооллогын комисс байгуулагдсан байдаг. Тооллогын комисс санал хураалтын дүнг тоолж, иргэдийн Нийтийн Хуралд танилцуулсан. Тооллогын комиссын тогтоол, шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Иргэдийн Нийтийн Хурлын процессын талаар тодорхой ярихгүй бол ойлгомжгүй байдал үүсээд байна. Яагаад гэвэл, иргэдийн Нийтийн Хурал дээр, жишээлбэл хурлын даргад ч бай, багийн Засаг даргад ч бай, тухайн хурлаас иргэн өөрөө өөрийгөө нэр дэвшүүлэх боломжтой. Мөн тухайн хуралд оролцож буй иргэн би Б гэдэг хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлмээр байна гэж бусдыг ч нэр дэвшүүлж болно. Энэ нь иргэдээс шууд гарах санал, нэр дэвшүүлэлт юм. Гэтэл одоо зарим хүн иргэдийн Нийтийн Хурлын дарга болох Г.Б нь нэр дэвшигчийн материалыг нягтлан шалгах үүрэгтэй байсан гэх мэтээр буруутгаж яриад байна. Үүрэгтэй байсан ч бай, үгүй ч бай, тухайн хурлын үеэр тэр хүний боловсрол жинхэнэ эсэх, диплом хуурамч эсэх, ялтай эсэх зэрэг мэдээллийг газар дээр нь шалгах ямар ч боломж хуралдааны даргад байхгүй. Ийм нарийн шалгалтыг хийх эрх зүйн чадамж, техник нөхцөл хурлын явцад хангагддаггүй. Нэр дэвшигчийн материалыг бүрдүүлж, хуулийн дагуу шаардлагатай бичиг баримтыг ирүүлэх үүрэг нь нэр дэвшигч өөрт нь оногдоно. Г.Б гэдэг хүн өөрөө нэр дэвшүүлэлт хийсэн биш, харин иргэдийн гаргасан нэр дэвшүүлэлтийг бүртгэж, олны саналын үр дүнг үндэслэн албан ёсны тогтоол гаргасан. Энэ тогтоол нь хуульд нийцсэн, сонгуулийн явцыг баримтжуулсан хэлбэр бөгөөд ямар нэгэн байдлаар нэр дэвшигчийг шууд сонгож, шийдвэр гаргасан үйлдэл огт биш юм. Нөгөө талаас, хариуцагчийн зүгээс төрийн албан хаагч буруу шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээх ёстой гэх агуулгатай зүйл хэлсэн. Гэтэл энэ тохиолдолд тухайн хурлын үйл явц нь иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд, хурал даргалагчтайгаа, иргэдийн оролцоотойгоор явагдсан бөгөөд Г.Б нь төрийн албан хаагчийн хувьд ямар нэг шийдвэр бие даан гаргаагүй. Тэр зөвхөн хурлын үйл явцыг баримтжуулж, хуулийн хүрээнд тогтоол гаргасан төдий. Мөн нэгжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5.3-т хэрэв олны санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, 3 эсвэл 4 нэр дэвшигчийн аль нь ч олонхын санал аваагүй тохиолдолд, хамгийн олон санал авсан хоёр хүний хооронд дахин санал хураалт явуулна. Энэ нь дарааллын дагуу хоёрдугаарт эрэмбэлэгдсэн хүнийг шууд нэр дэвшүүлнэ гэсэн утгатай зохицуулалт биш. Тиймээс хуулийг нэг мөр ойлгож, нэг мөр хэрэглэх шаардлагатай байна. Шүүх энэ асуудалд хууль зүйн зөв тайлбар хийж өгөөсэй гэж хүсэж байна. Нөгөө талаас хэрэв Р.Д-ын тухай тогтоолыг хүчингүй болголоо гэж үзвэл, Б.Б болон Н.А нарын хооронд дахин санал хураалт явуулах шаардлага үүснэ. Энэ тохиолдолд аль нь олонхын санал авахыг урьдчилан хэлэх боломжгүй тул үр дүн тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн эрх ашгийн зөрчил тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
3.5.Гуравдагч этгээд Р.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Дэлгэр сумын иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд Н.А-ыг багийн Засаг даргаар томилуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Нотлох баримтаа өгөөгүй гэдгээ Н.А шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Гэрчээр орох байсан Т.С л мэдэж байгаа гэсэн тайлбар өгч байна. Эрх ашиг хөндөгдөөд байна гэж байна. Тухайн 03 дугаар тогтоолоос болж Н.А-ын эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй. Н.А-ыг Засаг дарга томилуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн байна. Үүний хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Б.Б гэх иргэний эрх ашиг мөн хөндөгдөж орж ирж байгаа бөгөөд энэ нь иргэн хүний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчийн саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглосон заалтыг зөрчиж байгаа хэрэг гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хурлын бүрэн эрхийн талаар дурдсан боловч, үүгээрээ яг ямар хууль хэрэглээний үндэслэлийг нотлохыг оролдож байгаа нь тодорхойгүй байна. Хууль хэрэглээний ямар заалтыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа нь тодорхой бус байгаа тул энэ нь ойлгомжгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
