Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

 

 

 

 

      2024       01           30                                          2024/ДШМ/03

 

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.А, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны 2023/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.А-д холбогдох, 2335000480157 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 12 дугаар гудамж 21 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, хамтран амьдрагч болон түүний дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогтой Д-н А, регистрийн дугаар:...............

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.А нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 6-614тоот хашаанд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хамт архи ууж байсан иргэн Б.Гын цээжний зүүн ар хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Б ургийн овогт Д-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.А-ийг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгуулллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх Д.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн гаргасан үйлдэлд шүүгдэгч Д.А-ийн сэтгэл санаа цочрон давчидсан эсэхийг тогтоогоогүй бөгөөд шүүх ямар үндэслэлээр сэтгэл санаа цочрон давчдаагүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Д.А нь  архи уусан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой гэсэн сэтгэцийн дүгнэлтийн үндэслэлийг шүүх анхаараагүй, шүүх хуралдаанд шинжээч оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн. Д.А нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй бөгөөд оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг нь төрөлхийн эмгэг бөгөөд сэтгэл зүйн шинж нь тогтонги бус байдалтай, бүрэн төгс эмчлэгдэх боломжгүй эмгэг болно.

Д.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл юм. Д.А хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас  сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт :“...эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсны улмаас...” гэж заасан байх ба шүүх тайлбарлахдаа хуулийн цэг таслалаас өмнөх хүндээр доромжилсон, хүч хэрэглэсэн хууль бус үйлдэл хохирогч гаргасан нь тогтоогдоогүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
           Хохирогч Б.Г нь Д.А болон түүний хамтран амьдрагч Т.О-ын гэрт байнга ирж архиддаг байсан ба шүүгдэгч мэдүүлэгтээ “ манайд байнга ирж архи ууж байгаа нь хэцүү байдаг” гэж хэлсэн.

 Хохирогч Б.Г түүний гэрт нь байнга ирж архиддаг явдал нь Д.А-д хүндээр доромжлогдсон сэтгэхүйн хүнд дарамт болсон төдийгүй гэрийнх нь  хутгыг аваад гарч байгаа нь эрхшээл дарамтад орсон гэж үзэх сэтгэцийн үзэгдэл байж болзошгүй тул гэм буруугүйд тооцох зарчмын хүрээнд Д.А-ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

5. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Давж заалдах шатны  шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “  Д.А-ийн сэтгэцийн эмгэг, оюун ухааны хөнгөн хомсдол зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон тул түүний сэтгэл санаа хүчтэй цочирдсоны улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх  агуулгатай гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.А-ийн хувийн байдалтай холбоотой дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс мөн дүгнэлт хийх байх гэж ойлгож байна.  Эрүүгийн хуулийн зарчимд тухайн хүний хувийн байдалтай холбогдуулан санаатай үйлдсэн гэмт хэргийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Би нөхөртэйгөө гэртээ байж байтал Б.Г нь Уянгаа, О болон өөр 2 залуутай цуг архи ууж байсан. Би түүнийг хутга авна гэж санаагүй байсан. Б.Г хүнийг алах гэж байгаа юм уу завдаж байгаа юм уу, хэн мэдэх юм бэ, түүнийг өмөөрөх зүйл байхгүй. Б.Г манай гэр оронд байнга ирдэг. Б.Г намайг гэмт хэрэгтэн болгосон байж өөрөө инээгээд архи уугаад явж байна. Өвчтэй хүн тийм байдаггүй юм” гэв.

7. Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Д.А-ийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 156 дугаар тогтоолтой нийцэж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзсэн. Үндэслэл  болгох нотлох баримтын хувьд Д.А-ийг оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй гэх сэтгэцийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт “Д.А нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой” гэсэн байдаг.

Д.А гэмт хэрэг үйлдэх үедээ 2,54 хувийн согтолттой байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь сэтгэл санаа цочрон давчдах нөхцөл болдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Харин хохирогч 1,84 хувийн согтолттой байсан учир дээрх согтолттой, архины хамааралтай хүмүүс хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх нь тодорхойгүй учир Д.А-ийг цагаатгах, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Д.А хувийн амьдралын нөхцөл байдлын хувьд  хоёрдогч түүхий эд цуглуулж амьжиргаагаа залгуулдаг. Хэдий оюуны хөнгөн хомсдол, сэтгэцийн эмгэгийн улмаас төрөөс тэтгэмж авдаг ч гэсэн мэдлэг боловсрол муутайгаас тухайн мөнгөө зөв зарцуулж амьжиргаагаа залгуулж чаддаггүй. Д.А нь хоёрдогч түүхий эд цуглуулсан мөнгөөр өдрийнхөө хэрэгцээг хангаж амьдардаг.

