Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01152

 

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01152

 

 

 

 

З.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/01431 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ШШГГ-т холбогдох

2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20280299/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20280294/05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 246 дугаар захирамжаар иргэн З.М-ээс 110 448 964 төгрөгийг гаргуулан ГК-ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 20280299/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тоот тогтоолыг үйлдэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч З.М-э намайг оролцуулаагүй, гэрч байлцуулаагүй зэрэг хуульд заасан журам зөрчин битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэсэн. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах тухай 20280294/05 тоот тогтоолыг үйлдэхдээ хуульд заасан хөрөнгө хураах болон битүүмжлэх ажиллагааны хугацааг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг гэрчээр оролцуулсан ажиллагааг тус тус явуулан миний эрх ашгийг зөрчөөд байна. Дээрх хууль бус тогтоолуудыг хүчингүй болгуулахаар ШШГГ-т хандсан боловч 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/75 тоот тогтоолоор битүүмжлэх, хураах тогтоол хүчингүй болгуулах тухай миний гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан Улсын ерөнхий гүйцэтгэгчээс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/2960 тоот албан тоотоор гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэсэн хариуг ирүүлсэн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20280299/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 20280294/05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ШШГГ- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 101/ШШ2020/00246 дугаар захирамжаар З.Алтантуяа, З.М-э нараас 110 448 964 төгрөгийг гаргуулж ГК-ББСБ ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 68 тоот хаягт байрлах орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20280299/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20280294/05 дугаар тогтоолоор хураасан. Үнэлгээ тогтоолгохоор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/500 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийг томилсон боловч орон сууцтай танилцахаар гурван удаа очсон боловч хүнгүй, орох боломжгүй байсан гэх шалтгаанаар хугацаандаа үнэлгээ хийгдээгүй тул 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 10/158 дугаар тогтоолоор Эд хөрөнгө хураах тухай 2020 оны 9 дугаар сарын 10-ны өдрийн 20280294/05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20280299/04 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол нь хуульд нийцсэн байх тул битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГК-ББСБ ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. З.М-ийн нэхэмжлэлтэй ШШГГ-т холбогдох иргэний хэрэгт манай байгууллагын зээлийн барьцаанд байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа улсын бүртгэлийн Ү-2204009469 дугаартай, нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 байр, 68 тоот хаягт байрлалтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн асуудлаар эрх ашиг хөндөгдөж байгаа тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй бөгөөд эдгээр нь хуулийн хувьд өөр өөр процессын ойлголт. Эд хөрөнгө хураах тогтоолыг ШШГГ- өөрөө хүчингүй болгосон. Одоо зөвхөн битүүмжлэх тогтоол үйлчилж байгаа. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд гэрч оролцдоггүй. Битүүмжлэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгчийг оролцуулаагүй гэж маргаж байна. Гэтэл төлбөр төлөгч нь утсаа авч байгаагүй, дуудсан цагт ирж байгаагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн маргаан хянан шийдвэрлэгдэж байхад мөн адилхан утсаа авдаггүй, шүүхийн дуудсан цагт ирдэггүй асуудлууд гаргаж байсан. Эд хөрөнгө хураах тогтоол хүчингүй болсон учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ШШГГ-т холбогдох 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 20280299/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 20280294/05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.М-э давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч тал болон төлбөр авагч талыг ижил тэнцүү хэмжээгээр байлцуулахаар хуульчилсан байх ба ажиллагаанд оролцуулахаар заасан. Гэтэл албадан ажиллагааг надад мэдэгдэлгүй явуулсаар атал тухайн ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн явдалд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч З.М-э нь хариуцагч ШШГГ-т холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20280299/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20280294/05 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00246 дугаартай захирамжаар хариуцагч З.М-э, Д.Алтантуяа нараас 110 448 964 төгрөгийг гаргуулж ГК-ББСБ ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох З.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009469 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 байр, 68 тоот хаягт байрлалтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2013 онд үйлдвэрлэсэн JTMHV05J0041188824 арлын дугаартай, 94-00 УБЗ улсын дугаартай Тоёота Ланд Круизер 200 маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч нар нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байх бөгөөд ШШГГ- 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20280299 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20280299/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох З.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009469 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 байр, 68 тоот хаягт байрлалтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөр төлөгч З.М-ийн эцэг Л.Зүгээрийн хадгалалт, хамгаалалтад хүлээлгэн өгч, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх битүүмжлэх ажиллагааны талаар мэдэгдэлгүй явуулсан гэж тайлбарласан байх боловч төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус тус хүргүүлж, тухай бүрт нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байх тул шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байлцах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллага 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20280294/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгдсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгөд үзлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, 41.2 дахь хэсэгт шаардлагатай бол энэ хуулийн 41.1 дэх хэсэгт зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахад төлбөр төлөгч З.М-ийн эцэг Л.Зүгээрийг оролцуулан холбогдох ажиллагааг хийн тэмдэглэл үйлдэж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч З.М-э, хөндлөнгийн гэрчээр Б.Галбадрах, Д.Батболд нарыг оролцуулан явуулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, мөн гэрчээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг оролцуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/158 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан хугацаа хэтрүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20280294/05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцжээ.

Иймд хариуцагч ШШГГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулсан байх тул 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20280299/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/01431 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