3.7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд 2 агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж ойлгож байна. Нэгдүгээрт, Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах. Хоёрдугаарт, багийн Засаг даргад Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгах тухай гэж байна. Эхний нэхэмжлэлийн тайлбартаа нэхэмжлэгч миний сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн тул дээрх тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэж хэлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан бөгөөд энэ үндсэн эрхийг заагаад өгчихсөн байгаа юм. Нэхэмжлэгчийн үзэж байгаагаар тухайн өдрийн буюу сонгуулийн өдөр 3 нэр дэвшигч сонгуульд нэр дэвшсэн тул хуулийн дагуу нэр дэвших бүрэн эрхтэй. Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5-д заасан шаардлагыг хангаагүй хүнийг сонгуульд нэр дэвшүүлж, тогтоол гаргасан нь миний эрх ашгийг зөрчиж байна гэж ярьж байна. Гэтэл тухайн хуульд заасан шаардлагыг хангасан эсэх асуудлыг иргэдийн Нийтийн Хурал мэдэхгүй ийм байдалтай сонгууль явагдсан нөхцөл байдал харагдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд би шаардлага хангасан баримтаа Т.С даргад өгсөн гэдэг. Хуулиараа иргэдийн Нийтийн Хурал тухайн дэвшигчийг 56 дугаар зүйлд зааснаар бүртгэж аваад нэр дэвшүүлэх хуулийн заалт байгаад байгаа юм. Тухайн 3 нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангасан эсэх баримт нь хэргийн материалд байхгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Дараагийн дугаарт тухайн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахгүй бол миний сонгох, сонгогдох эрхийг зөрчөөд байна гэж байгаа юм. Тэгэхээр энэ сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлээд иргэдийн Нийтийн Хурал иргэдийг бүртгэж аваад сонгуулийн ажлыг хийсэн байдаг. Нэр дэвшүүлж дүн гарсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Н.А-ын сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Хамгийн олон саналыг 2 дахь удаагийн сонгуулиар Р.Д авсан байдаг. Тухайн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгосноор Н.А-ын хууль ёсны эрх ашиг хэрхэн яаж сэргээгдэх юм гэдэг ойлголт байхгүй. Миний хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн тул энэ тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж байна. Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгаж өгнө үү гэж байгаа юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг 56 дугаар зүйлд нь зохицуулаад өгчихсөн байдаг. Би Р.Д-тай 2 дахь удаагаа сонгууль явуулж дараагийн олонхын санал авсан учраас намайг томилж өгөөч гээд байдаг. Гэтэл тухайн хурал болсон процесс дээр энэ 3 хүн шаардлага хангаж байсан эсэх асуудал мөн бусдын сонгох сонгогдох эрхийг зөрчих асуудал л яригдаж байгаа юм. Зөвхөн Р.Д, Н.А нарын асуудал биш Б.Б-ын эсхүл дахиад өөр хэн нэгэн нь сонгогдох ийм боломжтой байна. Энэ эрхийг бол зөрчиж байна. Тэгэхээр Н.А-ыг томилох тогтоол гаргахыг даалгах ямар ч хуулийн зохицуулалт, боломж байхгүй. Иргэдийн Нийтийн Хурал нь нэр дэвшигчдийнхээ ямар шаардлага хангасныг мэдэлгүйгээр олонхын санал авсан Р.Д-ын нэрээр тогтоол гаргасан. Энэ тогтоол гарсны дараа Засаг дарга батлах эсэх асуудал яригдана. Засаг даргад томилохгүй байх эрх нь байгаа. Шаардлага хангаагүй хүнийг томилох гэж байна гэдэг асуудал хөндөгдөж байсан бол томилохгүй байх эрх нь байдаг. Тэгэхээр томилохгүй тохиолдолд Н.А-ыг шууд томилуулахаар даалгах боломж байхгүй. Дахин санал хураалт явуулах ажлыг зохион байгуулах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт байгаа шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх шийдвэр гаргах боломжгүй гэж заасан байдаг. Магадгүй тогтоолыг хүчингүй болгуулаад дахин сонгууль явуулахыг даалгаж өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол энэ хүний дахиад сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээгдэх байсан гэж харж байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин сонгууль явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаад Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Иргэдийн Нийтийн Хурлын хамтын шийдвэрээр шийдэх асуудлыг шүүх өнөөдөр давж тухайн хүнийг томилох тогтоол гаргахыг даалгах ийм эрх шүүхэд олгогдоогүй. 2 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломж байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлага хангадахгүй учраас 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор энэ хүний хууль ёсны эрх ашиг сэргээгдэх ямар ч боломж байхгүй гэж харж байгаа юм. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуулийн шаардлага хангасан хүнийг сонгуульд нэр дэвшүүлнэ гэж заасан боловч эдгээр нэр дэвшигч нар нь бүгд шаардлага хангасан эсэх асуудлыг иргэдийн Нийтийн Хурал мэдээгүй тогтоол гаргасан нөхцөл байдал харагдаж байгаа боловч тухайн тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сэргээгдэх боломж байхгүй. Энэ хүний сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн асуудал тогтоогдохгүй байна гэж дүгнэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэв.