Хохирогч Б.Г нь Д.А-ийг өөрийн эрхшээл дарамтад оруулж, гэрт нь зөвшөөрөлгүйгээр орж, архи ууж байгаа үйлдэл нь хохирогчийн зүй бус үйлдэл юм. Эрхшээл дарамтад оруулах гэдэг нь  заналхийлсэн үйлдэл үү, хүч хэрэглэсэн үйлдэл үү гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.

Хууль хэрэглээний хувьд “сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан” гэж байгаа. Д.А нь хэвийн сэтгэхүйтэй хүн шиг ярьдаг боловч заримдаа хүүхэд шиг сэтгэхүйтэй болчихдог. Анхан шатны шүүх хуралдаанд Д.А өөрийгөө маш сайн илэрхийлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ “архи миний амьдралын дайсан юм байна. Б.Г намайг байхгүй үед өдөр бүр ирж архиддаг” гэж мэдүүлсэн байдаг.

Хохирогч Б.Г болон бусад хүмүүс гэрт нь архи ууснаас болж Д.Аийн сэтгэл санаа цочрон давчидсан гэж үзэж байна. Хэрэг гарах өдөр хохирогч, шүүгдэгч, гэрчүүд бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр согтуу, архи уусан үедээ Д.А-ийн сэтгэл санаа өөрчлөгддөг болохыг дүгнэсэн байдаг.

Хохирогч Б.Г-ын хутга авч байгаа үйлдэл нь Д.А-ийн сэтгэл санаа цочрон давчдах шалтгаан болсон. Д.А оюуны хөнгөн хомсдолтой сэтгэцийн эмгэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед гэрт нь хүн орж ирээд зөвшөөрөлгүйгээр эд зүйл авч гарахыг оролдох үед сэтгэл санаа ямар байдалтай байх талаар дүгнэлт хийх ёстой.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Д.А мэдүүлэгтээ “Б.Г хутга авахаар нь би түүнийг хутгалсан” гэж мэдүүлдэг учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ.  Мөн А-аас гаргуулах хохирол төлбөр байхгүй, хохирогчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “хохирол нэхэмжлэхгүй” гэдгээ илэрхийлсэн. Д.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзвэл түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, багасгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.Мөнхөөгийн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.А-д холбогдох, 2335000480157 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

  2. Д.А-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3.  Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр   Увс аймгийн Улаангом сумын 5 багийн 6-614 тоот хашаанд байрлах, хамтран амьдрагч Т.О-ын гэрт хохирогч Б.Г-ын  нурууны ар хэсэгт хутгалж, хохирогчийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн уушгины цооролт, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн уушгины шалчийлт  шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь :

   - хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны орой Эрдэнэцогт ахтай хамт тэдний гэр буюу Т.О ахынд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу уг үйл явдал болсон 2023 оны 04 дүгээр сарын 04-нд би тэднийхээс гарч явсан ба орой нь буцаад тэдний гэр лүү явж байхдаа “Алтанжин” дэлгүүрийн арын гудамжны доод өнцөгт Т.О ах, Д.А эгч хоёртоо таарсан. Урд орой нь тэдний гэрт хоносон болохоор би Т.О ахаас “танайд хэн байна” гэхэд “М, М хоёр байна, чи манай гэрт очоод байж бай” гэж хэлсэн.  

 Тэгээд би Т.О ахын гэрт очиход М, М хоёр байсан ба М ах надтай зөрөөд гэрээс гараад явсан. М ах бид хоёр гэрт юм яриад сууж байхад Т.О, Д.А хоёр гаднаас 2 шил архи авчихсан орж ирсэн. Тэгээд нэг шил архийг нь М, О, А бид нар хувааж уусан. Д.А эгч ихээр уухгүй байсан. Т.О ах “ одоо Чандмань явна гээд үлдсэн 1 шил архиа цэнхэр өнгийн торонд ороогоод халаасандаа хийгээд гэрээс гарч байсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болохоор түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Миний нуруу хэсэг рүү хүн хутгалах шиг болохоор нь “ ...яа.. ” гэж хэлээд эргээд харахад Д.А эгч бор иштэй хутга гартаа барьчихсан зогсож байсан. Би тухайн үед “намайг хутгалчихлаа” гэж хэлэхэд Т.О ах намайг гэртээ оруулж, миний шарх дээр даавуу тавиад “архи уух уу миний дүү” гэхээр “би эмнэлэг явъя ах” гэж хэлсэн. Т.О ах намайг дагуулаад гудамжны доод талын автомашины шороон зам дээр хүргэж өгөөд буцсан. Би эмнэлэг рүү алхаж явсаар Цагаан хаалганы хажуугийн дөрвөн замын уулзвараас машин зогсоож, эмнэлэг дээр хүргүүлж ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хх-ийн 54-55 дэх тал),

- гэрч Х.Мөнхнарангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагч ажилтай бөгөөд өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ны орой 17 цагийн үед нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмчилгээний өрөөнд сууж байхад гаднаас шар ногоон куртиктэй /Б.Г/ гэх залуу ёолсоор орж ирсэн. Тухайн үед манай жижүүр эмч Отгонбаяр уг залууг шарх боох өрөөнд дагуулж ороод эмчилгээний сувилагч дуудаж шархыг үзэж боолт хийсэн.” гэх мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),

-  гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Уг хэрэг гарсан гэх өдөр Д.А бид хоёр дэлгүүр орж архи авахаар явж байгаад Б.Г-тай гэрийнхээ гудамжны доод өнцөгт таарсан. Б.Г нь архи уумаар байна гэхээр би түүнийг манай гэрт очоод байж байгаарай гэж хэлсэн ба Д.А бид хоёр дэлгүүрээс 2 шил архи аваад гэрт ирэхэд М. Б.Г нар байсан. Бид дэлгүүрээс авч ирсэн эхний нэг шил архийг хувааж уугаад үлдсэн нэг шил архийг би аваад Чандмань явах гээд гэрээс гарахад Б.Г миний араас гэрээс гарч ирээд архи өг гээд надтай архи булаацалдаж маргалдахаар нь би түүнд архиа өгсөн. Тэгэхэд Б.Г нь намайг Д.А хутгалчихлаа,  миний нуруугаар нойтон оргиод байна, хараад өг гэж хэлсэн. Би Б.Гыг гэртээ оруулаад куртикийг нь тайлж, цамцыг нь сөхөж харахад нуруунаас нь цус гарч байхаар нь арчиж, давуугаар дарж өгсөн. Б.Г нь эмнэлэг явна гэхээр нь би түүнийг дагуулж “Алтанжин” дэлгүүрийн хажуугийн автомашины зам хүртэл хүргэж өгсөн. Тэгээд би буцаж гэртээ ирж, гэрээ цоожлоод Д.А-ийг гадуур хайж яваад гэртээ ирэхэд цагдаа нар болон манай дүү Т.Эрдэнэцогт гэрт ирсэн байсан.

Б.Г-ын нуруу хэсэг газарт учирсан гэмтлийг Д.А бор шиттэй хутгаар нэг удаа хутгалж учруулсан. Д.А нь Б.Гыг бор шиттэй хутгаар нуруу хэсэгт нь хутгалж байхыг би харсан. Д.А, Г бид гурав байсан. Д.А гэрийн гадна үүдний  хэсэгт Б.Г-ын биед хутгаар гэмтэл учруулсан. Би Б.Г-ыг гэрт оруулж зүсэгдсэн хэсгээс гарсан цусыг нь арчиж өгсөн...

....Уг хутга нь манай гэрийнх юм. Тухайн өдөр уг бор иштэй хутга хоолны шүүгээн дотор байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-66 дахь тал),

- гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М ах надад гэртээ очмооргүй байна, би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ очиход манай эхнэр, хүүхдүүд намайг цагдаа дуудаад өгчихдөг гэж хэлэхээр нь бид хоёр Т.Оын гэрт орсон, Т.О, Д.А хоёулаа гэртээ байсан ба тэр 2  “бид хоёр гэрээс гарлаа, та хоёр гарах уу” гэж асуухаар М бид хоёр “гэрээс гарахгүй, та хоёр түлхүүрээ аваад яв” гэж хэлсэн. Тэгээд Д.А, Т.О хоёр гэрээс гараад явсан ба удалгүй Б.Г гаднаас орж ирэхдээ Д.А, Т.О хоёр дэлгүүр явж байгаа юм шиг байна, намайг гэрт очоод байж бай гэж хэллээ гээд орж ирсэн. М ах, Б.Г бид гурав тамхи татаад ойр зуурын зүйл ярилцаад сууж байхад Д.А, Т.О нар гаднаас 2 шил архи, 1 дүнсэн тамхи, тал хүртэл нь уучихсан төмөр лаазтай молоко, 1 хайрцаг улаан шонхор тамхи авч орж ирсэн. Д.А дүнсэн тамхийг авдартаа хийж, Т.О торон дотроос нэг шил архи гаргаж ирсэн ба нэг шил архийг гэртээ уугаад, тэр 2 нэг архиа  Чандмань уруу  авч явна, замаараа дэлгүүр орж чихэр авна гэж ярилцаж байсан.