3.8. Гэрч Г.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тухайн өдрийн хурлаар Гуулин багийн засаг дарга сонгох, сонгогчдыг танилцуулах тухай яригдсан. Тэгээд хурал дээр Тамгын газрын дарга зарлал, мэдээлэл тавьж, ийм хуулийн шаардлага хангасан ийм хүмүүс материалыг бүрдүүлж өгнө үү гэсэн зарлал гаргасан байсан. Үүний дагуу баримтаа авсан байх гэж бодож байна. Тэр өдөр 3 хүний материалыг оруулж ирж танилцуулсан бөгөөд тэдгээр нь Р.Д, Н.А, Б.Б гэх гурван хүн байсан. Гэвч Тамгын газрын дарга Р.Д гэдэг хүн ийм хуулийн зөрчилтэй байна гэж танилцуулсан. Маргааш нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хурал товлогдсон байсан. Хурлын албанаас оролцох үүрэг чиглэл өгсөн учраас за, одоо дээрх асуудал дээр та бүхэн шийдвэр гаргаж ярилцаж хэлэлцэхгүй бол бид 2 маргааш хурлын үеэр оролцох учраас энэ талаар юу гэж тайлбар өгөх вэ? гэдгийг асуусан. Тэгэхэд зарим нэг хүн, зөвлөлийн гишүүн болох тухайлбал санхүү албаны дарга энд шийдвэр гаргах шаардлагагүй, энэ асуудлыг энд оруулж ирж ярилцах шаардлага ч үгүй гэсэн санал хэлсэн. Тэгээд би маргааш оролцох юм чинь энд одоо юу гэж ярьж хэлэх вэ? гэсэн асуултаа дахин тавьсан. Үүний хариуд энийг багийн Засаг дарга хурал дээр өөрөө танилцуулах байх гэсэн хариулт өгсөн. Тэгээд Р.Д өөрөө танилцуулах байх гэж хэлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулийн багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж тус хурлаар Г.Б-г багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргаар сонгож мөн багийн Засаг даргад Б.Б, Р.Д, Н.А нар нэр дэвшиж өрсөлдсөн. Багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 272 иргэн оролцсоноос Р.Д 107 хүний санал буюу 39.5 хувь, Б.Б 51 хүний санал буюу 18.75 хувь, Н.А 114 хүний санал буюу 41.9 хувийн санал авсан байна.
5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан Н.А, Р.Д нарын талаар дахин санал хураалт явуулж санал хураалтад 264 иргэн оролцсоноос Р.Д 144 хүний санал буюу 54.5 хувийн санал авсан Р.Д-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн байгаа нь хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэргийн материал авагдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Н.А “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.4 дэх заалтыг зөрчиж ялтай хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг ашиг сонирхолын зөрчил үүсгэн, хууль зөрчиж багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэний сонгох, сонгогдох эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.4 дэх хэсэгт заасан ялгүй байх гэсэн заалтыг зөрчиж Р.Д-ыг Багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08 өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэж маргадаг.
7. Хавтаст хэргийн материал авагдсан нотлох баримт болох Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 2024/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж овогт Р.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, …шүүгдэгч Р.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн байна.
8.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна, 56.4.1.хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой, 56.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, 56.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, 56.4.4.ялгүй байх” гэж заасан.
9.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дэх хэсгийн 2-т “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, 5.2 дахь хэсгийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд доор дурдсан ял оногдуулна, 1.1.торгох ял, 1.2.нийтэд тустай ажил хийлгэх ял, 1.3.зорчих эрхийг хязгаарлах ял, 1.4.хорих ял, 1.5.эрх хасах ял” гэсэн ялын төрлийг оногдуулахаар заасан.
10. Энэ тохиолдолд Р.Д нь Эрүүгийн хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.4 дэх хэсэгт заасныг зөрчин багийн Засаг даргад нэр дэвшсэн байна.
11. Тодруулбал: Гуравдагч этгээд Р.Д-ын тухайд 2024 оны 07 дугаар сарын 18-наас 1 жилийн хугацаагаар эрх хасах ялаар шийтгэлтэй байх хугацаанд Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргад нэр дэвшиж ялалт байгуулсан нь багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй хүн нэр дэвшиж өрсөлдсөнөөр нэхэмжлэгч Н.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-т заасан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын ил тод байх, иргэдийг мэдээллээр хангах зарим алдагдсан байна.
12.Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.4-т “ялгүй байх”, хуулийн 56.5.4-т “нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх” гэж заасныг зөрчсөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулийн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасан.
14.Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага болохын хувьд тухайн багийн иргэдийн оролцоог хангах, төлөөллийн зарчмаар хуралдаж, хэлэлцсэн асуудлаар хуралдаан оролцсон иргэдийн олонхын саналаар баталдаг бодит чадвартай байхыг ойлгоно.
15.Иймд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулийн багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргаар Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.4, 56.4.4, 56.5.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргаар Н.А-ын томилуулах тогтоол гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1 улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 31,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