 Тухайн архийг Т.О, Д.А, Б.Г, М нар хувааж уусан. Задалсан архиа ууж дуусаад үлдсэн 1 шил архиа аваад Т.О, Д.А хоёр гэрээсээ гараад явсан. Хэсэг хугацааны дараа Д.А, Т.О хоёр авч явсан архи барьчихсан буцаж гэртээ орж ирээд Т.О нь Д.Аид хандаж, чамд архи өгөхгүй гэж хэлсэн . Түүнээс болж маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би цэнэглэж байсан утсаа аваад М ахад “ би явлаа гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-69 дэх тал),

- гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай эхнэр, хүүхэд намайг архи уухаар цагдаа дуудаж өгдөг болохоор би гэртээ очилгүй Оын гэрт очсон. Т.Оын гэрийн хаалга онгорхой байсан. Би архи согтууруулах ундаа олон өдөр уусан, мөн уг хэрэг гарсан өдөр архи хэтрүүлэн хэрэглэсэн болохоор зарим зүйлийг тодорхой сайн санахгүй байгаа. Нэг ухаан ороход Д.А нь Б.Г-ыг хутгаар шаачихлаа гэж орилсоор Т.О Б.Г нар гэрт орж ирэхээр нь би гэрээс гараад явсан Тухайн үед Д.А гэрийн хаалганы гадна харагдсан ба би Д.А-аас айгаад Т.О-ын гэрээс гарч явсан. Д.А нь догшин зантай, орилж хашхирч агсам тавьдаг болохоор би түүнээс биеэ хамгаалж зугатсан. Түүнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна...." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал),

- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 203 дугаартай “...1. Үзүүлэгч Б.Г-ын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн уушгины цооролт, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, зүүн уушгины шалчийлт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний 17 цаг 50 минутад үүсчихсэн байсан талаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн №157 дугаартай яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн үедээ шинэ гэмтлүүд байсан байна. 6. Цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн уушгины цооролт, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, зүүн уушгины шалчийлт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт  (1 дэх хавтаст хэргийн 107-109 дэх тал), 

-  Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцны ар нуруу хэсэгт 15 мм шинэ зүсэгдэлт, шар өнгийн гадуур хүрмийн ар нуруу хэсэгт 30 мм шинэ зүсэгдэлт байна. 2. Дээрх гэмтлүүд нь өнгөө алдаж гандаагүй шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй. 4. Уг гэмтлүүд нь хүний гараар үүссэн байж болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 124-127 дахь тал), 

- мөрдөгчийн хувцсанд үзлэг хийсэн  “...Уг куртикны ар хэсэг буюу нуруу хэсгийн зүүн далны доод хэсэгт 3 см орчим гэмтэл байх бөгөөд, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байв. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлж хар өнгийн битүү өмсгөлтэй, дугуй захтай ноосон цамцанд хийхэд цамцны хойд нуруу хэсэг зүүн далны доод 1.5 см орчим урт нарийхан гэмтэл үүссэн байх  бөгөөд тухайн гэмтлийн эргэн тойронд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 14-16 дахь тал),

- мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон  тогтоол (1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал),

-  Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хохирогч Б.Г-ын 4959 дугаартай өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 20-35 дахь тал),

- Д2.54 хувийн согтолттой байсан талаарх магадалгаа, мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 36-41 дэх тал) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

          4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч Б.Г-ын  биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  хэргийн бодит байдалд нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх  хэсэгт  заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

  6. Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүхэд  : “ Шүүгдэгч  Д.А нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Иймд Д.А-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн  өөрчилж өгнө үү ” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба уг гомдлыг  хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

   Шүүгдэгч Д.А-ийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн эрх зүйн онолоор санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлдээ дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр хамт архи ууж байсан Б.Г-ын ар нуруу хэсэгт хутгалсан үйл баримт  хэрэгт тогтоогдсон байна.

Энэ гэмт хэрэг гарахад хохирогч Б. Гын  зүй бус харьцаа, хандлага  нөлөөлсөн, шүүгдэгчийн сэтгэл санааг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт, нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдлаа алдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул түүний үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж зүйлчлэх үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

7. Харин өмгөөлөгч М.Мөнхөөгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Д.А-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлж өгнө үү “ гэх тайлбар, саналыг  хүлээн авах боломжтой байна.

Шүүгдэгч Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохирол, төлбөргүй байдал болон төрөлхийн оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй хувийн эрүүл мэндийн байдлыг нь  тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмээнээс доогуур хорих ял оногдуулах нь  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчихгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

8. Шүүгдэгч Д.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний  өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.А-д гурван жил 5 сар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.А-ийн  2023 оны 12 дугаар сарын 01-ний  өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Н.МӨНХЖАРГАЛ          

 

ШҮҮГЧИД                                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                                                            Л.АЛТАН